Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2022/0475

 

 


С.С-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Гуравдагч этгээд Я.З,

Нэхэмжлэгч: С.С,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/219 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”,

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 24 дүгээр шийдвэртэй захиргааны хэрэг,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч С.С, түүний өмгөөлөгч Б.Л, гуравдагч этгээд Б.З, түүний өмгөөлөгч Т.У нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,

Хэргийн индекс: 124/2021/0074/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч С.С-ийн нэхэмжлэлийг хангаж, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/219 дүгээр захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Я.З дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ. Үүнд:

2.1.“Би анх 1992 оноос хойш өдий хүртэл 30 гаруй жил эзэмшиж ашиглаж байгаа газраа 1998 онд албан ёсоор манай эхнэр Ж.Ж-ы “Айраг” ХЭАА-н нэр, иргэн миний нэр дээр газар эзэмших ашиглах гэрчилгээ авсан 2500 м.кв газраас хожуу хүү 3.Б-д шилжүүлсэн 1170 м.кв газрыг иргэн С.С-ийн газрын гэрчилгээтэй давхцаагүй гэдэг байдлаар өнгөцхөн олгож манай эзэмшил ашиглаад 12 жил болсны дараа манайхаас хамаагүй сүүлд манай хашаанд 2003 онд бууж, 2013 онд нүүгээд уг газрыг огт эзэмшиж ашиглахгүйгээр 9 жил болж байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нэг талыг барьсан бидний эрх ашгийг үл умартсан шударга бус шийдвэр гаргасанд туйлын гомдолтой байна.

2.2.Манай эхнэр Ж-ы “Айраг” ХЭАА-н нэр, миний дээр үлдэж байгаа 1330 м.кв газрыг авч хэлэлцэхгүйгээр иргэд бид нараас улаан цайм булаан авч гэрчилгээ давхардуулан авсан сүүлийн 9 эзэмшиж ашиглаагүй 400 м.кв газрыг хүчинтэй байдлаар нэхэмжлэлийн шаардлагад нийцүүлсэн нэг талыг барьсан шударга бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

2.3.Манайх түрүүлж буюу 1992 онд бууж уг газрыг эзэмшиж банз болон төмөр тороор хашиж эзэмшиж ашиглаж байсныг гэрчилж байгаа эхнэр Ж, хүү Б нарын шүүхэд гаргасан гэрчийн тайлбарыг огтхон ч тоогоогүй, мөн өргөдөлд дурдсан бусад гэрчүүдээс хэн түрүүлж буусныг асууж тодруулж тайлбар аваагүй, маргалдагч талуудын хэн нь түрүүлж буусныг асууж тодруулж тайлбар аваагүй, маргалдагч талуудын хэн ч түрүүлж эзэмшиж ашиглаж байсныг нүүрэлдүүлж нотолж тогтоохгүйгээр, зөвхөн нэг талыг барьсан шийдвэр гаргаж, бусад иргэний хохь гэсэн байдлаар хандаж, уг асуудлын үнэн мөнийг олохгүйгээр хуулийн нэрийн дор шударга бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

2.4.Төр захиргааны байгууллага аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Улаангом сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын дэргэдэх хуулийн хэлтэс, үнэн мөнийг батлан гэрчилдэг нотариатын байгууллага тухайн үед авсан газар эзэмших гэрчилгээг батлан гэрчилснээр дээр байгууллагууд итгэл үнэмшилтэйгээр хүлээн зөвшөөрч, хуулийн бусад үндэслэлүүдийг дурдаж гаргасан шийдвэрүүдийг шүүх үгүйсгэж нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

2.5.Манай эхнэр Ж 1998 он иргэн, аж ахуйн нэгжийн нэр дээр авсан 2500 м.кв газраа Газрын харилцаа, хот байгуулалтын газарт 2005 онд хандаж Жаргалсайханы “Айраг” ХЭАА-н нэр дээр болон иргэн З миний нэр тус тусад нь салгуулж өмчлүүлэхээр очиход тухайн үед ажиллаж байсан газрын даамлууд иргэн З миний нэр дээр 1170.2 м.кв газрыг өмчлөх шийдвэр гаргаж, Ж-ны “Айраг” ХЭАА-нэхэмжлэл нэр дээр үйлдэж байгаа 1330 м.кв газрыг аж ахуйн нэгж дээр газар өмчлөхгүй, аж ахуйн нэгж 30 жилийн хугацаатай эзэмшдэг, тэгээд ч таны “Айраг” ХЭАА-н гэрчилгээ дээр 2024 он хүртэл хүчинтэй гээд бичсэн байна шүү гэж хэлээд энэ 2 гэрчилгээ танд байхад дараа сүүлд учир олдох байлгүй гэж буцааж өгсөн байдаг нь бидний буруу биш ээ. Энэ асуудлын талаар бидний хуулийн мэдлэг дутмаг, юмны нарийн учрыг сайн ойлгоогүй,тухайн газарт бид түрүүлж газар эзэмших гэрчилгээ авсан. Төр бид нараар тоглоогүй юм бол 3 шатны төр захиргааны шийдвэрүүдээр бидний талд гарсан болохоор итгэж шүүхэд гаргасан тайлбарт манай эхнэр оруулаагүй байлаа. Энэ мэтчилэн төрийн албан хаагчдын хариуцлагагүй үг, үйлдлээс болж иргэн бид хохирох ёсгүй биднийг хохироосон шийдвэр гаргасанд гомдож байна.

2.6.Надад гардуулсан шийдвэрт үг үсгийн алдаатай, зарим онууд зөрүүтэй, хавтаст хэрэгт дурдаагүй зарим зүйлийг гүтгэж, нэмж чимж оруулсан гомдолтой байна. Тухайлбал: 2-р хуудасны 5 дахь хэсэгт “... 2013 оны 09 дүгээр сарын 10-нд хашааны баруун хойд тасалгааг авч граж барина гэж маргаан үүсгэж эхэлсэн...”, “... 2005 онд авсан газрын гэрчилгээ үзүүлж байж үйлдлийг зогсоосон” гэж худлаа гүтгэж, нэмж чимж оруулсан С.С бидний хэнд ч газрын гэрчилгээ үзүүлээгүй, бидний хэн нь ч огт үзээгүй бөгөөд 2003 онд С.Сийн ах Жинсодов гэдэг айл манай хашаанд түр байгаад нүүсэн айлын нэр барьж дурд мэдэн буухад наад газар чинь албан ёсны гэрчилгээтэй манай хашаа шүү гэж уг айлыг бууж болохгүй гэж манай эхнэр хэлсэн үеэс газрын маргаан эхэлсэн үүний Жинсодов болон манай эхнэр Ж нар гэрчлэх болно.

2.7.Шийдвэрийн 10 дугаар хуудасны 26 дахь хэсэгт “... сонсох ажиллагааг хийж, эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй талыг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй ... гэж дурдсан нь нэхэмжлэгч тал болон гуравдагч этгээд бид бүгд мэдэж сонсож уг асуудал энэ шатанд хүрээд явж байхад сонсох ажиллагаа явуулаагүй гэж шүүхийн шийдвэрт дурдсан гомдолтой байна.

2.8.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол хүчингүй болгоно” гэж заасан байхад эзэмшигч ашиглагч болоод 30 гаруй жил болж байгаа тухайн үед авсан анхан шатны баримт болох албан ёсоор авсан газар эзэмших гэрчилгээтэй 2500 м.кв газраас 400 м.кв газраас тасалж, манай эзэмшлийн газраас 2013 онд нүүгээд уг газрыг эзэмшиж ашиглахгүйгээр 9 жил болж байгаа нөгөө иргэнд хуулийн нэрийн дор дээрэмдэн өгч, иргэн биднийг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна.

2.9.Иргэн С.Сийн ах н.С шүүхэд гаргасан гэрчийн тайлбарт танай газар гэдгийг би сонсон, газрын гэрчилгээгүй газар буусан гэдгээ гэрчилсээр байтал шүүх авч хэлэлцээгүйд гомдолтой байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч С.С-ээс “Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/219 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдуулан гаргажээ.

2.Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 184 дүгээр албан бичгээр[1] “... С.С нь Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот захирамжийн дагуу, газар эзэмших гэрчилгээтэй, 8516012719 нэгж талбарын дугаар бүхий кадастрын зурагтай байгаа нь тогтоогдсон. Энэ нь Я.З-ын олгогдсон газарт давхардуулан газар олголт хийж гэрээ, гэрчилгээ олгогдсон нь тогтоогдсон тул уг маргааныг шийдвэрлэж өгнө үү” гэж Улаангом сумын Засаг даргад ханджээ.

3.Уг албан бичгийг үндэслэн маргаан бүхий А/219 дүгээр захирамжаар[2] Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч С.С-т 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр захирамжаар олгогдсон 400 м.кв газар нь гуравдагч этгээд Я.З-ын газартай давхцаж олгогдсоныг Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн шалгалтаар тогтоогдсон үндэслэлээр нэхэмжлэгч С.Сийн газар эзэмших гэрээ, гэрчилгээг хүчингүйд тооцжээ.

4.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заасан. 

5.Хэрэгт авагдсан баримтуудаас[3]  үзэхэд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 1998 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 85 дугаар шийдвэрээр “Айраг ХЭАА”-д Улаангом сумын 5 дугаар баг, СОТ 3-ын замын урд талд байрлах “Худалдаа үйлчилгээ”-ний зориулалттай 2500 м.кв газрыг олгож, уг газрыг гуравдагч этгээд Я.Зт 2001 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 50713 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр “Гэр, хашаа”-ны зориулалтаар 15 жилийн хугацаатай шилжүүлэн олгосон.

6.Мөн Увс аймгийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 336 дугаар захирамжаар[4] Я.З-т барилгын хорооны 14-03 тоот хашааны 1170.2 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн, мөн Увс аймгийн Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 56 дугаар захирамжаар[5] дээрх 336 дугаар захирамжаар газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн асуудлыг дахин шийдвэрлэж, барилгын хорооны 14-03 тоот хашааны 1170.2 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэж, гэрчилгээ олгожээ.

7.Улмаар Я.З, Ж.Ж, З.Э, З.Б, З.Т, З.О нарыг 2005 оны 03 сарын 17-ны өдөр Улаангом сумын 5 дугаар багийн 14-3 тоотод байрлах “гэр бүлийн хэрэгцээ”-ний зориулалттай 1170.2 м.кв газрын өмчлөгчөөр бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг[6] олгосон байна.

8.Үүний дараа газар өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл[7] хийгдэж Улаангом сумын 5-р баг 9-9 тоот хаягт /хуучнаар 14-3 тоот/ байршилтай гэр бүлийн хэрэгцээний 1170.2 м.кв газрын хууль ёсны өмчлөгчөөр Я.З-ын хүү З.Б бүртгэгдэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг[8] олгосон.

9.Харин нэхэмжлэгч С.С-т Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр захирамжийг үндэслэн 400 м.кв газрыг гэр, хашааны зориулалттайгаар 20 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 0029873 дугаартай гэрчилгээг[9] олгож, 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”[10]-г байгуулжээ.

10.Дээрх үйл баримтаас дүгнэхэд гуравдагч  этгээд Я.З-т 2001 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Гэр хашаа”-ны зориулалтаар олгогдсон 2500 м.кв газрын хэмжээг Увс аймгийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 336 дугаар захирамжаар[11] Я.З-т өмчлүүлэхдээ 1170.2 м.кв газар болгон багасгаж шийдвэрлэсэн, одоогийн байдлаар Я.З-ын хүү гуравдагч З.Б нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан хууль ёсны гэрчилгээний дагуу нэхэмжлэгч С.Сийн зэргэлдээ байршилтай 1170.2 м.кв газрыг өмчилдөг гэдэг нь тогтоогдож байна.

11.Мөн нэхэмжлэгч С.С-т газар эзэмших эрх 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр үүссэн, түүний эзэмшлийн 400 м.кв газар нь гуравдагч этгээд Я.Зт Увс аймгийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 336 дугаар захирамжаар газар өмчлөх эрх олгогдож улмаар түүний хүү гуравдагч этгээд З.Б-ийн өмчлөлд шилжсэн 1170.2 м.кв газартай давхцалгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар[12] тогтоогдож байна.

12.Тодруулбал, хэрэгт авагдсан Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн иргэн С.Сийн эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, иргэн З.Б-ийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрын байршлыг харуулсан зураг[13], маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээс[14] үзэхэд С.Сийн эзэмшлийн 400 м.кв газар нь нийт хашаалагдсан 2723 м.кв газарт хамаарагдаж байх бөгөөд гуравдагч этгээд З.Б-ийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй кадастрын мэдээллийн санд 2099 м.кв хэмжээтэйгээр бүртгэсэн газартай давхцалтай гэж үзэхээргүй байна.

13.Эдгээрээс дүгнэхэд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр захирамжаар нэхэмжлэгч С.С-т “гэр, хашааны” зориулалтаар 400 м.кв газрыг эзэмших эрхийг хариуцагчаас олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчиж, гуравдагч этгээд Я.З болон З.Б-ийн хууль ёсны өмчлөлийн 1170.2 м.кв газартай давхцуулан олгосон нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдсонгүй.

14.Иймээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг гуравдагч этгээд Я.З-ын газартай давхцаж олгогдсон үндэслэлээр хүчингүй болгон шийдвэрлэсэн маргаан бүхий А/219 дүгээр захирамж нь хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

15.Түүнчлэн гуравдагч этгээд Я.З нь маргаан бүхий газрыг 1998 оноос аж ахуйн зориулалтаар, 2001 оноос өөрийн гэр хашааны зориулалтаар нэхэмжлэгч С.С-ээс түрүүлж эзэмшиж, ашиглаж байсан гэж маргах боловч нэхэмжлэгч С.С-ээс маргаан бүхий 400 м.кв газрыг эзэмшиж эхэлсэн 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар гуравдагч этгээд Я.З-ын 2001 онд газар эзэмших эрх авсан 2500 м.кв газрын хэмжээг Увс аймгийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 336 дугаар захирамжаар[15] Я.З-т өмчлүүлэхдээ 1170.2 м.кв газар болгон багасгаж шийдвэрлэсэн байсан, уг 1170 м.кв газар нь маргаан бүхий 400 м.кв газартай давхцалгүй гэдэг нь тогтоогдсон.

16.Иймд гуравдагч этгээдийн “... 1998 онд албан ёсоор манай эхнэр Ж-ны “Айраг ХЭАА”-нэр, иргэн миний нэр дээр газар эзэмших ашиглах гэрчилгээ авсан 2500 м.кв газраас хожуу хүү З.Б-д шилжүүлсэн 1170 м.кв газрыг иргэн С-ийн газрын гэрчилгээтэй давхцаагүй гэдэг байдлаар ... нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь шударга бус..., миний нэр дээр үлдэж байгаа 1330 м.кв газрыг авч хэлэлцэхгүйгээр ... гэрчилгээ давхардуулан авсан ... 400 м.кв газрыг хүчинтэй байдлаар нэхэмжлэлийн шаардлагад нийцүүлсэн шийдвэр гаргасан, нэхэмжлэгчээс түрүүлж эзэмшиж, ашиглаж байсан” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

17.Маргаан бүхий А/219 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газрыг 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй үндэслэлээр хүчингүй болгон шийдвэрлээгүй, нэхэмжлэлийн шаардлага энэ үндэслэлээр тодорхойлогдоогүй байх тул гуравдагч этгээдийн “нэхэмжлэгч газраа 9 жил эзэмшиж, ашиглаагүй Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасантай нийцээгүй байхад 400 м.кв газрыг хүчинтэй байдлаар шийдвэрлэсэн” гэх агуулга бүхий давж заалдах гомдолд шүүх дүгнэлт өгөх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

18.Түүнчлэн, маргаан бүхий А/219 дүгээр актыг гарахдаа хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 27 дугаар зүйлд заасанчлан сонсох ажиллагааг хийж, эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй талыг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

19.Тодруулбал, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа зөвхөн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 184 дүгээр албан бичгийг үндэслэсэн, бодит нөхцөл байдлыг судлан тогтоож, холбогдох нотлох баримтыг цуглуулж дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгч С.С-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан болох нь тогтоогдож байна.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, маргаан бүхий актыг хүчингүй болгон шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Я.З-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 122 дэх тал

[2] Хэргийн 28 дахь тал

[3] Хэргийн 26, 33 дахь тал

[4] Хэргийн 45 дахь тал

[5] Хэргийн 63 дахь тал

[6] Хэргийн 78 дахь тал

[7] Хэргийн 77 дахь тал

[8] Хэргийн 80 дахь тал

[9] Хэргийн 39 дэх тал

[10] Хэргийн 41 дэх талын ар нүүр

[11] Хэргийн 45 дахь тал

[12] Хэргийн 86-87 дахь тал

[13] Хэргийн 86, 87 дахь талууд

[14] Хэргийн 48, 49, 50, 51, 52, 53 дахь талууд

[15] Хэргийн 45 дахь тал