Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 709

 

 

 

 

 

 

 

    2020         10          28                                       2020/ШЦТ/709

 

 

                                                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Одонтуяа, шүүгдэгч М.Х-, түүний өмгөөлөгч У.Батцэцэг, нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т- овогт М-гийн Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010000000712 дугаартай хэргийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, эхнэр, хүүгийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 369 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, Т- овогт М-гийн Х,  

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Х- нь 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 49 дүгээр байрны гражид байсан хохирогч Ж.Т-ийн эзэмшлийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч М.Х-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэргээ зөвшөөрч байгаа, хохирол төлбөрийг барагдуулсан, өмнө нь барилгын өөр ажил хийж байгаад дуусахаар нь одоо барилгын засал чимэглэлчин хийж байгаа, энэ ажлыг хийгээд цөөхөн хэд хонож байна. Би бага насны буюу 5 настай хүүхэдтэй, цэцэрлэгт нь заримдаа эхнэр, заримдаа би хүргэж өгдөг. Хийсэн хэрэгтээ гэмшиж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

 

Хохирогч Ж.Т- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 49 дүгээр байрны 5 тоотод амьдардаг. 2020 оны 7 дугаар сарын 07-ны өглөө тус байрны гаражид байсан Тотен нэртэй унадаг дугуй маань хулгайд алдсан байсан. 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Нарны зам дагуу унадаг дугуйны худалдааны төвөөс 350.000 төгрөгөөр худалдаж авсан. Тотен брендийн цагаан өнгөтэй, дугуйны хэмжээ 26-тай. Алдсан эд зүйлээ авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 9-11/ гэсэн,

 

Гэрч Н.Энхтуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 49 дүгээр байрны оршин суугч Зулаа залгаад гаражаас манай хүүхдийн дугуй алга болчихлоо, камер шүүмээр байна гээд ...камер руу харахад унтраастай байсан. ...Миний хариуцдаг байрны гаражид хүүхдийн гурван дугуй байдаг, хоёр нь цоожтой, нэг нь цоожгүй болохоор манай хүү Х- сонирхоод унаад гараад явсан гэж бодож байна...” /хх-ийн 14-15/ гэсэн,

 

Гэрч Ж.Наранбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 11 цагийн орчим улаан өнгийн ноосон цамцтай залуу ирж цагаан өнгийн Тотем нэртэй дугуйг мөнгөний хэрэг гараад байна гээд 80,000 төгрөгөөр зарсан. Би хулгайн дугуй биш биз гэхэд үгүй ээ, миний өөрийн дугуй, дугуйны бичиг баримт нь минийх гэж байсан, тэгэхээр нь би нэрийг нь регистерийн дугаарыг нь бичиж авсан. М-гийн Х-, ВИ93100310 регистертэй гэж тэмдэглүүлсэн...” /хх-ийн 16-17/ гэсэн,

 

Шүүгдэгч М.Х- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... 2020 оны 7 дугаар сарын 07-ны өглөө ...гэрээсээ 10 цаг өнгөрч байхад гараад гаражаас түгжээгүй сул байсан ...цагаан өнгийн унадаг дугуйг унаад Нарантуул зах ороод унадаг дугуй авдаг хүнд 80.000 төгрөгөөр өөрийн дугуй, мөнгөний хэрэг гараад байна гэж хэлээд зарсан. ...Тус мөнгөөр гэртээ идэх юм авсан, зарим мөнгөөр нь архи авч уусан. Хийсэн хэрэгтээ харамсаж байна, унадаг дугуй зарсан хүнд 80.000 төгрөгийг буцааж өгсөн, дугуйг дугуйны эзэнд өгсөн...” /хх-ийн 31-32/ гэсэн мэдүүлгүүд, 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 23/,

- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 26-27/,

- Шүүгдэгч М.Х-ийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36/ төрөл садангийн лавлагаа /хх-ийн 37-38/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 41-45/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, М.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                           

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч М.Х- нь 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 49 дүгээр байрны гаражид байсан хохирогч Ж.Т-ийн эзэмшлийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох хохирогч Ж.Т-ийн “...2020 оны 7 дугаар сарын 07-ны өглөө тус байрны гаражид байсан унадаг дугуй маань хулгайд алдсан байсан...” /хх-ийн 9-11/ гэсэн, гэрч Н.Энхтуяагийн “...Миний хариуцдаг байрны гаражид хүүхдийн гурван ширхэг дугуй байдаг, хоёр нь цоожтой, нэг нь цоожгүй болохоор манай хүү Х- сонирхоод унаад гараад явсан гэж бодож байна...” /хх-ийн 14-15/ гэсэн, гэрч Ж.Наранбаатарын “... 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 11 цагийн орчим улаан өнгийн ноосон цамцтай залуу ирж цагаан өнгийн Тотем нэртэй дугуйг мөнгөний хэрэг гараад байна гээд 80000 төгрөгөөр зарсан. Би хулгайн дугуй биш биз гэхэд үгүй ээ, миний өөрийн дугуй, дугуйны бичиг баримт нь минийх гэж байсан, тэгэхээр нь би нэрийг нь регистерын дугаартай нь бичиж авсан. М-гийн Х-, ВИ93100310 регистертэй гэж тэмдэглүүлсэн...” /хх-ийн 16-17/ гэсэн, шүүгдэгч М.Х-ийн “... 2020 оны 7 дугаар сарын 07-ны өглөө ...гэрээсээ 10 цаг өнгөрч байхад гараад гаражаас түгжээгүй сул байсан ...цагаан өнгийн унадаг дугуйг унаад Нарантуул зах дээр унадаг дугуй авдаг хүнд 80.000 төгрөгөөр өөрийн дугуй, мөнгөний хэрэг гараад гэж хэлээд зарсан...” /хх-ийн 31-32/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүүлэлт /хх-ийн 4-6/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 23/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 26-27/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхитэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдох бөгөөд М.Х-ийн дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Х-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч М.Х- нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Т-ийн эд хөрөнгөд 350.000 /хх-ийн 23/ төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг биет байдлаар буцаан өгсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 133-134/ гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч М.Х- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй хувийн байдлыг харгалзан түүнд хуульд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2010000000712 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Ж.Т- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч М.Х- цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:            

 

1. Шүүгдэгч Т- овогт М-гийн Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгэдэгч М-гийн Х-д 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.  Шүүгдэгч М.Х-д оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Х-ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2010000000712 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.Х- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ж.Тэнгис гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

         

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР