Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 09

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Н.Ж, С.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор                                                                    М.Батзаяа

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч                                     В.Удвал, С.Пүрэвсүрэн

            Шүүгдэгч                                                                   Н.Ж, С.Б

            Нарийн бичгийн дарга                                              Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Бын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Н.Ж, С.Б нарт холбогдох 17120001210039 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,  Архангай аймгийн  суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Архангай аймгийн ,,оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, А овогт Н-ын Ж

 

Монгол Улсын иргэн, , Архангай аймгийн , суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр баг, Гүртэн гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, Б овогт С-ийн Б

 

Н.Ж, С.Б нар нь 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр баг, Доод эрэг гэх газарт Гэрийн буурин дээр тугалын хашаа барилаа гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, Н.Жийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, С.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Н.Жт холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, С.Бод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч А овогт Нын Жийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  санаатай учруулсан гэмт хэрэг, Б овогт Сийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Жийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш шүүгдэгч  Н.Жийг 500 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр  торгох ялыг 1 /нэг / сарын хугацаанд, шүүгдэгч С.Быг  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж, С.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15  /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүгдэгч Н.Ж, С.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг, хохирогч С.Бын нэхэмжлэлээс 2.288.022 төгрөгийг хэлэлцэхгүй орхин, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг  тус тус дурдаж, Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Ж, С.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Бын гаргасан давж заалдах гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. С.Б миний бие 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зуслангийн бууцаа сольж буухаар тугалын хашаа барьж байтал Н.Ж ирж, энд буулгахгүй гэж хэрүүл маргаан үүсгэн улмаар намайг хашаан дээгүүр авч шидсэн ба ээжийг авч ирсний дараа эхнэртэйгээ ирж маргалдан намайг заамдаж түлхэж унагаснаас миний эгэм хугарч хүндэвтэр хохирол учирсан юм. Энэ нь одоо хүртэл бүрэн эдгэрэлтгүй явж байна. Гэтэл намайг шургаагаар дал мөрөн дээгүүр цохиж, хөнгөн хохирол учруулсан гэж буруутгаж байгаад гомдолтой. Миний бие Н.Жийг цохиж зодох боломж тухайн үед байгаагүй. Надаас чац өндөр, чадмаг хүн учир намайг хааш нь ч хөдөлгөхгүй унагаж дарсан юм. Энэ байдлыг дэргэд байсан миний ээж Ч.Баасандолгор, эхнэр О.Сонинцэцэг нар гэрчлэн мэдүүлсээр байтал зөвхөн Н.Ж, түүний эхнэр Б.Золзаяа нарын шургаагаар цохисон гэдэг мэдүүлэгт үндэслэн намайг гэм буруутай гэж үзэж байгаад гомдолтой. Тухайн үед хэргийн газарт үзлэг хийсэн бол ямар мод байсан, түүгээр хэрхэн цохиж гэмтэл учруулсан байх боломжтой эсэх талаар нарийвчлан тогтоох боломжтой гэж үзэж байгаа. Хэргийг бүрэн гүйцэд шалгаагүй атлаа зөвхөн 2 хүний мэдүүлгээр намайг буруутгаж байгаад гомдолтой байна. Иймд хэргийг дахин хянаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, намайг цагаатгаж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Бын гаргасан гомдолд нэмж тайлбар хэлэхэд хохирогч Н.Ж болон гэрч Б.З нарын мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан. Мөн яллагдагч Н.Жийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 44-45 дугаар хуудсанд авагдсан. Мөн шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт зэргээр С.Б нь Н.Жийн биед хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдож байна гэж үзээд 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Удвал шүүх хуралдаанд гаргасан саналдаа:“Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн тухайд шүүгдэгч С.Бын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч С.Бод холбогдох хэсгийг хүчингүй болгож энэ хүний гэм буруутай үйлдэл нь эргэлзээтэй байна гэж үзэж цагаатгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Энэ хэрэгт байгаа баримтуудын талаар энэ хэрэгт оролцож байгаа энэ хэргийг гол хагалаад өгөх байсан хүн бол эд нарын дэргэд байсан Волоож гэдэг хүн байсан боловч энэ хүн  нь өөрөө мэдүүлэг өгөх боломжгүй байсан учир гэрчээр асуугдаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч С.Бын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад С.Б, Н.Ж нарын хооронд үүссэн маргаан нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр болсон болох нь тогтоогдож байна.

Гэтэл 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн С.Быг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Н.Жийг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоолуудад С.Б, Н.Ж нарын хоорондын маргааныг 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр болсон мэтээр тогтоолд заасан байна.

 

Мөн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 173 дугаартай яллах дүгнэлтэд Н.Ж, С.Б нар нь 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр баг, Доод эрэг гэх газарт Гэрийн буурин дээр тугалын хашаа барилаа гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, Н.Жийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, С.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдож байгаа талаар дурджээ.

 

            С.Б, Н.Ж нарын хоорондын маргаан 2017  оны 08 дугаар сарын 29-ний өдөр болсон байхад 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр болсон мэтээр яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт зэргийг яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тусгана гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

 

               Яллах дүгнэлт хуульд заасан шаардлага хангаагүй байхад анхан шатны шүүх дээрх алдааг засуулахгүйгээр, алдааг үргэлжлүүлж шийтгэх тогтоолд шүүгдэгч нарын үйлдлийг 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр болсон мэтээр хэрэгт цугларсан нотлох баримтаас зөрүүтэй дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, эргэлзээгүй байна гэсэн шаардлагыг хангаагүй байна.

                Дээрх зөрчлийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дээр дурдсан үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.   

  

    2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолуудын тогтоох хэсгийн 2 дах заалтаар хэн гэдэг шинжээчийг томилсон нь тодорхойгүй атлаа шинжээчид мэдэгдэхийг шинжилгээний байгууллагад даалгасан, 4 дэх заалтаар дүгнэлтийг 2017 оны 09 сарын 02-ны өдрийн дотор гаргахыг хэн гэх шинжээчид даалгаж байгаа нь тодорхойгүй, 5 дах заалтанд шинжээч эмч хэн гэх этгээдийн мэдэлд тогтоол, хохирогч нарыг шилжүүлээд байгаа нь тодорхойгүй, 6 дах заалтаар хэнд шинжээчийн эрх үүргийг тайлбарласан нь тодорхойгүй зэрэг нөхцөл байдал байхад шинжээч С.Хишигмаа танилцсан шинжээч гэж гарын үсэг зурж, улмаар дүгнэлт гаргасныг мөрдөгчийн тогтоолын дагуу томилогдсон шинжээч гэж үзэхэд эргэлзээтэй байна. /хх-28,35 хуудас/

 

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Бын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.

 

 Шүүгдэгч С.Б, Н.Ж нарын холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан хэргийг анхан шатны шүүхэд очтол С.Б, Н.Ж нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т тус тус заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол Н.Ж, С.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ДАВААСҮРЭН

ШҮҮГЧИД                                                      Н.ЭНХМАА

                                                                       В.ЦЭЦЭНБИЛЭГ