Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 747

 

 

 

 

 

 

 

    2020         11         09                                       2020/ШЦТ/747

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Нарангэрэл, шүүгдэгч Л.Э-, нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д- овогт Л-гийн Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010015790837 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Их Хөгжил групп” ХХК-ийн захирал, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорообие эрүүл, ухаан бүрэн, Д- овогт Л-гийн Э-г,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л.Э- нь 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барйлах Мини дэлгүүрийн гадна иргэн П.О-тай өр авлагын асуудлаас болж маргалдан улмаар түүний толгой руу нь чулуу шидэж эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Л.Э-: “...Хохирогчтой олон жил найзлаагүй, найзаараа дамжуулж танилцаад 3-4 сар л болж байсан. Найзаараа дамжуулж танилцсаны дараахан П.О- нь надад хандаж, банкинд хүсэлт гаргаж зээл авах гэсэн юм гэхээр нь би нойргүй хонож байгаад тусалж байсан. Өмнө нь би хохирогчид олон удаа туслаж байсан. Бидний дунд өр авлага, банкинд бичиж өгч байсан баталгааны асуудлууд байсан.

...Тухайн үед би газраас хоёр удаа чулуу шидсэн, миний шидсэн чулуу оноогүй байхад л О- хүүе миний толгой хагалчихлаа, чамайг цагдаад өгч хэрэгтэн болгоно гэж хэлсэн.

...Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт яагаад ингээд гарчихсан юм бэ гээд мөрдөгчид хүртэл хэлж байсан, прокурорт гомдол гаргах асуудлаа тавиагүй, эрх зүйн мэдлэггүй учир ийм асуудалд орлоо. Ийм асуудалд орсон гэдгээсээ санаад зовоод хуульчдаа хэлээгүй. Хохирогч анхнаасаа намайг гүжирдсэн, ...нөхөр гээд танилцуулсан залуудаа зодуулсан байх гэж бодож байна. Хэрэг болсон гэх газар нь цементээр хучигдсан, хумсны толионы хэмжээтэй чулуу байхгүй газар, намайг чулуу шидээд толгой хагалсан гэдгийг зөвшөөрөхгүй, чулуу гээд байгаа нь цаас шиг зүйл, камер шүүвэл гарна...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч П.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Э- гэх эмэгтэйтэй уулзахаар болоод Дүнжингарав худалдааны төвийн урд талын байрны нотариат орж гэрээгээ хүчингүй болгох гэхэд хийх боломжгүй гэсэн болохоор тухайн газраас гарах үед Э- миний бөгс рүү өшиглөсөн. Тэгээд эргээд харахад нүүр рүү цохисон. Энэ үед нөхөр Гансүх нь салгасан. ...Орой нь Гансүх над руу яриад мөнгийг чинь өгье гэхээр нь данс руу хийчих гэхэд уулзаж байгаад өгье гээд Зайсангийн “Миний дэлгүүр” орчимд дуудсан. Тэр газарт очиход намайг машиныхаа хойд талын суудалд суулгасан. Тэгээд Гансүх би Э-ийг чамд бүх мөнгөө өгсөн гэж бодсон чинь дутуу өгчихсөн байсныг өнөөдөр мэдлээ гээд бид хоёр ярилцаж байхад Э- бид хоёрын дундуур орж ирээд хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би чамтай ойлголцохгүй юм байна, цагдаад өгнө гэж хэлээд буухад Э- бууж ирээд чулуу аваад араас шидэхэд миний хажуугаар өнгөрсөн. Тэгэхээр нь эргээд харахад дахин чулуу шидээд тэр нь толгой дээр оночихсон. ...Л.Э-ийн шидсэн эхний чулуу миний зүүн хөмсөг орчим шүргээд гарсан, хоёр дахь удаагаа шидсэн чулуу нь миний баруун чихний ард буюу толгойн дагз хэсэгт оносон...”  /хх-ийн 7-9, 10-12/ гэсэн,

 

Гэрч Д.Сүхбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгээ: “...2020 оны 8 дугаар сарын 17-ны орой 21 цагийн үед Зайсангийн “Миний зах” дээр эхнэр О-ын хамт очиход Э-, Гансүх хоёр машинд суучих гээд О-ыг суулгасан. Тэгээд маргалдаж бууж ирээд байсан чинь Э- нь газраас нэг чулуу аваад шидсэн нь шүргээд өнгөрсөн, дахиад нэг чулуу аваад шидэхэд толгойг нь оносон. Э- О-ыг элдэвээр хэлээд хараагаад, доромжлоод зодох гээд дайраад байхаар нь би О-ыг салгаж аваад цагдаа дээр ирсэн...” /хх-ийн 13/ гэсэн,  

 

Гэрч Ж.Гансүх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 8 дугаар сарын 17-ны ...орой 20 цагийн үед О-тай уулзах гээд очиход нэг залуугийн хамт ирсэн. Тэгээд О- манай машинд орж ирж суусан. Би О-аас 2020 оны 07 дугаар сард 4,000,000 төгрөг зээлээд 3,000,000 төгрөгийг өгчихөөд үлдэгдэл 1,000,000 өгөх гэж байсан. Тэгээд тухайн мөнгийг өгчихөөд чи манай гэр бүлийн амьдралыг үймүүлэх гэж байгаа юм шиг худлаа яриад байхаа боль гэхэд учир нь ойлгогдохгүй юм яриад байсан. Тэгэхээр нь би чи машинаас буу яв, тэр мөнгийг чинь дансаар чинь шилжүүлье, харин чи хуурамч бичиг баримтаа авчирч өг, устгаарай гэж хэлээд О-ыг буулгасан. О-ыг машинаас буусны араас манай эхнэр буугаад чи яагаад худлаа яриад байгаа юм бэ гээд маргалдаад тэр хоёр бие бие рүүгээ дайраад байхаар нь би хоёр тийш салгаад О-ын хамт ирсэн залууд наад эмэгтэйгээ аваад яв гэж хэлэхэд тэр хоёр яваад өгсөн...” /хх-ийн 18/ гэсэн,

 

Шинжээч Ө.Сарангэрэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...П.О-ын биед учирсан тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Мод, чулуу гэх зүйлсээс чулуугаар оносон гэж ялгах боломжгүй...” /хх-ийн 29-30/ гэсэн,

 

Шүүгдэгч Л.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Миний дэлгүүрийн зогсоол дээр уг эмэгтэйтэй уулзсан. Тухайн үед өмнөх газрын асуудлаас болоод, мөн надтай хамт саунд орчихоод, хамт ороогүй, чи Баянмөнхтэй хамт орсон гэж манай нөхрийн хажууд намайг гүтгэсэн. Тэгэхээр нь миний уур хүрч машинаас буу гэж хөөсөн. Тэгээд машинаас буучихаад намайг доромжилоод байхаар нь би машинаас бууж тухайн эмэгтэй рүү жижиг чулуу авч шидсэн. Тухайн чулуу нь маш жижиг чулуу байсан бөгөөд тухайн эмэгтэйг оноогүй, оносон ч толгой хагалах хэмжээний чулуу биш байсан...” /хх-ийн 37-39/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн №9523 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. П.О-ын биед тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд  нь шинэ гэмтэл байна...” /хх-ийн 21-22/ гэсэн дүгнэлт,

 

- Өргөдөл /хх-ийн 4/,

- Хохирлын баримтууд /хх-ийн  25-28/,

- Шүүгдэгч Л.Э-ийн хувийн байдалтай холбоотой нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-ийн 41/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 42/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 44/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 45/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 55/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 48-49/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Л.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Л.Э- нь 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барйлах Мини дэлгүүрийн гадна автомашины зогсоол дээр иргэн П.О-тай өр авлагын асуудлаас болж маргалдан улмаар түүний толгой руу чулуу шидэж эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч П.О-ын “...2020 оны 8 дугаар сарын 17-ны ...орой нь Гансүх над руу яриад мөнгийг чинь өгье гэхээр нь данс руу хийчих гэхэд уулзаж байгаад өгье гээд Зайсангийн миний дэлгүүр орчимд дуудсан. Тэр газарт очиход намайг машиныхаа хойд талын суудалд суулгасан. Тэгээд Гансүх би Э-ийг чамд бүх мөнгөө өгсөн гэж бодсон чинь дутуу өгчихсөн байсныг өнөөдөр мэдлээ гээд бид хоёр ярилцаж байхад Э- бид хоёрын дундуур орж ирээд хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би чамтай ойлголцохгүй юм байна, цагдаад өгнө гэж хэлээд буухад Э- араас бууж ирээд чулуу аваад шидэхэд миний хажуугаар өнгөрсөн. Тэгэхээр нь эргээд харахад дахин чулуу шидээд тэр нь толгой дээр оночихсон. ...Л.Э-ийн шидсэн эхний чулуу миний зүүн хөмсөг орчим шүргээд гарсан, хоёр дахь шидсэн чулуу нь миний баруун чихний ард буюу толгойн дагз хэсэгт оносон...”  /хх-ийн 7-9, 10-12/ гэсэн, гэрч Д.Сүхбаатарын “...Э- нь газраас нэг чулуу аваад шидсэн нь шүргээд өнгөрсөн, дахиад нэг чулуу аваад шидэхэд толгойг нь оносон. Э- О-ыг элдэвээр хэлээд хараагаад, доромжлоод зодох гээд дайраад байхаар нь би О-ыг салгаж аваад цагдаа дээр ирсэн...” /хх-ийн 13/ гэсэн,  гэрч Ж.Гансүхийн “...О-ыг машинаас буусны араас манай эхнэр буугаад чи яагаад худлаа яриад байгаа юм бэ гээд маргалдаад тэр хоёр бие бие рүүгээ дайраад байхаар нь би хоёр тийш салгаад О-ын хамт ирсэн залууд наад эмэгтэйгээ аваад яв гэж хэлэхэд тэр хоёр яваад өгсөн...” /хх-ийн 18/ гэсэн, шинжээч Ө.Сарангэрэлийн “...П.О-ын биед учирсан тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” /хх-ийн 29-30/ гэсэн, шүүгдэгч Л.Э-ийн “...Машинаас буучихаад намайг доромжилоод байхаар нь би машинаас бууж тухайн эмэгтэй рүү жижиг чулуу авч шидсэн...” /хх-ийн 37-39/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №9523 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт П.О-ын биед тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 21-22/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хохирогч П.О-ын биед учирсан “...тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Л.Э-ийн түүн рүү чулуу шидсэнээс үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Л.Э-ийг хохирогч П.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч П.О-ын эрүүл мэндэд тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 152,000 /хх-ийн 25-27/ төгрөг  нэхэмжилснийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Л.Э- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, ажил эрхлэлт зэрэг хувийн байдлуудыг харгалзан түүнд 1200 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Л.Э- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2010015790837 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Л.Э- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Л.Э- “...Би О-ын биед гэмтэл учруулаагүй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэх мэдүүлгийг гаргасан бөгөөд хохирогч П.О-, гэрч Д.Сүхбаатар нарын “...Л.Э- хоёр удаа чулуу шидсэн, нэг чулуу нь шүргээд өнгөрсөн, нөгөө чулуу нь толгойн дагзанд оносон...” гэсэн мэдүүлэг, мөн шүүгдэгчийн өөрийнх нь “...2 удаа чулуу шидсэн, оноогүй...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №9523 дугаар дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д- овогт Л-гийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л-гийн Э-ийг 1,200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Л.Э-т оногдуулсан 1,200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э- 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн торгуулын ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, уг тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-ээс 152,000 (нэг зуун тавин хоёр мянга) төгрөг гаргуулж, хохирогч П.О-д олгосугай.

6. Эрүүгийн 2010015790837 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Л.Э- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР