Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2022/0479

 

 


“М” ГХОХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Г.Билгүүн,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б,

Нэхэмжлэгч: “М” ГХОХХК,

Хариуцагч: нийслэлийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын газар ашиглах эрх олгохоос татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Намьянжугийн гудамж, М төвийн барилга 2482 м.кв газрыг ашиглах эрхийг “М” ГХОХХК-д олгохыг нийслэлийн Засаг даргад даалгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 265 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бадамсүрэн,

Хэргийн индекс: 128/2021/0308/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 265 дугаар шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 21 дүгээр зүйлийн 21.2.4, 44 дүгээр зүйлийн 44.8, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ГХОХХК-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “М” ГХОХХК-д газар ашиглах эрх олгохоос татгалзсан нийслэлийн Засаг даргын шийдвэр хууль бус болохыг тогтоож, “М” ГХОХХК-д газар ашиглах эрх олгохыг нийслэлийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэргэлээс гаргасан давж заалдах гомдлын агуулга:

“Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 05 дугаар тогтоолоор “М” ХХК-д Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2842 м.кв газрыг үйлчилгээ, соёлын төвийн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрх олгосон байна.

Улмаар нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/453 дугаар захирамжаар газар ашиглах эрхийн хугацааг 5 жилээр сунгаж, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг “М” ХХК-аас “М” ХХК-д соёлын төв, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар шилжүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/779 дүгээр захирамжаар “М” ХХК-аас иргэн Ж.О-д газар эзэмших эрхийг 3 жил 07 сарын хугацаатайгаар шилжүүлсэн байна.

Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан тул Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 132 дугаар тогтоолын дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэх нь үндэслэлгүй байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт прокурорын тогтоолыг үндэслэсэн нь хуульд нийцээгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 265 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

“Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтын хүрээнд нотлогдож байгаа үйл баримтуудын талаар шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй буюу Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 132 дугаар тогтоолоор Ж.О-д холбогдох хэргийг хааж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл шүүх Ж.О-ыг хууль бусаар маргаан бүхий 2482 м.кв газрыг шилжүүлэн авсан мэтээр дүгнэж шийдвэрийн үндэслэлээ болгож байгаад гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно...” гэж заасны дагуу Ж.О-ыг хууль бусаар газрын эзэмших эрхийг шилжүүлэн авсан гэж шүүхээс гэм буруутайд тооцоогүй байхад шүүх прокурорын тогтоолд үндэслэж шийдвэрлэсэн байна.

Хэрэв Ж.О-ын газар эзэмших эрхийг 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хууль бус шилжүүлэн авсан гэж үзэхээр бол нэхэмжлэгч “М” ХХК нь 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд хандан шаардах эрхээ хэрэгжүүлж буй нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй байхад шүүх дүгнэлт огт хийсэнгүй.

Анх уг газрыг 2000 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/41 дүгээр нийслэлийн Засаг даргын захирамжаар “М” боловсрол, соёл худалдааг дэмжих нийгэмлэгийн барилгыг Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Их тойруу гудамжны баруун талд 0.39 га газрыг 15 жилийн хугацаатай ашиглуулахаар олгосон байдаг бөгөөд уг хэрэг маргаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр “М” боловсрол, соёл худалдааг дэмжих нийгэмлэг оролцох хүсэлт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тавьдаг.

Гэтэл шүүхээс хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь шүүхийн процессын алдаа болсон гэж үзэж байна. Учир нь уг маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч нь “М” боловсрол, соёл худалдааг дэмжих нийгэмлэг байсан бөгөөд гагцхүү Ж.О-ын буруутай үйлдлийн улмаас “М” ХХК-ийн нэр дээр шилжсэн болно. Тодруулбал, “М” ХХК нь анх уг газрыг ашиглах эрхийг 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр олж авахдаа хууль бусаар буюу “М” боловсрол соёл худалдааг дэмжих нийгэмлэгийн гишүүдийн шийдвэрээр олж авах атал зөвхөн Ж.Отой гэрээ байгуулан ашиглах эрхийг олж авсан нь нийгэмлэгийн эрх ашиг хөндөгдөх нөхцөл байдал бий болсон байхад шүүх бие даасан гуравдагч этгээдээр оролцуулаагүй алдаа гаргасан байна.

Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 265 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаж, дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч “М” ГХОХХК-аас “Нийслэлийн Засаг даргын газар ашиглах эрх олгохоос татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Намьянжугийн гудамж, М төвийн барилга 2482 м.кв газрыг ашиглах эрхийг “М” ГХОХХК-д олгохыг нийслэлийн Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

2.Анх нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтын 14 дэх хэсгээр[1]  “М” ХХК-д Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах үйлчилгээ, соёлын төвийн зориулалтаар 2842 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглуулах эрхийг баталгаажуулсан.

3.Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/453 дугаар захирамжаар[2] “М” ХХК-д Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах 2482 м.кв газрыг “үйлчилгээ, соёлын төв”-ийн зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулах эрхийг олгожээ.

4.Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжаар[3] “М” ХХК-ийн “үйлчилгээ, соёлын төв”-ийн зориулалттай 2482 м.кв газрыг “М” ХХК-д шилжүүлж, газар эзэмших эрхийг олгосон.

5.Улмаар нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/779 дүгээр захирамжаар[4] “М” ХХК-ийн “үйлчилгээ, соёлын төв”-ийн зориулалттай 2482 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг Ж.О-д 3 жил 07 сарын хугацаатай шилжүүлж, эзэмших эрхийг олгожээ.

6.Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 132 дугаар тогтоолоор[5] гуравдагч этгээд Ж.О нь “М” ГХОХХК-ийн 2482 м.кв эзэмшил газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн эзэмших хүсэлтийг гаргахдаа хавсарган өгсөн тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд хуурамч гарын үсэг зурсан, хувийн тамгыг хуурамчаар үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан болох нь тогтоогджээ.

7.Иймээс нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/779 дүгээр захирамжаар[6] “М” ХХК-ийн “үйлчилгээ, соёлын төв”-ийн зориулалттай 2482 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг Ж.Од шилжүүлж, түүнд газар эзэмших эрхийг олгохдоо хуурамч бичиг баримтыг үндэслэн олгосон гэж үзэх үндэслэлтэй.

8.Түүнчлэн, маргаан бүхий газарт байрлах Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-2204011503 дугаарт бүртгэлтэй 1891 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч “М” ГХОХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, бодит байдал дээр уг үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч компани эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ[7], “М” ГХОХХК-ийн соёлын төв, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж буй талбайн газрын төлөв, байдал чанарын захиалгат хянан баталгааны ажлын тайлан[8] зэрэг баримтаар тогтоогдож байна.

9.Захиргааны ерөнхий хуулийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно:”, 48.2.4-т “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, ... буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн” гэж заасан.

10.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3"газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг,  3.1.4"газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг, 3.1.8"газар ашиглах эрхийн гэрчилгээ" гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг тус тус хэлэхээр заасан.

Мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэжээ.

11.Гуравдагч этгээд Ж.О нь газар эзэмших эрх олгосон нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/779 дүгээр захирамжийг гаргуулахдаа хууран мэхлэж буюу хуурамч бичиг баримт ашигласан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

12.Иймээс Ж.Од газар эзэмших эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий А/779 захирамжийг хууль бус гэж үзэхээр байх бөгөөд уг хууль бус газрын эзэмшлээс шалтгаалж хохирсон өөрийн газар ашиглах, эзэмших эрхийг сэргээн тогтоолгох, өөрийн нэр дээр газар ашиглах, эзэмших эрхийг шилжүүлэхийг Газрын тухай хуулийн дагуу хууль ёсны газар ашиглах, эзэмших эрх авсан газар ашиглагч, эзэмшигч бөгөөд тухайн газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нэхэмжлэгч компани хариуцагчаас шаардах эрхтэй.

13.Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сэргээн олгохыг хүссэн удаа дараагийн хүсэлтийг[9] шийдвэрлэхээс татгалзсан[10] нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, хариуцагчийн  татгалзлыг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч компанид газар ашиглах эрх олгохыг хариуцагчид даалган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

14.Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч “М” ГХОХХК-ийн ашиглаж, эзэмшиж байсан “үйлчилгээ, соёлын төв”-ийн зориулалттай 2482 м.кв газрыг Ж.О өөрийн нэр дээр хууль бусаар шилжүүлэн авч, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэдэг нь тогтоогдож байхад хариуцагч, гуравдагч этгээд нарын “шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт прокурорын тогтоолыг үндэслэсэн нь хуульд нийцээгүй байна” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь маргааны үйл баримтад хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 265 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                   Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 63-64 дэх тал

[2] Хэргийн 1-р хавтас 65-66 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 67-70 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 71-74 дэх тал

[5] Хэргийн 1-р хавтас 151-159 дэх тал

[6] Хэргийн 1-р хавтас 71 дэх тал

[7] Хэргийн 1-р хавтас 92 дахь тал

[8] Хэргийн 1-р хавтас 93-122 дахь тал

[9] Хэргийн 1-р хавтас 8-17, 28-29 дэх тал

[10] Хэргийн 1-р хавтас 139 дэх тал