| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/00357/И |
| Дугаар | 622 |
| Огноо | 2017-01-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 622
| 2017 оны 02 сарын 14 өдөр | Дугаар 101/ШШ2017/00622 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 51 байр 49 тоотод оршин суух, Мягмарсүрэнгийн Эрдэнэцэцэгийн /НТ76013108/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 4 хэсэг 1903 тоотод оршин суух, Ганхуягийн Юмжирдуламд /НТ7602702/ холбогдох,
10,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Г.Юмжирдуламтай 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй 5,000,000 төгрөгийг зээлж, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан.
Гэтэл Г.Юмжирдулам гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд мөнгөө төл гэж шаардахад төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Сүүлийн үед утсаа авахгүй, олж уулзахад хэцүү болсон бөгөөд би зээлдэгчээс нэг ч төгрөг аваагүй тул маш их хохирч байна. Иймд хариуцагч Г.Юмжирдуламаас зээлийн гэрээнд зааснаар үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 3,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Мөнхзул, хариуцагч Г.Юмжирдулам нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,500,000 төгрөгийн 6,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,500,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Эрдэнэцэцэг нь хариуцагч Г.Юмжирдуламаас 10,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,500,000 төгрөгийн 6,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,500,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонрхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. М.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй Г.Юмжирдуламд холбогдох 10,500,000 төгрөг гаргуулах тухай хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,500,000 төгрөгийн 6,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,500,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,950 төгрөгийн тал хувь болох 91,475 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.Юмжирдуламаас 91,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Эрдэнэцэцэгт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ