Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/340

 

2020     10         30                                                2020/ШЦТ/340                             

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн 

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгч Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эт холбогдох 2021000000380 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .................................. оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ................... овогт Э /РД: ...................../.

 

Шүүгдэгч Э нь согтуугаар 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 23 цагийн орчим Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар баг *******ын ******* тоотод иргэн Ч.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар сандлаар зодож, эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн хөмсөг, хацар, дотор уруулын доод хэсэг, дагз, зүүн чамархайн зүсэгдсэн шарх, зүүн нүд, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйлгүй” гэв.

            Хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...архи дуусаж байхад би найз Эт хандан “Чи найз Б-ын эхнэртэй холбоотой юм уу, яах гэж эхнэртэй нь явалдаад байгаа юм бэ, цаадах чинь сэтгэл санаа нь тавгүй байна” гэж хэлэхэд миний өөдөөс чамд хамаагүй гэх зэргийн үг хэлээд бид хоёр хоорондоо маргалдсан юм. Энэ үед би хажууд байсан жижиг модон сандлыг аваад найз Эын гар эсвэл мөр орчимд нь байх нэг удаа цохиход миний гарт байсан модон сандлыг найз Э булааж аваад шууд миний нүүр рүү цохисон бөгөөд миний хувьд цохиулаад шууд газарт унасан. Түүнээс хойш яг юу болсныг санахгүй байна. ...тухайн үед бид хоёр хоёулаа байсан. Э миний эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан. Мөн удахгүй нүдний хагалгаанд орох зардлыг хүртэл шийдвэрлэсэн тул нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй” гэжээ. /хх-ийн 10-13/

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 739 тоот дүгнэлтэд:           

1. Ч.Б-ийн биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн хөмсөг, хацар, доод уруулын доод хэсэг, дагз, зүүн чамархайн зүсэгдсэн шарх, зүүн нүд, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 26-27/

 

Э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Б хажууд байсан ногоон өнгийн жижиг модон сандлыг аваад над руу цохихоор нь би гараараа хааж гарт нь байсан сандлыг аваад буцаагаад түүний нүүр болон толгой руу 2-3 удаа цохиход Б  газарт унасан бөгөөд миний хувьд жоохон тайвшрах гээд гэрээсээ гарч гадаа хэсэг зогсож байгаад буцаж орж ирэхэд Б-ийн толгойноос цус гарсан байдалтай газарт хэвтэж байхаар нь түргэн дуудаж дараа нь сумын цагдаад дуудлага өгсөн...” гэжээ. /хх-ийн 36-38/

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-10/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13/

Баян-Уул сумын 6-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 40/

Эын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 41/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/

Хохирогч Ч.Б-ийн хүсэлт /хх-ийн 46/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

                                                                                             

Шүүгдэгч  ............... овогт Э нь 2020 оны 09 дүгээр сарын 16-ны шөнө 23 цагийн орчимд ................................. тоотод хохирогч Ч.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар сандлаар цохиж түүний биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн хөмсөг, хацар, доод уруулын доод хэсэг, дагз, зүүн чамархайн зүсэгдсэн шарх, зүүн нүд, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн ”... би гарт нь байсан сандлыг булааж аваад буцаагаад түүний нүүр болон толгой руу 2-3 удаа цохиход Б  газарт унасан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Ч.Б-ийн “...би хажууд байсан жижиг модон сандлыг аваад найз Эын гар эсвэл мөр орчимд нь байх нэг удаа цохиход миний гарт байсан модон сандлыг найз Э булааж аваад шууд миний нүүр рүү цохисон...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 739 тоот дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Э нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Эын үйлдлийн улмаас хохирогч Ч.Б-ийн биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн хөмсөг, хацар, доод уруулын доод хэсэг, дагз, зүүн чамархайн зүсэгдсэн шарх, зүүн нүд, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 739 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Эт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Эын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Б нь “...Э миний эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан. Мөн удахгүй нүдний хагалгаанд орох зардлыг хүртэл шийдвэрлэсэн тул нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Э нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ..................... овогт Эыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эт 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Эын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ..................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ПАГМА