Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/338

 

2020        10           27                                         2020/ШЦТ/338

                                    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Д.Ганчимэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................. овогт Бд холбогдох эрүүгийн 2021004460326 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ...................................тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ................... овогт Б /РД: ..................../.

Шүүгдэгч Б нь Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багт “Буйр нуурын цех” гэх газарт 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 19 цагийн орчимд Приус маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 2 настай О.Э-ыг дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйл байхгүй. Би өөрийн бурууг ойлгож гэмшиж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Осол гарах үед миний охин 1 нас 10 сартай байсан. Ослын дараа охины хамт сумаас аймгийн төв рүү ирж эмнэлэгт үзүүлэхэд зургийг нь хараад ямар нэгэн гэмтэл байхгүй гэсэн. Гэсэн ч би охиноо аваад Бгийн хамт Улаанбаатар хотод ирсэн. Гэмтлийн төвд үзүүлж охины аарцаг яс болон умдаг яс нь хугаралттай байгааг мэдэж хэвтэн эмчлүүлсэн. Гэмтэлд хэвтэж байх үед охин минь шээж чадахгүй байсан. ЭХО-д дахин харуулсны дараа бөөрөнд нь асуудал байгааг илрүүлсэн. Охины маань дотор эрхтнийг харах гэсэн боловч химийн тариа хийдэг болохоор бага насны хүүхдэд хийх боломжгүй гэсэн. Тэгээд бид хоёрыг эх нялхасын бөөрний тасагт шилжүүлсэн. Эмч Бат-Эрдэнэ надад “Хүүхдийн хэвлийн хэсгийн гэмтлийг тодорхойлох боломжгүй, хэрвээ гэмтэл тодорхойлохоор болвол заавал хагалгаа хийх шаардлагатай, бөөр нь цус хуралттай учраас хагалгаа хийхэд цус алдах магадлалтай тул яаралтай эх нялхас руу шилжүүлэх шаардлагатай” гэсэн. Эх нялхасын бөөрний тасагт 7 хоног шимэгдэх эмчилгээ, 14 хоног эмийн эмчилгээ хийлгэсэн. Осол гарснаас хойш хот хооронд нийт 5 удаа явж, бөөрний цус хуралт хэрхэн шимэгдэж байгааг үзүүлдэг байсан. Хамгийн сүүлд үзүүлэхэд бөөрний цус хуралт маш сайн шимэгдэж байна гэсэн. Аарцаг ясны хугарал эдгэрэх явцдаа гадагш түрж, товойж эдгэрсэн. Аарцаг яс нь гадагшаа эдгэрсэн байдал нь цаашид өөрчлөгдөх боломжгүй гэсэн. Би шүүгдэгчээс нийт 666,700 төгрөг авсан. Үүний дараа 120,000 төгрөгөөр томографид харуулж, 8 , 9, 10 дугаар сарын хот хоорондын замын зардал 250,000 төгрөг, хот доторх таксины зардал 50,000 төгрөг, энергийн эмчилгээний зардал 180,000 төгрөг, нийт 600,000 төгрөгийн зардал гаргасан. Дээрх мөнгөнөөс гадна цаашид гарах эмчилгээний баталгаа болгож 3,000,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 07 дугаар сарын орой 19 цаг өнгөрөөгөөд гэрийн урд байдаг дэлгүүр рүү охиноо ор гэж хэлээд охиныгоо дэлгүүрийн урд талд байдаг цэцгийн мандал дээр очихоор нь 00 ороод буцаад гарч явахад манай охин уйлахаар нь дөхөж очоод яав гэхэд Д-ын охин нь танай охиныг машин мөргөчихлөө гээд дэлгүүр дотор өргөөд зогсож байсан. Тэгээд би охиноо авахад өмдөндөө баачихсан, хөл дээрээ тогтож чадахгүй орилж чарлаад гуя хэсэг нь улаан эрээн болоод зулгарчихсан байсан. Тухайн үед Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл дэлгүүрийн үүдэнд зүүн тийшээ харсан байдалтай дэлгүүрээс 1 алхам хүрэхгүй зайд байсан. ...Цаашид хийлгэх эмчилгээний зардал болон бусад нөхөн олговрыг нэхэмжилнэ. Мөн насанд хүртэл нь энэ хүүхдийн эрүүл мэндэд баталгаа гаргуулж авна” гэжээ. /хх-ийн 26/

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...07 дугаар сарын 18-ны орой 18 цагийн орчим Буйр нууран дээр ирсэн. Ирээд бид нар ачаагаа байрлах байшиндаа оруулчихаад махаа хөлдөөгчид хийх санаатай Буйр нуураас 500 орчим метр зайд байх Загасчны тосгон гэх газарт найз Одбаатарын эхнэр Б, байрлаж байгаа айлын охин бид гурав явахаар болоод Б жолоо барьсан. Явж байхдаа махаа байшингийн эзэн гэх залуугийн хөргөгчид хийлгэхээр өгч бид нар хойшоо хүнсний дэлгүүр орсон. Б дэлгүүр ороод талх аваад гарч ирээд жолооны ард суугаад тээврийн хэрэгсэл хөдлөх үед тээврийн хэрэгслийн зүүн талын урд хэсэгт хүүхэд уйлах чимээ гарахаар нь Б ганцаараа гараад харсан чинь 2 орчим настай хүүхэд байхаар нь өргөөд дэлгүүр лүү оруулахад ээж нь удалгүй нэг газраас гарч ирээд дэлгүүр лүү орсон...“ гэжээ. /хх-ийн 28-29/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн 8787 тоот дүгнэлтэд:

1. О.Э-ын биед аарцгийн баруун, зүүн талын умдаг яс, зүүн сүүжний дэлбээ ясны далд хугарал, зүүн бөөрний хальсны язралт, зүүн өгзөг, гуянд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.   

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 37-38/

А. Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэгтээ: “...Буйр нуурын цех гэх газар луу дэлгүүр орохоор очсон. Тэгээд би дэлгүүрээс гарч ирээд өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг бариад дэлгүүрийн үүднээс зайтай зогссон ба машинаа хөдөлгөхийн өмнө Буйр нуур, машиныхаа эргэн тойрныг харчихаад машиндаа суусан ба ойр хавьд хүн харагдаагүй. Машинаа хөдөлгөөд хашааны булангаар зүүн гар тал руу эргэхэд хашааны булангаас гэнэт хүүхэд гүйгээд гарч ирсэн ба би харангуутаа тоормосоо гишгээд тухайн хүүхэд миний машины гүпэрийг мөргөөд зогссон. Би машинаас буугаад хүүхдийг нь аваад аав ээжийг нь олж өгөөд Халхгол сумын эмнэлэгт очиж үзүүлсэн...” гэжээ. /хх-ийн 44-45/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураглал /хх-ийн 10-11/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12/

Мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 22/

Бгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 27/

Гэрч Ч.У-ын мэдүүлэг /хх-ийн 30-31/

Гэрч П.Н-ийн мэдүүлэг /хх-ийн 32-33/

Бгийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 47/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 15/

Анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 51/

О.Э-ын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 52-73/

Бгаас гаргаж өгсөн хохирлын талаарх баримт /хх-ийн 16/

Бгийн ХААН банкны дансны хуулга /хх-ийн 17-18/

О.Э-ын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 21/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/ болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Med trauma” эмнэлгийн толгойн компьютер томографийн шинжилгээ, үзлэгийн хуудас, шинжилгээний үнэ төлсөн баримт, гэрэл зураг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

           

Эрүүгийн 2021004460326 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгч ................. овогт Б нь 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 19 цагийн орчимд Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутаг “Буйр нуурын цех” гэх газарт ******* ******* улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг жолоодох хөдөлгөөн хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэхдээ аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана”, 10.2-д “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчид зам тавьж өгнө” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас 2 настай  О.Э-ыг дайрч, түүний биед аарцгийн баруун, зүүн талын умдаг яс, зүүн сүүжний дэлбээ ясны далд хугарал, зүүн бөөрний хальсны язралт, зүүн өгзөг, гуянд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...хашааны булангаас гэнэт хүүхэд гүйгээд гарч ирсэн ба би харангуутаа тоормосоо гишгээд тухайн хүүхэд миний машины гүпэрийг мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-ын “...00 ороод буцаад гарч явахад манай охин уйлахаар нь дөхөж очоод яав гэхэд Даваажавын охин нь танай охиныг машин мөргөчихлөө гээд дэлгүүр дотор өргөөд зогсож байсан...” гэх, гэрч Б.М-ын “...тээврийн хэрэгсэл хөдлөх үед тээврийн хэрэгслийн зүүн талын урд хэсэгт хүүхэд уйлах чимээ гарахаар нь Б ганцаараа гараад харсан чинь 2 орчим настай хүүхэд байхаар нь өргөөд дэлгүүр лүү оруулахад ээж нь удалгүй нэг газраас гарч ирээд дэлгүүр лүү орсон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 8787 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураглал, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн магадлагаа, Бгийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, анхны үзлэгийн тодорхойлолт, О.Э-ын өвчний түүхийн хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

Шүүгдэгч Б нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч О.Э-ыг дайрч, түүний биед аарцгийн баруун, зүүн талын умдаг яс, зүүн сүүжний дэлбээ ясны далд хугарал, зүүн бөөрний хальсны язралт, зүүн өгзөг, гуянд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 8787 тоот дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Бд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Бг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Бгийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт 666,700 төгрөгийг төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг  нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж үзлээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас 2 настай О.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О нь охин О.Э-ын эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаас гадна шүүх хуралдаанд “...шүүгдэгч Бгаас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 666,700 төгрөгийг авсан. Миний хувьд охиноо эмчлүүлэхэд Улаанбаатар хот Дорнод аймаг хооронд явсан замын зардалд 250,000 төгрөг, таксины зардалд 50,000 төгрөг, энергийн эмчилгээ болон оношилгоонд 180,000 төгрөг, компьютер томографийн шинжилгээнд 120,000 төгрөг зарцуулж нийт 600,000 төгрөг болон цаашид хийлгэх эмчилгээний зардалд 3,000,000 төгрөг бүгд 3,600,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гээд нотлох баримтаар “Med trauma” эмнэлэгт толгойн компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн 120,000 төгрөгийн баримтыг гаргаж  өгчээ. Шүүгдэгч Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-ын эмчилгээний болон замын зардалд нэхэмжилж буй 600,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч харин цаашид эмчилгээ хийлгэвэл гарсан зардлыг тухай бүр нь төлөхөө шүүх хуралдаанд илэрхийлсэн. Иймд шүүгдэгч Бгаас гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт 600,000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч ******* хууль ёсны төлөөлөгч Г.О-д олгохоор шийдвэрлэж, харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О нь цаашид хийлгэх эмчилгээний зардал 3,000,000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Бгаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-д 666,700 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ............... овогт Бг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бгийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   4. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бгаас гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч О.Э-ын хууль ёсны төлөөлөгч Г.О-д олгохоор тогтоож,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О нь цаашид хийлгэх эмчилгээний зардал 3,000,000 /гурван сая/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Бгаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-д 666,700 /зургаан зуун жаран зургаан мянга долоон зуу/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ............................ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ПАГМА