Захиргааны хэргийн давж шатны шүүх - Анхан шатны журмаарийн Шийдвэр

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 221/ШШ2019/0003

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ИЗНН

Хариуцагч: Сонгуулийн ерөнхий хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар тогтоолыг хүчингүйд тооцож, Иргэний зориг ногоон намаас Монгол улсын Их хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд  дангаар оролцохоор бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн ИЗНН-ыг бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ИЗНН шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ИЗНН-ын төлөөллийн төв байгууллага болох Үндэсний хороо 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хуралдаад Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд дангаар оролцохоор шийдвэрлэсэн. Улмаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд дангаар оролцохоор шийдвэрлэсэн тогтоолыг Улсын Их Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийн хамт Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгсөн.

Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д заасан “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох сонгогдох эрхтэй”, мөн зүйлийн 10/ дахь заалтын “Аль нэгэн нам, ... гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно”, 19 дүгээр зүйлийн 1-д заасан “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, 2-т “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно...” заалтыг үл тоомсорлон Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсгийн үндэслэн ИЗНН-ыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзав.

Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн Их суудлын хуралдаанаар “...Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах эрхтэй төрийн байгууллага атал түүнд улс төрийн нам, эвслийг өмнөх сонгуулийн зардлын тайланг ирүүлээгүй, хугацаанд нь ирүүлээгүй гэсэн шалтгаанаар бүртгэхээс татгалзаж сонгуульд оролцох эрхийг хасах эрх хэмжээг Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтаар олгосон нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байна...” гэж үзээд “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9/ дэх заалтын “...Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, мөн зүйлийн 10/ дахь заалтын “...Аль нэгэн нам, ...гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно...” гэснийг тус тус зөрчсөн байх тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтад “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” гэснийг хүчингүй болгосугай гэсэн шийдвэрийг зөрчжээ.

Сонгуулийн зардлын тайлан нь сонгуульд оролцсон улс төрийн нам, тус намаас нэр дэвшин оролцсон нэр дэвшигчийн тайлан гэсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа.

Тус намыг сонгуульд оролцуулахыг бүртгэхээс татгалзсан Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр, шүүхийн шатанд үүссэн маргаанаас хамааран, хугацаа ихээхэн алдсаны улмаас Намын сонгуулийн зардлын дансанд нэг ч төгрөгийн орлого орж, зарлага хийгдээгүй, нэр дэвшигч бүр өөрийн нэр дээр нээсэн дансаар сонгуулийн орлого, зарлагын гүйлгээг хийсэн юм.

Тухайлбал намын дарга Ц.Г миний бие 2016 онд Иргэний зориг ногоон намаас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 64 дүгээр тойрогт нэр дэвшин, сонгуулийн зардлын данс нээж, Улсын Их Хурлын сонгууль явагдсаны дараа Сонгуулийн зардлын тайлангаа “Б а” ХХК байгууллагаар 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр баталгаажуулан Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн.

Намын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Х Сонгуулийн хуульд заасан хугацаанд намын зардлын дансны гүйлгээний мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэлгүй хариуцлага алдсан учраас ИЗНН Үндэсний хорооны хурлаараа хариуцлага тооцон, намын Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульт албан тушаалаас огцруулсан.

Намын хариуцлагагүй ажилтны алдаанаас болж бусад гишүүд болон ирээдүйн гишүүд, дэмжигч нарын ардчиллын үнэт зүйл болох сонгох, сонгогдох эрх нь хязгаарлагдах ёсгүй юм.

Сонгуулийн ерөнхий хороо нь төрийн сонгуулийг зөв удирдан зохион байгуулахдаа Монгол Улсын Үндсэн хуулийг мөрдөн ажиллах төрийн үйлчилгээний байгууллагынхаа эрх хэмжээг хэтрүүлэн улс төрийн намыг Монгол Улсын Их хурлын нөхөн сонгуульд оролцох эрхийг нь эдлүүлэхгүй ИЗНН-ыг хохироосон явдал боллоо.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 22 тоот тогтоолыг эс зөвшөөрч, уг тогтоолыг хүчингүй болгон, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д заасан “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох сонгогдох эрхтэй”, мөн зүйлийн 10/ дахь заалтын “Аль нэгэн нам, ...гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно”, 19 дүгээр зүйлийн 1-д заасан “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна. 2-т Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. ...” заалтыг хэрэгжүүлэн ИЗНН-ыг Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгахаар нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн зүгээс Сонгуулийн ерөнхий хорооны 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар тогтоол нь ИЗНН-ыг Улсын Их хурлын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан шийдвэр нь хуульд нийцээгүй захиргааны акт байна. Энэхүү актын улмаас ИЗНН-ын гишүүдийн хууль ёсны эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн. Улмаар намын дэмжигчдийн сонгох, сонгогдох эрх нь ноцтой зөрчигдөж байна гэж үзээд уг захиргааны актыг хууль бус захиргааны акт гэдгийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхгүй гэсэн шийдвэр гаргахдаа Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь заалтыг үндэслэл болгож ИЗНН өнгөрсөн жилийн зардлын тайлангаа ирүүлээгүй гэдэг байдлаар үндэслэл болгосон байдаг. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн зардлын тайланг ирүүлэх ёстойг мэдэж байгаа. Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д намын зардлын тайлан нь орлого ба зардлаас бүрдэнэ гэж хуульчилсан байдаг. Хэрвээ сонгуульд зардал гаргаагүй оролцсон бол яах гэдэг асуудал гарч ирнэ. Намыг дэмжиж хэн ч хандив өргөөгүй бол яах юм бэ. Энэ тохиолдолд сонгуулийн зардлын гол бүрэлдэхүүн болчхоод байгаа орлого, зарлага гэсэн зүйл нь байхгүй. Нам бол үзэл бодлын уралдаан зөрчилдөөний газар гэдэг шинж чанараар нь Сонгуулийн ерөнхий хороо харах ёстой байсан. Сонгууль болсон тохиолдолд заавал орлого олно гэсэн ойлголтоор харж  болохгүй. Сонгуулийн тухай хуульд нам сонгуулийн зардал байхгүйгээр оролцсон бол дараагийн сонгуульд орохгүй гэдэг байдлаар хуульчлаагүй. Мөн Сонгуулийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасны дагуу ИЗНН нь эрхээ хэрэгжүүлээгүй. Эрхээ хэрэгжүүлээгүйн төлөө дараагийн сонгуульд оруулахгүй гэдэг байдлаар шийдвэр гаргаж байгаа нь шударга бус асуудал юм. Өөрөөр хэлбэл үүрэгчилсэн асуудал биш. Харин эрх олгосон асуудал байдаг. Энэхүү эрхээ хэрэгжүүлээгүйн төлөө дараагийн сонгуульд оруулахгүй гэж шийдвэрлэсэн нь Сонгуулийн ерөнхий хороо акт гаргахдаа Сонгуулийн тухай хуулийг буруу ойлгож хэрэглэсэн. Хавтаст хэрэгт манай тайлбарыг батлах баримт авагдсан байгаа. Энэ нь банкнаас ирсэн албан бичиг тайлбар байдаг. Мөн Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.6 дахь хэсэгт намын зардлын дансыг байршуулсан банкны эрхлэгч нь дансны бүх гүйлгээг нэгтгэсэн тайланг Сонгуулийн ерөнхий хороонд хүргэнэ гэсэн байдаг. Сонгуулийн ерөнхий хороо болон банкнаас ямар нотлох баримт ирсэн гэхээр ИЗНН-ын Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд орсон сонгуулийн 2016 оны тайланг Голомт банкнаас гаргаж өгсөн байдаг. Хэдийгээр маргаанд холбогдолгүй боловч нэг зүйлээр холбоотой байдаг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оролцохдоо Нийслэлийн намын хороо тодорхой орлого, зарлагыг хийж орсон учраас тодорхой баримт байна гэж үзээд банкнаас баримтыг гаргаж өгсөн. Харин төв ИЗНН-ын Улсын Их Хурлын сонгуульд орсонтой холбоотой зардлыг тухайн Голомт банк хуулийн дагуу гаргаж өгөх ёстой боловч Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгөөгүй байдаг. Банк өөрөө орлого, зарлага байхгүй байгаа учраас зардлын тайланг өгөх ёсгүй байсан гэж үзээд гаргаж өгөөгүй гэж үзсэн. Тухайн Улсын Их Хурлын сонгуульд оролцсон нэр дэвшигч нар нь бүгд өөрсдийнхөө тайлан гаргаж өгсөн. Харин нам орлого, зарлага байхгүй байсан учраас тайланг гаргаж өгөөгүй. Яагаад тайлангаа гаргаж өгөөгүй гэхээр намын дотоод нөхцөл байдалтай холбоотой. ИЗНН нь 2016 онд сонгуульд орох гэтэл Сонгуулийн ерөнхий хорооноос оруулаагүй. Тийм учраас захиргааны хэргийн шүүхэд хандаад Улсын дээд шүүхийн тогтоолоор сонгуульд оролцох эрхтэй болсон. Нам бол дотроо үзэл бодол, саналын зөрүүтэй байсан гэдгийг харуулдаг. Тухайн үед тамга, тэмдэг барьж байсан этгээдүүд нь сонгуулийн тайланг өгөхгүй байж байгаад хугацаа нь өнгөрсөн хойно ажил үүргээсээ чөлөөлөгдөж дараагийн удирдлагад намын тамга болон эрх шилжигдсэн асуудал байдаг. Сонгуулийн тухай хуулийг маш сайн нарийн судалж хэрэглэхгүй бол хэн нэгэн этгээдийн үйлдлээс болоод нам бүхэлдээ сонгуульд орж чадахгүй нөхцөл байдал үүсчхээд байдаг. Дээрх асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо харгалзан үзэж шийдвэрээ гаргаагүй. Тийм учраас нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж, бүртгэхийг даалгаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна” гэв.

Хариуцагч Сонгуулийн ерөнхий хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ИЗНН-аас Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 76 дугаар тогтоолоор ИЗНН-ыг Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэсэн. Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар сонгуульд оролцсон нам, эвсэл нь санал хураалт явагдаж дууссан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, Сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй юм. Гэтэл ИЗНН нь Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцсон сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд тус хороонд ирүүлээгүй.

Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5-д “Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй” гэж заасан. Иймд Сонгуулийн ерөнхий хорооны 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар тогтоолоор ИЗНН-ыг Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан болно.

2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5-д заасан дээрх заалтыг хүчингүй болгосон эсхүл Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцээс уг заалтыг Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар ямар нэгэн дүгнэлт байхгүйг дурдах нь зүйтэй” гэжээ.

Хариуцагч Сонгуулийн ерөнхий хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгуулийн ерөнхий хорооноос бүртгээгүй нь ойлгомжтой юм. Сонгуулийн ерөнхий хорооны 60 дугаар зүйлийн 60.5 дахь заалтыг баримталж бүртгээгүй. Тайлантай холбоотойгоо Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасны дагуу тайлангаа гаргаж өгөх үүрэгтэй. Сонгуулийн ерөнхий хорооны хувьд тухайн нам эвсэл сонгуульд зардал гаргасан эсэхийг хянаж, түүнд үнэлэлт дүгнэлт өгөх эрх, үүрэг байхгүй. Энэхүү эрх мэдэл нь аудитын байгууллагад байдаг. Сонгуулийн ерөнхий хороо аудитын байгууллагаас тодруулга авахад ИЗНН нь ямар нэгэн байдлаар зардлын тайланг ирүүлээгүй гэсэн албан бичгийг ирүүлсэн. Үүнийг үндэслэж Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхээс татгалзсан. Үүнтэй холбоотой Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дээр Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх дээр дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь заалт нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Тийм учраас Сонгуулийн ерөнхий хорооноос ИЗНН-ыг сонгуульд оролцох намаар бүртгээгүй шийдвэр нь үндэслэл бүхий гарсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч ИЗНН-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар тогтоолоор “Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсгийг үндэслэн ИЗНН-ыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзаж” шийдвэрлэжээ.

Уг тогтоолыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Иргэний зориг ногоон намаас “Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар тогтоолыг хүчингүйд тооцож, ИЗНН-аас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд дангаар оролцохоор бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн ИЗНН-ыг бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...Сонгуулийн ерөнхий хороо нь 22 дугаар тогтоолыг гаргахдаа Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг зөрчсөн, ...үүний улмаас манай намын гишүүдийн Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрх болон аль нэгэн нам, гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно гэж заасан эрхийг зөрчиж байна” хэмээн тайлбарлажээ.

Хариуцагч Сонгуулийн ерөнхий хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...ИЗНН нь Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцсон сонгуулийн тайлангаа хуульд заасан хугацаанд тус хороонд ирүүлээгүй учир тус намыг бүртгэхээс татгалзсан” гэж тайлбарлан маргасан байна.

Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Нам, эвсэл нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” гэж заажээ.

Гэтэл нэхэмжлэгч ИЗНН нь Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцсон сонгуулийн зардлын тайлангаа санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээгүй болох нь хэрэгт авагдсан Улсын ерөнхий аудиторын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1576 дугаар албан бичгээр тогтоогдсон.

Ийнхүү нэхэмжлэгч ИЗНН нь сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй байх тул Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5-д “Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй” гэж заасныг үндэслэн  ИЗНН-ыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан хариуцагч Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр үндэслэлтэй байна.

Сонгуулийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д “Сонгуулийн төв байгууллага сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийг бүртгэхдээ тэдгээрийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгана”, 124.2-т “Сонгуулийн төв байгууллага сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана” гэж зааснаар Сонгуулийн ерөнхий хороо сонгуульд оролцохоо илэрхийлсэн намыг бүртгэхдээ “...ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, бүртгүүлэх ажиллагаа” хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгах үүрэгтэй, харин энэхүү үүргээ хэрэгжүүлэх хүрээ нь зөвхөн намуудаас ирүүлсэн баримт бичгээр хязгаарлагдах бөгөөд хэрэв тухайн нам хуульд заасан журам зөрчсөн бол бүртгэхээс татгалзах үүрэгтэй болохоос ийнхүү журам зөрчсөн үндэслэлийг шалгаж, хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг тогтоох эрх хариуцагчид хуулиар олгогдоогүй болно.

Иймд нэхэмжлэгчээс сонгуулийн зардлын тайлангаа хүргүүлээгүй үндэслэлээ “...намын дотоод асуудал”-аас шалтгаалсан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Мөн Сонгуулийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Сонгуулийн зардал нь дараах хөрөнгөөс бүрдэнэ”, 40.2.1-д “хандив”, 40.2.2-т “намын өөрийн хөрөнгө”, 40.2.3-т “нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө” гэж, 57 дугаар зүйлийн 57.3-т “Нам, эвсэл нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй”, 58 дугаар зүйлийн 58.1-д “Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайлан гаргаж сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Үүнээс үзвэл саналт хураалт явагдсан өдрөөс хойш хуульд заасан хугацаанд сонгуулийн үйл ажиллагаанд зардал гаргасан бол зардлын тайлангаа, хэрэв гаргаагүй бол энэ талаарх тайлангаа нам болон нэр дэвшигчийн хэн аль нь Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх үүрэгтэй байх тул  нэхэмжлэгчийн “...хувь нэр дэвшигчид өөрсдөө зардлын тайлангаа өгсөн, намын сонгуулийн зардлын дансанд нэг ч төгрөгийн орлого орж, зарлага хийгдээгүй, нэр дэвшигч бүр өөрийн нэр дээр нээсэн дансаар сонгуулийн орлого, зарлагын гүйлгээг хийсэн, ...иймд намын сонгуулийн зардлын тайланг хүргүүлэх шаардлагагүй” гэж маргаж буй нь үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр Сонгуулийн ерөнхий хорооны 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар тогтоол хуульд нийцсэн байх тул шүүхээс ИЗНН-аас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд дангаар оролцохоор бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн ИЗНН-ыг бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах боломжгүй.

Нөгөөтэйгүүр Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр батлан гаргасан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоолыг Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон тул дээрх тогтоолоор товлогдсон нөхөн сонгуульд нэхэмжлэгчийг оролцуулахаар бүртгэх үндэслэл үгүй болсон, Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлаж, санал авах өдрийг шинээр тогтоосон болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ИЗНН-ын Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан “Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар тогтоолыг хүчингүйд тооцож, Иргэний зориг ногоон намаас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд дангаар оролцохоор бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн ИЗНН-ыг бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                        ШҮҮГЧ                                                  Г.БИЛГҮҮН

                        ШҮҮГЧ                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

                       ШҮҮГЧ                                                   Ц.ЦОГТ