Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 701

 

 

 

 

 

 

    2020         10          26                                       2020/ШЦТ/701

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Гүнсэл /томилолтоор/, шүүгдэгч Л.М-, түүний өмгөөлөгч Б.Баттулга, нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б- овогт Л-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010000000716 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 237 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30,000 төгрөгөөр торгох ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 378 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил хорих ял оногдуулж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 212 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жил 06 сар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 51 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 06 сарын хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 588 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 06 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, Б- овогт Л-ийн М,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л.М- нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Будда-Виста хотхоны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг Грилл студио гэх нэртэй ресторанаас 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Т.Т-гийн Дэлл ай-7 маркийн нөүтбүүкийг хулгайлж 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Л.М-: “...2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хамтран амьдрагч Оюун-Эрдэнэтэй хамт Зайсан орчмоор явж байгаад тухайн ресторанаас хоолны үлдэгдэл байнга авдаг учир орсон, тэгээд тэнд байсан компьютерийг аваад гарчихсан, тэр компьютерийг 25 дугаар эмийн сангийн тэнд танихгүй хүнд зарсан, тэгээд баригдаад байцаагчтайгаа хамт зарсан хүнээсээ тухайн компьютерийг буцааж авсан. Компьютер зарсан мөнгөөрөө түргэн хоолны газарт хоол авч идээд хэрэглээд дууссан, өмнө нь шоронгоос гарч ирээд гэр оронгүй хүмүүс амьдардаг төвд амьдрах болсон, гарч ирснээс хойш хулгайн гэмт хэрэгт огт холбогдоогүй байсан, гэтэл ийм байдалд орчихлоо, өнгөрсөн амьдралдаа их зүйл бодож байна, эхнэр авсан, эхнэр маань одоо жирэмсэн, намайг хоригдчихвол хэцүүднэ, надад нэг удаа боломж олгоод хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү, дахин хулгай хийхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Т.Т- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооын нутаг дэвсгэрт байрлах Будда Виста хотхоны 1 дүгээр давхарт байрлах Грилл Студио ресторанд ажлын байран дээрээ 12 цагийн үед ирээд ажлаа хийж байгаад 15 цагийн үед үүдний өлгүүрийн хэсэгт байрлах сурталчилгааны видео явуулдаг Делл загварын нөүтбүүк байхгүй болсныг хараад хяналтын камерийн бичлэг шүүж үзэхэд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гадуур явж байгаад эрэгтэй нь орж ирээд нөүтбүүкийг аваад гарч байсан...” /хх-ийн 23-24/  гэсэн,

 

Гэрч Ч.Оюун-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хамтран амьдрагч М-ын хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн хавьд хоол хайгаад явж байгаад Хөдөө аж ахуйн их сургуулийн хажууд Будда Виста хотхоны нэг давхарын ресторан руу М- хоол асуух гэж ороод гарч ирэхдээ гартаа нэг нөүтбүүк бариад ирсэн. Тэр нөүтбүүкийг 25 дугаар эмийн сангийн тэд гар утас завсарт 30,000 төгрөгөөр зарсан...” /хх-ийн 27-29/ гэсэн,

 

Гэрч Б.Буян-Арвижих мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Баянгол дүүргийн 25 дугаар эмийн сангийн тэнд гар утас засвар ажлуулдаг 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр эрэгтэй хүн орж ирээд нөүтбүүкийг сэлбэгэнд авах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би 30,000 төгрөгөөр худалдаж авья гэж хэлээд бэлнээр 30,000 төгрөг өгсөн...” /хх-ийн 31-33/ гэсэн,

 

Шүүгдэгч Л.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооын нутаг дэвсгэрт байрлах Будда Виста барилгын хажуугаар хамтран амьдрагч Оюун-Эрдэнийн хамт өнгөрч яваад нэг давхарт байрлах ресторан руу хоолны үлдэгдэл авахаар орсон, уг рестораны хаалгаар ороход хүн байхгүй, зүүн гар талд байх ширээн дээр саарал өнгийн Делл брэндийн нөүтбүүк байхаар нь авч яваад 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын ард байх гар утас засварын газарт сууж байсан хоёр залууд 30,000 төгрөгөөр худалдсан...” /хх-ийн 62/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн №05/192, №05/189 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 44-48/,

- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 8-12/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 18-19/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-21/, 

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 38-40/,

- Хүний биед үзлэг хйисэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 94-100/,

- Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 101/,

- Шүүгдэгч Л.М-ын хувийн байдалтай холбоотой төрөл садангийн лавлагаа /хх-ийн 66-67/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80/, шүүхийн таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 82-90/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Л.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Л.М- нь 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Будда-Виста хотхоны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулаг Грилл студио гэх нэртэй ресторанаас дэлл ай-7 загварын зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Т.Т-д 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.Т-гийн “...2020 оны 7 дугаар сарын 06-ны ...ажлаа хийж байгаад 15 цагийн үед үүдний өлгүүрийн хэсэгт байрлах сурталчилгааны видео явуулдаг делл загварын зөөврийн компьютер байхгүй болсныг хараад хяналтын камерийн бичлэг шүүж үзэхэд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гадуур явж байгаад эрэгтэй нь орж ирээд компьютерийг аваад гарч байсан...” /хх-ийн 23-24/  гэсэн, гэрч Ч.Оюун-Эрдэнийн “...2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хамтран амьдрагч М-ын хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн орчим хоол хайгаад явж байгаад Хөдөө аж ахуйн их сургуулийн хажууд Будда Виста хотхоны нэг давхарын ресторан руу М- хоол асуух гэж ороод гарч ирэхдээ гартаа нэг нөүтбүүк бариад ирсэн. Тэр нөүтбүүкийг 25 дугаар эмийн сангийн тэд гар утас завсарт 30,000 төгрөгөөр зарсан...” /хх-ийн 27-29/ гэсэн, гэрч Б.Буян-Арвижихын “...Би Баянгол дүүргийн 25 дугаар эмийн сангийн тэнд гар утас засвар ажлуулдаг 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр эрэгтэй хүн орж ирээд нөүтбүүкийг сэлбэгэнд авах уу гэхээр нь би 30,000 төгрөгөөр худалдаж авья гэж хэлээд бэлнээр 30,000 төгрөг өгсөн...” /хх-ийн 31-33/ гэсэн, шүүгдэгч Л.М-ын “...2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Будда Виста барилгын хажуугаар хамтран амьдрагч Оюун-Эрдэнийн хамт өнгөрч яваад нэг давхарт байрлах ресторан руу хоолны үлдэгдэл авахаар орсон, уг рестораны хаалгаар ороход хүн байхгүй, зүүн гар талд байх ширээн дээр саарал өнгийн нөүтбүүк байхаар нь авч яваад 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын ард байх гар утасны засварт сууж байсан 2 залууд 30,000 төгрөгөөр худалдсан...” /хх-ийн 62/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 8-12/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-21/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 38-40/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л.М- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Т-гийн эд хөрөнгөд 500,000 төгрөгийн хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад алдагдсан эд зүйлийг олж, хохирогчид хүлээлгэн өгсөн /хх-ийн 101/, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Л.М- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-ын 2020 оны 7 дугаар сарын 28-наас /хх-ийн 58/ өнөөдрийг хүртэл буюу 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 90 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн 2010000000716 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б- овогт Л-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л-ийн М-ыг 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсгүэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-д оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Л.М-ын цагдан хоригдсон 90 /ер/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн 2010000000716 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР