Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/959

 

2020      11          11                                     2020/ШЦТ/959                                         

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2020/0952/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч Н.Түвшинбаяр,

шүүгдэгч Д.М /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар                                                          

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-д холбогдох эрүүгийн “2009021451104” дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1984 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ........ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д.М, /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.М нь 2020 оны 7 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 1 дүгээр сургуулийн замын эсрэг талын Чонон Бөртэ төвийн орчим хохирогч Д.Энхтөрийг шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэр өдөр 3 залуу явж байсан. Би зүгээр байгаа хүнийг  цохихгүй, надад тийм хүмүүжил байхгүй. Миний хувьд үг даагаагүй, намайг доромжилсноос болоод бухимдаад маргаан үүссэн. Маргаан караокены гадаа болсон. Харин такси барих гэж байхад нь очиж цохиогүй. Хүний биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч  байгаа. Сүүлд бие биеэсээ уучлалт гуйгаад найзууд болсон. Хохирогч анх 3.000.000 төгрөг нэхэмжлээд би 2.000.000 төгрөг өгсөн. Хохирогч болно гээд авсан, тэгээд гомдолгүй гэсэн” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Д.Энхтөрийн өгсөн: "...2020.07.30-наас 31-нд шилжих шөнө би хамт ажилладаг Мөнхбатын хамт СБД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэрийг нь мэдэхгүй караокед ороод дуулж байгаад гарч ирээд замын эсрэг талд такси барих гээд тамхи татаад зогсож байтал нэг танихгүй залуу гүйж хүрч ирээд миний зүүн нүд рүү гараараа 1 удаа цохисон. Тэгтэл Мөнхбат салгаад цагдаа дуудсан... Намайг цохисон хүнийг танихгүй. Сүүлд нэрийг нь мэдэхэд Д.М гэх залуу байсан. Ямар шалтгаанаар намайг цохисныг мэдэхгүй байна. Хүн андуураад намайг цохисон гэж би ойлгосон... миний хохирлыг Д.М барагдуулсан. Надад ямар нэг гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг /хх –ийн 7 тал/,

Д.М-н яллагдагчаар өгсөн: "...2020.07.30-ны орой Сүхбаатар дүүргийн 1-р хороо 1-р сургуулийн замын эсрэг талд нэрийг нь мэдэхгүй караокед орж найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн. Ингээд пиво ууж байгаад явах гээд гадагшаа гартал караокений үүдэнд үл таних залуучууд зогсож байсан ба намайг харчихаад танай хамтлаг яагаад уран бүтээл хийхгүй байгаа юм, за одоо ч та нарын дуулна гэж юу байхав дээ одоо чи тэгээд юу хийж байгаа юм гэхээр нь Чингэлтэй дүүрэгт төлөөлөгч хийж байгаа гэтэл чиний төлөөлөгч хийнэ гэж юу байхав дээ гэх мэтээр хэлээд байсан. Ингээд маргалдаад сүүлд нэрийг нь мэдсэн Энхтөр гэх хүнийг би нэг удаа цохисон. Энэ үед өөр нэг залуу миний араас хоолой боосон. Ингээд цагдаа нар ирсэн... Би шүүх эмнэлгийн дүгнэлт болон яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцаад санал нийлж байна. Энхтөрийн биед гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,

Шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 8797 тоот: "...Д.Энхтөрийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой..." гэх дүгнэлт /хх-ийн 10-11 тал/,

Хохирогч Д.Энхтөрийн “гомдол саналгүй, хохиролгүй” гэх хүсэлтүүд /хх-ийн 31, 32 тал, зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч Д.М нь согтуугаар 2020.07.30-наас 31-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Чонон Бөртэ төвийн орчим хохирогч Дэмбэрэлсүрэнгийн Энхтөртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж бие эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд бусадтай зүй бус харьцаж хэрүүл маргаан, зодоон цохион үүсгэж асуудлыг хурцатгасан түүний зан харьцаа, ёс суртахууны наад захын хэм хэмжээ дутсан байдал нь нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.М-н  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Энхтөрийн эрүүл мэндэд энэ хэргийн улмаас хөнгөн хохирол учирсан бөгөөд хавтаст хэргийн 31, 32 дугаар талд: “...Д.М нь надаас уучлалт гуйж, хохирол барагдуулан 2.000.000 төгрөг өгсөн. Миний бие хохирол, гомдол саналгүй тул уг асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг одоогоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Харин хохирогч нь цаашид эмчилгээний зардал, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, гэмт хэр   гийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Хохирогч Д.Энхтөр нь эмчилгээний зардал, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар хэрэв цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь одоогоор бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш      14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч  Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР