Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 750

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ц.Отгонсүрэн, шүүгдэгч Б.С-, нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Б- овогт Б-ын С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2010017990963 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, инженер мэргэжилтэй, бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 дугаар хорооллын 1007 дугаар байрны 26 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн Б овогт Б-ын С,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.С- нь 2020 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны Буянт-Ухаа 2 дугаар хорооллын сагсны талбайд А.Б-тэй хүүхдүүд зодох асуудлаа боль гэх шалтгаанаар маргаан үүсгэн зодож тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хүзүү, хацрын цус хуралт, зүүн шууны арьсны зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.С-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, дахин хэрэг зөрчилд холбогдохгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч А.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 00 цагийн үед ...сагсны талбайд найз нарын хамт тоглож байгаад сандал суухад С- ирээд толгойны ар хэсэг рүү цохиод юу байна Итачи гэхээр нь юун Итачи вэ гэхэд 10 настай хүүхэд зодоод яваад байгаа юм биш үү онигоо гэсэн. ...Би үгүй гэж хэлсэн чинь намайг алгадаад, хөлөөрөө жийхэд би сууж байсан сандалнаасаа хойшоо унасан. Тэгсэн чинь миний гараад хоолой багалзуурдаж авсан. Тэнд байсан хүүхдүүд С-ийг холдуулахад хашаанаас зуурч байгаад нүүрэнд хоёр удаа дэвссэн...” /хх-ийн 12-13, 14/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 9 дүгээр сарын 06-ны орой сагсан бөмбөгийн талбай дээр Билгүүн, Хуягаа гэх хүүхдүүд тоглож байхаар нь Билгүүн дээр очиж чи энд бүлэг үүсгэж хүүхэд зодохоо боль гэхэд бид нар биш гэсэн. Та нар Итачи гэх бүлэгтэй юм биш үү гэхэд бид нар найзуудаараа тийм нэртэй гээд өөдөөс хэрэлдээд байсан. ...Билгүүн сандал дээр сууж байхаар нь чи юу гээд байгаа юм гээд хөлөөрөө жийсэн чинь сандал, хашаа хоёрын завсарт унасан. Тэгэхэд араас нэг нь түлхсэн тэр үед би санамсаргүй нүүрэн дээр нь гишгэсэн. Тэгээд босож ирэхээр нь би нүүрэнд нь гараараа нэг удаа алгадаад, нэг удаа цохисон...” /хх-ийн 27-28/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №10258 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. А.Б-ийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хүзүү, хацрын цус хуралт, зүүн шууны арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Уг гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 19-20/ гэсэн дүгнэлт,

- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3/,

- Хохирлын баримт /хх-ийн 6/,

- Хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 43/,

- Шүүгдэгч Б.С-ийн хувийн байдалтай иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 31/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 32/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.С-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.С- нь 2020 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны Буянт-Ухаа 2 дугаар хорооллын сагсны талбайд А.Б-тэй хүүхдүүд зодох асуудлаа боль гэх шалтгаанаар маргаан үүсгэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хүзүү, хацрын цус хуралт, зүүн шууны арьсны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.Б-ийн “...2020 оны 9 дүгээр сарын 07-ны шөнө 00 цагийн үед ...сагсны талбайд найз нарын хамт тоглож байгаад сандал суухад С- ирээд толгойн ар хэсэг рүү цохиод юу байна Итачи гэхээр нь юун Итачи вэ гэхэд та нар 10 настай хүүхэд зодоод яваад байгаа юм биш үү, онигоо гэсэн. ...Би үгүй гэж хэлсэн чинь намайг алгадаад, хөлөөрөө жийхэд би сууж байсан сандалнаасаа хойшоо унасан. Тэгсэн чинь миний дээр гараад хоолой багалзуурдаж авсан. Тэнд байсан хүүхдүүд С-ийг холдуулахад хашаанаас зуурч байгаад нүүрэнд хоёр удаа дэвссэн...” /хх-ийн 12-13, 14/ гэсэн, шүүгдэгч Б.С-ийн “...2020 оны 9 дүгээр сарын 06-ны орой сагсан бөмбөгийн талбайн сандал дээр ...Билгүүн сууж байхаар нь чи юу гээд байгаа юм гээд хөлөөрөө жийсэн чинь сандал, хашаа хоёрын завсарт унасан. Тэгэхэд миний араас нэг нь түлхсэн, тэр үед би санамсаргүй нүүрэн дээр нь гишгэсэн. Тэгээд босож ирэхээр нь би нүүрэнд нь гараараа нэг удаа алгадаад, нэг удаа цохисон...” /хх-ийн 27-28/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №10258 дугаар дүгнэлтэд: “...Дүгнэлт А.Б-ийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хүзүү, хацрын цус хуралт, зүүн шууны арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Уг гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 19-20/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хохирогч А.Б-ийн биед учирсан “...тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хүзүү, хацрын цус хуралт, зүүн шууны арьсны зулгаралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.С-ийн түүнийг цохих, өшиглөх үйлдлээс үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.С-ийн хохирогч А.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.С- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Б-ийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хүзүү, хацрын цус хуралт, зүүн шууны арьсны зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Б-т гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 130,000 төгрөг төлсөн /хх-ийн 43/, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт гаргасан /хх-ийн 47/ байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Б.С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.С- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2010017990963 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.С- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч А.Б- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б- овогт Б-ын С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын С-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.С-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2010017990963 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.С- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч А.Б- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР