Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 703

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Одонтуяа, шүүгдэгч Г.Ц-, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг, нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч  М- овогт Г-гийн Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010000000754 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

М- улсын иргэн, 1976 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, технологийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн М- овогт Г-гийн Ц,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Ц- нь 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн уулзвар дээр замын цагдаагийн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч У.М-гийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний биед халдаж, хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Г.Ц-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.  

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч У.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Хөдөө аж ахуйн уулзвар дээр үүрэг гүйцэтгэж байхад 63-14 УБВ улсын дугаартай саарал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцохдоо гар утсаар ярьж байсан тул Зөрчлийн тухай хуульд зааснаар 20 нэгжээр торгосон. Тэгтэл тус тээврийн хэрэгслийн жолооч Г.Ц- 10,000 төгрөгөөр торгосонгүй гээд буцаж ирээд торгуулийн хуудсыг нүүр рүү шидэхээр нь яагаад торгуулийн хуудсаа над руу шидэж байгаа юм бэ гэхэд яадаг юм, чамд өгч байна гээд хэл амаар доромжилж машинаас бууж ирээд над руу дайрсан. Тэгэхээр нь хуулийн дагуу хэлтэс рүү явахыг шаардахад миний нүүр, уруул руу цохиж зүүн гарын дунд хурууг бөгжөөрөө урсан...” /хх-ийн 10-12/ гэсэн,

 

 

Шүүгдэгч Г.Ц- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 63-14 УБВ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Хөдөө аж ахуй сургуулиаар баруун эргээд замын цагдаа зогсоосон. Намайг гар утсаар ярьж хөдөлгөөнд орсон, торгоно гэж хэлсэн. Тэгэхээр нь 10,000 төгрөгөөр торгочих ах нь яараад байна гэхэд 10,000 төгрөгөөр торгохоор болсон. Тэгээд цааш явж байхдаа торгуулийн хуудсаа харахад 20,000 төгрөгөөр торгосон байхаар нь буцаж цагдаа дээр очоод 10,000 төгрөгөөр торгоно гэчихээд яагаад 20,000 төгрөгөөр торгож байгаа юм бэ, энийгээ хар гээд торгуулийн хуудсыг харуулсан. Тэгээд явах гэхэд явуулахгүй гэхээр нь уурлаад цагдааг түлхсэн гэтэл шууд гарыг гавласан...” /хх-ийн 43-46/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/,

- Илтгэх хуудас /хх-ийн 7/,  

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 23-32/,

- Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-41/,

- Хохирогч У.М-гийн нарын ажлын үнэмлэхний хуулбар /хх-ийн 15/,

- Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдын ажлын хуваарь /хх-ийн 70-71/,

- Шүүгдэгч Г.Ц-ын хувийн байдалтай холбоотой гэрч Д.Энхмаагийн мэдүүлэг /хх-ийн 18-19/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 50/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 51/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 52/, үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 53/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 54/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 56/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 57/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                                 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Г.Ц- нь 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн уулзвар дээр замын цагдаагийн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч У.М-гийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний биед халдаж, хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох хохирогч У.М-гийн “...2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Хөдөө аж ахуйн уулзвар дээр үүрэг гүйцэтгэж байхад 63-14 УБВ улсын дугаартай саарал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцохдоо гар утсаар ярьж байсан тул Зөрчлийн тухай хуульд зааснаар 20 нэгжээр торгосон. Тэгтэл тус тээврийн хэрэгслийн жолооч Г.Ц- 10,000 төгрөгөөр торгосонгүй гээд буцаж ирээд торгуулийн хуудсыг нүүр рүү шидэхээр нь яагаад торгуулийн хуудсаа над руу шидэж байгаа юм бэ гэхэд яадаг юм, чамд өгч байна гээд хэл амаар доромжилж машинаас бууж ирээд над руу дайрсан. Ингэхээр нь хуулийн дагуу хэлтэс рүү явахыг шаардахад миний нүүр, уруул руу цохиж зүүн гарын дунд хурууг бөгжөөрөө урсан...” /хх-ийн 10-12/ гэсэн, шүүгдэгч Г.Ц-ын “...2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 63-14 УБВ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Хөдөө аж ахуй сургуулиаар баруун эргээд замын цагдаа зогсоосон. Намайг гар утсаар ярьж хөдөлгөөнд орсон, торгоно гэж хэлсэн. Тэгэхээр нь 10,000 төгрөгөөр торгочих, ах нь яараад байна гэхэд 10,000 төгрөгөөр торгохоор болсон. Тэгээд цааш явж байхдаа торгуулийн хуудсаа харахад 20,000 төгрөгөөр торгосон байхаар нь буцаж цагдаа дээр очоод 10,000 төгрөгөөр торгоно гэчихээд яагаад 20,000 төгрөгөөр торгож байгаа юм бэ энийгээ хар гээд торгуулийн хуудсыг харуулсан. Тэгээд явах гэхэд явуулахгүй гэхээр нь уурлаад цагдааг түлхсэн гэтэл шууд гарыг гавласан...” /хх-ийн 43-46/ гэсэн мэдүүлгүүд, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/, илтгэх хуудас /хх-ийн 7/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 23-32/, хохирогч У.М-гийн нарын ажлын үнэмлэхний хуулбар /хх-ийн 15/, Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдын ажлын хуваарь /хх-ийн 70-71/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хохирогч У.М- Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэст ажилладаг, тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан болох нь түүний ажлын үнэмлэхний хуулбар /хх-ийн 15/, Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдын ажлын хуваарь /хх-ийн 70-71/ зэргээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгч Г.Ц- нь түүний биед хүч хэрэглэсэн халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэх үед нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Ц- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Ц- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Хохирогч У.М- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой зардал, төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Г.Ц- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2010000000754 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Ц- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч У.М- нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М- овогт Г-гийн Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-гийн Ц-т хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд шүүгдэгч Г.Ц-т зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Г.Ц- нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2010000000754 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Ц- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч У.М- нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР