Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

 

 

 

       Д.Ат холбогдох эрүүгийн

хэргийн тухай

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор                                                                    Н.Цогтбаяр

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                       З.Н

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           Г.Энхбаяр, В.Удвал

            Шүүгдэгч                                                                   Д.А

            Нарийн бичгийн дарга                                              Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж шүүгч Э.Одхүү, шүүгч Ц.Дагиймаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч В.Удвал, Г.Энхбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн, Д.Ат холбогдох 201703000222 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,  Архангай аймгийн ,,суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Архангай аймгийн ,, оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт Дийн А

 

Д.А нь 2017 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн ,, задгайд байх гэртээ өөрийн эхнэр Л.О,ийг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Д.Ат холбогдох хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б овгийн Дгийн Аыг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Аыг найман жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэж, Шүүгдэгч Д.Ат оногдуулсан найман жилийн хугацаагаар хорих ялыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч Д.Аын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон хоёр зуун гучин зургаан хоногийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу түүний эдлэх ялд нь оруулан тооцож, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан орны бүтээлэг нэг ширхэг, эмэгтэй хүний малгайтай цамц нэг ширхэг, эмэгтэй хүний хар өнгийн өмд нэг ширхэг, эмэгтэй хүний дотоож нэг ширхэг, бор цоохор өнгийн хөхний даруулга нэг ширхэг, улаан хүрэн өнгийн өрөөсөн оймс нэг ширхэг, богино ханцуйтай цамц нэг ширхэг, цэнхэр өнгийн эрэгтэй хүний дээл нэг ширхэг, цайвар өнгийн хөнжил нэг ширхэг, бор цоохор өнгийн хулдаас нэг ширхэг, нэгээс дөрөв хүртэл дугаарласан ариун цэврийн цаас, хатаасан цус хоёр ширхэг, Д.Аын хумс 9 ширхэг, Л.О, хумс 10 ширхэг зэрэг зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Д.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Удвалын гаргасан давж заалдах гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаартай шйитгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Д.Аыг 2017 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг, Тэс петролиум шатахуун түгээх станцын зүүн талын задгайд байх гэртээ өөрийн эхнэр Л.Оюун-Эрдэнийг алсан гэж үзэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримт, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.А нь 2017 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө эхнэр Л.О-ийг алсан болохыг ямар нэгэн эргэлзээгүйгээр нотлосон нотлох баримт байхгүй төдийгүй талийгаач Л.О-ийн биед учирсан гэмтлийг хэзээ, хэрхэн, юугаар, яаж учруулсан өөрөөр хэлбэл нотловол зохих асуудлуудыг бүрэн нотолж чадаагүй байхад Д.Аыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нотлох баримтанд үндэслэгдээгүй, улмаар хууль ёсны болж чадсангүй. Иймд  Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Аыг цагаатгаж өгнө үү. Шүүх хуралд биечлэн оролцож тайлбар гаргах хүсэлттэй байна.” гэжээ.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Нямгомбын гаргасан давж заалдах гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 16-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолыг зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь Д.А нь манай Л.О-ний амь насыг санаатай хохироож алсан гэдэг нь эргэлзээтэй байж мэдэхээр байна. Талийгаачийн маань биед учирсан толгойн гэмтлийг 2017 оны 05 дугаар сарын 21-нээс өмнө Б- гэх айлд авсан байж магадгүй байна. Хохирогч бидний зүгээс дүү Н-ийгээ бодож байна. Ийм учраас Д.Аын ял шийтгэлийг хөнгөрүүлж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч Д.Аын гаргасан давж заалдах гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Д.А намайг хүнийг алсан гэх гэмт хэрэгт буруутган ял оноосныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие нь өөрийн эхнэр Л.О-ийг зодож алсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ийм үйл явдал болоогүй бөгөөд ямар ч нотлох зүйлгүй байхад намайг хүчээр буруутган ял оноосон нь шүүх шударга шийдвэр гаргаж чадсангүй, намайг хэлмэгдүүллээ гэж үнэхээр их гомдож байна. Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд намайг буруутгаж байсан ч шүүхийг үнэн зөвийг олж шийднэ гэж итгэл найдвар тавьж байсан. Надад эхнэрээ зодож алах ямар ч шалтгаан байгаагүй. 2017 оны 05 дугаар сарын 19-нд Батжаргалынд архи ууж тэдний гэрийн гадаа ч гэрт ч унаж ойчсон байсныг гэрчүүд мэдүүлдэг ба маргааш өглөө найзынх нь толгой ямар их өвдөж байнаа гэж найз Чимгээдээ хэлж байсныг охин На- гэрчилдэг. Мөн гэрт ирсэнийхээ дараа толгой өвдөөд байгаа талаараа ярьж найз Б-рыг эмэнд явуулж эм авчруулж уусан зэрэг нь нотлогддог. Харин О-гэрчийн мэдүүлсэн Л.О-нийн зүүн талын нүд бүлцийгээд хавдчихсан юм шиг харагдаж байсан гэх мэдүүлэг нь шинжээч эмчийн шүүх хуралдаан дээр мэдүүлсэн мэдүүлгээр няцаагдаж байхад шүүх бодит байдлаас өөрөөр дүгнэж намайг буруутгасанд үнэхээр гомдоод барахгүй байна. Би анхан шатны шүүх намайг буруу шийтгэж ял оноосон гэж үзэж гомдож байгаа тул Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 22 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Д.А намайг цагаатгаж өгнө үү. Би өөрийгөө гэм буруугүй гэж үздэг.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаярын гаргасан давж заалдах гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 22 тоот шийтгэх тогтоолоор Архангай аймгийн -сумын иргэн Д-ийн А-ыг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийтгэсэн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. 22 тоот шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт Д.А нь 2017 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг Тэс петролиум шатахуун түгээх станцын зүүн талын задгайд байх гэртээ өөрийн эхнэр Л.О-ийг алсан, талийгаач Л.О- нь тархины битүү хүнд гэмтэл болох тархины хатуу бүрхүүл, хальсан доорх цусан хурааны улмаас тархи дарагдаж шаантагласнаас амьдралын чухал эрхтний төвүүд дарагдсаны улмаас нас барсан. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж дүгнэлээ. Гэтэл талийгаач Л.О-ийн тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа нь 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө үүссэн байсан. Үүнийг цусны бүлэгнэлтийн байдал болон бусад нөхцөл байдлуудаар тогтоогдож байгаа талаараа шинжээч С.Хишигмаа дүгнэлтэндээ тусгаж улсын яллагчийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцохдоо тодорхой тайлбарласан. Шүүх хуралдааны үед энэ талаарх тайлбарласан бичлэгийг давж заалдах шатны шүүх хуралдаанд шинжлэн судлуулах хүсэлтэй байна. Мөн шүүхээс шүүгдэгч Д.А нь талийгаач Л.Оюун-Эрдэний толгойн тус газарт 1 удаа цохисон үйлдэл тогтоогдсон, уг үйлдэл болон талийгаачид үүссэн гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж дүгнэсэн нь дээрх мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр талийгаачид гэмтэл учирсан нь тогтоогдсон гэх үндэслэлээ үгүйсгэсэн дүгнэлт болсон байна. Үүнээс харахад ч шүүх ч гэсэн Д.Аыг хүн алсан байна гэдэгт эргэлзэж байгааг харуулж байна. Шинжээч эмч С.Хишигмаагийн “талийгаач нь 2017 оны 05 сарын 21-нээс өмнө тархиндаа гэмтэл авсан байна гэсэн дүгнэлт мэдүүлгийг нотолж талийгаач Л.Оюун-Эрдэнэд учирсан гэмтлийг 2017 оны 05 сарын 21-нээс өмнө үүссэн байж болзошгүй нөхцөл байдлын талаар гэрч Б.Б-” Л.О-манайд унтахын өмнө гаднаас  орж ирээд баруун талын орны урд суух гэж байгаад хальт суугаад унасан, ойчсон гэж мэдүүлсэн мэдүүлэг, 18 насанд хүрээгүй гэрч А.Н- “талийгаачийг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Б.Б-ын гэрт байхдаа орны толгойны хөл хэсгийг мөргөсөн, гэрийн гадаа явж байгаад чулуунд бүдрээд эргээд ар талаараа саваад толгойгоороо унасан гэх мэдүүлэг, гэрч Б.Л-гийн талийгаач унахдаа толгойгоороо сандалын хөлөн дээр уначихсан гэх мэдүүлэг, Б.Ш-гийн талийгаач гэрийн гадаа бие засах гэж байгаад бөгсөн биеэрээ уначихсан юм гэх мэдүүлэг, гэрч А.Н-ний ээж Б-ахынд байхад 05 дугаар сарын 19-ний орой унтах гээд баруун талын орны урд унаад урт нарийн сандал мөргөөд ор сандал хоёрын завсараар унасан. Толгойныхоо зүүн хойд хэсгээр орны толгой мөргөж унасан. Ор нь төмөр хөлтэй байсан. Тэгээд аав Б- ахын хүүхэд бид гурав ээжийг өргөж орон дээр гаргасан. Ээж унтаад маргааш өглөө нь толгой ямар их өвдөөд байнаа гэж Ч- эгчид хэлсэн гэх мэдүүлэг. Мөн буяны ажил дээр төмс арилгаж байхдаа толгой өвдөөд байна гэж ярьж эм авчруулж байсан зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч бид шинжлэн судалсан боловч шүүхээс гэрчүүдийн мэдүүлэг өөр өөр мэдүүлсэн байх тул талийгаачийг 2017 оны 05 сарын 19-ний өдөр Б-ын гэрт байх үедээ болон гэрийн гадаа унахдаа толгойдоо гэмтэл авсан гэх нөхцөл байдал нотлогдохгүй байна гэж шууд таамаглаж дүгнэлт хийсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч Д.А нь өөрийн эхнэр талийгаач Л.О-ийг хэдийд юугаар яаж цохиж зодож гэмтэл учруулж алсан болох нь нотлогдохгүй, мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь таамаглал төдий дүгнэлт хийж хэрэгт хамаарал бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж эргэлзээгүй байдлаар тогтоох ёстой атал бодит үйл явдалд үнэлэлт дүгнэлтийг буруу өгч эргэлзээтэй байвал ашигтайг нь баримтлах зарчмыг алдагдуулж Д.Ат ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 22 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Д.Аыг цагаатгаж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч миний бие оролцох хүсэлттэй байна.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Ат холбогдох хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий нотлох баримтуудыг зөв үнэлж дүгнэсэн, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна.” гэв

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Удвал шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Хавтаст хэрэгт цугларсан баримтуудаас ямар нэгэн байдлаар эргэлзээгүйгээр тогтоосон зүйл байхгүй. Гэм бурууг нь нотолсон зүйл байхгүй. Нэг зүйлийг тайлбарлаж хэлэхэд хавтаст хэргийн 152 дугаар хуудсанд байгаа 58 тоот шинжээчийн дүгнэлтэн дээр гавал тархины дотор дагзны зүүн болон баруун талуудад гэмтлүүд байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч хараасай гэж хүсч байна. Шинжээчийн дүгнэлтийн өөрийнх нь тайлбарлаж хэлж байгаа хэсэг бол шинжээчийн дүгнэлт дээр гарч байгаа гэмтлүүд бол баруун талд тархины ард дагзны хойно үүссэн 87 грамм цус бүлэгнэж дарсан цусан хураа үүссэний улмаас талийгаач нас барсан. Тэр хүч бол баруун тал хэсэгт үүссэн байх боломжтой гэдэг нь шинжээч эмчийн мэдүүлгээс харагдаж байна. Дээрээс нь дахиад зүүн тал хэсэгт 7:6.5 см хэмжээтэй хүрэн цус хуралтууд байгаа. Мөн баруун талд бөмбөлгийн чамархай орчим тархины эдэд 2.5*2 см гэсэн гэмтэл байгаа. 3 газар гэмтэл байгаа. 2 өөр газар хүч үүссэн байх нөхцөл байдал харагдаж байна. Шинжээчийн гаргасан 58 тоот дүгнэлт нь ямар ч эргэлзээгүй байна гэдгийг тогтоож байгаа зүйл биш юм. Улсын яллагч Д.Аын гэрчээр мэдүүлэг өгөхдөө болон сэжигтнээр өгсөн мэдүүлгээр түүний гэм буруутай нь тогтоогдож байна гэж үзсэн. Гэрчийн мэдүүлэг өгөхдөө 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ямар байдалтай гэрчийн мэдүүлэг өгсөн бэ гэдэг нь хавтаст хэргийн 32 дугаар хуудаснаас харагддаг. Д.А ухаан алдаж унасан, таталт өгсөн, амнаас цагаан хөөс сахарч эмнэлэгийн тусламж авсны дараа мэдүүлэг өгч үргэлжилдэг мэдүүлэг байгаа юм. Сэжигтнээр болон гэрчийн мэдүүлгээр өгч байгаа мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй. Нэг мэдүүлэг нь баруун хацарт нь алгадсан, нөгөө мэдүүлэг нь зүүн хацарт нь алгадсан гэсэн зөрүүтэй мэдүүлэг байгаа юм. Алийг нь үнэн гэж үзэх юм бэ. Баруун хацар руу нь алгадаад зүүн талаараа мөргөөд уначихсан юм уу, аль эсвэл зүүн хацар руу нь алгадаад баруун талаараа мөргөөд уначихсан юм уу гэдэг нь бүрхэг байгаа юм. Зөвхөн Д.А талийгаачийн биед хүрсэн байна тийм учраас гэмтлүүд учирсан байна өөр хүн хүрээгүй байна гэдгийг тогтоож чадахгүй байна.  Д.А биед нь хүрсэн учраас талийгаач нас барсан байна гэж ял шийтгэгдэж байна. Тийм учраас эдгээр мэдүүлгүүдийг хооронд нь зөв харьцуулах нь зүйтэй юм. Шинжээч эмчийн мэдүүлэгт ил харагдах гэмтэл байгаагүй гэж мэдүүлдэг. Мөн цогцост үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад ил гэмтэл байхгүй. Нүдийг нь нээхэд нүдний дотор талд улайлт харагддаг. Тэрнээс биш бие эрхтэний аль нэг хэсэгт ил харагдаж байсан гэмтэл байгаагүй. Бусад жижиг хөхрүүлтүүд нь далд газар үүссэн байжээ гэдгийг шинжээч эмч хэлдэг. Тэгэхээр гэрчүүдийн мэдүүлгээс харахад өмнө нь гэрт нь ороход зүв зүгээр байсан, биед нь ил харагдах гэмтэл байхгүй байсан гэсэн мэдүүлгүүдийг шүүх үнэлсэн. Сандал дээр суух гэж байгаад унасан гэсэн асуудлыг ярихад Эрдэнэбулган эмчийг ороход хөнжлөө нөмөрчихсөн байсан. Нас барсан хүн өөрөө хөнжлөө нөмөрчихсөн байх боломжгүй гэсэн зүйлийг ярьж байна. Эрдэнэбулган эмчийг өөрөө очихоос нь өмнө талийгаачийг нас барсан байна гэдгийг Д.А мэдэж байгаа. Эрдэнэбулган эмчид дуудлага өгсөн хүн нь Д.Аын дүү О- байгаа юм. Тэр үед бүрэн өнгөрчихсөн байхыг үгүйсгэхгүй. Тухайн 22-ны өглөө Ба- болон О-г нарыг гэрт нь ороход хөнжлөө толгойгоо хүртэл шахуу татчихсан дух нь ил харагдаж байсан гэх мэдүүлэг байгаа. Улсын яллагч буруу төөрөгдүүлсэн тайлбар хийж болохгүй. 19-ний орой сандал дээр суух гэж байгаад унасан гэж яригддаг. Сандал дээр суух гэж байгаад унаагүй, орон дээр гарах гэж байгаад талийгаач ор, орны урд байсан сандал хоёрын хооронд унаад унахдаа сандал болон сандлын хөлийг мөргөсөн гэдгийг насанд хүрээгүй гэрч мэдүүлдэг. Мэдүүлгүүдийг мушгиж гуйвуулж болохгүй. Иймд Д.Ат холбогдох хавтаст хэрэгт түүнийг буруутгах нотлох баримт хангалттай цуглараагүй байх тул түүнд холбогдох хэргийг ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Д.Ааас гэрчээр мэдүүлэг авахад түүний биеийн байдал ямар байсан бэ гэдэг талаар өмгөөлөгч В.Удвал нэг бүрчлэн тайлбар хийлээ. Хүн ухаан алдаад босч ирээд хэр хугацааны дараа хүнтэй харилцах боломжтой болдог вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Шүүгдэгчийн гэрчээр өгсөн мэдүүлгийг нь үндэслээд түүнийг яллах нь зохимжгүй юм. Анхан шатны шүүх талийгаачийг 19-ний орой Батжаргалын гэрт байхдаа толгойдоо гэмтэл авсан гэдэг нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн. Яг ямар шинж тэмдгээр нотлогдохгүй байна гэж дүгнээд байгааг ойлгохгүй байна. Ерөнхийдөө анхан шатны шүүх таамаг төдий дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Гэм бурууг нь эргэлзээгүйгээр нотлох ёстой. Тийм учраас Д.Аыг цагаатгах нь зүйтэй юм.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч В.Удвал, Г.Энхбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлан үзвэл Д.А нь 2017 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг, Тэс петролиум шатахуун түгээх станцын зүүн талын задгайд байх гэртээ өөрийн эхнэр Л.О-ийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

гэрч Л.Э-гийн мөрдөн байцаалтанд өгсөн... Тэгээд Хотонт суманд ирээд А-тай өөрийн биеэр уулзаж юу болсон талаар түүнээс асуусан. Тэр надад хэлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 21-ний орой 21 цаг өнгөрч байх үед нэг шил архи, 3 пиво авч ирээд гэртээ ганцаараа уусан. Тэр үед нь талийгаач архи уулаа гэж уурлахаар нь нэг удаа толгой /хацар/ орчим луу гараараа хүчтэй алгадсан чинь орны толгой мөргөж унасан байх, гэхдээ би согтсон байсан болохоор сайн мэдэхгүй байна архинаас боллоо гэж надад ярьсан. Би найзуудтайгаа нийлж архи уугаад найзуудаас чинь асуудал болсон, цохиж зодсон, хоорондоо маргалдсан хүн байна уу гэсэн чинь найзуудтай нийлсэн нь үнэн. Тэгээд тарснаас нь хойш болсон асуудал гэж ярьж байсан. Найзууд ямар ч асуудал байхгүй гэж ярьж байсан. Тэгээд алгадахдаа баруун гараараа зүүн хацар луу нь хүчтэй алгадсан гээд баруун гараараа үйлдэл хийж үзүүлсэн. Тэр үед нь ор мөргөж унасан байж магадгүй. Би унахаар нь өргөж орон дээр гаргаж хэвтүүлээд, зүүн талын орон дээр хамт унтсан гэж байсан. Би өөрөө айлын буяны ажилд 04 цаг өнгөрөөгөөд явсан. Намайг явахад зүүн талын орон дээр унтаж байсан. Харин ирэхэд баруун талын орон дээр нас барсан байсан. Амь нь тэмцсэн байх, зүүн талын орон дээр дэвсэж унтаж байсан хөнжлийг баруун талын орон дээр нөмөрчихсөн унтаж байсан. Тэгээд би Ганаа ахынх руу явж эмнэлэг дуудсан гэж ярьж байсан мөн хамраас нь цус гарсан байсан. Амь нь тэмцээд гарсан байх гэж ярьсан. Цусыг хэрхэн цэвэрлэсэн талаар яриагүй. Чи тэгээд ямар нэгэн арга хэмжээ авсан уу гэж асуусан чинь буяны ажилд яваад арга хэмжээ авч чадсангүй. Айлын ажилд яваагүй бол аврах боломж байсан байх гэж бодож байна. Архинаас боллоо гэж ярьж байна. Тэгээд би гэр бүлийн хүчирхийлэл гээд нэлээн удаан явах байх, намайг аймаг руу авч явах юм шиг байна гэж ярьж байсан. Би нойр ч хүрэхгүй, хоол ч орохгүй, сэтгэл санаа тавгүй, өдөр өнгөрөхгүй, цаг явахгүй байна мөн татаж унасан гэж ярьж байсан. Ариунбаатар надад Оюун-Эрдэнийг архи уулаа гэж уурласан. Тэгээд л хүчтэй алгадсан. Би согтуу байсан гэж ярьсан. Нэмж хэлэхэд өргөж татах үед бие нь хөхөрсөн байж магадгүй гэж байна лээ. Нэлээн согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна. Ганцаараа архи уусан гэж байсан. Талийгаачийг толгойн яг аль хэсгээр мөргөж унасан гэж тодорхой хэлээгүй, зүүн талын хацар нь хөхөрсөн байгаа биз дээ та орсон уу гэж асуугаад байсан. Тэгсэн хирнээ орны толгой мөргөж унасан байж магадгүй гээд байсан... гэх мэдүүлэг /хх-1-ийн 66-69 хуу/,

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 58 тоот шинжээчийн дүгнэлт... Талийгаач Л.О-ийн цогцост, гавал тархины битүү гэмтэл болох баруун чамархай, зулайн хойд хэсэг, дагзны баруун талыг хамарсан тархины хатуу бүрхүүл хальсан доорхи болон баруун чамархайн тархины эд доторхи цусан хураа, оношны З.А-д тусгагдсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Гавал тархины битүү гэмтэл болох тархины хатуу бүрхүүл хальсан доорхи болон тархины эд доторхи цусан хураа нь * Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*- ын 3-1-3-д зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэлд, биеийн гадаргууд үүссэн цус хуралт гэмтлүүд нь * Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь илэрч буй шинж тэмдэгээрээ бүгд 1 цаг хугацаанд нас барахаас өмнө 48 цагийн дотор үүссэн байх боломжтой. Л.О- нь гавал тархины битүү хүнд гэмтэл болох тархины хатуу бүрхүүл хальсан доорх цусан хурааны улмаас тархи дарагдаж, шаантагласнаас амьдралын чухал эрхтний төвүүд дарагдан нас баржээ. Шинжилгээгээр оношны З.Б-д тусгагдсан архаг хууч өвчин эмгэг тогтоогдсон. Эдгээр нь үхлийн шалтгаан болоогүй байна. 2017.05.22-ны 15 цагийн үед шинжилгээнд орох үед илэрч байсан шинж тэмдэгүүдээр нас бараад 10 орчим цаг болсон байх боломжтой байсан. Талийгаач Л.О-ийн цусанд 0,6 промиль спиртийн агууламж илэрсэн нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байсныг харуулж байна. Талийгаачийн үтрээнээс авсан арчдас наацанд эр бэлгийн эс илрээгүй. Талийгаач Л.Оюун-Эрдэнийн цус нь Цоликлон системээр АВ 4-р бүлгийн харъяалалтай байна... гэх дүгнэлт /хх-1-ийн 151-155 хуу/,

Д.Аын сэжигтэнээр өгсөн... Тэгээд би О-ийг бие муутай байж пиво уулаа гэж хэлээд гэрийн зүүн талын орны толгойн харалдаа шкаб 2-н завсарт харалдаа урд талд нь хагас тонгойгоод зогсож байхад нь араас нь нэг удаа баруун гараараа баруун хацар дээр нь нэг удаа алгадсан. Миний алгадсан хацарт хөхрөх маяг орсон байсан. Харин намайг алгадсан чинь О- зүүн талаараа орны толгойг шүргээд унасан. Бас орны хоймор талд байх шкабны доод талын буланг мөргөчих шиг болсон. Тэгээд босоод орондоо ороод ямар нэгэн асуудалгүй унтсан. Намайг алгадахаас өмнө Оюун-Эрдэнийн хамраас цус гараад тэрийг нь ариун цэврийн цаасаар цэвэрлэсэн. Мөн намайг алгадсаны дараа хамраас нь цус гарсан. Тэрийг нь мөн ариун цэврийн цаасаар цэвэрлэсэн.  Оюун-Эрдэнэ бид хоёр л байсан. Өөр хүн байгаагүй. Намайг буяны ажилд явахад унтаад үлдсэн. Харин намайг буцаад ирэхэд эхнэр гэрийн баруун талын орон дээр хөнжил нөмөрчихсөн нас барсан байсан. .Хадбаатар, Анхбаяр, Бат-Өлзийбаяр, Баасанхүү бид нар пиво уусан. Өөр хүн манайхаар орж гараагүй. О- нь Хадбаатар, Анхбаяр, Бат-Өлзийбаяр, Баасанхүү нартай хэрүүл маргаан, зодоон хийгээгүй. Гараа атгаагүй, дэлгэж байгаад л ар хажуугаас нь алгадсан. Тэгээд л унасан. Дунд зэргийн хүчтэй л алгадсан. Тийм их хүчтэй алгадаагүй. Аажуухан, зөөлхөн л унасан. Уг нь намайг 2017 оны 05 дугаар сарын 22-ны үүрээр буяны ажилд явах гээд гарахад эхнэр О-босож ирээд хамт явах гэснээ буцаад болиод хэвтсэн... гэх мэдүүлэг / хх-2-ийн 285-287,

 хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н-ын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд өгсөн...Зоддог байсан гэж манай дүү надад хэлж байсан. Манай дүүд ээж маань амьд сэрүүн байхдаа “зодоод гэрээс нь хөөгөөд хөл нүцгэн гаргаж байсан” гэж хэлсэн байсан гэсэн. Ээжийгээ алдсан болохоор гомдолтой байна. Бага байхдаа ээжгүй өссөн, маш их гомдолтой байна гэсэн мэдүүлэг,

эд мөрийн баримт зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Ийнхүү хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, уг нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч түүний өмгөөлөгч нар Д.А нь 2017 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө эхнэр Л.О-ийг алсан болохыг ямар нэгэн эргэлзээгүйгээр нотлосон нотлох баримт байхгүй төдийгүй талийгаач Л.О-ийн биед учирсан гэмтлийг хэзээ, хэрхэн, юугаар, яаж учруулсан өөрөөр хэлбэл нотловол зохих асуудлуудыг бүрэн нотолж чадаагүй байхад Д.Аыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нотлох баримтанд үндэслэгдээгүй, улмаар хууль ёсны болж чадсангүй, мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь таамаглал төдий дүгнэлт хийж хэрэгт хамаарал бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж эргэлзээгүй байдлаар тогтоох ёстой атал бодит үйл явдалд үнэлэлт дүгнэлтийг буруу өгч эргэлзээтэй байвал ашигтайг нь баримтлах зарчмыг алдагдуулж Д.Ат ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн хэмээн давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалгаж тодруулсан, Д.Аын үйлдсэн “Хүний алах” гэмт хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон байна.

 

Дээр дурдсан нотлох баримтууд болон прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсгээр хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, анхан шатны шүүхээс Д.Аын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулж болохоор хууль тогтоогчоос хуульчлан тогтоосон төрөл хэмжээний дотор хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад эргэлзээтэй, хоорондоо зөрүүтэй баримт байхгүй, шинжээчийн 58 дугаартай дүгнэлт хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд ямар нэгэн эргэлзээтэй асуудал бий болоогүй байна. 

 

Иймд шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Г.Энхбаяр, В.Удвал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

             Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1-т тус тус заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.Аын шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон 62 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ДАВААСҮРЭН

 ШҮҮГЧИД                                                Н.ЭНХМАА
                                                                  В.ЦЭЦЭНБИЛЭГ