| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0741/Э |
| Дугаар | 735 |
| Огноо | 2020-11-05 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 735
2020 11 05 2020/ШЦТ/735
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ц.Отгонсүрэн /томилолтоор/, шүүгдэгч Н.А-, нарийн бичгийн дарга М.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г- овогт Н-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2010017530928 дугаартай хэргийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, лифтний механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Булсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Г- овогт Н-н А, .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.А- нь 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” ХХК-ийн барьж буй барилгаас цахилгаан шатны удирдлагыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “Б” ХХК-д 653,910 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Н.А-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. ...Гүнболдоос урьд авах ёстой байсан өр авлага байсан, тэрийгээ авахын тулд лифтны шитийг авсан, өөр дээрээ хадгалж байгаад Гүнболдоос мөнгөө авчихаараа буцаагаад өгчихнө гэж бодсон, тухайн авсан эд зүйл нь Гүнболдых биш, компанийх гэж мэдэж байсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Дондогдулам ресиденсийн баригдаж байгаа барилга дээр ерөнхий инженер ажилтай 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр манай барилгаас цахилгаан шатны удирдлагын хавтан алдагдсан...” /хх-ийн 29-31/ гэсэн,
Гэрч Д.Гүнболд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай компани “Б” ХХК-ийн барилгын лифтний угсралтын ажлыг хийсэн. ...2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр барилгын хүмүүс надтай холбогдохоор нь би ирж цахилгаан шатаа асааж өгөөд маргааш нь буюу 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өглөө унтрааж өгөөд явсан. ...2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр тухай барилгын инженер надтай холбогдооод цахилгаан шат ажлуулах гэсэн юм гэхээр нь 12 цагийн үед ирээд түлхүүрээрээ асаах гэхэд ямар ч тог байхгүй болохоор дээр нь асаагаад хэлээрэй гээд явсан. Тэгтэл 14 цаг 40 минутын үед инженер цахилгаан шат чинь дээр нь асаагаад ч явахгүй байна гэхээр нь эргэж очоод цахилгаан шатны удирдлагын самбарыг үзэхэд ерөнхий инветарын плат, ...нэг туслах плат алга болсныг мэдсэн...” /хх-ийн 36-38/ гэсэн,
Гэрч Д.Ууганбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Б- инженер над руу залгаад цахилгаан шатны плат хулгайд алдагдсан байна, та ирэх шаардлагатай гэхээр нь очиж, лифтчин залуу, Б- нарын хамтаар камерын бичлэг шүүсэн. ...Уг камерт 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өглөө 08 цаг 51 минутын үед хар саравчтай малгайтай, хар цамтай, цэнхэр жинсэн өмдтэй, цэнхэр өнгийн амны хаалттай хүн орж ирээд 9 давхараас 10 давхар руу гараад нэг минут орчим болоод цахилгаан шатны хонгил цахилгаангүй болж гэрэл нь унтраад 15-20 минутын дараа доошоо бууж байгаа нь харагдсан...” /хх-ийн 39-41/ гэсэн,
Шүүгдэгч Н.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 9 дүгээр сарын 09-ний өглөө 09 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх Дондогдулам ресиденс гэх барилга дээр очиж 9 давхар руу алхаж гараад цахилгаан шатны удирдлагын гурван ширхэг хавтанг тайлж аваад гарсан. Уг хавтанг гэртээ аваачиж тавьсан. ...Тухайн барилгад цахилгаан шат угсарсан Гүнболд гэж дүүгээс ажлын хөлсөө авах гэхэд мөнгөө өгөхгүй байхаар нь уг цахилгаан шатны удирдлагын хавтанг барьцаа болгож авсан. Уг цахилгаан шатыг угсархад би Гүнболдтой хамтарч угсарсан. ...Уг цахилгаан шатны удирдлагын хавтан нь Гүнбодлын өмч биш, барилгын компанийн эзэмшлийнх юм...” /хх-ийн 63-64/ гэсэн мэдүүлгүүд,
- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 6/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 17/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-18-22/,
- Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 23-28/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 56-57/,
- Шүүгдэгч Н.А-гийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 67/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 72/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 73/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 74/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75/, Хаан банкны дансны хуулга /хх-ийн 77-86/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Н.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Н.А- нь 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” ХХК-ийн барьж буй барилгаас цахилгаан шатны удирдлагыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 653,910 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох хохирогчийн төлөөлөгч С.Б-ийн “...Би Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Дондогдулам ресиденсийн баригдаж байгаа барилга дээр ерөнхий инженер ажилтай 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр манай барилгаас Цахилгаан шатны удирдлагын хавтан алдагдсан...” /хх-ийн 29-31/ гэсэн, гэрч Д.Гүнболдын “...2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр тухай барилгын инженер надтай холбогдооод цахилгаан шат ажлуулах гэсэн юм гэхээр нь 12 цагийн үед ирээд түлхүүрээрээ асаах гэхэд ямар ч тог байхгүй болохоор дээр нь асаагаад хэлээрэй гээд явсан. Тэгтэл 14 цаг 40 минутын үед инженер цахилгаан шат дээр нь асаагаад ч явахгүй байна гэхээр эргэж очоод цахилгаан шатны удирдлагын самбарыг үзэхэд ерөнхий инветарын плат, ...нэг туслах плат алга болсныг мэдсэн...” /хх-ийн 36-38/ гэсэн, гэрч Д.Ууганбаатарын “...Камер шүүх үзэхэд 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өглөө 08 цаг 51 минутын үед хар саравчтай малгайтай, хар цамтай, цэнхэр жинсэн өмдтэй, цэнхэр өнгийн амны хаалттай хүн орж ирээд 9 давхараас 10 давхар руу гараад нэг минут орчим болоод цахилгаан шатны хонгил цахилгаангүй болж гэрэл нь унтраад 15-20 минутын дараа доошоо бууж байгаа нь харагдаж байсан...” /хх-ийн 39-41/ гэсэн, шүүгдэгч Н.А-гийн “...2020 оны 9 дүгээр сарын 09-ний өглөө 09 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх Дондогдулам ресиденс гэх барилга дээр очиж 9 давхар руу алхаж гараад цахилгаан шатны удирдлагын гурван ширхэг хавтанг тайлж аваад гарсан. ...Тухайн барилгад цахилгаан шат угсарсан Гүнболд гэж дүүгээс ажлын хөлсөө авах гэхэд мөнгөө өгөхгүй байхаар нь уг цахилгаан шатны удирдлагын хавтанг барьцаа болгож авсан. Уг цахилгаан шатыг угсархад би Гүнболдтой хамтарч угсарсан. ...Уг цахилгаан шатны удирдлагын хавтан нь Гүнболдын өмч биш барилгын компанийн эзэмшлийнх...” /хх-ийн 63-64/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 17/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-18-22/, эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 23-28/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 56-57/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхитэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдох бөгөөд Н.А-гийн дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.А- нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч “Б” ХХК-ийн эд хөрөнгөд 653,910 /хх-ийн 56-57/ төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг биет байдлаар буцаан өгсөн, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 29-31/ гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Н.А- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Н.А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэв.
Эрүүгийн 2010017530928 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч Н.А- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г- овогт Н-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-н А-д хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд шүүгдэгч Н.А-д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А- нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2010017530928 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч Н.А- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР