Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 334

 

Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын  

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, хариуцагч О.Энхтуяа, С.Энхтунгалаг, түүний өмгөөлөгч С.Сувдмаа нарыг оролцуулан, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2016/0361 дүгээр магадлалтай, Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч О.Энхтуяа, С.Энхтунгалаг нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр 1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 32 дугаар зүйлийн 32.5, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1, 32 дугаар зүйлийн 1-ийн 4-т заасныг баримтлан Төв аймгийн Нийгмийн  даатгалын хэлтсийн улсын байцаагч С.Энхтунгалаг, О.Энхтуяа нарт холбогдуулан гаргасан Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын “улсын байцаагчийн 2015 оны 5 дугаар сарын  27-ны өдрийн 50 тоот “нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай” актын 1-р заалтын шимтгэл тогтоосон төлбөрөөс 453600 төгрөгийг,  2-р заалтын алданги тооцсон төлбөрөөс 226800 төгрөгийг буюу нийт 680400 төгрөгийг /3-р заалтаас/ хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2016/0361 дүгээр магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэгч Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Ажилчдад түлээ, нүүрс худалдан авахад зориулан олгосон 2,160,000 төгрөг нь нэг удаагийн буцалтгүй тусламж бөгөөд үүнийг ар гэрийн байдал, өрхийн амьжиргааны түвшин зэргийг үндэслэн дэмжлэг үзүүлэх зорилгоор олгосон, нэг удаа л олгосон тусламж бөгөөд үүнийг байнгын шинжтэй орлого гэж үзэх боломжгүй юм. Энэ нь үнийн хөнгөлөлт биш “дэмжлэг” тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-т заасан “нүүрсний үнийн хөнгөлөлт, түүнтэй адилтгах бусад орлого” гэсэнд хамаарахгүй болохыг анхан болон давж заалдах шатны шүүх үүнийг анхаарч үзсэнгүй. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлд төрийн албан хаагчид олгох тусламжийн төрлийг тодорхойлсон ба гэр бүлийг нь дэмжих зорилгоор тусламж олгох тухай заасан. Харин нийгмийн даатгалын тухай хуульд ажилтанд тусламж олгосон тохиолдолд шимтгэл тооцох тухай заагаагүй, энэ ч утгаараа төрийн албан хаагчийн ээлжийн амралтаараа төрсөн нутагтаа очиж ирсэн замын зардлыг байгууллагаас нөхөн олгодог ч шимтгэл тооцдоггүй юм. Улсын байцаагч нар хуулийн заалтыг буруу ойлгож, “дэмжлэг” , “тусламж” гэдгийг “хөнгөлөлт” гэж өөрсдийн ойлголтоор тайлбарлаж байгаа ч шүүх Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан “тусламж”, 29 дүгээр зүйлд заасан “хөнгөлөлт” гэсэн ойлголтуудыг нэг үг, нэг заалт мэтээр буруу ойлгож хуулийг буруу тайлбарлаж байгаад гомдолтой байна. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

 ХЯНАВАЛ

Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нар тус аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2013, 2014 оны нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, санхүү, нийгмийн даатгалын тайланд хяналт шалгалт хийж, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 50 дугаар актаар нийт 5,008,475 төгрөгийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогод шимтгэл ногдуулаагүй гэж 1,051,780 төгрөгийн нөхөн шимтгэл, 525,890 төгрөгийн алданги ногдуулсан байна.

Дээрх актаас “түлээ нүүрс худалдан авахад зориулан ажилчдад олгосон нийт 2,160.000 төгрөгийн тусламжид нийгмийн даатгалын шимтгэл ногдуулаагүй гэж 453,600 төгрөгийн нөхөн шимтгэл, 226,800 төгрөгийн алданги /нийт 680,400 төгрөг/ ногдуулсан” хэсгийг Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас эс зөвшөөрч нэхэмжлэл гаргажээ.

Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 81, мөн сарын 30-ны өдрийн 82, 11 дүгээр сарын 24-ний өдрийн 88 дугаар “Тусламж үзүүлэх тухай” тушаалуудаар 13 ажилтанд түлээ, нүүрс худалдан авахад дэмжлэг үзүүлэн нийт 2,160,000 төгрөгийг нэг удаагийн буцалтгүй тусламжийн зардлаас гаргаж олгосон ба үүнийг “байнгын шинжтэй орлого биш тул хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод хамаарахгүй” гэж маргажээ. 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1-ийн 4/-т “аж ахуйн нэгж, байгууллагаас ажилтанд олгож байгаа хоол, унааны зардал, орон сууц, түлээ нүүрсний хөнгөлөлт, түүнтэй адилтгах орлого”-д нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахаар тусгайлан заасан байх тул үүнийг хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод тооцон мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасны дагуу тухайн орлогоос нийгмийн даатгалын шимтгэл суутган авах үндэслэлтэй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Харин Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д “нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид дараах хариуцлага хүлээлгэнэ:” 1/-д “ажил олгогч шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нуусан буюу бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасныг үндэслэн улсын байцаагч нар дээрх зөрчилд 226,800 төгрөгийн алданги ногдуулж, хариуцлага тооцсон байх бөгөөд энэ нь захиргааны хариуцлагын нэг төрөл юм.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.3-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэлийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын хяналтын болон шүүхийн шатанд тус тус шалган тогтоосон байна” гэж, хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан этгээдийг шүүхийн шатанд шалган тогтоосон бол өршөөн хэлтрүүлж болохоор байх тул нэхэмжлэгчийг түүнд ногдуулсан захиргааны хариуцлагаас /226,800 төгрөгийн алданги/ өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2016/0361 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж дугаарлан, 2-т “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг баримтлан Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрыг Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 50 дугаар актаар ногдуулсан 226,800 төгрөгийн алданги төлөх хариуцлагаас өршөөн хэлтрүүлсүгэй” гэсэн заалт нэмж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                                      ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН