| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 171/2015/0104/Э |
| Дугаар | 40 |
| Огноо | 2017-02-13 |
| Зүйл хэсэг | 148.2., 148.4., |
| Улсын яллагч | Г.Гэрэлтуяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 40
Ж.Отгонсүрэн, Ж.Энхбаяр нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
шүүгч Б.Батцэрэн даргалж,
шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
прокурор Г.Гэрэлтуяа,
шүүгдэгч Ж.Энхбаяр, түүний өмгөөлөгч Г.Батбаяр,
шүүгдэгч Ж.Отгонсүрэнгийн өмгөөлөгч Л.Цуурай,
хохирогч Н.Эрдэнэбаатар,
нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 112А дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 105 дугаар магадлалтай, Ж.Отгонсүрэн, Ж.Энхбаяр нарт холбогдох эрүүгийн 201409000407 дугаартай хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Батбаярын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хадагт овогт Жамсранжавын Отгонсүрэн нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт,
Монгол Улсын иргэн, 1969 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хоовон овогт Жамсранжавын Энхбаяр нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг бүлэглэн залилан мэхлэж үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Энхбаярыг Ж.Отгонсүрэнтэй бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж.Отгонсүрэнг ганцаараа болон Ж.Энхбаяртэй бүлэглэж бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Ж.Энхбаярт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Ж.Отгонсүрэнд 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 жил 10 хоног хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр шийтгэж, шүүгдэгч Ж.Отгонсүрэнгийн цагдан хоригдсон 154 хоног, шүүгдэгч Ж.Энхбаярын цагдан хоригдсон 18 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Энхбаярт оногдуулсан 2 жил хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ж.Отгонсүрэнгээс 17.868.100 төгрөг, Ж.Энхбаяраас 10.000.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Эрдэнэбаатарт олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Ж.Энхбаярын “Самсунг jt-s3600i” маркийн гар утас, Ж.Отгонсүрэнгийн “Галакси” маркийн гар утас, “LG” маркийн хөргөгчийг хохиролд тооцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Гэнэндулам, Г.Батбаяр нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Батбаяр, шүүгдэгч Ж.Отгонсүрэнгийн өмгөөлөгч Л.Цуурай нарын саналыг сонсоод
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Батбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… тухайн гэмт хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад цаг хугацааны хувьд зөрүүтэй байна. Мөн хохирогч нь шүүгдэгчид мөнгө хадгалуулсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар болон хохирогчийн мэдүүлгээр тодорхой байна. Бид гомдол гаргах хугацааг сэргээсэн гэдгийг давж заалдах шатны шүүхийн шатанд мэдсэн бөгөөд хугацааг сэргээсэн үндэслэл нь ойлгомжгүй байгаа. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байгаа учраас хяналтын журмаар гаргасан гомдлоо бүрэн дэмжиж байна” гэв.
Шүүгдэгч Ж.Отгонсүрэнгийн өмгөөлөгч Л.Цуурай хяналтын шатны шүүхэд хэлсэн саналдаа “... анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хохирогч 30 сая төгрөгөө Ж.Отгонсүрэнд хадгалуулсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Үүнээс харахад 30 сая төгрөгийг залилан мэхэлж авсан уу эсвэл бусдын эд хөрөнгийг үрэгдүүлсэн үү гэдэг нь эргэлзээтэй. Иймд шүүгдэгч Ж.Отгонсүрэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял оногдуулсныг өөрчилж мөн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяа “... шүүгдэгч Э.Энхбаяр, Ж.Отгонсүрэн нар нь бүлэглэж бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч Ж.Отгонсүрэн нь давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж онц их хэмжээний хохирол учруулсан. Уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд бүрэн нотлогдон тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
Хяналтын журмаар хэргийн бүх ажиллагааг хянавал анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна.
Шүүгдэгч Ж.Энхбаяр, Ж.Отгонсүрэн нарыг бүлэглэж, хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч 21.200.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Ж.Отгонсүрэнг итгэл эвдэх аргаар бусдын 30 сая төгрөгийг хадгалж байя гэж залилан мэхлэн авч, давтан үйлдлээр нийт 51.200.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн хэргийн үйл баримтыг тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуульд зааснаар иргэн нь өмч хөрөнгө олж авах, хувийн аж ахуй эрхлэх, иргэний эрх зүйн харилцаанд оролцож хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлэх эрхтэй болно.
Хохирогч Н.Эрдэнэбаатар нь дүүгийнхээ хамт Ж.Отгонсүрэнгийн гэрт амьдарч байхдаа хүнсний дэлгүүр түрээслэн ажиллуулж байсан Ж.Отгонсүрэнд туслах зорилгоор 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “Нэт капитал” банк бус санхүүгийн байгууллагаас өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг барьцаалж 1 жилийн хугацаатай 8 сая төгрөгийн зээл авч өгсөн үйл баримт мөрдөн байцаалтаар хөдөлбөргүй тогтоогджээ.
Гэвч шүүгдэгч Ж.Отгонсүрэн нь зээлийг төлөхгүй байх санаа зорилгоор, тухайн орон сууцыг өмчлөгч Н.Эрдэнэбаатараас зээлийн төлбөрийг хугацаанд нь төлж чадахаа больсон бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориудаар бий болгон худал хэлж, Н.Эрдэнэбаатарыг төөрөгдүүлж эд хөрөнгийн хохирол учруулсан гэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байна.
Шүүгдэгч Ж.Отгонсүрэн нь гэрээний дагуу эхний 4 сарын зээлийн төлбөрийг хугацаанд нь төлсөн боловч ажлаасаа халагдсан, хүнсний дэлгүүр түрээслэхээ больсон зэрэг тодорхой шалтгааны улмаас зээлийг хугацаанд нь төлж чадахгүй болсон учир шалтгаанаа Н.Эрдэнэбаатарт хэлж, банкнаас хадгаламж зээлийн хоршооны зээлийн хүүгээс бага хүүтэй зээл авахаар тохиролцсоны үндсэн дээр зээлийн хугацаа дуусахаас 3 сарын өмнө иргэн Т.Цэнгэлээс орон сууц барьцаалсан өдрийн 0.5 хувийн хүүтэй зээл авч "Нэт капитал" хадгаламж зээлийн хоршооны зээлийг төлүүлжээ.
Улмаар хохирогч Н.Эрдэнэбаатар өөрөө орон сууцаа зарж зээлийг төлөхөөр зээлдүүлэгч Т.Цэнгэлтэй тохиролцсон нь Н.Эрдэнэбаатар, Т.Цэнгэл нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.
Дээрх үйл баримтыг бүхэлд нь дүгнэж үзвэл шүүгдэгч Ж.Отгонсүрэн нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүссэн харилцааны улмаас эрсдэлд орж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдлыг, мөн авсан зээлээсээ өөрийн ах Ж.Энхбаярт зээлдүүлсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцох үндэслэлгүйн дээр Ж.Отгонжаргалаас 4 сая төгрөг зээлсэн Ж.Энхбаярыг бусдын үлэмж хэмжээний эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Иймд шүүгдэгч Ж.Отгонсүрэн, Ж.Энхбаяр нарт холбогдох бусдыг залилан мэхэлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Ж.Отгонсүрэн, Ж.Энхбаяр нарын 21.200.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэн авсан гэх хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул Н.Эрдэнэбаатар нь иргэний журмаар гэм хорын хохирлоо нэхэмжлэх нь зүйтэй.
Мөн Н.Эрдэнэбаатар нь орон сууцаа бусдад 57 сая төгрөгөөр зарж орон сууц ашиглалтын хуримтлагдсан өр төлбөрт 5 сая төгрөг, иргэн Т.Цэнгэлээс зээлсэн зээлийн төлбөрт хүүний хамт 21.2 сая төгрөг төлсөн, өөрөө 9 сая гаруй төгрөгийг авч, үлдсэн мөнгийг шүүгдэгч Ж.Отгонсүрэнд хадгалуулахаар өгсөн үйл баримт мөрдөн байцаалтаар тогтоогджээ.
Н.Эрдэнэбаатарын орон сууцыг худалдаж авсан хүн "Хас" банкнаас орон сууцны зээл авч төлбөрийг төлөхөд Н.Эрдэнэбаатар Ж.Отгонсүрэнг гуйж "Хас" банк дахь харилцах дансанд нь орон сууц зарсан мөнгөний үлдэгдэл 20 сая гаруй төгрөгийг хийж хадгалуулсан, Ж.Отгонсүрэн ч Н.Эрдэнэбаатарыг мөнгөө үрчихнэ гэж хадгалахаар тохиролцсон атлаа мөнгийг гуравдагч этгээдэд өдрөөр хүүлж зээлсэн үйлдлийг бусдын эд хөрөнгийг өөртөө хууль бусаар олж авахын тулд өмчлөгчийн итгэмжилж олгосон эрхийг санаатайгаар урвуугаар ашиглаж итгэлийг нь эвдэх замаар залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Хохирогч Н.Эрдэнэбаатарын хадгалуулсан мөнгийг өөр зорилгоор ашиглахаар дур мэдэн авч урьд нь зээл авч байсан Т.Цэнгэлээр зуучлуулж М.Наранцэцэг гэгчид өдрийн 0.4 хувийн хүүтэйгээр зээлдүүлж буцаан авч чадаагүй үйлдэл нь бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг бус харин Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан хадгалуулах зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байна гэж үзэв.
М.Наранцэцэгт зээлийг төлөөгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж Өршөөл үзүүлэх тухай хуулиар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол нотлох баримтаар хэрэгт авагдсан болохыг дурдах нь зүйтэй.
Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж хөнгөн ялтай хуулийг хэрэглэх үндэслэл тогтоогдсон болно.
Гэвч шүүгдэгч Ж.Отгонцэцэгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн тул холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.
Харин бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй тул шийтгэх тогтоол, магадлалын хохирол нөхөн төлөх заалтыг өөрчилж шүүгдэгч Ж.Отгонцэцэгт хадгалуулахаар өгсөн мөнгийг бүхэлд нь гаргуулж хохирогч Н.Эрдэнэбаатарт олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2, 350.1.4-д заасныг тус тус удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 112А дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 105 дугаар магадлалд “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Ж.Энхбаярт холбогдох Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Хадат овогт Жамсранжавын Энхбаярыг цагаатгасугай”, гэж “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт заасныг журамлан Дархан-Уул аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Отгонсүрэнд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар Ж.Отгонсүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж, шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг “Ж.Отгонсүрэнгээс 20.998.100 төгрөг гаргуулж хохирогч Н.Эрдэнэбаатарт олгосугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын 3, 5, 8 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, 7 дахь заалтын Ж.Энхбаярын гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
ШҮҮГЧ Б.ЦОГТ