| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1752/э |
| Дугаар | 1779 |
| Огноо | 2020-10-12 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 1779
2020 10 12 2020/ШЦТ/1779
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Б-ийн Д-дяллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 02426 2213 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1978 оны 111 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 2, эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г/11 дүгээр гудамж 21 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн № 22 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №496 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3-т зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №212 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.4-т зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 хоногийн хорих ял оногдуулж, 2017 оны 07 дугаар сарын 05-ний өдөр №348 дугаар шүүгчийн захирамжаар биечлэн эдлэх ялыг 1 жил 03 сар 24 хоног болгон өөрчлөн хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №341 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг 50 хоногийн хорих ял болгон өөрчилсөн,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №611 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сар 09 хоногийн хорих ялаар шийтгэгдэж хугацаа дуусч суллагдаж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Б овогт Б-ийн Д /РД:............/,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Б.Д нь Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун тасганы 1 дүгээр гудамжны 8 тоот руу иргэн П.З г хүч хэрэглэн чирч оруулан түүний эзэмшлийн 100.000 төгрөгийн үнэ бүхий “Хуавей” маркийн гар утас 1 ширхэг, 20.000 төгрөгийн үнэ бүхий “Нокио “ маркийн гар утас 1 ширхэгийг хууль бусаар авч, бусдад нийт 120.000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлэн авахаар довтолсон гэмт хэрэгт,
2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хойд талд иргэн З.Варшаваас архины мөнгө нэхэж улмаар өгөхгүй гэх үед нь толгой болон их бие рүү цохиж, зодон түрүүвчтэй эд зүйлийг нь хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэн авч хохирогч З.В нийт 381.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Мөн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч З.Варшавыг “архины мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар толгой болон их бие рүү нь цохиж, зодон, өшиглөж унагаан эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун зулай, зүүн сарвуунд зулгаралт, баруун шуу, сарвуу, зүүн бугуй, сарвуунд цус хуралт, цээжний баруун ар доод хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийнхээ талаар мэдүүлсэн тул дахин ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.З гийн өгсөн: ... 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн үед Зурагт зах руу эд зүйл авахаар орохоор явж байтал нэг үл таних эрэгтэй /өндөр шар царайтай махлагдуу/ намайг өдөж хоргоосон, тэгэхээр нь би тухайн үл таних эрэгтэйд би чамайг танихгүй юм байна гэж хэлээд тухайн үл таних эрэгтэй миний хувцаснаас шууд бариад авсан, тэгээд намайг чирээд зурагт захын хойд талд гудамд байрлах гэр лүү чирч дагуулж орсон. тус чирч дагуулж орсон гэрт нь 3-4 хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан тэгсэн намайг чирч дагуулж тухайн гэр лүү оруулсан үл таних эрэгтэй намайг сандал дээр суулгаад миний халаасыг нэгжсэн тэгээд миний халаасанд байсан “Huawei “нокиа маркийн гар утсыг авсан миний “ХАС” банкны картыг бас авсан тэгээд намайг цуг гаръя гэж хэлээд дагуулж гарсан тэгээд намайг дагуулаад зурагт зах руу оруулж надаар архи тамхи ундаа боорцог авхуулсан тэгээд би амьхандаа утсаа авах санаатай тухайн үл таних эрэгтэйг дагаж чирсэн гэх гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох лүү хамт явсан тэгээд миний утсыг өгчих юм болов уу гэж бодоод тухайн гэрт байсан танихгүй хүмүүс болон миний гар утсыг авсан гэх хүнтэй зурагт захаас авсан архиа хувааж уусан. Тэгээд тухайн миний эд зүйлийг авсан үл таних эрэгтэй надад чи дахиад архи авчих тэгвэл утсыг чинь өгий гэж хэлсэн тэгэхээр нь би дахиж тухайн үл таних эрэгтэй гарч зурагт зах руу явж дахин архи авч өгсөн. Тэгээд тус авсан тус авсан архиа дахиж гэр лүү явж хамт уусан. Тэгээд тухайн архиа ууж байтал миний эд зүйлийг авсан үл таних эрэгтэй гараад явсан ардаас нь гарах гэсэн боловч тухайн гэрт байсан цуг архи ууж байсан үл таних хүмүүс намайг ахиад уу гээд авч үлдсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа би тухайн гэрээс гараад миний эд зүйлийг авсан гэх үл таних эрэгтэйг зурагт захаар хайсан боловч байхгүй байсан. Тэгээд гэртээ очиж эгч Сарангэрэлдээ хэлж цагдаагийн байгууллагад хандсан. “Huawei” маркийн гар утасны имей дугаар нь 352528070070485, 352528070070494, “Нокиа” маркын гар утас нь 359320043565216 гэсэн имэй дугаартай. Ямар нэгэн хүч хэрэглэсэн үйлдэл бол хийгээгүй тухайн гэрт намайг оронгуут намайг сандал руу түлхэж суулгаад миний халаасыг ухаж миний гар утаснуудыг авсан би эсэргүүцсэн үйлдэл үзүүлээгүй айж цочирдсон байсан учраас. Би тухайн үл таних эрэгтэйг урьд өмнө нь харж байгаагүй. Би тухайн үл таних эрэгтэйг дахин харвал танина. Тухайн үл таних эрэгтэй нь өндөр нуруутай махлагдуу шар царайтай нүүрний төрхийн сайн харсан зургийн харсан ч танина. Миний алдсан гэх “Нокиа” маркийн Х2 гар утас нь улаан өнгөтэй 30,000 төгрөгөөр үнэлж байна, “Huawei” маркийн гар утсаа 2019 оны 10 дугаар сард 160.000 төгрөгөөр худалдаж авч байсан 150.000 төгрөгөөр үнэлж байна . хар өнгөтэй утас. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй миний хувцаснаас чирч миний хувцаснуудыг урсан. Миний урагдсан хувцас надад байхгүй би хаясан. Би хувцаснуудаа үнэлэхгүй. Би тухайн гэрийг зааж өгч чадна, Би тухайн үл таних эрэгтэй явж байсан зам ма ршруутаа зааж өгч чадна, Би архи авсан дэлгүүрээ зааж өгч чадна. Би маш их гомдолтой байна... гэх мэдүүлэг /хх-ийн 117-119 -р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч З.В-ын өгсөн: Би 2020 оны 05 дугаар сарын 11-ны өдөр 10 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байх гэрээсээ гараад “Нарантуул” захын хойд талд байх “Төрийн банк” орсон. Ингээд тус банкнаас тэтгэвэр болох 540.000 төгрөгийг бэлнээр авч цүнхэндээ хийсэн. Тэгээд би тэндээсээ Халдвартад байх “Их орд” худалдааны төв рүү өөртөө утас авахаар очсон. Ингээд тэр газраас 40.000 төгрөгөөр “Нокиа” гар утас аваад буцаад гэртээ харьсан. Тэгтэл миний авсан утас болохгүй байхаар нь буцаад “Их орд” худалдааны төв рүү явсан. Тэгэхдээ би гэртээ цүнхэндээ тэтгэврийн мөнгөнөөсөө 200.000 төгрөг үлдээгээд үлдсэн 300.000 төгрөгийг түрийвчиндээ хийгээд гэрээсээ гарсан. Тэгээд “Их орд” худалдааны төвд очин худалдаж авсан утсаа буцааж өгөн 40.000 төгрөгөө буцааж авсан тул би 340.000 төгрөгтэй болсон. Ингээд буцаад гэртээ харихаар 14-н цагийн орчим алхаж байтал “Нарантуул” захын ертөнцийн зүгээр хойд талд байх мангасын амны ойролцоо хонины толгой зарж байсан. Тэгэхээр нь би тэрнээс аваад гэртээ харих зорилготой зогсож байтал гэнэт хажуу талаас үл таних 35-40 орчим насны эрэгтэй хүн надад хандан “Өвөө хоёулаа хамт толгой хувааж авч идэх үү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залуутай хамт толгой авч идэхээр шийдээд түрийвчээ халааснаасаа гарган 5000 төгрөг аваад толгой худалдаж авсан. Ингээд бид хоёр толгой идэх газар олдоогүй тул хажууханд байх Төрийн банканд толгойгоо идэхээр орсон. Мангасын амны хойд талын Төрийн банкны хамгийн ард талын суудал дээр үл таних залуутай суугаад толгойгоо хувааж идсэн. Ингээд бид хоёр толгойгоо идэж дуусчхаад би тэр залуугаас салан гэр лүүгээ харихаар явсан. Манай гэр “Өгөөмөр” хотхонд байдаг тул би баруунаас зүүн тийшээ шороон гудамжаар алхаж байтал надтай хамт толгой идсэн залуу миний урд гараад алхаад байсан. Тэгснээ над дээр ирснээ надад хандан “Өвөө та 2000 төгрөг өгчих би жижиг шил архи аваад уумаар байна ” гэж гуйхаар нь би тэр залууд хандан “Архи дарсаар чи яах гээд байгаа юм өгөхгүй” гэж хэлтэл гараараа миний толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Ингээд миний уур хүрээд газраас чулуу аван тус залуу руу шидтэл оноогүй. Тэгтэл тэр залуу миний баруун хавирга хэсэгт нэг удаа өшиглөсөн тул би газраас банз аван тэр залуугийн бие хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгтэл тэр залуу намайг барьж аван газар унагаад дээрээс 2-3 удаа дэвсэж өшиглөсөн. Ингээд миний энгэрийн халаасанд байсан 335.000 төгрөгтэй түрийвчийг дээрэмдэж аваад “Нарантуул” захын мангасын ам руу алхаад орсон тул би Цагдаагийн байгууллагад хандах болсон... Миний 335.000 төгрөгтэй түрийвчийг дээрэмдэж авч явсан. Тухайн түрийвч дотор миний иргэний үнэмлэх, намын батлах, нэрийн хуудаснууд гэх мэт бичиг баримтуудыг дээрэмдэж авсан... Баруун хавирга хөндүүрлэж өвдөж байсан. Мөн тухайн газар хавдсан байна. Бас толгой баруун хэсэг хагарсан, хоёр гар зулгарсан байна. Тухайн гэмтлийг үл таних залуу намайг гараараа олон удаа цохиж, хөлөөрөө өшиглөж, газар унагаан миний биед гэмтэл учруулсан... 35-40 орчим насны 175-180 см орчим өндөртэй, махлагдуу шар царайтай, дээгүүрээ саарал өнгийн даавуун куртка өмссөн байсныг нь би санаж байна. Бусад зүйлсийг нь анзаарч хараагүй. Мөн тэр залуу надтай танилцаагүй бөгөөд би нэр усьг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дугаар тал/,
Мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6, 30, 32, 121-124 дүгээр тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 33 дугаар тал/,
Хохирогч З.В-ийн эд зүйлийг 46.3000 төгрөгөөр үнэлсэн” Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан” /хх-ийн 21-22 дугаар тал/,
Хохирогч П.З гийн утаснуудыг 120.000 төгрөгөөр үнэлсэн “Ашидбилгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 124-127 - р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Д-ийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Нарантуул олон улсын худалдааны төв дээр ирж Цэндийн Х болон салхи А нартай 2 шил архи хувааж уусан. Тэр хоёроос салаад хоол авж идэх гээд Нарантуул захын хойд хаалган дээр очиж хоол асуухад чанасан толгой байна гэсэн. Би толгой авч идэх гээд байж байхад нэг настай хөгшин ах ирээд чанасан толгойны үнэ асуусан. Тэгэхээр нь тэр ахад би 150 грамм архи байна аа, хамт хувааж уух уу гэтэл ах тэгье гэсэн. Би тэгэхээр нь тэр ахыг нэг чанасан толгой 5000 төгрөгөөр авчих гэсэн. Нөгөө ах түрийвчээ онгойлгоод 5000 төгрөг авахад цаана нь мөнгө харагдсан. Бид 2 толгойгоо Баянзүрх дүүргийн 14-р хороо Нарантуул олон улсын худалдааны төвийн хойд талд байрлах Төрийн банк дотор хувааж идсэн. Тэгээд үлдсэн архиа уусан. Толгойгоо идэж дуусаад Төрийн банкин дотроос гарч явахдаа нөгөө ахаас та надад 100 грамм архины мөнгө өгчих гэсэн. Тэгэхэд нөгөө ах үгүй гэж хэлэхээр нь би та хаашаа явах талаар асуусан. Тэгтэл нөгөө ах Баянзүрх дүүргийн 14-р хороо ахмадын хороолол орно гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө ахын урд нь гараад түрүүлээд алхаж байгаад эргэж очоод нөгөө ахын түрийвчтэй мөнгөө хийсэн энгэрийн халаас руу гараа хийхэд нөгөө ах миний гарыг бариад авсан. Тэгээд би гараа авах гээд татахад бид 2 цуг газар унасан. Тэгээд би нөгөө ахын түрийвчийг халааснаас нь аваад эргээд Нарантуул олон улсын худалдааны төвийн хойд хаалга руу гүйсэн. Би нөгөө ахын түрийвчнээс мөнгийг нь аваад түрийвчийг нь ойролцоох хогийн сав руу хийсэн. Тэндээс таксинд суугаад Баянзүрх дүүргийн 12-р хороо жанжины 20-р гудамж 729 тоотод байрлах түр түрээслэж байсан нийтийн байранд ирсэн...Би түрийвчийг аваад хальт харахад мөнгө болон өндөр настны үнэмлэх харагдаж байсан. Тэгэхээр нь түрийвчинд байсан биетээр 335.000 төгрөг байсныг аваад түрийвчийг хаясан. гэх мэдүүлэг,/хх-н 70-72-р тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 5709 дугаартай шинжээчийн:
1. З.В-ын биед тархины доргилт, баруун зулай, зүүн сарвуунд зулгаралт, баруун шуу, сарвуу, зүүн бугуй, сарвуунд цус хуралт, цээжний баруун ар доод хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Ч.Э гэх дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар тал/,
Шүүгдэгч Б.Д-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 40-51, 87, 90-96, 135, 154161, 163-174 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Д нь Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун тасган 1 дүгээр гудамжны 8 тоот руу иргэн П.З г хүч хэрэглэн чирч оруулан түүний эзэмшлийн 100.000 төгрөгийн үнэ бүхий “Хуавей” маркийн гар утас 1 ширхэг, 20.000 төгрөгийн үнэ бүхий “Нокио” маркийн гар утас 1 ширхгийг хууль бусаар авч, бусдад нийт 120.000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлэн авч дээрэмдсэн гэмт хэргийг,
Мөн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хойд талд иргэн З.В-с архины мөнгө нэхэж улмаар өгөхгүй гэх үед нь толгой болон их бие рүү цохиж, зодон түрүүвчтэй эд зүйлийг нь хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэн авч хохирогч З.В нийт 381.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Мөн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч З.Варшавыг “архины мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар толгой болон их бие рүү нь цохиж, зодон, өшиглөж унагаан эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун зулай, зүүн сарвуунд зулгаралт, баруун шуу, сарвуу, зүүн бугуй, сарвуунд цус хуралт, цээжний баруун ар доод хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч П.З , З.В нарын мэдүүлэг, яллагдагчаар өгсөн Б.Д-ийн мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Б.Д-г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Д-ийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. 2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Д нь хохирогч З.Варшавын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 5709 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Дээрэмдэх гэмт хэрэг нь хохирогчийн эсрэг довтолгоо эхэлснээр төгсгөл болдог.
Шүүгдэгч Б.Д нь хохирогчийн эрх чөлөөнд халдаж газар унагаагаад эрүүл мэндэд нь хохирол учруулаад эд зүйлийг авч байгаа үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч Б.Д нь хохирогч П.З болон З.В нарын эд зүйлийг дээрэмдэн авсан байх ба Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр нэг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэстэй байна.
Иймд Прокурорын газраас Б.Д-ийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсгийг тохирсон, Б.Довчинсүрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. 2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч Б.Д нь гэмт хэргүүдийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/- ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т ...бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтээсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөн дүнгээр нөхөн төлнө гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Д нь хохирогч П.З д учирсан хохирол 120.000 төгрөгийг ,З.Варшавын 381.300 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Б.Довчинсүрэнгээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилсан тул шүүгдэгч Б.Д-ийн үйлдсэн дээрмийн хэрэг хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна.
Шүүгдэгч Б. Д нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн № 22 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №496 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3-т зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №212 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.4-т зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 хоногийн хорих ял оногдуулж, 2017 оны 07 дугаар сарын 05-ний өдөр №348 дугаар шүүгчийн захирамжаар биечлэн эдлэх ялыг 1 жил 03 сар 24 хоног болгон өөрчлөн хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №341 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг 50 хоногийн хорих ял болгон өөрчилсөн,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №611 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сар 09 хоногийн хорих ялаар шийтгэгдэж хугацаа дуусч суллагдаж байсан болох нь шүүхийн шийтгэх тогтоол, суллагдсан хүмүүсийн тодорхойлолт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байна./хх-н 40-51-р тал, 90-96-р тал/,
Шүүгдэгч Б.Д нь удаа дараа шүүхээр эрүүгийн хариуцлага хүлээж байсан, засрал хүмүүжил олоогүй зэрэг байдлыг харгалзан түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна .
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан санаатай гэмт хэрэг үйлдэж удаа шүүхээр эрүүгийн хариуцлага хүлээж байсныг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр баривчлагдан 2020 оны 08 дугаар сарын 21-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорьж 2020 оны 10 дугаар сарын 12 -ны өдөр хүртэл нийт 55 хоног цагдан хоригдсон болох нь сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан тухай мөрдөгчийн тогтоол, сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл, ялдагдагчаар цагдан хорих тухай шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байх тул эдлэх ялд нь оруулан тооцох үндэстэй байна. /хх-н 26-27-р тал хх-н 214-215-р тал хх-н 224-225-р тал/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Б-ийн Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авч дээрэмдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Б-ийн Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурван / жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д-г 720 / долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1. 2 дахь хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Б. Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурван /жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногт шилжүүлэн 90 /ер/ хоног буюу 3/ гурван/ сарыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурван/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Б. Д-д оногдуулсан 3 /гурван/ жил 3 /гурван/ сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Б.Д-ийн цагдан хоригдсон 55 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Б.Д /РД: ЧИ78110173/-ээс 120.000 /нэг зуун хорин мянган/ төгрөгийг Пүрэвээгийн Зоригоо /РД: ЧО75072977/-д 381.300 /гурван зуун наян нэгэн мянга гурван зуун/ төгрөгийг З-ийн В-т / РД:УС34012710 / нарт тус тус гаргуулан олгосугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Д-д урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Д-д цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ