| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 124/2020/0021/З |
| Дугаар | 221/МА2022/0433 |
| Огноо | 2022-06-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2022/0433
“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн төлөөлөгч
Нэхэмжлэлийн шаардлага:
“Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/495 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсэг нь хууль бус болохыг тогтоолгох, Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/495 дугаар захирамжийн “У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/102 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр
Нэхэмжлэгч: “У” ХХК
Хариуцагч: Увс аймгийн Засаг дарга
Гуравдагч этгээд: “Х” ХХК
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Б, Ж.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 124/2020/0021/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “У” ХХК нь “Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/495 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсэг нь хууль бус болохыг тогтоолгох, Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/495 дугаар захирамжийн “У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/102 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” -аар маргасан байна.
2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийн
1 дэх заалтаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 4 дүгээр зүйлийн 4.13-т заасныг баримтлан Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/495 дугаар захирамжийн 1 дэх заалтаар 29954 м.кв газрыг “Х” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хэсгээс маргаан бүхий 1117.3 м.кв газарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоон, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/102 дугаар захирамжийн 26530 м.кв газрыг “Х” ХХК-д эзэмшүүлсэн хэсгээс маргаан бүхий 1117.3 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, маргаан бүхий 1117.3 м.кв газрыг эзэмшүүлэх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Увс аймгийн Засаг даргад даалгаж,
2 дахь заалтаар нэхэмжлэгч “У” ХХК-ийн Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/495 дугаар захирамжийн “Х” ХХК-ийн 28361.7 м.кв газарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/495 дугаар захирамжийн “У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/102 дугаар захирамжийн “Х” ХХК-ийн 25412.7 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаартай шийдвэрт “...Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 4 дүгээр зүйлийн 4.13-д заасныг баримтлан Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/495 дугаар захирамжийн 1 дэх заалтаар 29954 м.кв газрыг “Х” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хэсгээс маргаан бүхий 1117.3 м.кв газарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоон, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/102 дугаар захирамжийн 26530 м.кв “Х” ХХК-д эзэмшүүлсэн хэсгээс маргаан бүхий 1117.3 м.кв газрыг эзэмшүүлэх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Увс аймгийн Засаг даргад даалгасугай”... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3.2. “Х” ХХК нь 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхэд Улаангом сумын Засаг дарга Л.Нарантуяа, Улаангом сумын Газрын даамал нарт холбогдуулан “Х” ХХК-ийн эзэмшлийн газар дээр “Б” ХХК, иргэн Ж.Ц, “Ж” ХХК нарт давхардуулан газар эзэмших эрх олгосон Улаангом сумын Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгуулах, өөрийн эзэмшил газрын эрхийг сэргээлгэх тухай” нэхэмжлэл шаардлага гаргаж, Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн 12 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Маргаан бүхий газруудад Улаангом сумын Засаг дарга дахин хэмжилт хийж, Улаангом сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/23 тоот захирамжаар “Х” ХХК-д 30901.5 м.кв, “Ж” ХХК-д 8110,2 м.кв газрыг тус тус эзэмшүүлсэн. Улмаар “Х” ХХК нь Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Улаангом сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/23 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 27 тоот шүүхийн шийдвэрээр “Уг маргаан бүхий газар нь инженерийн шугам, сүлжээ бүхий газар байхгүй тул Улаангом сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/23 тоот захирамжийг хүчингүй болгож, “Х” ХК, “Ж” ХХК, иргэн Ж.Ц нарт газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхийг аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн дээрх аж ахуйн нэгж, иргэний эзэмших газрын кадастрын зураг хийж баталгаажуулахыг аймгийн геодези, кадастр хариуцсан мэргэжилтэнд тус тус даалгаж шийдвэрлэсэн. “Х” ХХК нь Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 27 тоот шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 228 дугаар магадлалаар Газрын тухай хуулийн 21.3.2, 21.4.3 дахь хэсгийг баримтлан Улаангом сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/23 тоот захирамжийг хүчингүй болгож, “Х” ХХК, “Ж” ХХК, иргэн Ж.Ц, “Б” ХХК-д газар эзэмшүүлэх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг аймгийн Засаг даргад даалгахаар өөрчилж шийдвэрлэсэн байна.
3.3. Улмаар Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/495 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар “Х” ХК-д 29954 м.кв, “Ж” ХХК-д 6992.5 м.кв “Б” ХХК-д 1390,6 м.кв, иргэн Ж.Ц-ид мужаан цехийн 6992.5 м.кв газрыг тус тус үйлдвэрийн зориулалтаар эзэмшүүлсэн. “Х” ХХК нь Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 495 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 8516000209 дугаар бүхий 29954 м.кв /га/ газрыг 15 жилийн хугацаатай Улаангом сумын 3 дугаар багийн нутаг хуучнаар барилгын материалын үйлдвэрийн газрыг “Бетон цехийн үйлдвэрийн” зориулалтаар ашиглах аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000302004 дугаар гэрчилгээтэй болсон.
3.4. Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/102 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Газрын кадастрын мэдээллийн санд зөрүүтэй орсон мэдээллийг засварлах зорилгоор Улаангом сумын 12-р багийн нутагт “Х” ХХК-ийн эзэмшлийн 26653 м.кв газраас 123 м.кв газрыг М-д шилжүүлэн нийт 2430 м.кв газар, үлдсэн 26530 м.кв газрыг “Х” ХХК-д тус тус худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
3.5. Гэтэл “Ж” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээг “У” ХХК-д шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлнэ” гэх хуулийг зөрчиж шилжүүлсэн байна. “Ж” ХХК нь Увс аймгийн Засаг дарга болон Увс аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт хандаж өөрийн эзэмшлийн газрыг “У” ХХК-д шилжүүлэх тухай хүсэлт гаргаж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.
3.6. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б.Н гэрчээр асуусан тэмдэглэлд “У” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Т надтай уулзаад танай компанийн газрыг түр ашиглаж бизнесээ үргэлжлүүлмээр байна гэсэн. Тэр үед бид шаардлагатай үед хашааг буулгахаар тохиолцож газраа ашиглуулахаар хашааг бариулсан. Тэрнээс хойш 2019 онд намайг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдөх хүртэл уг хашааг буулгах шаардлага гараагүй. Тухайн үед “У” ХХК манай компанийн газар дээр хашаа барихдаа “Х” ХК-д шаардлагатай тохиолдолд хашаагаа буулгана гэсэн бичгийг Д.Т хийж өгч байсан. Тухайн маргаж буй газар бол “Х” ХК-ийн эзэмшлийн газар болно” гэх мэдүүлэг өгсөн байдаг.
3.7. Тухайн үед 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр сантехник угсралтын Хүрд хувьцаат компанид Д.Т нь “танай компанийн эзэмшилд байгаа хийц компанийн газрын давхцалын асуудлыг шийдэхэд бэлэн байна. Хэрэв шаардлагатай тохиолдолд чөлөөлөхөд бэлэн байна” гэх тайлбарыг бичгээр өгсөн байна. Дээрх бичгийг хийж өгсөн шалтгаалсан нь 2019 оны 11 сард “У” ХХК-ийн ерөнхий захирал Д.Т-той /Хүнс Хөдөө Аж ахуйн газрын дарга түүний ажлын өрөөнд/ биечлэн уулзаж тус газрын талаар ярилцаж дулааны улиралд кадастрын зургийн дагуу татахаар ярилцаж тохиролцсон. Мөн 2020 оны 07 дугаар сарын 18-нд буулгахын өмнөх өдөр үүнээс мөн 7 хоногийн өмнө удаа дараа үйлдвэрийн газарт манай газрыг хашаалсан байсан манай газрыг буулгах болсныг “У” ХХК мэдэгдсэний дараа өөрийн эзэмшлийн газрыг чөлөөлж өөрийн хөрөнгөөр эзэмшил газраа хашаалж авсан. “У” ХХК-ийн хашаалсан байсан материалыг бүгдийг тус компанийн хашаанд хурааж өгсөн. “Х” ХХК-ийн кадастрын зургийн дагуу 29954 м.кв газрын төлбөрийг харьяалах газарт нь төлж байгаа.
3.8. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 228 дугаар магадлалаар “Ж” ХХК-д газар эзэмшүүлсэн Улаангом сумын Засаг даргын 2011 оны А/23 дугаартай захирамжийг хүчингүй болгож, маргаан бүхий газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газар байх тул Газрын тухай хуульд заасны дагуу иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг аймгийн Засаг дарга, газрын даамал нар мэдсээр байж өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар, хүчин төгөлдөр бус эрхийн гэрчилгээг үндэслэн “Ж” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг “У” ХХК-д шилжүүлэх тухай Улаангом сумын Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/217 дугаартай захирамж гаргаж тус захирамжийн дагуу “У” ХХК-д 000302082 улсын бүртгэлийн дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” илт хууль бус захиргааны акт юм.
3.9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор хуульчилжээ. Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/495 дугаар захирамж, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 сарын 19-ний өдрийн А/102 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар “У” ХХК-ийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй. Уг маргаан бүхий газрын жинхэнэ эзэмшигч нь “Ж” ХХК хэвээр байх тул “У” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-т заасны дагуу “У” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Гэтэл анхан шатны шүүхээс “У” ХХК-ийн нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.
4. Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/495 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 228 дугаар магадлалыг үндэслэн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг хуучнаар барилгын материалын үйлдвэрлэлийн баазын киспородын цехийн 2667.1 м.кв газрыг Ж.Ц-ид, мужаан цехийн 6992.5 м.кв газрыг “А” ХХК-д, бетон цехийн 29954 м.кв газрыг “Х” ХХК-д, хуучнаар улаан булангийн барилгын орчмын 1390.6 м.кв газрыг “Б” ХХК-д тус тус үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж, 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж, 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж, 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох” гэж зааснаар энэ талаар тогтоох хэсэгт тусгах боломжтой байсан. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг хэтэрхий нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.
5. Хариуцагч албан тушаалтан Увс аймгийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ “Х” ХХК болон “Ж” ХХК-ийн хооронд газрын маргаантай, энэ талаар шүүхийн шийдвэр гарсаар байтал “Ж” ХХК-ийн төлөлтийг газар эзэмшүүлэх шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, Засаг даргын А/495 дугаар захирамжийг “Ж” ХХК болон “А” ХХК-д мэдэгдээгүйгээс хуулийн этгээдүүдийн хооронд газрын давхцалын талаарх өмнөх маргаантай байдал хэвээр үргэлжлэн маргах нөхцөл байдлыг үүсгэсэн байна”... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
5.1. Нэхэмжлэгч “У” ХХК нь 2013 онд мах боловсруулах үйлдвэрийг “Ж” ХХК-иас бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч “Ж” ХХК нь Увс аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт Улаангом сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/23 тоот шийдвэрийг үндэслэн олгогдсон 8110.2 м.кв газрыг эзэмшиж эрх шилжүүлэх тухай хүсэлт гаргажээ. “Х” ХХК-ийн зүгээс 2012 оны 05 сарын 11-ний өдөр Увс аймгийн Засаг даргад шүүхийн шийдвэр, магадлалын дагуу газар эзэмших эрхийн асуудлыг шийдвэрлэж өгөх тухай агуулга бүхий өргөдлийг гаргаснаар Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/495 дугаар захирамж гарч 6992.5 м.кв газрыг “А” ХХК-д, 29954 м.кв газрыг “Х” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
5.2. Увс аймгийн Засаг даргын 2012 оны А/495 дугаартай захирамжаар “А” ХХК-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 228 дугаар магадлалын Тогтоох хэсэгт Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 21.4.3 дахь хэсгийг баримтлан Улаангом сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/23 дугаар захирамжийг хүчингүй болгож, “Х” ХХК, “Ж” ХХК, иргэн Ж.Ц-, “Б” ХХК-д газар эзэмшүүлэх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг аймгийн Засаг даргад даалгахаар өөрчилж шийдвэрлэсэн байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 228 дугаартай магадлал биелсэн. Гэтэл анхан шатны шүүхээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 228 дугаартай магадлалыг биелээгүй гэж үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
6. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б.Н-г гэрчээр асуусан тэмдэглэлд “...Миний бие “Х” ХХК-ийн захирлаар 2000 оноос хойш 2019 оныг хүртэл ажилласан. Энэ хугацаанд “У” ХХК болон “Х” ХХК-ийн хооронд газрын маргаан үүсэж байсан. Тухайн үед “Х” ХХК-ийн зүгээс захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаанаа шийдвэрлүүлсэн. 2012 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэн аймгийн Засаг даргын захирамж гарч газрын албаны мэргэжилтэн газар дээр нь ирж хэмжилт хийн газрыг хэмжиж өгсөн. 2012 хойш бусад хувь хүн, аж ахуйн нэгжүүд газрын талаар ямар нэгэн маргаан гаргаагүй. Гэтэл “У” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Т надтай уулзаад танай компанийн газрыг түр ашиглаж бизнесээ үргэлжлүүлмээр байна гэсэн. Тэр үед бид шаардлагатай үед хашааг буулгахаар тохиролцож газраа ашиглуулахаар хашааг бариулсан. Тэрнээс хойш 2019 онд намайг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдөх хүртэл уг хашааг буулгах шаардлага гараагүй. Тухайн үед “У” ХХК-д шаардлагатай тохиолдолд хашаагаа буулгана гэсэн бичгийг Д.Т хийж өгч байсан. Тухайн маргаж буй газар бол “Х” ХК-ийн эзэмшлийн газар болно гэв”... гэх мэдүүлгийг, 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Д.Т-ыг гэрчээр асуусан тэмдэглэлд “...2019 оны намар “Х” ХК-ийн захирал Б.Н, “Э” ХХК-ийн захирал Ө.Б нар надтай ирж уулзаад хашааг буулгаж газар чөлөөлөх талаар ирж уулзсан. Тэгэхэд нь би 2011 онд шүүхийн шийдвэр гарч “Ж” “Ш” ХХК хууль ёсны дагуу эзэмшиж байсан газар юм гэдгийг нь хэлээд явуулсан. Тэгтэл 2020 оны зун гэнэт “У” ХХК-ийн эзэмшлийн хашааг нурааж шинээр хашаа барьсан байсан. 2008 онд би “Ж” “У” ХХК-ийн менежерээр ажилд ороход уг газар модон хашаатай байсан. Тэрнээс хойш газарт ямар нэгэн өөрчлөлт ороогүй байсан”... гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан.
6.1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.3.2-д “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна”, 21.4-т “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” 21.4.3-д “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах газрын харилцааны талаарх бүрэн эрхийг Сумын Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан. Гэтэл инженерийн шугам сүлжээ бүхий газрыг Газрын тухай хуульд заасны дагуу иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх бүхий этгээд аймгийн Засаг дарга байтал Улаангом сумын Засаг дарга өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар “У” ХХК-д 000302082 улсын бүртгэлийн дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм.
6.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх үүргээ” биелүүлсэн боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоогүйд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
7. Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бичгээр тайлбар гаргаагүй ба шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээд “Х” ХХК-ийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
2.1. Анхан шатны шүүхийн шийдвэрээр Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/495 дугаар захирамжийн 1 дэх заалтаар 29954 м.кв газрыг “Х” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хэсгээс маргаан бүхий 1117.3 м.кв газарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, мөн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/102 дугаар захирамжийн 26530 м.кв газрыг “Х” ХХК-д эзэмшүүлсэн хэсгээс маргаан бүхий 1117.3 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, маргаан бүхий 1117.3 м.кв газрыг эзэмшүүлэх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Увс аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.3, 106.3.4-т заасантай нийцээгүй байна.
2.2. Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбаруудаас үзэхэд Улаангом сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 118 дугаар захирамжаар “Ж” ХХК-д 5200 м.кв талбай бүхий махкомбинатын барилгыг газрын хамт шилжүүлэн эзэмшүүлсэн. Улмаар “Х” ХК-аас дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Улаангом сумын Засаг дарга маргаан бүхий газарт дахин хэмжилт хийж, 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/23 дугаар захирамжаар “Х” ХХК-д 30901.5 м.кв, “Ж” ХХК-д 8110.2 м.кв, иргэн Ж.Ц-ид 2669.7 м.кв, “Д” ХХК-д 5530 м.кв газрыг тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
2.2.1. Дээрх захирамжийг эс зөвшөөрч “Х” ХК-аас шүүхэд гомдол гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 228 дугаар магадлалаар А/23 дугаар захирамжийг хүчингүй болгож, “Х” ХК, “Ж”, “Ш” ХХК, иргэн Ж.Ц, “Б” ХХК-д газар эзэмшүүлэх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Увс аймгийн засаг даргад даалгаж шийдвэрлэсний дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлж, Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/495 дугаар захирамжаар Улаангом сумын 3 дугаар багийн нутаг хуучнаар барилгын материалын үйлдвэрлэлийн баазын кислородын цехийн 2667.1 м.кв газрыг Ж.Ц-ид, мужаан цехийн 6992.5 м.кв газрыг “А” ХХК-д, бетон цехийн 29954 м.кв газрыг “Х” ХХК-д, хуучнаар улаан булангийн барилгын орчмын 1390.6 м.кв газрыг “Б” ХХК-д тус тус үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн,
2.2.2. Улмаар Увс аймгийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” А/305 дугаар захирамжаар “Х” ХХК-ийн эзэмшиж байсан 29954 м.кв газраас 812 м.кв газрыг “Д” ХХК-д шилжүүлж, үлдэх 29142 м.кв газрыг “Х” ХХК-д эзэмшүүлж, дээрх А/495 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон,
мөн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрх хэсэгчлэн шилжүүлэх тухай” А/772 дугаар захирамжаар дээрх А/305 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, өмнөх “Х” ХХК-ийн худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар эзэмшиж байгаа 29142 м.кв газраас 2489 м.кв газрыг “Төгс” ХХК-д шилжүүлж, үлдэх 26653 м.кв газрыг “Х” ХХК-д эзэмшүүлсэн,
мөн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/102 дугаар захирамжаар Увс аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 704 дүгээр шийдвэрийг үндэслэн газрын кадастрын мэдээллийн санд зөрүүтэй орсон мэдээллийг засварлах зорилгоор дээрх А/772 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, өмнөх захирамжаар эзэмшиж буй “Х” ХХК-ийн газраас 123 м.кв газрыг М.Б-эд эзэмшүүлж, үлдэх 26530 м.кв газрыг “Х” ХХК-д эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдож байна.
2.3. Нэхэмжлэгч “У” ХХК-аас дээрх А/495 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус байсан болохыг тогтоолгох, мөн захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/102 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын үндэслэлээ маргаж буй А/495 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгүүд мөн Засаг даргын захирамжуудаар хүчингүй болсон гэх агуулгаар маргаж байгаа нь үндэслэлгүй.
2.4. Нэхэмжлэгчийн хууль бус байсан болохыг тогтоолгохыг хүссэн А/495 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсэг нь дээрх захирамжуудаар хүчингүй болж эрх зүйн үр дагаваргүй болсон ч тухайн захиргааны акт гарсан цаг хугацаанд “У” ХХК-д газар эзэмших эрх үүсээгүй байсан тул нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа гэж дүгнэх боломжгүйгээс гадна “хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага хангагдана.
Тодруулбал, 2012 оны А/495 дугаар газар эзэмшүүлсэн захирамж нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй байна. Учир нь тухайн үед “У” ХХК-д газар эзэмших эрх үүсээгүй тул түүний газар эзэмших эрх зөрчигдөх асуудал яригдахгүй. Мөн маргаж буй А495 дугаар захирамжаар “У” ХХК-ийн газартай холбоотой асуудлыг шийдвэрлээгүй тул өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах болон А/102 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.
2.5. Нөгөөтэйгүүр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 228 дугаар магадлалын дагуу хариуцагчаас шүүхийн шийдвэрийг биелүүлж, Газрын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гуравдагч этгээд “Х” ХХК-д олгосон газрыг зөвтгөж гаргасан захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй, Увс аймгийн Засаг дарга “Ж” ХХК-ийн оролцоог хангаагүй шийдвэр гаргаснаар 228 дугаар магадлалыг биелүүлсэн гэж үзэхээргүй гэсэн дүгнэлт хийж “Х” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасны тус тус баримтлан “У” ХХК-ийн “Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/495 дугаар “Газар эзэмшүүлэх тухай“ захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсэг нь хууль бус байсан болохыг тогтоолгох, Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/495 дугаар захирамжийн “У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/102 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтын “...үлдээн гэснийг үлдээсүгэй” гэж, “...Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэснийг хасч, 3, 4 дэх заалтыг 2, 3 болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасны дагуу гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ