Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 1769

 

 

 

 

 

 

 

 

 2020        10         08                                   2020/ШЦТ/1769

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгч П.Б

хохирогч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Н.Д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 03259 2299 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Батширээт суманд 1982 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, нөхөр 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол   Усны гудамжны 26-р байрны 45 тоотод  оршин суух,  Олон улсын шатрын  мастер цолтой,  ял шийтгэл хүлээж  байгаагүй, бие  эрүүл , ухаан санаа  бүрэн  Б овогт П-ийн Б /РД:           /.

Яллах дүгнэлтэд дурдсан холбогдсон хэргийн талаар:

П.Б нь 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн 38-р павильонд “зээлж авсан цайныхаа 4000 төгрөг өгөөгүй” гэх шалтгааны улмаас Н.Д-тэй маргалдан улмаар үснээс нь татаж зулгаан, нуруу луу нь гараараа цохиж, баруун талын хөлийн гуя хэсэг рүү нь 2 удаа өшиглөж, баруун талын шанаа руу нь гараараа  цохиж зодож биед нь тархи доргилт, баруун хацар, цээж, баруун гуянд цус хуралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх  хуралдаанд  шүүгдэгч П.Б мэдүүлэхдээ:  2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр би урд талын Туяа гэдэг хүний хүнсний лангууны худалдагч гэх эмэгтэйд хандан авах ёстой мөнгөн бичиж өгөн түрээслэгч нараас хураагаад ирээч гээд гуйгаад явуулсан. Тэгсэн чинь 4000 төгрөг ирээгүй. Тэгэхээр нь би энэ хохирогч гэх эмэгтэйгээс асуухад би танайхаас цай аваагүй гээд миний хажууд миний ажлыг хийлгэхгүй 2 цаг хэрэлдсэн. Тухайн үед би хүмүүстэйгээ худалдаа хийх гэтэл миний хажууд хашхираад, лангуу таглаж, хаалган дээр зогсож хэрүүл хийгээд байсан бөгөөд миний цээж рүү түлхэхээр нь би миний лангуунаас гараач, яваач, зайлаач, гээд нүүрэн хэсэг рүү нь хоёр удаа түлхсэн. Өөр зүйл болоогүй. Үүнийг нотлох гэрч байгаа гэв .

Шүүх хуралдаанд хохирогч Н.Д  мэдүүлэхдээ: 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр би тухайн өдөр энэ хүнийг огт хэл амаар доромжлоогүй. Тухайн өдөр энэ хүн надаас 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн мөнгийг нэхээд байсан юм. Би юу яриад байгаа юм бэ аваагүй шүү дээ гэхэд танайхаас 40 орчим насны хүн авсан байна гэхээр нь би манайд дандаа залуу хүмүүс ажилладаг гэж хэлсэн чинь сүүлд надаас би тэгвэл хүнээ андуурсан байна гээд уучлалт гуйсан. Мөн шүүгдэгч  нь намайг харааж зүхээд байсан .  Би амьдралдаа огт хараал хэлдэггүй бөгөөд хүний муу үзээд яах вэ гэж бодоод хохирол төлбөрийг аваад эвээр салчихъя гэж бодсон боловч эвлэрч чадаагүй. Намайг ганц нэг удаа түлхсэн гэж байгаа нь худал бөгөөд би тухайн үед шууд шүүх эмнэлгээр орчихъё гээд очтол “Корона” гээд ажиллахгүй байсан учир маргааш өглөө нь очиж дүгнэлт гаргуулсан. Одоогоор хохирол төлбөрт 3 удаа толгой бариулсан мөнгө, нэг өдрийн цалин, урсгал зардал гээд 500.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв   

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд  хохирогч Н.Д-ийн өгсөн: ...2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 18 цаг болж байхад нэг охин манай цайны газарт ирээд нэг бичиг барьчихсан ирсэн. Тэр бичиг дээр 38-р павильон 4000 төгрөг гэж бичсэн байсан. Юун талаар охиноос асуухад цагаан идээний лангуунаас ийм цай авсан гэнээ гэж хэлсэн. Тэгэхээр нь аваагүй шүү дээ гэхэд тэр эмэгтэй авсан гээд байсан. Тэгээд би тэр цагаан идээ зардаг гэх лангууны эмэгтэй дээр очоод би танайнаас цай аваагүй шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр эмэгтэй үгийн зөрүүгүй үсчээд хэрүүл хийгээд байсан. Өөдөөс аймаар орилоод дайраад, миний цээжний баруун хөхний дээд талыг гараараа маажсан. Дараа нь миний үснээс татаж зулгаасан бас миний нуруу луу гараараа нэлээн хэдэн удаа цохиод авсан. Бас миний баруун талын хөлийн гуя хэсэг рүү 1-2 удаа өшиглөж, баруун талын шанаа руу гараараа цохисон. Одоо миний бие гайгүй байна. Толгой хөдөлчихсөн байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 -р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.О-ийн өгсөн: “...  Ч тэр хүүхнийг зайлаач гээд зүүн гараараа тэр эмэгтэйн мөр хавьд 2 удаа цохихыг нь би харсан. Миний харснаар Ч тэр эмэгтэйг гараач ээ гээд гарын булчин хэсэгт нь 2 удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 -р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 8866 дугаартай шинжээчийн:

  1. Д.Д-ийн биед тархи доргилт, баруун хацар, цээж, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч С.Ч гэх дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн П.Б-ийн: ... Би “Дүнжингарав“ зах дээр хүнс, цагаан идээ зардаг юм. Тэндхийн гуанзнууд надаас хүнс, цагаан идээ зээлээр авдаг юм. Тэгээд би олон хоног өөрөө амжихгүй болохоор урд талын лангууны эмэгтэйг энэ энэ гуанзнуудаас ийм ийм мөнгө аваад ирээч гэж явуулсан. Тэгсэн чинь ганц 38-р гуанзны мөнгө ирээгүй юм. Би уг гуанзнаас 4000 мянган төгрөг авах ёстой байсан юм. Тэгэхээр нь би за за өөрөө нэг очъё доо гээд лангуун дээрээ байж байсан чинь 38-р гуанзны хүүхэн би танайхаас юм зээлж аваагүй гээд хашхираад ороод ирсэн. Камер шүүлгэнэ, камерын мөнгө өгөөрэй, сэтгэл санаагаар унагалаа, хүн дарамталлаа гээд байсан. Тэгэхээр нь би танайх аваагүй юм байгаа биз, зүгээр наад 4000 мянган төгрөг авахгүй, юун сүртэй юм явж гэж хэлсэн. Тэгсэн чинь манай лангуунаас хүмүүс юм аваад мөнгөө өгөх гэсэн чинь эмэгтэй лангуу таглаж зогсчхоод 2 цаг намайг хэл амаар доромжилсон. Тэгээд мөнгөө өгөх гээд сарвайгаад урдаас нь мөнгөө авах гэсэн чинь урдаас хөөе гээд миний цээж рүү түлхэхээр нь би чи зайлаач, чи чинь мэдрэл муутай юм уу гээд  хоёр  удаа  тэрний гар руу нь түлхсэн. Тэгсэн чинь тэр эмэгтэй уйлаад, инээгээд яг галзуу хүн шиг байснаа цагдаа дуудсан. Чи надад 150.000 мянган төгрөг яг одоо өг, миний хоёр  цагийн ажлыг чи аллаа, хэнтэй зууралдсанаа мэдэхгүй л байна даа. Манай нөхөр цагдаа ч гэсэн билүү цагдаа таньдаг ч гэсэн билүү тийм зүйл яриад байсан. шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Би уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар тал/,

Шүүгдэгч П.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар болон хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 39, 47-56 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            П.Б нь 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн 38-р павильонд “зээлж авсан цайныхаа 4,000 төгрөг өгөөгүй” гэх шалтгааны улмаас Н.Д-тэй маргалдан улмаар үснээс нь татаж зулгаан, нуруу луу нь гараараа цохиж, баруун талын хөлийн гуя хэсэг рүү нь 2 удаа өшиглөж, баруун талын шанаа руу нь гараараа  цохиж зодож биед нь тархи доргилт, баруун хацар, цээж, баруун гуянд цус хуралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Н.Д, яллагдагчаар өгсөн П.Б нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 8866 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч П.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч П.Б нь гэмт хэргийг  гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

            Хохирогч Н.Д нь  гэмт хэргийн  улмаас  хохирсон талаараа мэдүүлж  байгаа  боловч хавтаст хэрэгт өөрт учирсан хохирлын талаарх баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй  тул  шүүгдэгч П.Б-ийг бусдад баримтаар төлөх төлбөргүй гэж үзэв.

            Хохирогч Н.Д нь    энэ гэмт хэргийн   улмаас  гарсан   гэм хорын  хохирлыг  холбогдох  бичгийн  нотлох баримтаа бүрдүүлж  Иргэний Хэрэг  Шүүхэд Хянан  Шийдвэрлэх Тухай хуульд  заасан журмын дагуу  жич  нэхэмжлэх  эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч П.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Н.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П-ийн Б-ийг 650 /зургаан зуун тавин/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Б-гт оногдуулсан 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  650.000 /зургаан зуун тавин  мянган/ төгрөгөөр  торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.        

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад  баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5.  Хохирогч Н.Д нь энэ гэмт хэргийн улмаас гарсан гэм хорын  хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

          6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ