| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1737/э |
| Дугаар | 1768 |
| Огноо | 2020-10-08 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | П.Ариунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 1768
2020 10 08 2020/ШЦТ/1768
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,
улсын яллагч Д.Ариунжаргал,
хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г,
шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Н овогт Ж.Б-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 200 602 293 2168 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1979 оны 07 дугаар сарын 19-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, халх дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй ,эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,р Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 4-р байрны 123 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн Н овогт Ж ын Ж.Б /РД: ШГ79071918/.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Ж.Б нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39/А/ байрны гадна байрлуулсан байсан “Г И” ХХК-ийн эзэмшлийн “Ford F150” маркийн 0000УБЭ улсын дугаартай автомашины 2 толийг хугалж, гэмтээж 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ: Тухайн өдөр би машины хоёр толь хагалсан. Учрал гэдэг хүний компани дээр уулзах гээд очиход Учрал ажил дээрээ байхгүй байсан. Тэгээд удалгүй ажил дээрээ ирж бид хоёр уулзсан. Бид хоёрт урьдын хувийн асуудлын улмаас маргалдах шалтгаан байсан. Урьд нь Учрал найзуудтайгаа байхдаа маргалдаад намайг дуудаж, би хамт байсан хүмүүсээс нь Учралыг өмөөрч урдуур нь орон үүдэн хоёр шүдээ цохиулж байсан юм. Тухайн үед Учрал надад хандан би энэ асуудлыг зохицуулна гэж хэлж байсан боловч одоог хүртэл үүн дээр анхаарал хандуулаагүйд нь би бухимдаад тийм зүйл болсон гэв.
Шүүх хуралдаанд хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г мэдүүлэхдээ: Тухайн хэрэг гарах өдөр буюу 02 дугаар сарын 21-ний өдөр ажлын сүүлийн өдөр байсан буюу цагаан сарын амралт эхэлж байсан. Манай ажилчид тухай өдөр оффисоо цэвэрлээд байж байтал Ж.Б бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орж ирээд Учрал захирлыг асуугаад гарсан. Тэгээд удалгүй байж байтал Учрал захирал орж ирснээ за би явлаа баяртай гээд гараад явсан мөртлөө хэсэг хугацааны дараа яаруу сандруу байдалтай ороод ирсэн. Тэгээд надад хандан нөгөө Ж.Б чинь машины толь хагалчих шиг боллоо гээд өөрөө цагдаа дуудсан. Тухайн өдөр захирал ар гэрийн ажилтай байсан болохоор намайг цагдаа нартай уулзчих гээд гараад явсан. Би цагдаа нарыг ирэхээр нь камерын бичлэг шүүгээд үзтэл Ж.Б өөрийн машинаасаа бууж ирээд “Форд Ф-150” маркийн автомашины хоёр толийг цохиж байгаа нь харагдсан. Миний бие үүний дараагаар цагдаагийн байгууллагад очиж холбогдох мэдүүлгийг өгсөн. Одоогоор хохирол төлбөр төлөгдөөгүй, бөгөөд хэрэг гарснаас хойш Ж.Б нь надтай уулзаагүй. Тухайн машин нь дан ганц Учрал захирлын машин биш бөгөөд компанийн дундын өмч гэж явдаг. Тус машин нь одоогоор хөдөлгөөнд оролцох боломжгүй гражид байрлуулсан байдалтай байгаа. Иймд хохирлыг яаралтай барагдуулах хэрэгтэй байна гэж үзэж байна гэв .
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ын өгсөн: ... Би 2020 оны 02 дугаар сарын 21 -ний өдөр 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 0000 байрны гадаа автомашины ил зогсоолд байрлуулсан 0000 УБЭ улсын дугаартай Ford F150 маркийн автомашины 2 толь эвдэлсэн байсан. Тэгээд хэн ингэсэн талаар судалсан чинь манай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын танил Ж овогтой Ж.Б гэгч уг үйлдлийг хийсэн байсан.. 2020 оны 02 сарын 21-ний өдөр 15 цаг өнгөрч байх үед гэж санаж байна. Намайг ажил дээрээ байж байтал захирлын найз гэх зүс таних Ж.Б согтуу орж ирээд Учрал хаана байна гэхэд би ажилдаа ирээгүй байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй байж байтал Учрал захирал өрөөндөө орж ирээд буцаад гарсан. Гарч яваад эргэж орж ирээд надад нөгөө Ж.Б чинь машины шил хагалчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудсан. Тэгээд хяналтын камерын бичлэгийн шүүж үзэхэд Ж.Б нь 0000 УНП улсын дугаартай хар өнгийн Сонота 6 маркийн автомашинаас бууж ирээд “Г И” ХХК-ийн өмчлөлийн 0000 УБЭ улсын дугаартай саарал өнгийн Ford F150 маркийн машины 2 толийг гараараа цохиж эвдэж байгаа бичлэг бичигдсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 34-35 дугаар тал/,
Камерын бичлэг буюу Си-Ди- д үзлэг хийсэн тэмдэглэлээс: 20200221_165105 хаягтай дүрс бичлэгт үзлэг хийхэд 00:17 секунтэнд улсын дугаар нь мэдэгдэхгүй хар өнгийн “Соната-6” маркийн тээврийн хэрэгслээс хар өнгийн кефкин малгайтай, хар өнгийн фудволктой, хар өнгийн өмд гуталтай 40 гаруй насны бор царайтай эрэгтэй хүн саарал өнгийн раптор маркийн машины хажууд буув.
20200221_165105 хаягтай дүрс бичлэгийн 00:25 секунтын бичлэгт “Соната-6” маркийн машинаас буусан эрэгтэй саарал өнгийн раптор маркийн машины баруун талын толийг татаж байгаа байдал.
20200221_165105 хаягтай дүрс бичлэгийн 00:27 секунтийн бичлэгт “Соната-6” маркийн машинаас буусан эрэгтэй саарал өнгийн раптор маркийн машины баруун талын толийг баруун гараараа цохиж байгаа байдал.
20200221_193908 хаягтай дүрс бичлэгийн 00:11 секунтын бичлэгт “Соната-6” маркийн машинаас буусан эрэгтэй саарал өнгийн раптор маркийн машины зүүн талын толийг баруун гараараа цохиж байгаа байдал.
20200221_193908 хаягтай дүрс бичлэгийн 00:17 секунтын бичлэгт “Соната-6 “маркийн машинаас буусан эрэгтэй саарал өнгийн раптор маркийн машины баруун талын толийг баруун гараараа татаж байгаа байдал.
20200221_193908 хаягтай дүрс бичлэгийн 00:17 секунтын бичлэгт “Соната-6” маркийн машинаас буусан эрэгтэй саарал өнгийн раптор маркийн машины зүүн талын толийг баруун гараараа цохиж байгаа байдал.
20200221_193908 хаягтай дүрс бичлэгийн 00:30 секунтын бичлэгт “Соната-6” маркийн машинаас буусан эрэгтэй буцаад машинд суугаад явж байгаа байдал. / хх-н 18-22-р тал/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд автомашины толийг 1.400.000 төгргөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 39-41 дүгээр тал/,
Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 17-18 дүгээр тал/,
Шүүгдэгч Ж.Б ийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45, 47-49 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ж.Б нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39-А байрны гадна байрлуулсан байсан “Г И” ХХК-ийн эзэмшлийн Ford F150 маркийн 0000УБЭ улсын дугаартай автомашины 2 толийг хугалж, эвдэж 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, яллагдагчаар Ж.Б ийн өгсөн мэдүүлэг, нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Ж.Б ийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ж.Б ийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Бусдын өмчлөлийн эд хөрөнгийг гэмтээх гэдэг ойлголт нь эд зүйл, өмч хөрөнгийн анхны байдал нь гэмт үйлдлээс шалтгаалан ашигтай байдал нь муудах, чанар үр дүн нь алдагдсан, түр хугацаагаар зориулалтаар нь ашиглаж, хэрэглэх боломжгүй болгохыг хэлдэг.
Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “Г И” ХХК-ийн эзэмшлийн “Ford F150” маркийн 0000УБЭ улсын дугаартай автомашины 2 толийг хугалж, эвдэж уг автомашиныг замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болгож буй хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч Ж.Б нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар …бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д ...бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Ж.Б нь бусдад учруулсан хохирол болох 1.400.000 төгрөгийг төлөөгүй байх тул хохирлыг гаргуулж шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ж.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Си-Дийг хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Н овогт Ж.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Б-ийг 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Б т оногдуулсан 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Си-Дийг хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ж.Б /РД: ШГ79071918/-ээс 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг “Г И” ХХК буюу хохирогчийн төлөөлөгч Б.Г-д /РД:ФМ79122918/-д олгосугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ