| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0661/Э |
| Дугаар | 700 |
| Огноо | 2020-10-26 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 700
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч Н.М-, нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О- овогт Н-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010014600802 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ихэр хүслэн” ХХК-д барилгын инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, О- овогт Н-ийн М.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.М- нь 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хорооллын 410 дугаар байрны 68 тоотод Б.Г-ыг эхнэртэйгээ хардсаны улмаас зодож, эрүүл мэндэд нь субарахнойдал зайн цус харвалт, тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр нүдний дээд, доод, зовхины цус хуралт, хоёр нүдний алимны салтсад цус харвалт, дээд уруулын нэвт шарх, баруун чих, хүзүү, зүүн шилбэний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлгүүд:
Шүүгдэгч Н.М-: “...2020 оны 7 дугаар сарын 11-ний шөнө найз Батбаярын хамт гэртээ ирээд орох гэтэл гэрийн хаалгыг дотроос нь цоожилсон байсан, хаалгаа цохиход хаалга тайлахгүй байсан, тэгэж байгаад хаалга тайлсан, гэрт ороход Г-, манай эхнэр нар байсан, хаалга тайлахгүй удаад байсан уурандаа Г-ыг цохисон, ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна. Хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг Г-ын эхнэрийн данс руу шилжүүлсэн, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, сард 1,350,000 төгрөгийн цалин авдаг...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Б.Г- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 7 дугаар сарын 10-нд би найз нартайгаа хамт паб-д сууж байгаад Болор-Эрдэнэтэй тааралдсан. Тэгээд манай найз нартай хамт нэг ширээнд сууж байгаад 23 цаг өнгөрч байхад гэр рүүгээ явсан. Тэгээд дараа нь Болор-Эрдэнэ над руу залгаад хүрээд ир, нэг пиво ууя гэхээр нь би такси бариад гэрийнх нь гадаа очсон. Тэгэхэд Болор-Эрдэнэ байрны гадаа гарч ирж намайг авсан. Тэгээд гэрт нь ороод байж байхад М- найзтайгаа ирээд чи манайд юу хийж байгаа юм гээд эхнэрийгээ надтай хардаад гараараа нүүр, толгойн хэсэгт цохиод байсан. Би хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна, М-эс өөр хүн намайг цохиж зодоогүй...” /хх-ийн 23-26, 27/ гэсэн,
Гэрч Б.Анхзаяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгээ: “...2020 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 04 цаг 53 минутын үед манай нөхөр гэмтлийн эмнэлгээс залгаад хүнд зодуулсан гэж хэлсэн, удалгүй 05 цаг 30 минутын үед залгаад эмнэлэгт хэвт гэж байна гэсэн...” /хх-ийн 30-31/ гэсэн,
Гэрч С.Батбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө ...01 цаг 40 минутын үед М-н гэрт ирээд гэрт нь орох гэхэд хаалга нь онгойхгүй байхаар нь явья, хүн байхгүй юм шиг байна гэхэд М- дотроосоо цоожилсон байна, хүн байхгүй үед хурууны хээгээр онгойдог гэж хэлээд хаалгыг 20-30 орчим минут тогшиж зогссон. Тэгтэл гэрээс нэг залуу, эхнэртэй нь хамт гарч ирсэн. Тэгсэн чинь М- чи энд юу хийж яваа юм гээд нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би эхнэрийнх нь хамт салгах гэж оролдсон. Тэгээд гэрт ороод хэсэг хугацаанд ярилцаад байж байхад нөгөө залуу би яагаа ч үгүй, чи эхнэрээ шалгаад үз гээд байсан. М- яаж шалгадаг юм чи шалгаад үзүүлчих гэсэн. Тэгээд бас хоорондоо барилцаж авсан. ...Тэр хоёр хоорондоо ярилцаж байхдаа М- Г-ыг ганц нэг удаа гараараа цохиж байсан...” /хх-ийн 36-37/ гэсэн,
Шүүгдэгч Н.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 02 цагийн үед найз Батбаярын хамт гэртээ ирэхэд хаалга дотор талаасаа түгжээтэй байсан. Тэгээд хаалгаа 20 орчим минут нүдсэний дараа эхнэр Болор-Эрдэнэ хаалга онгойлгож өгөхөд Г- үүдэнд хамт зогсож байхаар нь чи энд юу хийж яваа юм бэ гэж асуусан. Г- манай эхнэр өөр хүнтэй явалдаад танай эхнэртэй бааранд тааралдаад ярилцаж сэтгэлээ тайвшруулах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд бага зэрэг маргаан болсон. Тэгэхэд танай эхнэртэй юу ч болоогүй, эхнэрээ шалгаад үз гэж хэлэхээр нь уур хүрээд толгой хэсэгт нь гараараа цохиж авсан. Тухайн үед яг хэдэн удаа цохисон талаар санахгүй байна. ...Г-ын биед учирсан гэмтлүүдийг би толгой руу нь гараараа цохиж учруулсан...” /хх-ийн 48-49/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн №8053 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.Г-ын биед субарахнойдал зайн цус харвалт, тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр нүдний дээд, доод зовхины цус хуралт, хоёр нүдний алимны салстад цус харвалт, дээд уруулын нэвт шарх, баруун чих, хүзүү, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-ийн 39-41/ гэсэн дүгнэлт,
- Гэмт хэрэг зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,
- Өргөдөл /хх-ийн 4/,
- Хохирлын баримтууд /хх-ийн 13-14/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 9/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 19/,
- Хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 74-75/
- Шүүгдэгч Н.М-н хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 52/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 53/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 54/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 55/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Н.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Н.М- нь 2020 оны 7 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хорооллын 410 дугаар байрны 68 тоотод Б.Г-ыг эхнэртэйгээ хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь субарахнойдал зайн цус харвалт, тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр нүдний дээд, доод, зовхины цус хуралт, хоёр нүдний алимны салтсад цус харвалт, дээд уруулын нэвт шарх, баруун чих, хүзүү, зүүн шилбэний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Г-ын “...М- найзтайгаа ирээд чи манайд юу хийж байгаа юм гээд эхнэрийгээ надтай хардаад гараараа нүүр, толгойн хэсэгт цохиод байсан. Би хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна, М-эс өөр хүн намайг цохиж зодоогүй...” /хх-ийн 23-26, 27/ гэсэн, гэрч С.Батбаярын “...2020 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө ...01 цаг 40 минутын үед М-н гэрт ирээд гэрт нь орох гэхэд хаалга нь онгойхгүй байхаар нь явья, хүн байхгүй юм шиг байна гэхэд М- дотроосоо цоожилсон байна, хүн байхгүй үед хурууны хээгээр онгойдог гэж хэлээд хаалгыг 20-30 орчим миунт тогшиж зогссон. Тэгтэл гэрээс нэг залуу, эхнэртэй нь хамт гарч ирсэн. Тэгсэн чинь М- чи энд юу хийж яваа юм гээд нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохисон. ...Тэр хоёр хоорондоо ярилцаж байхдаа М- Г-ыг ганц нэг удаа гараараа цохиж байсан...” /хх-ийн 36-37/ гэсэн, шүүгдэгч Н.М-н “...2020 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 02 цагийн үед гэртээ найз Батбаярын хамт ирэхэд хаалга дотроосоо түгжээтэй байсан. Тэгээд хаалгаа 20 орчим минут нүдсэний дараа эхнэр Болор-Эрдэнэ хаалга онгойлгож өгөхөд Г- үүдэнд хамт зогсож байхаар нь чи энд юу хийж яваа юм бэ гэж асуусан. ...Тэгэхэд танай эхнэртэй юу ч болоогүй, эхнэрээ шалгаад үз гэж хэлэхээр нь уур хүрээд толгой хэсэгт нь гараараа цохисон. Тухайн үед яг хэдэн удаа цохисон талаар санахгүй байна. ...Г-ын биед учирсан гэмтлүүдийг би толгой руу нь гараараа цохиж учруулсан...” /хх-ийн 48-49/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №8053 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт Б.Г-ын биед субарахнойдал зайн цус харвалт, тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр нүдний дээд, доод зовхины цус хуралт, хоёр нүдний алимны салстад цус харвалт, дээд уруулын нэвт шарх, баруун чих, хүзүү, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 39-41/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Б.Г-ын биед учирсан “...субарахнойдал зайн цус харвалт, тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр нүдний дээд, доод зовхины цус хуралт, хоёр нүдний алимны салстад цус харвалт, дээд уруулын нэвт шарх, баруун чих, хүзүү, зүүн шилбэний цус хуралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Н.М- түүнийг цохисноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.М-н хохирогч Б.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г-ын эрүүл мэндэд субарахнойдал зайн цус харвалт, тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр нүдний дээд, доод зовхины цус хуралт, хоёр нүдний алимны салстад цус харвалт, дээд уруулын нэвт шарх, баруун чих, хүзүү, зүүн шилбэний цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 500,000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн /хх-ийн 74-75/ тул энэ шүүх хуралдаанар хэлэлцэх хохирол төлбөргүй. Хохирогч Б.Г- нь цаашид хамрын хагалгаа хийлгэх эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.М- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлсөн байдал, ажил эрхлэлт зэрэг хувийн байдлуудыг харгалзан түүнд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.М- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 2010014600802 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Н.М- энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О- овогт Н-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ийн М-г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Н.М-д оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь хохиролд 500,000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч Б.Г- цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
6. Эрүүгийн 2010014600802 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Н.М- энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.М- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР