Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 868

 

 

П.Баатарсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/02045 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч П.Баатарсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Моннис-Интернэшнл ХХК”, Х.Дөчинтав нарт холбогдох,

 

“Аэромонголиа” ХХК-ийн 500 ширхэг хувьцааны үнэ болох 1 958 060 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх,

Хариуцагч “Моннис-Интернэшнл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Халиунаа, Н.Энхсайхан,

Хариуцагч Х.Дөчинтав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч П.Баатарсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Баатарсүрэн өөрийн эзэмшлийн “Аэромонголиа” ХХК-ийн хувьцааныхаа 40 хувийн хувьцаа болох 2 000 ширхэг хувьцааг иргэн Х.Дөчинтавд худалдахаар 2007 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж хувьцааг Х.Дөчинтавд шилжүүлж, хуульд заасан журмын дагуу компанийн үүсгэн байгуулах баримт бичигт зохих өөрчлөлтийг оруулсан. Гэвч Х.Дөчинтав гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул бид харилцан тохиролцсоны үндсэн дээр 2008 оны 2 дугаар сарын 04-ны өдөр “Гэрээ цуцлах тухай” гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр миний бие Х.Дөчинтавд 2 348 800 ам.доллар төлөх, Х.Дөчинтав “Аэромонголиа” ХХК-ийн 30 хувийн хувьцаа буюу 1 500 ширхэг хувьцааг өмчлөх эрх болон компанийн тамга тэмдэг, бичиг баримтыг миний биед буцаан шилжүүлэх үүрэг хүлээж, талууд 10 хувийн хувьцааг өөр этгээдэд шилжсэнийг харилцан хүлээн зөвшөөрсөн талаар тохиролцсон. Х.Дөчинтав бидний хооронд хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үүрэг, түүний гүйцэтгэлийн талаар маргаан гарч Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 122 тоот шийдвэрээр шийдвэрлэгдсэн. Иргэн Х.Дөчинтавд худалдахаар тохирсон “Аэромонголиа” ХХК-ийн 40 хувийн хувьцаанаас 10 хувийн хувьцаа “Моннис-Интернэшнл” ХХК-д шилжсэн. Гэтэл дээрх 10 хувь буюу 500 ширхэг хувьцааны төлбөр болох 1 000 000 ам.долларыг Х.Дөчинтав болон “Моннис-Интернэшнл” ХХК-ийн аль аль нь төлөөгүй. Дээрх үндэслэлүүдээр “Аэромонголиа” ХХК-ийн 500 ширхэг хувьцааны үнэ болох 1 000 000 ам.доллар буюу 1 958 060 000 төгрөгийг хариуцагч “Моннис-Интернэшнл” ХХК, Х.Дөчинтав нараас гаргуулж өгнө үү. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 122 дугаарт шийдвэрт “…нийт 10 хувийг талууд “Моннис-Интернэшнл” ХХК-д шилжүүлэхээр тохиролцож, үлдэгдэл 1 000 000 ам.долларыг Х.Дөчинтаваас П.Баатарсүрэнд шилжүүлээгүй байна” гэж дүгнэсэн. Иймд хувьцааны үнийг 1 000 000 ам.доллар гэж нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлага гэрээний эрх зүйн харилцааны буюу “Хувьцаа худалдах-худалдан авах” гэрээний үнэ төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас уг үүргийг биелүүлэхээр үнийг гаргуулах шаардлага юм гэжээ.

 

Хариуцагч “Моннис-Интернэшнл” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...П.Баатарсүрэн нь “Моннис-Интернэшнл” ХХК-д “Аэромонголиа” ХХК-ийн 30 хувийн хувьцааг анх санал болгосон бөгөөд өөрөө тухайн үед 50 хувийг эзэмшиж байснаас 20 хувийг, Х.Дөчинтаваас 10 хувийг шилжүүлэх замаар тус тусад нь гэрээ хийж, нийтдээ 30 хувийг “Моннис-Интернэшнл” ХХК-д эзэмшүүлэхээр тохиролцсон. Ийнхүү 2007 оны 6 дугаар сарын 12-ны өдөр тухайн үеийн компанийн хувьцаа эзэмшигчид болох П.Баатарсүрэн, Х.Дөчинтав, Б.Цэвэлмаа болон “Моннис-Интернэшнл” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Чулуунбаатар нар хувьцаа эзэмшигчдийн хурал хийсэн бөгөөд 20+10 гэсэн байдлаар хувьцааг худалдаж шилжүүлэх талаар харилцан ярилцаж, хурлын тэмдэглэл, бүх хувьцаа эзэмшигчдийн гарын үсэг бүхий хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гарсан. Энэхүү шийдвэрт үндэслэн 2007 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хувьцаа худалдах-худалдан авах гэрээг П.Баатарсүрэн болон “Моннис-Интернэшнл” ХХК, Х.Дөчинтав болон “Моннис-Интернэшнл” ХХК гэсэн талуудын хооронд байгуулсан. Нэг гэрээний төслийг ашиглаж, хоёр талт гэрээнүүдийг байгуулсан ба Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу хэн аль нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж эдгээр гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 43 дугаар зүйлд зааснаар гэрээнүүдийг улсын бүртгэлд бүртгүүлэн, хувьцааны шилжилт хөдөлгөөн хийгдсэн. “Моннис-Интернэшнл” ХХК нь “Аэромонголиа” ХХК-ийн 10 хувийн хувьцааг авахын тулд П.Баатарсүрэнтэй гэрээ байгуулалгүй Х.Дөчинтавтай байгуулсан ба “Моннис-Интернэшнл” ХХК-д шилжүүлэх 10 хувийн хувьцааны эзэмшил хууль ёсны дагуу буюу улсын бүртгэлд бүртгэгдсэнээр Х.Дөчинтавын нэр дээр бүртгэлтэй байсан. 2007 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Х.Дөчинтав болон П.Баатарсүрэн нар 40 хувийн хувьцааг шилжүүлэхээр гэрээ хийж, уг гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдэн, хууль ёсоор Х.Дөчинтавын эзэмшлийн хувьцаа болсон. П.Баатарсүрэн өөрөө Х.Дөчинтавд түүнд өмнө нь шилжүүлсэн хувьцааны 10 хувийг “Моннис-Интернэшнл” ХХК-д шилжүүлэх саналыг анх тавьсан. П.Баатарсүрэн нь “Моннис-Интернэшнл” ХХК болон Х.Дөчинтав нарын хооронд гэрээ хийхэд мэдэж байсан, хүлээн зөвшөөрсөн, мөн хувьцаа эзэмшигчийн гэрээнд дурдсан заалтуудыг оруулж гарын үсэг зурсан. Ийнхүү Х.Дөчинтавтай хийсэн гэрээний дагуу “Моннис-Интернэшнл” ХХК-ийн хөрөнгө оруулалт болох 1.1 сая ам.долларыг “Аэромонголиа” ХХК-ийн дансанд шилжүүлж  “Аэромонголиа” ХХК-ийн бусдаас авсан их хэмжээний зээл, өр төлбөр, үйл ажиллагаанд зарцуулахаар тохиролцож, бүрэн гүйцэтгэсэн. П.Баатарсүрэн “Моннис-Интернэшнл” ХХК болон Х.Дөчинтавын хооронд хийсэн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсний хувьд энэ тохиролцоог мэдэж байсан нь нотлогдож байна.

“Моннис-Интернэшнл” ХХК-ийн гомдлоор үүссэн эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэх үед томилогдож ажилласан эдийн засгийн шинжээчийн “Агаарын тээврийн компанийн санхүү эдийн засгийн байдлын тухай” дүгнэлтэд “Аэромонголиа” ХХК нь санхүүжилтийн тогтворгүй байдалтай, төлбөрийн чадвар муу, нэг жилийн дотор дампуурах магадлалтай их хэмжээний өр төлбөртэй, үндсэн үйл ажиллагаанаас алдагдалтай ажиллаж байгаа тул нислэгийн аюулгүй байдлыг ханган агаарын тээврийн үйлчилгээ эрхлэх санхүү эдийн засгийн чадваргүй байна” гэж дүгнэсэн. “Моннис-Интернэшнл” ХХК, Х.Дөчинтав нарыг хөрөнгө оруулагчаар орж ирэхээс өмнө буюу 2007 оны 4 сараас өмнө П.Баатарсүрэн нь “Аэромонголиа ХХК-ийн 90 хувийн хувьцааг эзэмшиж компанийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлаар ажиллаж, эхнэр н.Цогзолмаа нь Ерөнхий нягтлан бодогч, охин нь няравын албан тушаалд ажиллаж байснаас харахад П.Баатарсүрэн бол Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан мөн бөгөөд компанийн эрх бүхий албан тушаалтны гаргасан буруу шийдвэр, зүй бус үйлдлийнхээ хариуцлагыг компанийн өмнө хариуцаж, хохирлыг барагдуулах үүрэгтэй этгээд болохыг Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6, 9 дүгээр зүйлийн 9.4-т заасан. Дээрх хүнд нөхцөл байдал үүссэн байхад эхлээд Х.Дөчинтав, дараа нь “Моннис-Интернэшнл” ХХК, “Аэромонголиа” ХХК-ийн өр төлбөрийг багасгах, үйл ажиллагааг нь жигдрүүлэх, компанийн  хамтдаа үр ашигтай ажиллуулах хүртэл хамтарч ажиллах зорилгоор хөрөнгө оруулсан. Хувьцаа эзэмшигчдийн гэрээний 5.1-д зааснаар уг гэрээний хавсралт 2-т “Аэромонголиа” ХХК-ийн бусдад төлөх өр төлбөр нь 9 532 450 000 төгрөг, 1 610 000 ам.доллар байсныг талууд хүлээн зөвшөөрч өр төлбөрийн жагсаалтыг гэрээнд хавсарган, энэхүү өрийг П.Баатарсүрэнгээс нэхэмжлэхгүй, харин дээрх өр төлбөрөөс өөр ямар нэг нэмэлт өр төлбөр гарч ирвэл Хувьцаа эзэмшигчдийн гэрээний 5.2-т зааснаар П.Баатарсүрэн тэрхүү өр төлбөрийн нөхөн төлбөрийг дангаар хариуцна” гэсэн нөхцөлтэйгээр гэрээг байгуулсан. Тухайн үед их хэмжээний өр төлбөртэй компанид “Моннис-Интернэшнл” ХХК нийтдээ 3.3 сая долларын хөрөнгө оруулсан, уг хөрөнгө оруулалтаа гэрээнд заасны дагуу бүрэн хэмжээнд төлсөн нь “Дөлгөөн хайрхан уул Аудит” ХХК-ийн хараат бус аудитын дүгнэлтээр нотлогддог, мөн Х.Дөчинтавын оруулсан 2.2 сая долларыг нэмбэл нийт 5.5 сая долларын хөрөнгө оруулалтыг компани хүнд байх үед оруулсан байна. 2007 оны 6 дугаар сарын 13-ны өдөр буюу нэг өдөр зурагдсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон хувьцаа эзэмшигчдийн гэрээ, мөн компанийн дүрмийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн, албан ёсоор П.Баатарсүрэн 30 хувь, Х.Дөчинтаваас 30 хувь, “Моннис-Интернэшнл” ХХК 30 хувь, Б.БатЭрдэнэ 10 хувьтай 4 хувьцаа эзэмшигчтэй гэдгийг баталгаажуулсан. Х.Дөчинтав болон “Моннис-Интернэшнл” ХХК, П.Баатарсүрэн болон “Моннис-Интернэшнл” ХХК-ийн хооронд хийсэн гэрээний 3.3-т төлбөрийг “Аэромонголиа” ХХК-ийн Анод банк дахь дансанд шилжүүлнэ” гэж шууд утгаар заасан. Тухайн гэрээнд “Аэромонголиа” ХХК-ийн бусдад төлөх өр төлбөрийг багасгах 10 хувийн хувьцааны төлбөрийг компанид хөрөнгө оруулалт хэлбэрээр оруулсан. “Моннис-Интернэшнл” ХХК-ийг хөрөнгө оруулах үед компанийн “дүрмийн сан” нь 1 сая төгрөг байсныг 8.1 тэрбум төгрөг болгож өөрчлөн, улсын бүртгэлд бүртгүүлсэн. “Моннис-Интернэшнл” ХХК нь П.Баатарсүрэнд ямар нэгэн төлбөр төлөх хууль зүйн үндэслэлгүй.

...П.Баатарсүрэнгийн хувьцааг Х.Дөчинтав “Моннис Интернэшнл” ХХК-д худалдаж, өөрийг нь хохироож байна гэж үзэж байсан бол энэ талаар шаардлагаа тухай бүр гаргах боломжтой байсан гэтэл П.Баатарсүрэн 10 хувийн хувьцааны төлбөрийн талаар ямар ч асуудал гаргаж тавиагүй өнөөдрийг хүрсэн. П.Баатарсүрэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудлыг сөхөж, мөнгөн төлбөр нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. П.Баатарсүрэн Х.Дөчинтавд шилжүүлсэн, хожим нь “Моннис-Интернэшнл” ХХК-д шилжсэн 10 хувийн хувьцааны төлбөрийг “Моннис-Интернэшнл” ХХК-иас болон Х.Дөчинтаваас шаардах үндэслэлгүй. Иймд П.Баатарсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Дөчинтав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2007 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Аэромонголиа” ХХК-ийн 90 хувийг эзэмшигч П.Баатарсүрэнтэй тохиролцож гэрээ хийж уг компаний 40 хувийг 3 сая ам.доллараар авахаар тохиролцсон. Гэрээний дагуу төлбөрийг 2 хувааж төлөх бөгөөд 2 сая ам.долларыг эхэлж төлж хамтран ажилласан. Үлдэгдэл 1 сая ам.долларыг оруулахаас өмнө П.Баатарсүрэн, “Моннис-Интернэшнл” ХХК-ийн захирал Б.Чулуунбаатартай ярилцаж тохиролцоод “Аэромонголиа” ХХК-ийн 30 хувийг ‘Моннис-Интернэшнл” ХХК-д 3,3 сая ам.доллараар өгөхөөр тохиролцсон болохыг надад мэдэгдэж үлдэгдэл 1 сая ам.доллараа шилжүүлэх хэрэггүй, өөртөө 30 хувьтай үлд, ‘Моннис-Интернэшнл” ХХК-д 10 хувиа шилжүүлчих гээд би “Моннис-Интернэшнл” ХХК-тай гэрээ хийж 10 хувиа “Моннис-Интернэшнл” ХХК-д шилжүүлсэн. Гэрээний дагуу “Моннис-Интернэшнл” ХХК нь 1.1 сая ам.долларыг “Аэромонголиа” ХХК-ийн Анод банкин дахь дансанд шилжүүлэх гэрээ хийгдсэн. 2007 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Хувьцаа эзэмшигчийн гэрээ”-нд дурдсанаар “Моннис-Интернэшнл” ХХК нь хувьцааны 30 хувийг авахаар болж 4 талт гэрээ хийгдэж П.Баатарсүрэнгийн 50 хувиас 20 хувийг “Моннис-Интернэшнл” ХХК-д, Х.Дөчинтавын 40 хувиас 10 хувийг “Моннис-Интернэшнл” ХХК-д тус тус шилжүүлэх гэрээ хийгдэж “Аэромонголиа” ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.Баатарсүрэн 30 хувь, Х.Дөчинтав 30 хувь, “Моннис-Интернэшнл” ХХК 30 хувь, Б.Бат-Эрдэнэ 10 хувь болж гэрээ, дүрэм батлагдаж хамтран ажиллаж эхэлсэн. П.Баатарсүрэн надаас 30 хувийн хувьцаагаа буцаан авах сонирхлоо илэрхийлж 2007 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээг цуцлах санал тавьсан бөгөөд би гэрээг цуцлаад мөнгөө авна гэж гэрээнд гарын үсэг зурсан. Үүний дагуу П.Баатарсүрэн нь над руу 2 300 000 ам.долларыг дансаар, 58 800 ам.долларыг бэлнээр өгсөн. Гэхдээ бусад хувь нийлүүлэгчдийн эрх тэнцүү хандах шаардлага, 2007 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн гэрээний 11.5 болон 1-р заалт тус тусыг зөрчигдөж байсан тул П.Баатарсүрэнгийн дансанд маргааш нь уг 2 300 000 ам.долларыг буцаан шилжүүлж, 58 800 ам.долларыг тухайн үед бэлнээр өгөх гэтэл утсаа авахгүй уулзахгүй байсан. Хэсэг хугацааны дараа П.Баатарсүрэн нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт хуурамч хурлын протокол үйлдэн өгч миний 30 хувийг өөртөө шилжүүлэн авснаар Баянзүрх дүүргийн цагдаад намайг 58 800 ам.доллар залилж аваад өгөхгүй байгаа мэтээр хэрэг үүсгэсэн бөгөөд миний бие Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан мөнгийг бүрэн буцаан өгсөн бичиг баримтыг үндэслэн гомдол гаргаж улмаар УБЕГ-аас комисс томилогдон ажиллаж шийдвэр гаргасны үндсэн дээр миний “Аэромонголиа” ХХК-ийн 30 хувийг буцаан сэргээн бүртгэсэн. Энэ үйлдлээр П.Баатарсүрэн нь шилжүүлсэн мөнгөө маргааш нь надаас буцаан авснаа мэдсээр байж миний 30 хувийг өөртөө шилжүүлж авч байгаа уг үйлдэл нь бизнесийн ёс суртахуунгүй, шударга бус хүн гэдгээ харуулсан. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган хариуцагчаар нь УБЕГ-ыг, гуравдагч этгээдээр Х.Дөчинтавыг татаж 3 шатны шүүхээр П.Баатарсүрэн нь өөрөө буруутай нь батлагдаж, УБЕГ-ын гаргасан шийдвэр зөв байсан гэдэг нь нотлогдсон. П.Баатарсүрэн 2007оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хийсэн гэрээний 40 хувь болох З сая ам.долларын гэрээний мөнгийг огт аваагүй гэж иргэний шүүхэд гомдол гаргаж надаас 4,2 тэрбум төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Дахин 3 шатны шүүхээр уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан. Мөн түүнчлэн 3 шатны шийдвэр бүрт 10 хувийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн гэдэгт талууд маргаангүй гэдгийг тов тодорхой дурдсан. БЗД-ын Цагдаад гомдол мэдүүлж үлдсэн мөнгөө буцааж авч байхдаа мөрдөн байцаагчид өгсөн мэдүүлэгтээ П.Баатарсүрэнгээс өөр нэхэмжлэх зүйл байна уу гэж асуухад, 58 800 ам.доллараас өөр байхгүй гэж мэдүүлж байгаа нь хувьцааны асуудлаар өөр маргаан гараагүй болохыг гэрчилнэ. Мөн надаас миний 30 хувийг буцааж авахаар санал болгож “гэрээ цуцлах” гэрээ хийж байх үедээ 10 хувиа өөр этгээдэд шилжүүлснийг 2 тал харилцан хүлээн зөвшөөрч байгаа гэдгээ уг гэрээний 2.5-т дурдсан. Шүүхийн шийдвэрүүд тус бүр дээр энэ талаар тодорхой дурдсан. Энэ бүх бодит баримтууд, гэрээнүүд, шүүхийн шийдвэрүүдээс үндэслэж харахад иргэн П.Баатарсүрэн нь огт үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргасан нь тодорхой байна. П.Баатарсүрэн болон миний бие, “Моннис-Интернэшнл” ХХК-ийн хоорондын хувьцаа худалдах-худалдан авах гэрээний, хувьцаа худалдсан асуудлаар удаа дараагийн шүүхийн шийдвэрүүд гарсан, эдгээр шийдвэрт энэ хувьцаа худалдсан төлбөр тооцооны асуудлыг тодорхой дүгнэсэн. Иймд П.Баатарсүрэнгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт зааснаар П.Баатарсүрэнгийн “Моннис-Интернэшнл” ХХК, Х.Дөчинтав нарт холбогдуулан “Аэромонголиа” ХХК-ийн 500 ширхэг хувьцааны үнэ 1 958 060 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Баатарсүрэнгээс 9 948 250 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч П.Баатасүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчин нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. ...Шүүх талуудын хооронд харилцаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж миний бие болон хариуцагч "Моннис интернэшнл" ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу "Аэромонголиа" ХХК-ийн 10 хувийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоосон боловч гэрээний зүйл болох хувьцааны үнийг хариуцагч нь надад огт төлөөгүй байгаа байдлыг нотлох баримтад тулгуурлан тогтоолгүйгээр зөвхөн хариуцагчийн гаргасан тайлбарын дагуу няцааж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Х.Дөчинтав болон "Моннис-Интернэшнл" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2007 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн "Хувьцаа худалдах худалдан авах гэрээ"-ний 2.1-д гэрээний агуулгыг заасан. Хариуцагч "Моннис-Интернэшнл" ХХК нь 10 хувийн хувьцааны төлбөр болох 1 000 000 ам.долларыг зөвхөн надад төлөх үүрэг хүлээсэн боловч одоо болтол огт төлөөгүй байгаа. Гэтэл шүүх хувьцааны төлбөр төлөгдөөгүй байгаа байдлыг авч үзэхдээ "...талууд хувьцааны үнийг "Аэромонголиа" ХХК-ийн "Анод" банкин дахь дансанд шилжүүлэхээр тохиролцсон байна гэж..." дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд миний бие хариуцагч "Моннис-Интернэшнл" ХХК-тай дээрх байдлаар харилцан тохиролцсон зүйл байхгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн тогтоогдож байна. Тодруулбал, хариуцагчийн зүгээс хувьцааны үнийг төлөх талаар надтай харилцан тохиролцоогүй болохоо шүүхэд гаргасан тайлбар болон эрүүгийн хэрэгт хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ тодорхой дурдаж "..Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ"-г П.Баатарсүрэн, болон Х.Дөчинтав нартай тус тусад нь байгуулж, П.Баатарсүрэнгээс "Аэромонголиа" ХХК-ийн 20 хувьтай тэнцэх хэмжээний, Х.Дөчинтаваас 10 хувьтай тэнцэх хэмжээний ...хувьцааг худалдаж авсан..." ... Х.Дөчинтавтай байгуулсан гэрээнд заасны дагуу төлбөрөө төлж ... 10 хувийн хувьцааг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан...” гэсэн тайлбар гаргаж, төлбөрийг Х.Дөчинтавтай харилцан тохиролцон "Аэромонголиа" ХХК-ийн дансанд шилжүүлэхээр болсон гэж маргадаг. Гэтэл хариуцагч Х.Дөчинтав нь уг тайлбарыг үгүйсгэж, "...П.Баатарсүрэн нь үлдэгдэл 1 000 000 ам.долларыг төлөхөөс, өмнө "Аэромонголиа" ХХК-ийн 30 хувийг "Моннис-Интернэшнл” ХХК-д өгөхөөр тохиролцсоны дагуу надад энэ тухай мэдэгдэж, үлдэгдэл 1 000 000 ам.доллараа шилжүүлэх хэрэггүй, "Моннис-Интернэшнл" ХХК-д 10 хувиа шилжүүлчих гээд би гэрээ хийж шилжүүлсэн болно...” гэсэн тайлбарыг гаргадаг. Мөн хариуцагч "Моннис-Интернэшнл" ХХК-ийн шүүхэд удаа дараа гаргаж байгаа "П.Баатарсүрэнгээс худалдаж авсан хувьцааны төлбөрийг "Аэромонголиа" ХХК-ийн “Анод” банкны дансанд шилжүүлж тус компанийн өр төлбөрийг төлж барагдуулсан гэх үйл баримтыг миний нэхэмжлэлтэй "Моннис-Интернэшнл" ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1235 дугаартай шийдвэрээр хянан шийдвэрлэсэн бөгөөд "...Моннис-Интернэшнл" ХХК нь хувьцаа худалдаж авсны төлбөрийг "Аэромонголиа" ХХК-ийн дансанд оруулснаар П.Баатарсүрэнд... төлөх төлбөрийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй..." гэж дүгнэсэн. Уг шүүхийн шийдвэр Улсын Дээд шүүхийн 2012 оны 161 дүгээр тогтоолоор хуулийн хүчин төгөлдөр болсон.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг зөрчин намайг "Моннис-Интернэшнл" ХХК-тай 10 хувийн хувьцааны үнийг "Аэромонголиа" ХХК-ийн Анод банкин дахь дансанд шилжүүлэхээр тохиролцсон гэж хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтаас өөр дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Мөн шүүхээс нотлох баримтаар үнэлсэн 10 хувийн хувьцааны төлбөрийг төлсөн гэх "Аэромонголиа" ХХК-ийн дансанд шилжүүлсэн 1 000 000 ам.долларын буюу 1 161 000 000 төгрөгийн, 100 000 ам доллар буюу 118 380 000 төгрөгийн баримт нь хувьцаа худалдаж авсны төлбөр төлсөн баримт биш юм. Уг "...Аэромонголиа" ХХК-ийн дансанд шилжүүлсэн 1 161 000 000 төгрөгийн зориулалт нь хувьцааны төлбөр биш бөгөөд Герман улсын "Lufthansa Tehnic" компанид онгоцны сэлбэгийн үнэнд "Аэромонголиа" ХХК-ийн төлсөн 1 000 000 ам.долларын төлбөр юм. Мөн 118 400 000 төгрөгийн төлбөр нь "Аэромонголиа" ХХК-иас "Шунхлай" ХХК-д төлсөн шатахууны төлбөрийн баримт бөгөөд 2011 онд "Моннис-Интернэшнл" ХХК-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч "Моннис-Интернэшнл" ХХК нь надаас шилжүүлэн авсан 20 хувийн хувьцааны төлбөрийг "Анод банкны "Аэромонголиа" ХХК-ийн 21210102280 тоот дансанд төлж, үүргээ биелүүлсэн гэж марган, 2007 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1 161 000 000 төгрөг шилжүүлсэн баримтыг мөн aдил нотлох баримтаар гаргаж өгч байсан. Миний бие "Моннис-Интернэшнл" ХХК-ийн хувьцааны төлбөрт шилжүүлсэн гэх "Аэромонголиа" ХХК-ийн дансанд шилжүүлсэн мөнгөнөөс нэг ч төгрөгийг өөртөө захиран зарцуулаагүй. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэгт зааснаар компанийн өөрийн эд хөрөнгө болон хувьцаа эзэмшигчийн хувийн эд хөрөнгө нь тусдаа зүйл бөгөөд "Аэромонголиа" ХХК-ийн хувьцаа бол Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар миний өмчлөлийн хувийн эдийн бус хөрөнгө юм. "Моннис-Интернэшнл" ХХК, Х.Дөчинтав нарын оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээр компанийн дүрмийн сангийн хэмжээг 8 115 605 252 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа явдал нь хувьцааны төлбөрийг төлөх асуудалтай огт хамааралгүй, харин Хувьцаа эзэмшигчдийн гэрээний хавсралт 2-т заасан өр төлбөрүүдийг барагдуулж, тэр хэмжээгээр шинэ хувьцаа эзэмшигчдийн компанид оруулсан хөрөнгө оруулалтыг баталгаажуулах зорилгоор хийсэн өөрчлөлт юм. Нөгөө талаар дээрх хөрөнгө оруулалт "Аэромонголиа" ХХК-д хөрөнгө оруулалт болж орж байгаагаараа тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө болон үлдэж байгаа юм.

...Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч П.Баатарсүрэн нь хариуцагч “Моннис-Интернэшнл” ХХК, Х.Дөчинтав нарт холбогдуулан “Аэромонголиа” ХХК-ийн 500 ширхэг хувьцааны үнэ болох 1 958 060 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч хувьцааны үнийг төлсөн гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч П.Баатарсүрэн нь 2007 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч Х.Дөчинтавтай “Аэромонголиа” ХХК-ийн 40 хувьтай тэнцэх 2000 ширхэг хувьцааг 3 000 000 ам.доллараар худалдах-худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр хүлээсэн үүргээ П.Баатарсүрэн биелүүлж худалдсан 40 хувийн хувьцааг Х.Дөчинтавын нэр дээр шилжүүлж зохих өөрчлөлтийг хийлгэсэн тухай үйл баримт тогтоогдсон байна.

 

Талууд дээрх гэрээг цуцлах тухай гэрээг 2008 оны 2 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан боловч хариуцагч Х.Дөчинтав уг гэрээг цуцлахаас татгалзсанаар маргаан үүсч энэ талаар Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 122 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 274 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 348 дугаар тогтоол гарч хүчин төгөлдөр болсон. Эдгээр шүүхийн шийдвэрүүдэд 2007 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээний талаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар П.Баатарсүрэнгийн нэхэмжлэлтэй Х.Дөчинтавд холбогдох 4 200 180 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дахин нотлохгүй.                                                                                                                     /1 дүгээр хавтаст хэргийн 6-19 дүгээр тал/

 

Дээрх 2008 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн гэрээ цуцлах гэрээгээр П.Баатарсүрэн нь Х.Дөчинтавд 2007 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр худалдсан “Аэромонголиа” ХХК-ийн 40 хувийн хувьцаанаас 10 хувийн хувьцааг бусдад цааш дамжуулан худалдсан болохыг талууд харилцан хүлээн зөвшөөрсөн талаар заасан асуудлаар талуудын хэн аль нь маргаагүй болно.

 

Түүнчлэн хариуцагч Х.Дөчинтав, нэхэмжлэгч П.Баатарсүрэн нарын хооронд байгуулагдсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээний асуудлаар өмнө нь шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 122 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 274 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 348 дугаар тогтоолд тодорхой дүгнэсэн боловч 10 хувийн хувьцааг “Моннис-Интернэшнл” ХХК-д худалдсан гэрээний үнэ төлсөн эсэх асуудлаар шүүхийн шийдвэр гараагүй байна.

 

Нэхэмжлэгч П.Баатарсүрэн хариуцагч “Моннис-Интернэшнл” ХХК-тай 2007 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулж “Аэромонголиа” ХХК-ийн 20 хувьтай тэнцэх 2000 ширхэг хувьцааг 2 200 000 ам.доллараар худалдсан бөгөөд гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс талуудын хооронд маргаан үүсч хариуцагч “Моннис-Интернэшнл” ХХК-иас 3 036 686 000 гаргуулж нэхэмжлэгч П.Баатарсүрэнд олгож шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 161 дүгээр тогтоолоор хүчин төгөлдөр болжээ.

        /1 дүгээр хавтасны 53-56 дугаар тал, 2 дугаар хавтасны 109-111 дүгээр тал/

 

Хариуцагч Х.Дөчинтав нь нэхэмжлэгч П.Баатарсүрэнтэй 2007 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр эзэмшилдээ авсан “Аэромонголиа” ХХК-ийн 40 хувьтай тэнцэх хувьцаанаас 10 хувьтай тэнцэх хувьцааг П.Баатарсүрэнгийн зөвшөөрснөөр “Моннис-Интернэшнл” ХХК-д 2007 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулж шилжүүлсэн, “Моннис-Интернэшнл” ХХК нь хувьцааны үнэд 2007 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1 161 000 000 төгрөгийг “Аэромонголиа” ХХК-ийн Анод банкны 21210102280 тоот дансанд, 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 118 380 000 төгрөгийг “Аэромонголиа” ХХК-ийн Анод банкны 2122012280 тоот дансанд тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрээ /1хх-36 дугаар тал/, зохигчдын хэн алины тайлбар, 1 дүгээр хавтаст хэргийн 245-246 дугаар талд авагдсан “төлбөрийн даалгавар” баримтаар тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, 2007 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн уг гэрээг байгуулахад хариуцагч Х.Дөчинтав нь нэхэмжлэгчээс худалдан авсан хувьцаанаас “Аэромонголиа” ХХК-ийн 10 хувийн хувьцааны үнийг П.Баатарсүрэнд төлөөгүй, харин түүний зөвшөөрлөөр уг 10 хувийн хувьцааг “Моннис-Интернэшнл” ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж шилжүүлсэн талаар хариуцагч Х.Дөчинтав тайлбар гаргасныг нэхэмжлэгч П.Баатарсүрэн болон хариуцагч “Моннис-Интернэшнл” ХХК-ийн хэн аль нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар үгүйсгэж, няцаасан тайлбар, баримт гаргаагүй болно.

 

Иймд хариуцагч Х.Дөчинтав нь нэхэмжлэгч П.Баатарсүрэнгийн 10 хувийн хувьцааг түүний зөвшөөрснөөр хариуцагч “Моннис-Интернэшнл” ХХК-д худалдахаар гэрээг байгуулсан, уг гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч “Моннис-Интернэшнл” ХХК нь 2007 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний зүйл болох 10 хувийн хувьцааг хүлээн авсан, харин гэрээний дагуу хувьцааны үнийг төлөгдсөн гэж үзэх буюу худалдан авагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх үйл баримтын талаар талууд маргажээ.

 

Хариуцагч “Моннис-Интернэшнл” ХХК нь хувьцаа худалдан авах замаар “Аэромонголиа” ХХК-д хөрөнгө оруулалт хийж хамтарч ажиллахаар нэхэмжлэгч П.Баатарсүрэнтэй тохиролцсон, хувьцаа худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг “Аэромонголиа” ХХК-ийн Анод банкны дансанд шилжүүлсэн гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлаа тайлбарлажээ.

 

2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 10 хувийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээний төлбөр төлөх нөхцөлийн заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан үгийн шууд утгаар тайлбарлахад үнийг “Аэромонголиа” ХХК-ийн дансанд шилжүүлэхээр заасан байгаагаас гадна, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасны дагуу дээрх гэрээнүүд байгуулагдах үеийн нөхцөл байдлуудыг хооронд харьцуулан дүгнэвэл хариуцагч “Моннис-Интернэшнл” ХХК-ийг “Аэромонголиа” ХХК-ийн 10 хувийн хувьцааны үнийг тус компанийн дансанд шилжүүлснийг гэрээний дагуу үнэ төлөх үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх боломжгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Аэромонголиа” ХХК-ийн хувь нийлүүлэгчид хөрөнгө оруулагч нар 2007 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж, уг хуралдаанд Б.Чулуунбаатар нь ““Моннис-Интернэшнл” ХХК-ийг хөрөнгө оруулсны дараа “Аэромонголиа” ХХК-ийн дүрмийн санг Х.Дөчинтав, “Моннис-Интернэшнл” ХХК-ийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр 8 115 605 252 төгрөг болгож татварын газарт бүртгүүлэх саналтай байна” гэж, П.Баатарсүрэн нь “Компани нийт 811 560 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 10 000 ширхэг хувьцаатай байхаар тогтъё” гэж тус тус хэлснийг бүгд “зөвшөөрч байна” гэж тохиролцсон тухай тэмдэглэл үйлдэж, тогтоол гарсан, уг тогтоолд хувьцаа эзэмшигч Б.Чулуунбаатар, П.Баатарсүрэн, Х.Дөчинтав, Б.Бат-Эрдэнэ нар гарын үсэг зурсан байна.                                                                    /1 дүгээр хавтаст хэргийн 159-161 дүгээр тал/

 

Мөн өдөр “Моннис-Интернэшнл” ХХК, Х.Дөчинтав, П.Баатарсүрэн, Б.Бат-Эрдэнэ нар нь хувьцаа эзэмшигчийн гэрээ байгуулж, компанийн өөрийн хөрөнгө, нэгж хувьцааны үнийг 811 560 төгрөгөөр нэмэгдүүлсэн байдлаар зааж, бусад эрх, үүргийн талаар тохиролцон гарын үсэг зурсан бичгийн хэлцэл хийсэн байна. /1 дүгээр хавтас хэргийн 213-219 дүгээр тал/ Хувьцаа эзэмшигчийн гэрээний хүчин төгөлдөр байдал, хэлцэл хийсэн үйл баримтын талаар талууд маргаангүй байна. Түүнчлэн 1999 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Компанийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар “Аэромонголиа” ХХК-ийн өөрийн хөрөнгийн хэмжээг 8 115 605 252 төгрөгөөр нэмэгдүүлсэн талаар улсын бүртгэлд 2007 оны 6 дугаар сарын 13-ны өдөр бүртгүүлсэн байна.   

/1 дүгээр хавтаст хэргийн 156 дугаар тал/

 

Дээрх хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, хувьцаа эзэмшигчийн гэрээ, бүртгэлийн баримтуудаас үзэхэд “Аэромонголиа” ХХК-ийн нэгж хувьцааны үнэ, компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн нөхцөл байдалтай, талуудын хувьцааны үнэ төлөх нөхцөлтэй холбоотой тайлбарыг харьцуулан үзэхэд компанид хөрөнгө оруулалт хийх замаар хувьцааны үнийг төлөхөөр тохиролцсон гэх хариуцагч “Моннис-Интернэшнл” ХХК-ийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Тухайлбал, 1999 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Компанийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дахь хэсэгт зааснаар компанийн өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Иймд компанийн өөрийн хөрөнгийн хэмжээг өөр аргаар нэмэгдүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагчийн эд хөрөнгийг хүлээн авсан гэж тооцох нөхцөлийг тодорхойлсон бөгөөд худалдагч талд үнэ төлөх журмын талаар тухайлан заагаагүй байна. Иймд талуудын хоорондын маргаж буй гэрээний дагуу хувьцааны үнэ төлөх үүргийг хариуцагч “Моннис-Интернэшнл” ХХК биелүүлсэн эсэхийг тогтооход Иргэний хуулийн гэрээний үүрэг гүйцэтгэх нийтлэг үндэслэл, түүний дотор үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөнд тооцох журмыг тогтоосон Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийг хэрэглэх шаардлагатай. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид эсхүл гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөх учиртай.

 

Талуудын хооронд 2007 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 10 хувийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 3.3 дахь хэсэгт хувьцааны үнийг “Аэромонголиа” ХХК-ийн Анод банк дахь дансанд шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд ийнхүү худалдах-худалдан авах гэрээний үнийг худалдагчийн бус, өөр этгээдийн дансанд шилжүүлэхийг хуулиар хориглоогүй тул гэрээний уг заалтыг хүчин төгөлдөр гэж үзнэ. “Моннис-Интернэшнл” ХХК нь 2007 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1 161 000 000 төгрөгийг “Аэромонголиа” ХХК-ийн Анод банкны 21210102280 тоот дансанд, 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 118 380 000 төгрөгийг “Аэромонголиа” ХХК-ийн Анод банкны 2122012280 тоот дансанд тус тус шилжүүлсэн нь тогтоогдсон байна. /1хх-245-246 дугаар тал/ Иймд хариуцагч “Моннис-Интернэшнл” ХХК-ийн хувьцааны үнэ төлөх үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан эрх бүхий этгээд болох “Аэромонголиа” ХХК-д хүлээлгэн өгсөнд тооцох нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах этгээд нь “Аэромонголиа” ХХК байх талаар гэрээнд тодорхой заасан байх тул Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээд хүлээн авсантай холбоотой хуулийн уг зохицуулалт зохигчдын энэ харилцаанд хамааралгүй болно.

 

Худалдах-худалдан авах гэрээнд заасан эрх бүхий этгээд болон “Аэромонголиа” ХХК нь уг хувьцааны үнийг нэхэмжлэгч П.Баатарсүрэнд буцаан төлөх эсэх асуудал энэ хэргийн маргааны зүйл биш учир уг асуудлаар шүүх шийдвэр гаргаагүй болно.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ, гэрээний үүргийн биелэлтийн талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч П.Баатарсүрэн худалдах-худалдан авах гэрээний дагуу төлөх мөнгөн хөрөнгийг өөрийнх нь өмчлөлд шилжүүлээгүй тул хариуцагч “Моннис-Интернэшнл” ХХК-ийг гэрээний үүргийг биелүүлээгүй гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хуулиар гэрээний үүргийг хэрхэн гүйцэтгэх талаар тохиролцох эрх нь нээлттэй тул "Аэромонголиа" ХХК-ийн дансанд “Моннис-Интернэшнл” ХХК нь 2007 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1 161 000 000 төгрөгийг, 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 118 380 төгрөгийг тус тус шилжүүлсэнийг гэрээний үүргийг биелүүлсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

            Үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасны дагуу хүлээн авсан "Аэромонголиа" ХХК нь цааш хэрхэн зарцуулсан, уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид олгосон эсэх асуудал Х.Дөчинтаваар төлөөлүүлэн П.Баатарсүрэн, “Моннис-Интернэшнл” ХХК-ийн хооронд байгуулагдсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг тодорхойлоход шууд хамааралтай асуудал биш тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан мөнгө төлөх үүргийг шаардах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/02045 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 948 250 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                                      ШҮҮГЧИД                                         А.МӨНХЗУЛ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ