Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 1844

 

 

 

 

 

 

 

  2020       10          23                                   2020/ШЦТ/1844

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Д.Одгэрэл,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

улсын яллагч М.Ариунцэцэг,

шүүгдэгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О овогт Л-ийн М-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 2006 01393 2150 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хөвсгөл аймгийн Рашаант суманд 1980 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 1, Хөвсгөл аймаг Мөрөн сумын 7 дугаар баг, 27-3 тоотод оршин суух бүртгэлтэй, /Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй/, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 243 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 125 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дүгээр зүйлд зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдсэн,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар 2 сар баривчлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар түүнд 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 19 хоногийн ялын заримыг буюу 1 сарыг нэмж бүгд 3 сар баривчлах ял шийтгүүлсэн, О овогт Л-ийн М /РД:                   /.

Холбогдсон хэргийн талаар:

Л.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 08 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28/5 дугаар байрны 2 дугаар орцны 00 тоот жижүүрийн өрөөнд хамтран амьдрагч Б.С-иийг зэвсгийн чанартай зүйл буюу хутгаар цээж, хэвлий, хамар, уруулын зүүн хэсэг болон баруун, зүүн гарын бугалга, шуу ба сарвуу, баруун, зүүн өгзөг, зүүн хөлийн гуя, шилбэ рүү хатгаж улмаар эрүүл мэндэд нь цээж хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, уушиг болон ходоод, элэгний хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж ба хэвлийн хөндий дэх цус хуралдалд, цус алдалтын шок, цус алдалтын дараах цус багадалт, зүүн өгзөгний шулуун гэдэс рүү нэвтэрсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж хэвлийн өмнөд ба ар хэсгээр нэвтрээгүй хатгагдаж, зүсэгдсэн шархууд, хамар, уруулын зүүн хэсэг болон баруун, зүүн гарын бугалга, шуу ба сарвуу, баруун, зүүн өгзөг, зүүн хөлийн гуя, шилбэний олон тооны гүн хатгагдаж, зүсэгдсэн шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

мөн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Г-ын “Самсунг А-30” маркийн гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 454.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Л.М мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.С-ийн өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн орчимд нөхөр М тай хамт өмнө нь баривчлагаанд цуг явж байсан Хийморь гэх залуутай, Хийморь гэх залуу нэг том пиво, шил архины хамт авчраад Хийморь өөрөө пиво ганцаараа уугаад архинаас М  ууж байгаад орхисон байсан. ...Л.М 19 цагийн орчимд гэрээс гараад явсан ба тухайн үед миний гар утсыг аваад явсан байсан. Шөнө 02 цагийн үед М  шал согтуу гэр лүү ороод ирсэн. Нилээн их хэмжээний согтолттой хаалга эвдэх гээд байхаар нь босоод хаалгаа тайлж өгөхөд үл таних А гэх залуутай орж ирээд надтай танилцуулсан. ...хэсэг байж байгаад А мөнгө гаргаж ирээд надад 20.000 төгрөг өгөхөд тэр мөнгийг М  надаас авсан. ...архи нэмж авна гэхээр би Л.М ыг чи өөрөө эндээ архиа уугаад үлд эсвэл та хоёр  яв гэхэд тэр хоёр  явахгүй үл таних А   гэх залуу нь орон дээр гараад унтана хэвтсэн байхаар нь би явлаа гээд гараад Баянзүрх дүүргийн шүүхийн хажуу талын туслах замаас такси барих гээд зогсож байхад араас М  ирээд намайг гэрлүүгээ оръё зүгээр унтая гээд гэрлүүгээ орсон. ...би явлаа гэхэд ширээний дээд талын хутганы набор хийдэг савнаас хутга аваад миний зүүн гарны бугалга хэсэг рүү 2 удаа хутгалсан, тэгэхээр нь би А   гэх залууг чи найзыгаа аваачээ гэхэд “эр эм хоёрын хооронд илжиг бүү жороол гэдгийн” гэж хэлээд дөхөхгүй байсан.Тухайн үед би цусаа хараад ухаан алдсан. Тэрнээс цаашаа юу болсныг мэдэхгүй, би одоо ч хүртэл ямар хутгаар хутгалуулснаа санахгүй байна. ... Миний зүүн хонгонд нэг, баруун талын хонгонд хоёр, цээж, хэвлий, хоёр гарын бугалга, элэг, ходоод, уушиг гуравт хагалгаа хийлгэсэн. Миний хөхний орчимд зай завсаргүй олон газар хутгаар сийчсэн, мөн миний хамар, уруул хэсгийг сийчсэн. Намайг цэргийн төв эмнэлэгийн эмч нар 40 гаруй газраа хутгалуулсан байна гэж хэлж байсан. ...Сэхээнд 8 хоног 9 өдөр байсан, 2 удаа хагалгаанд орсон. ...Намайг гэррүүгээ явна гэж хэлсний төлөө хутгалсан. Өмнө нь намайг гэррүүгээ явна гэхэд чамайг хаанаас ч хамаагүй олоод чамайг алчихаад өөрийгөө ална, чамайг жижиглэж хаяаад шатаасан байхад хэн ч олохгүй гэж хэлж байсан. ...Өмнө нь намайг зоддог байсан, гэхдээ би хэнд ч хэлдэггүй байсан. 2020 оны 02 дугаар сард зодохоор нь би цагдаад өргөдөл өгөөд 20 хоног баривчилгаанд явуулж байсан. Надад учирсан гэмтлийг хамтран амьдрагч Л.М нь учруулсан. Би цэргийн төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн, миний эмчилгээний зардал нийтдээ 3.520.500 төгрөгний хохирол одоогоор надад учирсан байна. Энэ бүх мөнгийг өөрийн болон төрсөн ээж Батцэнгэлийг Хөвсгөл аймаг руу явуулж тэтгэврийн 1.410.000 төгрөгний зээл авхуулж, төлбөрөө эмнэлэгт барагдуулсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-44 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Г-ын өгсөн: “Би 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүрэгт байх ах А ийн гэрт очиж хоноод өглөө гэрээс нь гараад хуурай дүү болох Цагаанаатай утсаар Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэг айлд Цагаанаагийн байсан айлд ирж хамт архи уусан. Би архи ууж байгаад 22:00 цагийн орчим тэр айлаас ганцаараа гарсан бөгөөд харихаар явж байсан. Би гар утсаараа Жигүүртэй яриад явж байсан. Намайг Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХААН” банк орчим явж байхад миний араас хэн нэгэн ирж миний ярьж байсан гар утсыг шүүрээд зугтсан. Би эргэж тэр хүнийг хөөсөн. Би тэр хүний араас хөөгөөд хуучны 9 давхар байрны араар оруулаад гүйцэлгүй алдсан. Тэр хүн нэг хар бараан хувцас өмссөн 165-170 см орчим өндөртэй эрэгтэй хүн байсан. Би 2020 оны 2 дугаар сард Мобикомоос 630.000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 62-64 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Э-ын өгсөн: “...өнөөдөр өглөө 08 цаг өнгөрч байхад үл таних махлаг залуу ирээд нөгөө хоёр жижүүр чинь нэг нэгнээ хутгалаад нөгөө хоёр жижүүр чинь нэг нэгнээ алах гэж байна. Би хамт унтаад сэрэхэд ийм зүйл болчихож гэж хэлж байсан. Би орохгүй гээд цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /1-р хх-н 45 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.А  ийн өгсөн: “Би 2020 оны 03 дугаар сарын 04-ний орой 18 цагийн орчимд танил М ын дугаарыг олоод түүнтэй утсаар яриад Сансарын колонк дээр уулзаад М  би энд ажил хийж байгаа гэхээр нь ямар ажил хийж байгаа юм бэ гэхэд би “орцны жижүүр хийж байна. Чи мөнгөтэй бол мөнгө зээлээч, хоолны мөнгөгүй болчихлоо” гэхээр нь би 20.000 төгрөг түүнд өгсөн. Тэгээд бид хоёр дэлгүүр орж 0,750 хэмжээтэй “Хараа” архи аваад түүний гэрт нь очиж хувааж уусан. Тэгээд бид гурав  дэлгүүрээс авчирсан 0,750 хэмжээтэй “Хараа”  архиа хувааж уусан. Би түүний эхнэрт нь 20. 000 төгрөг өгсөн, тэгтэл дахиад ганц юм уучихмаар байна гэхээр нь шөнө 03 цагийн орчимд “Шар хад”  руу такси бариад архинд яваад, буцаад М ын гэрт ирсэн. Бид гурав буцаж ирээд би авсан архинаас талыг нь уусан байхаа, дээгүүрх хувцсаа тайлаад хажуу тийш хараад унтсан. Өглөө гэгээ орж байхад 07 цагийн орчимд байхаа эмэгтэй орилоод байхаар нь би гайхаад хартал М ын эхнэрийн нүүр, цээж хэсэг цус болчихсон, би сайн харахад түүний цээжний зүрхэн талаас нь цус гараад байхаар нь би шууд гарч гүйхэд орцны гадаа нэг эгч байхаар нь эгчээ та цагдаа дуудаад өгөөч гэхэд эгчийн дүү чи энэ хажуу талын орцны жижүүр рүү ороод цагдаа дуудчих гэхээр нь би хажуу талын орцны жижүүр рүү ороход настайвтар ах, эгч хоёр  байхаар нь танай хажуу талын жижүүр цус болсон байна гэхэд за тэгнээ наадуул чинь байнга архи уудаг, ийм юм болох гээд байсан гэсэн. Тэгтэл удалгүй цагдаа ирээд М ын гэррүү ороод хаалгыг нь татаад М ыг цагдаа машиндаа суулгасан. Тэгтэл араас нь түргэн тусламжийн машин ирээд эхнэрийг нь аваад явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-50-р тал/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 9-р тал /,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 10-14 -р тал/,

Хохирогч Б.С-ийн өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас,гэмтлийн эмнэлэгийн үзлэг, мэс заслын тэмдэглэл, сувилгааны тэмдэглэл /1-р хх-ийн 63-158-р тал/,

Хохирогч Б.С , түүний ар гэрийнхнээс ирүүлсэн хохиролын баримтууд /2-р хх-ийн 23 -29-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Ө-ын өгсөн: “Би 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт КТМС -ийн арын автобусны буудал дээр сууж байсан чинь хар өнгийн куртиктэй, хар царайтай, намхан майга хөлтэй, богино халимаг үстэй. Ойролцоогоор 40-50 орчим насны бага зэргийн халамцуу эрэгтэй хүн ирээд миний хажууд суугаад ахын дүү гар утас авах уу гэж асуусан тэгэхээр нь би мөнгө байхгүй гэсэн чинь чиний барьж байгаа гар утас ямар маркийн гар утас юм бэ гэж асуухаар нь би “Самсунг Нөт-5” маркийн гар утас гэж хэлсэн. Тэгтэл тэр ах өөрийнхөө утсаар нэг хүнтэй яриад байсан. Тэгээд тэр ах миний гар утсан дээр 40.000 төгрөг аваад өөрийнхөө барьж байсан “Самсунг А-30” маркийн гар утсаа надад өгөхөөр болсон.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 65-66–р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч П.Орын өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Өнө болдтой Баянзүрх дүүргийн  2 дугаар хороо КТМС-ын автобусны буудал дээр  хөөцөлдөж тоглож байгаад би түрүүлээд гэр лүүгээ орсон юм. Тэгээд удалгүй байж байтал Ө  ах над руу залгаад гараад ир, нэг хүнээс гар утас авах гээд байна гэж хэлсэн. Ингээд би гараад очсон чинь халамцуухандуу хар масктай, хар малгайтай 50 орчим насны эрэгтэй хүн байсан. Тэгээд би Баянцээлийн “ХААН” банкны АТМ-ээс би өөрийнхөө 5037752340 дугаарын данснаас 40.000 төгрөг бэлнээр авч нөгөө гар утсаа зарах гэж байгаа хүнд өгсөн. Тэгээд бид нар хоорондоо салсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 68-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Л.М ын өгсөн: “2018 оны 06 дугаар сараас хойш би С  гэх эмэгтэйтэй хамтран амьдарч эхэлсэн. Бид хоёр ер нь нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг юм. Ингээд 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хамтран амьдрагч Б.С-ийн хамт “Нарантуул” зах гарсан, учир нь Б.С  бид хоёр орцны жижүүр хийдэг байсан болохоор хүмүүсийн хаясан зүйлийг нь авч цэвэрлээд “Нарантуул” зах дээр худалдаж зардаг байсан юм. Ингээд “Нарантуул” зах дээр очоод байж байхад Хөвсгөл аймгаас ирсэн Цоолоо гэгчтэй тааралдсан. Би С , нутгийн найз Цоолоо нарын хамт зах дээр хоолонд ороод хэсэг юм ярьж сууж байгаад салцгаасан. Б.С  бид хоёр “Нарантуул” зах дээрээс 16 цагийн орчимд гэр лүүгээ харьсан. Би гэр лүүгээ орохоос өмнө орцоо эргэж тойрч шалгачхаад гэр лүүгээ ороход Б.С  гэдэс чанах гээд гал дээр тавьчихсан, орондоо орсон байхаар нь бид хоёр хоол болтол жаахан унтсан. Бид хоёр ойролцоогоор 30 орчим минут унтчихаад би дахин дээшээ орцоор явж шалгачхаад буугаад ирэхэд Хийморь гэх залуу 0.27 литрийн хямдхан архи, 2.5 литрийн том пиво авчирсан байхаар нь архийг С  бид хоёр, пиво-ийг нь Хийморь ганцаараа уусан. Тэгтэл Хийморь хамт гадагшаа гаръя, эхнэр Б.С  нь би хамт явна гэхээр нь би яах гээд байгаа юм бэ, би явчхаад ирье гэхэд Б.С  чи гарч дэмий тэнэж архи уух гэж байна гээд над руу уурлаад байхаар нь бид хоёр хоорондоо маргалдсан. Б.С  нь Хийморийг ирэхээр нь дандаа нэг асуудал гарч хэрүүл болдог хар энергитэй гэж хэлээд түүнийг гэрээс хөөгөөд гаргасан. Тэгээд бид хоёр хоёулхнаа үлдсэн. Тэгтэл намайг утас өгөөдөх би аавынх руугаа явна, чи маргааш зайлаарай гээд түүнээс болж дахиж маргалдсан. Тэгтэл Б.С  би цагдаад дуудлага өглөө гэхээр нь би гар утаснаас симийг нь өгөх гэж байхдаа утсаа харахад Ч.А   залгасан байхаар нь түүн руу залгахад ойрхон явж байна гэхээр нь гэрээсээ зугтааж гараад А  тэй холбогдоод нэлээн юм ярьж байгаад хоол ундны юмгүй болчихлоо гэхэд А   надад 20.000 төгрөг өгсөн. Тэгэхээр нь би түүний өгсөн мөнгөөр нь 0.75 граммын “Хараа” нэртэй архи аваад гэрийн хойд талын хашаа руу ороод уух гэхэд А   ажлын хувцастайгаа явж байна. Тэглээ ч задгай байхаар нь санаа зовоод манай гэрт орж ууя, саяхан эхнэртэйгээ маргалдсан, гэхдээ гайгүй гээд гэрт ороод би эхнэр Б.С-иийг аргадаад эхнэр бид хоёр нөгөө архийг хувааж уусан. А   ажлаасаа бууж ирсэн гээд нээх уухгүй, 2-3 удаа л татсан байх, манай эхнэртэй танилцаад эхнэрт 20.000 төгрөг өгч байсан. Тэгээд шөнө 00 цаг өнгөрч байхад Ч.А   бид хоёр гэрээс гараад такси барьж “Шар хад” руу очиж архи аваад буцаж гэртээ ирээд А  д нэг хийж өгөхөд А   одоо би уухгүй, нойр хүрээд байна, чи өглөө сайхан хоол хийгээд өгчих, би өглөө явна гээд унтсан. Эхнэр бид хоёр үлдээд нөгөө архиа хувааж уугаад нэлээн муудсан. Яг юунаас болсноо мэдэхгүй байна, нэг юм ярьж байгаад маргалдахад эхнэр намайг цагдаад барьж өгнө гээд коридор руу гарч хашхирахаар нь би түүнийг аргалаад гэр лүүгээ орсон. Манай эхнэр гар хүрээгүй байхад аллаа гээд орилж хашхираад байдаг. Би С ийг арай гэж аргалж гэр лүүгээ оруулаад шөнө хүмүүс унтаж амарч байгаа, чи ингэж болохгүй гэхэд дахин маргалдаад нэг мэдэхэд түүний цээж орчимд хатгачихсан. Харин хутга орны хажууд байдаг болохоор хутга Б.С  эхэлж авсан уу, эсвэл би эхэлж авсан уу гэдгийг би мэдэхгүй байна. Нэг мэдэхэд Б.С-ийн цээжин тус газар нь хутгалсан байсан. Б.С-ийн цээжнээс цус гарч байсан. Үүнийг А   хараад орцны жижүүр дээр очоод цагдаа дуудсан байсан.Би С ийн цээжний зүүн мөр орчмоос нь цус гарч байх шиг байсан. Цусаараа нүүрээ арчсан байхаар нь нүүр нь цус болсон харагдаж байсан. Би тухайн үед их хэмжээний согтолттой байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Шинжээч эмчийн гаргасан дүгнэлтийг уншиж танилцлаа. Миний учруулсан гэмтэл мөн байна. Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...би 2020 оны 03 дугаар сарын 10-даар яг өдрийг санахгүй байна Би жаахан архи уучихсан байсан. Сансарт  явж байсан чинь урд согтуу хүн гар утсаараа яриад явж байсан. Тэгээд би хажуугаар зөрж өнгөрөөд тэгээд буцаж эргэж очоод гар утсыг булаагаад эргээд зугтаасан. Тэгээд тэр өдрөө би Сансарын  клонк дээр нэг хүүхэд байхаар нь  булаасан гар утсаа үзүүлсэн, тэгсэн нөгөө хүүхэд зарах гэж байгаа юм уу гэхээр нь тийм гэж хэлээд нөгөө хүүхдээс нэг гар утсыг нь аваад дээр нь 40.000 төгрөг нэмж аваад булаасан утсаа өгсөн. ...би гар утсыг булаахдаа ганцаараа явсан. Ямар маркийн утас байсныг мэдэхгүй, хар өнгөтэй л харагдсан. Би гар утасны маркийг мэдэхгүй. Өнгө ялгана, утсаа булаалгасан хүн 40 гаран насны эрэгтэй хүн байсан санагдаж байна. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Нилээн согтуу байсан. Би бас архи уусан байсан. Би мөнгө олох зорилготой булаасан. Тухайн үед харанхуй бүрий болж байсан холын юм харагдаж байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 80-84-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 550 дугаартай: 

1. Б.С-ийн биед цээж хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн уушги болон ходоод, элэгний хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж ба хэвлийн хөндий дэх цус хуралдалт, цус алдалтын шок, цус алдалтын дараах цус багадалт, зүүн өгзөгний шулуун гэдэс рүү нэвтэрсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, хэвлийн өмнөд ба ар хэсгээр нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шархууд, хамар, уруулын зүүн хэсэг болон баруун, зүүн гарын бугалга, шуу ба сарвуу, баруун ба зүүн өгзөг, зүүн хөлийн гуя, шилбэний олон тооны гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.           

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Дээрх цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн уушги болон ходоод, элэгний хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж ба хэвлийн хөндий дэх цус хуралдалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар, зүүн өгзөгний шулуун гэдэс руу нэвтэрсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь дээрх журмын 3.1.14-т зааснаар тус тус учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Шинжээч эмч Б.Ундармаа гэх дүгнэлт /1-р хх-ийн 160-164-р тал/,

Хохирогч Ц.Г-ын Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /2-р хх-ийн 40-р тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 45-50-р тал/,

Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 51-55 -р тал/,

Хохирогч Ц.Г-ын алдсан утсыг 454.600 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 71-72 -р тал/,

Шүүгдэгч Л.М ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-ийн 223, 248-250-р тал, 2-р хх-ийн 1-18-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.С-ийн өгсөн “...би явлаа гэхэд ширээний дээд талын хутганы набор хийдэг савнаас хутга аваад миний зүүн гарны бугалга хэсэг рүү 2 удаа хутгалсан.  ...Тухайн үед би цусаа хараад ухаан алдсан. Тэрнээс цаашаа юу болсныг мэдэхгүй, би одоо ч хүртэл ямар хутгаар хутгалуулснаа санахгүй байна. ... Миний зүүн хонгонд нэг, баруун талын хонгонд хоёр, цээж, хэвлий, хоёр гарын бугалга, элэг, ходоод, уушиг гуравт хагалгаа хийлгэсэн. Миний хөхний орчимд зай завсаргүй олон газар хутгаар сийчсэн, мөн миний хамар, уруул хэсгийг сийчсэн. Намайг цэргийн төв эмнэлэгийн эмч нар 40 гаруй газраа хутгалуулсан байна гэж хэлж байсан. ...Сэхээнд 8 хоног 9 өдөр байсан, 2 удаа хагалгаанд орсон. ...Намайг гэррүүгээ явна гэж хэлсний төлөө хутгалсан.” гэх /1 хх 36-44/ мэдүүлэг, гэрч Д.Эрдэнэбатын өгсөн “..өнөөдөр өглөө 08 цаг өнгөрч байхад үл таних махлаг залуу ирээд нөгөө хоёр жижүүр чинь нэг нэгнээ хутгалаад нөгөө хоёр жижүүр чинь нэг нэгнээ алах гэж байна. Би хамт унтаад сэрэхэд ийм зүйл болчихож гэж хэлж байсан. Би орохгүй гээд цагдаа дуудсан.” гэх /1 хх 45/ мэдүүлэг, гэрч Ч.А  ийн өгсөн “...Өглөө гэгээ орж байхад 07 цагийн орчимд байхаа эмэгтэй орилоод байхаар нь би гайхаад хартал М ын эхнэрийн нүүр, цээж хэсэг цус болчихсон, би сайн харахад түүний цээжний зүрхэн талаас нь цус гараад байхаар нь би шууд гарч гүйхэд орцны гадаа нэг эгч байхаар нь эгчээ та цагдаа дуудаад өгөөч гэхэд эгчийн дүү чи энэ хажуу талын орцны жижүүр рүү ороод цагдаа дуудчих гэхээр нь би хажуу талын орцны жижүүр рүү ороход настайвтар ах, эгч хоёр  байхаар нь танай хажуу талын жижүүр цус болсон байна гэхэд за тэгнээ наадуул чинь байнга архи уудаг, ийм юм болох гээд байсан гэсэн.” гэх /1 хх 48-50/ мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 550 дугаартай дүгнэлт /1 хх 160-164/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-14/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 34-р тал/,

Хохирогч Б.С-ийн өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас, Гэмтлийн эмнэлгийн үзлэг, мэс заслын тэмдэглэл, сувилгааны тэмдэглэл / 1 хх-ийн 63-158/,

Хохирогч Б.С , түүний ар гэрийнхнээс ирүүлсэн хохирлын баримтууд /2 хх-ийн 23-29/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар,    

мөн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Г-ын өгсөн “...Би гар утсаараа Жигүүртэй яриад явж байсан. Намайг Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХААН” банк орчим явж байхад миний араас хэн нэгэн ирж миний ярьж байсан гар утсыг шүүрээд зугтсан. Би эргэж тэр хүнийг хөөсөн. Би тэр хүний араас хөөгөөд хуучны 9 давхар байрны араар оруулаад гүйцэлгүй алдсан. Тэр хүн нэг хар бараан хувцас өмссөн 165-170 см орчим өндөртэй эрэгтэй хүн байсан.” гэх /2 хх 62-64/ мэдүүлэг, гэрч О.Ө ын өгсөн “...Ойролцоогоор 40-50 орчим насны бага зэргийн халамцуу эрэгтэй хүн ирээд миний хажууд суугаад ахын дүү гар утас авах уу гэж асуусан, тэгэхээр нь би мөнгө байхгүй гэсэн чинь чиний барьж байгаа гар утас ямар маркийн гар утас юм бэ гэж асуухаар нь би “Самсунг Нөт-5” маркийн гар утас гэж хэлсэн. ... миний гар утсан дээр 40.000 төгрөг аваад өөрийнхөө барьж байсан “Самсунг А-30” маркийн гар утсаа надад өгөхөөр болсон.” гэх /2 хх 65-66/ мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч П.-ын өгсөн “...Ө ах над руу залгаад гараад ир, нэг хүнээс гар утас авах гээд байна гэж хэлсэн. Ингээд би гараад очсон чинь халамцуухандуу хар масктай, хар малгайтай 50 орчим насны эрэгтэй хүн байсан. Тэгээд би Баянцээлийн “ХААН” банкны АТМ-ээс би өөрийнхөө 5037752340 дугаарын данснаас 40.000 төгрөг бэлнээр авч нөгөө гар утсаа зарах гэж байгаа хүнд өгсөн. Тэгээд бид нар хоорондоо салсан.” гэх /2 хх 68/ мэдүүлэг,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 45-50-р тал/,

Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 51-54-р тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 55-62-р тал/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх 71-72/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдон, тогтоогдож байх тул шүүгдэгч Л.М ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Л.М ын гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Тухайлбал, хохирогч, шүүгдэгч нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад заасан хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.М нь хутга барин хохирогчтой маргалдах явцдаа хохирогчийг гэмтээж болохыг урьдчилан ухамсарлах боломжтой, түүний үйлдлээс хохирогчид хор уршиг учрахыг мэдэх боломжтой байсан, уг хор уршиг учруулахыг шууд хүсэж үйлдсэнийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Л.М нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Г-ын “Самсунг А-30” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 454.600 төгрөгийн хохирол учруулсан нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд шүүгдэгч Л.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Л.М нь хохирогч Б.С-ийн эрүүл мэндэд учирсан, хохирогч Ц.Г-ын эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.С , түүний ар гэрээс гэм хорын хохиролд 2.068.000 төгрөгийн хохирол /2 хх 24/ нэхэмжилж, нотлох баримтыг гарган өгсөн боловч хавтаст хэрэгт авагдсан бичмэл баримтуудаар хохирогч Б.С д 1.262.770 төгрөгийн, хохирогч Ц.Г-д 454.600 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Л.М аас нийт 1.717.370 төгрөгийг гаргуулан 1.262.770 төгрөгийг хохирогч Б.С д, 454.600 төгрөгийг хохирогч Ц.Г-д тус тус олгох үндэслэлтэй байна.

Хохирогч Б.С-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, уг гэмтлээс үүдэн гарах хор уршгийг харгалзан үзэж цаашид гарах эмчилгээний зардлыг хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох Л.М аас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Л.М т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан хохирогчид бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж, онц харгис хэрцгий аргаар үйлдсэнийг, 1.2-т заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёроос дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Л.М т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Л.М т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.М ын урьд цагдан хоригдсон 66 хоногийг эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга хоёр ширхэг, хар өнгийн куртик нэг ширхэг, бор эрээн орны бүтээлэг 1 ширхэг, хөх цоохор цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. О овогт Л-ийн М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.4-т зааснаар шүүгдэгч Лэгцэгийн М т 9 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Л.М т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 11 /арван нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Л.М т оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.М ын урьд цагдан хоригдсон 66 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Л.М аас /РД:РЗ80012710/ нийт 1.717.370 /Нэг сая долоон зуун арван долоон мянга гурван зуун далан/ төгрөгийг гаргуулан 1.262.770 /Нэг сая хоёр зуун жаран хоёр мянга долоон зуун далан/ төгрөгийг хохирогч Батцэнгэлийн С д /РД:РЮ76060302/, 454.600 /Дөрвөн зуун тавин дөрвөн мянга зургаан зуун/ төгрөгийг хохирогч Цэрэнлхамын Ганбатад /РД:ХО7809091/ тус тус олгосугай.

8. Хохирогч Б.С  нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга хоёр ширхэг, хар өнгийн куртик нэг ширхэг, бор эрээн орны бүтээлэг нэг ширхэг, хөх цоохор цамц нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.М т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Н.ОДОНТУУЛ

                       

                               ШҮҮГЧИД                          Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                            Н.БААСАНБАТ