| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0744/Э |
| Дугаар | 748 |
| Огноо | 2020-11-09 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 748
2020 11 09 2020/ШЦТ/748
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох,
шүүгдэгч Д.Б-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б- овогт Д-ийн Б-д холбогдох эрүүгийн 2010000000000 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Б-” цэцэрлэгт нярав ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Т-” хотхоны 109 дүгээр байрны 00 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б- овогт Д-ийн Б-
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Б-нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Т-” хотхоны 109 дүгээр байрны 00 тоот өөрийн гэртээ 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хамтран амьдрагч Л.Б-г “гадаа хүлээлгэлээ, гэртээ хүн авчирлаа” гэж уурлан, толгой тус газар сав шидэж биед нь “зулайн хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Б-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй...” гэв
Эрүүгийн 2010000000000 дугаартай хэргээс:
Хохирогч Л.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 5-8-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн №11178 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-15-р хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 29-30-р хуудас/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43-44-р хуудас/
Шүүгдэгч Д.Б-ы мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33-р хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 34-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 35-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б-ы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Д.Б-нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Т-” хотхоны 109 дүгээр байрны 71 тоот гэртээ 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хамтран амьдрагч хохирогч Л.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргаж, улмаар усны саваар хохирогчийг цохиж биед “зулайн хуйханд шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч Л.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ажил дээрээ байхад Говь-Алтай аймгаас оюутан дүү Жаргалмаа ирэхээр нь би түлхүүрээ өгсөн. Би ажлаа тараад 20 цагийн үед гэртээ нөхөр Б-, 2 хүүхэд, эгч нарын хамт ирэхэд дүү Жаргалмаа хаалга онгойлгож өгөхөд манай нөхөр Б- “энэ манайд юу хийж байгаа юм. Бүгдээрээ зайл” гээд уурлахаар нь би “гэртээ эгч, дүүсээ оруулж болдоггүй юм уу” гэхэд нөхөр Б- эргэж хараад гартаа барьж байсан усны саваараа миний толгой руу нэг удаа цохисон. Тэгээд доошоо харахад шалаар нэг цус болсон учир би айгаад цагдаад дуудлага өгсөн. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-8-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн №11178 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1.Л.Б-гийн биед зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 14-15-р хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 29-30-р хуудас/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Л.Б- нь толгойдоо 35 см хар өнгийн үстэй, биеийн хөгжил зөв, биеийн өндөр 165 см, биеийн жин нь 76 кг гэх 40 настай эмэгтэй байх бөгөөд Толгойн орой хэсэг буюу зулайн хуйхны урд хэсэгт 2,4 см урт язарч цус гарсан байв. Биеийн бусад хэсгээр ил харагдах гэмтэл шарх байхгүй байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43-44-р хуудас/
Шүүгдэгч Д.Б-ы мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр би гадуур явж байгаад цэцэрлэг рүүгээ явах замдаа хүн аваад таксинд явж 120-д буулгачихаад цэцэрлэг дээрээ эхнэрээ ажлаас нь авахаар очсон юм. Тэгсэн эхнэр “ажилтай байна” гээд гарч ирдэггүй, би гадаа нь 30-40 минут хүлээсэн. Би эхнэртээ “удаан хүлээлгэлээ” гээд уурласан. Гэртээ харих замдаа машин дотор бага зэрэг муудалцсан. Гэртээ ирээд хаалгаа онгойлгоод орох гэтэл хаалга онгойхгүй дотроосоо түгжээтэй байсан. Тэгсэн дотроос нь манай эхнэрийн дүү хаалга онгойлгосон. Би тэр хүүхдийг ирснийг нь мэдээгүй, эхнэр бид хоёр муудалцсан байсан болохоор тэр уурандаа “гэрт хүн амьтан цуглууллаа” гээд хураах гээд барьж явсан усны саваа эхнэр Болормаа руу шидчихсэн юм. Тэгтэл усны сав эхнэрийн толгойг оночихсон. Тэрнээс болоод эхнэр цагдаа дуудчихсан байсан. Би эхнэрээ өмнө нь зодож гар хүрч байгаагүй. Би хийсэн үйлдэлдээ маргах зүйл байхгүй. Их гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч Д.Б-нь хамтран амьдрагч хохирогч Л.Б-г үл ялих зүйлээр шалтаглан усны сав толгой руу нь цохиж хохирогчийн биед “зулайн хуйханд шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсан ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед учирсан гэмтэл шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Б-нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогчоос “...цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдолд ямар нэгэн санал гомдолгүй болно. Нэхэмжлэх хохирол төлбөргүй. Иймд миний нөхөр Д.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэж мөрдөн байцаалтын шатанд гаргасан /хх-ийн 54-р хуудас/ хүсэлттэй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Б-нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгчид танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Д.Б-нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Д.Б-д ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б-д мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Б-д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б- овогт Д-ийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б-д мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.Б-нь бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР