| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0659/Э |
| Дугаар | 725 |
| Огноо | 2020-11-03 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 725
2020 11 03 2020/ШЦТ/725
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч Э.Н-, нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х- овогт Э-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010015690781 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х- овогт Э-ын Н,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Н- нь Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 2 дугаар гудамж, 59 тоот хашааны гадна иргэн Г.Э-ий эзэмшлийн 08-45 УБО улсын дугаартай Тоёота Марк Икс Зио маркийн тээврийн хэрэгслийн салхины шил, хойд болон хажуу шилийг хагалж, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээн бусдад 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Э.Н-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Э-ийг мэднэ, Энхбаттай уулзах гэж очсон, ирэхгүй болохоор нь чулуугаар машины шилийг шидэж хагалсан, хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хохиролд 500,000 төгрөг төлсөн. Торгуулийн ялыг багаар тогтоож өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Г.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 8 дугаар сарын 18-ны орой 17 цаг 30 минутын үед миний төрсөн ах Энхбат амралтын газар явчихаад ирье, машинаа өгөөч гэхээр нь зөвшөөрөөд машинаа өгсөн. Ингээд хоёр цаг орчмын дараа ажлын хүн чиний машины бүх цонх хагарчихсан байна гэхээр нь гайхаад байсан газарт нь буюу Яармагийн 2 дугаар гудамжны 59 тоот хашааны гадаа очиход миний машины урд салхины шил, хойд багажны шил, жолоочийн эсрэг талын цонхны шил хагарсан байсан. Тэгэхээр нь ах руугаа залгаад асуухад надтай хамт явж байсан эмэгтэйгийн эгч нь хагалсан гэж хэлсэн...” /хх-ийн 8/ гэсэн,
Гэрч Э.Пунсалдулам мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Энхбатаас завтай бол хүү бид хоёрыг хороолол хүргээд өгөөч гэхэд за тэгье гэж хэлсэн. Хороолол орчихоод буцаад гэртээ ирээд машинаас бууж байхыг манай ах хараад Н- эгчид хэлснийг, Н- эгч буруугаар ойлгоод Энхбат руу яриад хүүхдийн толгой эргүүллээ гээд муудалцаад, газраас чулуу аваад машины урд, хойд, хажуу талын шилийг хагалчихсан...” /хх-ийн 13/ гэсэн,
Гэрч Г.Энхбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Пунсалдулам нөхөртэйгөө муудалцсан, унаа тэрэггүй болоод хүүхэдтэйгээ нэг тийш явах гэсэн юм дөхүүлээд өгөөч гэхээр нь би завтай байсан болохоор за гэж хэлээд дөхүүлж өгөөд буцааж гэрт нь хүргэж өгсөн. Машинаа гудамжинд орхиод нэг хүнтэй уулзчихаад буцаад ирэхэд машины цонхыг юу ч үгүй хагалчихсан байсан. Тэрнээс өмнө Пунсалдуламын эгч нь гээд нэг эмэгтэй над руу яриад байхаар нь юу яриад байгааг нь ойлгоогүй. Тэр эмэгтэй миний машины шилийг хагалчихсан байсан. ...Пунсалдулам эгч машины чинь цонхыг хагалсан гэж хэлсэн...” /хх-ийн 14/ гэсэн,
Шүүгдэгч Э.Н- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Манай дүү Энхбат гэдэг залуутай уулзаад байгааг би хүнээс сонссон. ...2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн үед манай нагац ах Алтанхуяг над руу залгаад Пунсалдулам хүүхэдтэйгээ улаан өнгийн машинаас бууж байна, нөгөө уулздаг хүн нь бололтой гэхээр нь би яваад очиход нөгөө залуу хөдлөөд явсан. Араас нь дагаад явахад машинаа нэг гудамжинд орхиод өөрөө буугаад явчихсан байсан. Манай дүү Пунсалдулам руу нөгөө залуу нь залгахаар нь би утсыг нь аваад чи одоо машин дээрээ хүрээд ир, ямар учиртай манай дүүтэй уулзаад яваад байгаа юм бэ гэхэд би яваад очьё гэж хэлчихээд ирээгүй. Нилээн удаан хүлээгээд ирэхгүй болохоор нь миний уур хүрээд газраас дунд зэргийн чулуу аваад машиын урд салхины шил, арын багажны шил, хаалганы шилийг нь хагалчихаад явсан...” /хх-ийн 11-12, 24-25/ гэсэн мэдүүлгүүд,
- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 4-6/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20/,
- Шүүгдэгч Э.Н-ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 31/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 32/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Э.Н-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Э.Н- нь Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 2 дугаар гудамж 59 тоот хашааны гадна иргэн Г.Э-ий эзэмшлийн 08-45 УБО улсын дугаартай Тоёота Марк Икс Зио маркийн тээврийн хэрэгслийн салхины шил хойд болон хажуугийн шилийг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээн бусдад 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Э-ий “...2020 оны 8 дугаар сарын 18-ны орой 17 цаг 30 минутын үед миний төрсөн ах Энхбат амралтын газар явчихаад ирье, машинаа өгөөч гэхээр нь зөвшөөрөөд машинаа өгсөн. Ингээд хоёр цаг орчмын дараа ажлын хүн чиний машины бүх цонх хагарчихсан байна гэхээр нь гайхаад машин байсан газарт нь буюу Яармагийн 2 дугаар гудамны 59 тоот хашааны үүдэнд очиход машины салхины урд, хойд багажны шил, жолоочийн эсрэг талын цонхны шил хагарсан байсан. Тэгэхээр нь ах руугаа залгаж асуухад надтай хамт явж байсан эмэгтэйгийн эгч нь хагалсан гэж хэлсэн...” /хх-ийн 8/ гэсэн, гэрч Э.Пунсалдуламын “...Энхбатаас завтай бол хүү бид хоёрыг хороолол хүргээд өгөөч гэхэд за тэгье гэж хэлсэн. Хороолол орчихоод буцаад гэртээ ирээд машинаас бууж байхыг манай ах хараад Н- эгчид хэлснийг, Н- эгч буруугаар ойлгоод Энхбат руу яриад хүүхдийн толгой эргүүллээ гээд муудалцаад, газраас чулуу аваад машины урд, хойд, хажуу талын шилийг хагалчихсан...” /хх-ийн 13/ гэсэн, гэрч Г.Энхбатын “...Пунсалдуламын эгч нь гээд нэг эмэгтэй над руу яриад байхаар нь юу яриад байгааг нь ойлгоогүй. Тэр эмэгтэй миний машины шилийг хагалчихсан байсан. ...Пунсалдулам эгч машины чинь цонхыг хагалсан гэж хэлсэн...” /хх-ийн 14/ гэсэн, шүүгдэгч Э.Н-ын “...Манай дүү Энхбат гэдэг залуутай уулзаад байгааг би хүнээс сонссон. ...2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн үед манай нагац ах Алтанхуяг над руу залгаад Пунсалдулам хүүхэдтэйгээ улаан өнгийн машинаас бууж байна, нөгөө уулздаг хүн нь бололтой гэхээр нь би очиход нөгөө залуу явчихсан. ...Манай дүү Пунсалдулам руу нөгөө залуу нь залгахаар нь би утсыг нь аваад чи одоо машин дээрээ хүрээд ир, ямар учиртай манай дүүтэй уулзаад яваад байгаа юм бэ гэхэд би яваад очьё гэж хэлчихээд ирээгүй. Нилээн удаан хүлээгээд ирэхгүй болохоор нь миний уур хүрээд газраас дунд зэргийн чулуу аваад машины урд салхины шил, арын багажны шил, хаалганы шилийг нь хагалчихаад яваад өгсөн...” /хх-ийн 11-12, 24-25/ гэсэн мэдүүлгүүд, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 4-6/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.Н- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Э-ий эд хөрөнгөд 500,000 /хх-ийн 20/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Г.Э- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 8/ гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Э.Н- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй зэргийг харгалзан шүүгдэгч Э.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 2010015690781 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Э- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х- овогт Э-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х- овогт Э-ын Н-ыг 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Э.Н-т оногдуулсан 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2010015690781 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.Э- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР