Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2016/00199

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  байрлах, “МЖД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,  тоотод оршин суух,  Б.З-т холбогдох,

 

“Даатгалын нөхөн төлбөрийн шаардах /шилжсэн/ эрхээс үүссэн үүрэгт 85,530 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.З, нарийн бичгийн даргаар Х.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М шүүхэд гаргасан тайлбарт: “Б.З нь 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдөр МКтай 20196615 тоот дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулж 0000000 дугаар авч ашигласан. 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өмнөх сарын төлбөрийг төлөөгүйн улмаас үйлчилгээг хязгаарласан. 2012 оны 12 дугаар сар, 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төлбөр нь 57,020 төгрөг болсон. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.11-д заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн өдрийн 0.3 хувийн алданги тооцож төлбөрийг төлөхөөр тохиролцсон.

Гэрээний дагуу төлбөр төлөх тухай удаа дараа мэдэгдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар нийт өр төлбөр нь 85,530 төгрөг болсон байна.

“МЖД” ХХК нь МК” ХХК-тай “Төлбөрийн тасалдлын даатгалын гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр МКйн хэрэглэгч гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд даатгалын тохиолдолд үүсч даатгалын нөхөн төлбөр олгоно. МК нь МЖД ХХК-иас нөхөн төлбөрт 57,020 төгрөг хүлээн авсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ” гэжээ.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.

Иймд хариуцагчаас 85,530 төгрөг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлд хавсаргасан материалыг нотариатаар баталгаажуулахад 12,000 төгрөгийн зардал гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг 12,000 төгрөгөөр нэмэгдүүлж хариуцагчаас нэхэмжилж байна. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын тэмдэгтийн хураамж нь шүүхэд төлсөн тэмдэгтийн хураамжид шингэсэн болно” гэв.

 

Хариуцагч Б.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Учир нь би 4 операторын утас барьдаг ба миний төлбөр 40,000-50,000 төгрөг гардаг байсан. Тухайн оны 10, 11, 12 дугаар сарын төлбөр 120,000 төгрөгөөс дээш гарсан учир утасны дэлгэрэнгүй билл авъя гэж хүсэлт тавихад өгөөгүй. Би билл /дэлгэрэнгүй бүртгэл/ өгсөн тохиолдолд төлбөр хийж болно.

2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх 5 сарын дэлгэрэнгүй ярианы билл гаргаж өгнө үү/Мобиком үүрэн холбооны компаниас” гэжээ.

 

 Хариуцагч Б.З шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “МК” ХХК-иас удаа дараа төлбөрийн талаар шаардлага гаргаж байсан гэж байгаа боловч хэзээ, хэдэн удаа надад шаардлага тавьж мэдэгдсэн нь тодорхой биш. Хамгийн гол нь надад утасны төлбөрийн дэлгэрэнгүй билл өгөхгүй байгаа. 3 сарын дотор дэлгэрэнгүй билл гардаг гэсэн. Би хугацаа хэтэрснээс хойш биллээ гаргуулъя гэсэн бол хамаагүй. Гэтэл би хугацаандаа /3 сар/ биллээ нэхээд байхад өгөөгүй. Тийм учраас юуг үндэслэж би төлбөр төлөх юм бэ? 2012 оны хамгийн сүүлийн 3 сарын төлбөр өндөр гарсан. Ийм л учраас зөвшөөрөхгүй байгаа” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

             ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “МЖД” ХХК нь хариуцагч Б.Зт холбогдуулан “Даатгалын нөхөн төлбөрийн шаардах /шилжсэн/ эрхээс үүссэн үүрэгт нөхөн төлбөр 85,530 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М нэхэмжлэлд хавсаргасан материалыг нотариатаар баталгаажуулахад 12,000 төгрөгийн зардал гарсан үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, нийт 97,530 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан болно.

 

Г.З нь “МК” ХХК-тай 0000000 дугаарын хэрэглэгч болохоор 20196615 дугаартай гэрээ байгуулж, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглаж байхдаа 2012 оны 12 дугаар сар, 2013 оны 01 дүгээр сарын ярианы төлбөрийн үлдэгдэл нийт 87,020 төгрөгийг төлөөгүй тул “МК” ХХК төлбөрөөс барьцааны 30,000 төгрөгийг суутган тооцсон ба үлдэх 57,020 төгрөгийг төлөх үүргээ Г.З нь биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Б.З нь 0000000 дугаарыг ашиглаж... 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өмнөх сарын төлбөрийг төлөөгүйн улмаас үйлчилгээг хязгаарласан. Гэрээний дагуу төлбөр төлөх тухай удаа дараа мэдэгдсэн бөгөөд ... нийт өр төлбөр нь 85,530 төгрөг болсон...” гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч Г.З нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...надад утасны төлбөрийн дэлгэрэнгүй билл өгөхгүй байгаа. 3 сарын дотор дэлгэрэнгүй билл гардаг гэсэн. Гэтэл би хугацаандаа /3 сар/ биллээ нэхээд байхад өгөөгүй. Би тодорхой хэмжээгээр ярьсан учраас төлөх ёстой. Сүүлийн сарын төлбөр гэж 120,000 төгрөг нэхээд байгаа. Миний утасны сарын төлбөр дээд тал нь 50,000 төгрөг гардаг. Би огт төлбөр гараагүй, утсаар яриагүй гэж хэлэхгүй...” гэж тайлбарлажээ.

 

“МК” ХХК нь “МЖД” ХХК-тай 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 12076 дугаартай Даатгалын ерөнхий гэрээг байгуулж, уг гэрээний хавсралт 1-ийн дагуу талууд мөн Төлбөр тасалдлын даатгалын хэлцлийг хийсэн байна. /хх-ийн 14-16, 17-20 дугаар тал/

 

Энэхүү гэрээ, хэлцлийн дагуу “МЖД” ХХК нь Г.Зын 20196615 дугаартай гэрээний төлбөрийн тасалдал үүссэний улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрт ярианы төлбөрийн үлдэгдэл 57,020.53 төгрөгийг нь 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “МК” ХХК-д төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /хх-ийн 21 дүгээр тал/

 

Хариуцагч Г.З нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ярианы төлбөр гарсан үеийн төлбөрийн дэлгэрэнгүй баримтыг тухайн үед шаардахад гаргаж өгөөгүй, ярианы төлбөр сүүлийн сарынх хэт их гарсан гэх тайлбар нь хэрэгт авагдсан бичгийн болон бусад байдлаар тогтоогдохгүй байх бөгөөд дээрх тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзал үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч энэхүү татгалзлын үндэслэлийг нотолсон баримтыг хэрэгт ирүүлээгүй байна. 

 

Шүүх хариуцагч Г.Зын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу “МК” ХХК-иас 20196615 тоот дараа төлбөрт үйлчилгээний гэрээний 0000000 дугаарын 2012 оны 12 дугаар сарын төлбөрийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулахаар шийдвэрлсэн боловч “МК” ХХК-иас технизийн нөхцөл байдлын улмаас хэрэглэгчийн 3 сараас өмнөх хугацааны жагсаалт хадгалагддаггүй талаар 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ХХ18/3289 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй. /хх-ийн .... дугаар тал/

 

Иймд “МЖД” ХХК нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 болон Төлбөр тасалдлын даатгалын хэлцлийн 12 дугаар зүйлийн 6-д заасны дагуу “МК” ХХК-д даатгалын нөхөн төлбөрт төлсөн 57,020 төгрөг, нэхэмжлэгч “МЖД” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотариатын зардалд 12,000 төгрөг төлсөн болох нь төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байх тул нотариатын зардал 12,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Харин хуулийн дээрх зохицуулалт болон даатгалын гэрээнд зааснаар буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр тодорхойлогдох тул даатгалын нөхөн төлбөрт алданги тооцож төлсөн байдлаа баримтаар нотлоогүй нэхэмжлэгчийг 28,510 төгрөгийн алдангийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

Хэдийгээр “МК” ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1/1369 дугаартай Шаардах эрх шилжүүлэх тухай албан бичгээр төлбөрийн үлдэгдэл 57,020 төгрөгийг алдангийн хамт шаардах эрхийг нэхэмжлэгчид олгосон байх боловч энэхүү албан бичгийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д нийцсэн 2 талын хэлцэл гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасан үндэслэлээр ч алданги шаардах эрхгүй болно.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 57,020 төгрөг, нотариатын зардал болох 12,000 төгрөг, нийт 69,020 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 28,510 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М нь өөрийгөө шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг бичгээр гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасныг баримтлан Б.Заас 69,020 /жаран есөн мянга хорин/ төгрөг гаргуулж “МЖД” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох алданги 28,510 /хорин найман мянга таван зуун арван/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Заас 4,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              И.АМАРТӨГС