| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1719/э |
| Дугаар | 1752 |
| Огноо | 2020-10-06 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Аринболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 1752
2020 10 06 2020/ШЦТ/1752
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,
улсын яллагч Э.Ариунболд,
шүүгдэгч Ц.Ц түүний өмгөөлөгч Б.Э ҮД: 02-48 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Ц.Ц-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00506 2298 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1991 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,хэрэг үйлдэх үедээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан., ам бүл-3 ээж, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 5-41 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй , бие эрүүл ухаан санаа бүрэн Б овогт Ц-ы Ц /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Ц.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 9-251 тоотоос Б.У цүнхнээс Солонгос улсын мөнгөн тэмдэгт болох 250.000 бэлэн вон,
мөн З.У Самсунг А-50 /Samsung А50/ загварын 869.900 төгрөгийн үнэ бүхий гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар тус тус авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.У өгсөн: ... 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын гудамж 251 тоот гэртээ ирээд найз З.У болон Ц-ийн хамт 21 цагийн үед 1 литрийн вискиг гурвуулаа хувааж уусан. Тэгээд манай найз Урантөгс манай гэрт унтаад өгсөн. Би Б-тэй ярьж сууж байгаад ядарснаасаа болоод хэсэг зуур зүүрмэглэсэн. Зүүрмэглэж байх үед Б явлаа гээд надад хэлээд гараад явсан. Тэгээд унтаж байхад шөнө 02 цагийн үед манай найз Урантөгс нь намайг сэрээгээд миний гар утас байхгүй байна гээд хэлэхээр нь би өөрийнхөө цүнхээ онгойлгож үзэхэд гар утас байсан ба цүнх дотор дугтуйнд байсан 200.000 вон болон түрийвчинд дотор байсан 51.000 вон байсны 50.000 вон нь байхгүй байсан ба 1.000 вон нь үлдсэн байсан. Би 2019 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Солонгос улс руу явж ажил хийж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ирсэн ба энэ 250.000 вон маань Солонгос улсад ажилласан ажлын цалин байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч З.Ус өгсөн: ...У нь Солонгос яваад ирсэн байсан бөгөөд ирэхдээ авч ирсэн 1 литрийн виски задалсан ба Уранхүрэл болон тэрний найз нь гэсэн танихгүй залуу бид 3 хуваагаад уусан. Шөнө 04 цагийн үед сэрэхэд миний гар утас байхгүй байхаар нь У-ийг сэрээхэд босож ирээд цүнхээ шалгаад цүнхэнд байсан 250.000 вон байхгүй байна гэж байсан. Би Самсунг А-50 /Samsung А50/ загварын гар утсаа алдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 31-32 дугаар тал/,
-Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр тал/,
-Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ц-ийн өгсөн: ... Би 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Консулын 9 дүгээр гудамж 251 тоотод Б.У гэрт түүний найз болох З.У хамт гурвуулаа нийлээд Б.У Солонгосоос ирэхдээ авч ирсэн гэсэн 1 литрийн хэмжээтэй вискиг гурвуулаа хувааж ууж байгаад би 01 цагийн үед уусан архинаасаа болоод ухаангүй согтуу байсан ингээд би үүрийн 05 цагийн үед машин дотроо унтаж байгаад сэрсэн ба миний машин Б.У гэрийнх нь ойролцоо байсан. Би тухайн үед 250.000 вон болон “ Samsung A-50” загварын гар утсыг яаж авснаа сайн мэдэхгүй байна. Би тухайн “ Samsung A-50 “ маркийн гар утсыг Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороолол Цамба орчимд байрлах нэгэн ломбардаас 200.000 төгрөгөөр барьцаанд тавьсныг дараа манай найз Сарантуяа ломбардаас нь авсан байгаа. ...гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар тал/,
Шүүгдэгч Ц.Ц-ийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 66-71 дүгээр дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ц.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 9-251 тоотоос Б.У цүнхнээс Солонгос улсын мөнгөн тэмдэгт болох 250.000 бэлэн вон,
мөн З.У Самсунг А-50 /Samsung А50/ загварын 869.900 төгрөгийн үнэ бүхий гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар тус тус авсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.У болон З.У нарын өгсөн мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Ц гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Хохирогч Б.У, З.У нарт учирсан хохирол бүрэн нөхөн төлөгдсөн, энэ талаарх баримтаа шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн байх тул шүүгдэгч Ц.Ц-ийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Ц.Ц-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Ц.Ц нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Ц нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 61 дүгээр тал/
Шүүгдэгч Ц.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1.2-т заасан хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ц.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овгийн Ц.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр Ц.Ц-йг 2 / хоёр / жилийн хугацаагаар тус тус тэнсэж, үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Ц.Ц нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Ц нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Ц.Ц-ийн тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ