Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 852

 

Г.Ганболдын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00277 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Ганболдын нэхэмжлэлтэй

Хариуцагч Р.Батсүх, Т.Даваадорж нарт холбогдох

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 27 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.Ганболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Даваадорж, Р.Батсүх нар бүлэглэн 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд байрлах миний зуслангийн байшинг нурааж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, 25 000 000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдсон боловч тэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн барагдуулахыг зөвшөөрсний улмаас эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолдоо хохирлоо иргэний журмаар шийдвэрлүүлэхийг дурдсан тул шүүхэд хандаж байна. Миний байр 1990 онд мод боловсруулах комбинатаас хувьчилж авсан модон байшингийн суурин дээр 2008-2009 онд 18 000 000-19 000 000 төгрөгийн өртгөөр барьж, 2009, 2010 онд 2 удаа 2 000 000 х 2 000 000 төгрөгөөр засан сайжруулсан нийт 23 000 000 төгрөгийн өртөгтэй 9х5 хэмжээтэй байшин байсан. Т.Даваадоржийн хашаанд байгаа гэх байшингийн мод нь миний байшингийн мод биш. Анх байшинг барихдаа материалыг нь хувь хүн болон барилгын материалын зах, дэлгүүр зэргээс цуглуулж, барилгын бригад оруулж бариулж байсан. Гэхдээ тухайн үеийн байшингийн зураг, гарсан зардлын талаарх ямар ч баримт надад байхгүй тул би Сүхбаатар дүүргийн үнэлгээний комиссын гишүүдийн гаргасан үнэлгээ 25 000 000 төгрөгөөр байшингаа үнэлж байна. Мөрдөн байцаалтын шатанд нийт 4 үнэлгээ гарсан боловч “Ашид Билгүүн” ХХК, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК, “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-ын гаргасан дүгнэлтүүд нотлох чадвараа алдсан гэж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дүгнэсэн тул хүчин төгөлдөр үлдсэн ганц үнэлгээ болох Сүхбаатар дүүргийн үнэлгээний комиссын үнэлгээг үндэслэж шаардаж байгаа. Хариуцагч нарын буруутай үйлдлийн улмаас 25 000 000 төгрөгийн хохирол учраагүй. Мөрдөн байцаалтын явцад хохирлын үнэлгээ гаргахын тулд шинжээчийн зардалд нийт 400 000 төгрөг төлсөн. Түүнчлэн зуслангийн байшинг буулгасны улмаас би 80 нас гарсан хөгшин эцгээ агаар салхинд гаргах боломжгүй болж, улмаар 2013-2016 онуудад бусдын зуслангийн байшинг сарын 150 000 төгрөгөөр хөлсөлж нийт 1 800 000 төгрөг төлсөн. Иймд буулгасан байшингийн үнэ 25 000 000 төгрөг, шинжээчид төлсөн 400 000 төгрөг, зуслангийн байшин хөлсөлсний төлбөр 1 800 000 төгрөг нийт 27 200 000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Даваадоржийн шүүхэд гаргасан болон түүний өмгөөлөгч Б.Дашдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст Г.Ганболдын зуслангийн байшинг буулгасан гэж Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан хэрэг үүсгэн шалгуулж, хэргийг Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас өршөөлд хамруулан хэрэгсэхгүй болгосон. Т.Даваадорж нь Р.Батсүхийн хэлснээр зуслангийн байшинг буулгаж ав гэсэн, буулгалцаад өг гэхээр нь хамт буулгалцсан. Г.Ганболдын эзэмшлийн байшинг буулгасанд маргахгүй. Гэвч нэхэмжлэгчийн хэлж буй шиг байшин байсан уу эсхүл зуны амбаар байсан уу гэдэг маргаантай. Г.Ганболд өөрийн байшинг өвөл, зуны амьдардаг байшин байсан мэтээр худал мэдүүлж, үндэслэлгүй их мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ямар байшин байсныг эрүүгийн хэрэгт гэрчүүд хангалттай мэдүүлсэн. Бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан нь үнэн боловч бодит хохирлыг төлөх нь хуульд нийцнэ. Хохирлын хэмжээг тогтоох зорилгоор 3 удаа шинжээч томилсон боловч тэдгээрийн гаргасан дүгнэлт нотлох чадвараа алдсан талаар шүүх дүгнэсэн. Дүүргийн үнэлгээний комиссын дүгнэлт үндэслэлгүй, гишүүдийн 2 нь гарын үсэг зураагүй. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж үзэж байна. Хариуцагч нарын хувьд Монголын хохирол үнэлэгчдийн холбооны гаргасан дүнгээр төлбөрийг хуваан төлөх боломжтой, гэвч нэхэмжлэгч 25 000 000 төгрөгөөр байшингаа үнэлдэг тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Р.Батсүх шүүхэд гаргасан болон түүний өмгөөлөгч Б.Зулбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм бурууд маргахгүй. Г.Ганболдын байшин 9х5 хэмжээтэй биш, харин 7х5 хэмжээтэй байсан нь нотлогддог. Тухайн үед зуслангийн байшин газрын маргаантай байснаас гадна шинж чанарын хувьд ашиглах боломжгүй байсан. Буулгасан байшингийн мод одоо Т.Даваадоржийн хашаанд байдаг. Үнэлгээ янз бүр байгаа тул Монголын хохирол үнэлэгчдийн холбооны гаргасан дүгнэлт бодитой гэж үзэж байна. Иймд 27 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Р.Батсүх, Т.Даваадорж нараас 7 810 000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Г.Ганболдод олгож, Г.Ганболдын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19 389 600 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар Г.Ганболдын гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Р.Батсүх, Т.Даваадорж нараас улсын тэмдэгтийн хураамжид 139 916 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэгт авагдсан бүх үнэлгээг хуульд нийцэхгүй гэж үзсэн. Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 292 тоот магадлалаар үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийлгэхээр буцаасан боловч өршөөлд хамруулж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул дахин үнэлгээг хуульд нийцүүлэн хийлгэх ажиллагаа зогссон. Шүүхэд үнэлгээ дахин хийлгэх хүсэлтийг удаа дараа гаргаад байхад хангаагүй байж гагцхүү хариуцагч, түүний өмгөөлөгчийн хүсэлт, захиалагаар, хууль зөрчиж хийгдсэн хамгийн бага үнэлгээ 7 410 400 төгрөгөөр хэргийг шийдвэрлэсэн. Үүнийг нэг талыг барьсан хууль бус гэж үзэж байна. Миний бие 5 жил эд материал, сэтгэл санааны хохирол амсаж байна. Хоёр тал адил тэгш эрх эдлэх хууль зөрчигдсөн тул шүүхэд гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Ганболд нь хариуцагч Р.Батсүх, Т.Даваадорж нарт холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 27 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 1603 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.Батсүх, Т.Даваадорж нар нь нэхэмжлэгч Г.Ганболдын зуслангийн байшинг буулган, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, 20 144 400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдсон боловч Монгол Улсын Их Хурлын 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Дээрх эрүүгийн хэргийг шалгах явцад нэхэмжлэгчийн маргаж буй Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт дахь Мод боловсруулах комбинатын 64 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэлгээг 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь 80 092 100 төгрөгөөр, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Ашид билгүүн” ХХК нь 20 144 400 төгрөгөөр, мөн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ГҮ ТББ нь 7 410 400 төгрөгөөр тус тус үнэлжээ /хх-127-130, 134-140, 149/.

Талууд эрүүгийн хэргийн журмаар авагдсан дээрх үнэлгээнүүд нь өөрөө хүчингүй гэх үндэслэлийг заан маргаж байгаа тохиолдолд анхан шатны шүүхээс дээрхи тайлбарыг тодруулах замаар шинжээч томилуулах хүсэлт гаргаж буй эсэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байжээ.

Иймд маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй нөхцөл байдал үүссэн байхад нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийн хохирлын хэмжээг тогтоолгоход ач холбогдол бүхий үнэлгээ байхгүй байх тул маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй.

Мөн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт “Шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ”, 118.3 дахь хэсэгт “Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг заана” гэж тус тус заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь хуудас дутуу байгаагаас хэргийн оролцогчийн тайлбар, татгалзал тогтоогдохгүй байгаа тул уг шийдвэр хууль зүйн үндэслэлтэй эсэхийг дүгнэх боломжгүй байна. 

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00277 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                            ШҮҮГЧИД                                       Т.ТУЯА

                                                                                                                     Д.БАЙГАЛМАА