| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 101/2017/00779/и |
| Дугаар | 00532 |
| Огноо | 2016-02-07 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 00532
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хүсэлттэй,
Хатгин овгийн Даваажавын Сарантуяа /РД:ЖЬ80091773/-г архины албадан эмчилгээ хийлгүүлэх тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч М.Аяатбек, гуравдагч этгээд Д.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шүүхэд гаргасан хүсэлт болон түүний төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Д.Сарантуяа нь тус дүүргийн нутаг дэвсгэрт байнга архидан согтуурч удаа дараа эрүүлжүүлэгдсэн, нийтийн хэв журмыг байнга зөрчиж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, архинд донтох өвчтэй байх тул архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Д.Сарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би архины эмчилгээнд явмааргүй байна, манай эхнэр өнөө маргаашгүй төрөх дөхсөн би бага насны 2 хүүхэдтэй гэв.
Хүсэлт гаргагч, гуравдагч этгээдийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс архины албадан эмчилгээ хийлгүүлэх хүсэлт гаргасан байна.
Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д албадан эмчлэх үндэслэлийг “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ” гэж заасан байна.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаар Д.Сарантуяа нь удаа дараа согтууруулах ундаа дахин хэрэглэсэн, согтуугаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, нийгмийн хэв журмыг зөрчсөн талаар зөрчлийн мэдээллүүд нь хэрэгт авагдсан байх боловч зөрчил гаргасан болон авсан арга хэмжээний талаарх холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Зөвхөн зөрчлийн мэдээллээр мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “...нийгмийн хэв журмыг зөрчсөн...” дүгнэлт хийх үндэслэлгүй байна.
2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн эмнэлгийн дүгнэлтээр Алкоголиум 2 дугаар донтох зэргийн өвчтэй нь тогтоогдож байгаа нь Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон...” гэсэн үндэслэлд хамаарч байна.
Хуулийн дагуу архины албадан эмчилгээнд явуулах үндэслэл хуулийн 4.1-д зааснаар бүрэн бүрдээгүй байхаас гадна мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан бүрдүүлэх баримтууд хангалттай бүрдээгүйгээс бусад хуулиар тодорхойлогдох хууль зүйн сөрөг үр дагаварт хүргэх үндэслэлтэй.
Тодруулбал, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар, “...зохих иргэний хүсэлт” ирүүлнэ гэж заажээ. Хуулийн энэ хэсэгт заасан зохих этгээд гэдгээр гурадвагч этгээдийн эцэг, эхийн хүсэлтийг ирүүлсэн байна.
Гуравдагч этгээд Д.Сарантуяа нь эхнэр, 3 настай болон 5 настай хүүдүүдийн хамт амьдарч орлогоороо тэжээн тэтгэдэг, эхнэр нь удахгүй төрнө гэж тайлбарлаж байгааг хүсэлт гаргагч талаас үгүйсгээгүй байна. Түүний гэр бүлийн гишүүн болон эхнэрээс гаргасан тайлбар, ирүүлсэн хүсэлтгүйгээр тус хэргийн материал бүрдсэн гэж үзэх боломжгүй. Хамтын амьдралтай гэр бүлийн гишүүн бус этгээдийн хүсэлтийг “зохих иргэний хүсэлт” гэж үзэх нь тухайн хэргийн хувьд учир дутагдалтай байгаа нь дурдах нь зүйтэй.
Иймд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн гаргасан, Д.Сарантуяаг архины албадан эмчилгээ хийлгүүлэх тухай хүсэлтийг хангах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар /РД: ЖЬ80091773/ Хатгин овгийн Даваажавын Сарантуяа албадан эмчилгээ хийлгэх хүсэлтийг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, гуравдагч этгээд нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН