| Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Батчимэг |
| Хэргийн индекс | 121/2018/0003/З |
| Дугаар | 06 |
| Огноо | 2018-04-12 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Боржгин овогт Ю.Н-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Э.Б, Х.Э нарт холбогдох
“Улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 49 дугаарын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагч Э.Б, Х.Э, гэрч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дорждулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ю.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөр Нийгэм хамгааллын сайдын 2016 оны А/319 дүгээр тушаал, ЭМНДЕГ-ын даргын 2017 оны 01 сарын 10-ны “Аян зохион байгуулах тухай” А/11 тушаалаар баталсан “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах ажлын удирдамж”-ийн дагуу бүх тэтгэвэр авагчдын хувийн хэргийг шалгахад Хужирт сумын иргэн Ц.Б-д /2007 оны 1 сарын 1-нээс 2017 оны 2 сард/ илүү олгосон 11705194 төгрөгийг надаар төлүүлэх тухай аймгийн ЭМНД-ын хэлтсийн 2017 оны 6 сарын 20-ны 49 тоот акт гарсан. ... Би эс зөвшөөрч Улсын ЭМНДЕГазарт хандсан. Миний хүсэлтийг хүлээн авч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахыг зөвлөсөн. Миний бие энэхүү актыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь би өөртөө авч ашиглаагүй, тухайн үед ажиллаж байсан компъютерийн программын ...тооцооны алдаанаас болж, тооцооллын алдаа гарсан. Энэ тэтгэврийн нэмэлт өөрчлөлт хийснээс хойш аймгийн ЭМНДХэлтэс 2 жил тутамд хяналт шалгалт хийж баталгаажуулж байсан ба жил бүрийн жилийн эцсийн тайлан тушаахад тэтгэвэр олголтыг хүн нэг бүрээр шалгадаг байсан. Мөн улсын ЭМНДЕГазар, аймгийн мэргэжлийн шалгалтын байцаагч нар шалгаж байсан боловч энэ алдаа илрээгүй ...Нэхэмжлэгч миний бие энэ ажлыг эрхэлж байхдаа төрийн жинхэнэ албан хаагч байсан. Төрийн албаны хуулиар төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа хэн нэгэнд хохирол учруулсан бол төр хариуцна гэж зохицуулсан байдаг. Мөн Монгол Улсын Иргэний хуульд төрийн албан хаагч хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэж байхдаа бусдад гэм хор учруулбал ажил олгогч буюу төр хариуцах тухай тус тус зохицуулсан байна. ...Энэ алдааг дараагийн байцаагч 2012 он, 2015 онд нэмэлт өөрчлөлт хийхдээ мөн л ажилласан хугацаа нугарч тооцоологдож илүү мөнгө олгож байсанг надад акт бичсэн нь ойлгомжгүй байгаа. Уг нь дараагийн байцаагч миний алдааг засч, залруулах учиртай. Энэ программын алдаа Арвайхээр хотын тэтгэврийн байцаагч М-г ажиллаж байхад гарсанг дараагийн байцаагч засч залруулж байсан удаатай. Үүнийг хэлтсийн удирдлага хяналтын байцаагч нар сумдад мэдэгдсэн бол алдаа бага байхад залруулах байлаа. Би 2011 оны 1 сарын 1-нд тэтгэвэрт гарсан учир 2011 оноос хойшхи төлбөрийг бодолцох л байх... Би нэхэмжлэлийнхээ шаардлагыг “Улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 49 дүгээр актыг хүчингүй болгож өгнө үү” гэж өөрчилж байна. 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Б гуайн тэтгэврийн өөрчлөлтийг хийхдээ программын дагуу хийсэн. Энэ программыг сумын улсын байцаагч өөрчлөх эрхгүй. Жил бүрийн эхэнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас хийж өгдөг. Программдаа хэтэрхий их итгээд өгөгдлүүдээ зөв нөхсөн мөртлөө буруу тооцоолж гаргасныг шалгаагүй учраас цэргийн ажилласан 25 жил нь нэг дахин нэмэгдэж 50 жил гэж тогтоогдсоныг анзаараагүй. ...Энэ хугацаанд манай суманд 7 удаа шалгалт ирж байсан. Тэтгэврийн өөрчлөлтийг 2007 оноос хойш 11 удаа хийсэн байсан. Би 2010 оны 12 дугаар сарын 01-нд ажлаа хүлээлгэж өгсөн. 2011 оны 01 дүгээр сарын 01-нээс дараагийн байцаагч ажиллаж байсан. Өөрийнхөө ажиллаж байсан хугацаанд он оноор нь илүү олгосон мөнгийг тооцохоор 1 сая хүрэхгүй тооцоо гарч байсан. ...Нийтдээ 3 байцаагч дамжсан 11705194 төгрөгийн акт миний нэр дээр бичигдсэн. ...Бүх төлбөрийг над дээр тавьсанд гомдолтой байгаа. ...Энэ дан ганц миний алдаа биш. Шалгадаг хүмүүсийн ч буруу, хяналт тавьдаг хүмүүсийн ч буруу юм. Программист тухайн үед цалингаа болон томилолтын мөнгийг ч авдаг байсан. Тэр хүмүүст ч хариуцлага тооцох ёстой байх гэж бодож байна. ...Шалгалт ирэхэд гараар хийсэн зүйл дээр нэг ч зөрчил гараагүй... “Тэтгэврийн программ” гэсэн нэртэй цахим бүртгэл ... 2006 оны үеэс эхэлж хэрэгжсэн. Ц.Б-н цэргийн тэтгэврийг энгийн тэтгэвэрт 2004 онд шилжүүлсэн. …Манай суманд Ц.Б гэдэг хүнээс өөр цэргийн тэтгэврээс энгийн тэтгэвэрт шилжиж байсан хүн байгаагүй. ...Ц.Б гуайн цэргийн тэтгэврийг энгийн тэтгэвэрт шилжүүлж өөрчлөхөд ажилласан хугацаа нь программд ...нийт ажилласан 40 жил, цэргийн 25 жил гэж өгөгдлийг нөхсөн. Засгийн газрын тогтоолоос өмнө программд орсон мэдээлэл хөндөөгүй. Гэтэл Засгийн газрын тогтоолын дагуу нэмэлт өөрчлөлт хийхэд цэргийн 25 жил нэг дахин нэмэгдэж тооцогдсон байсан. Тэтгэврийн нэмэлт хийхээр ажилласан жилийг дахиж тухай бүр оруулна. Ц.Б гуайн ажилласан жил 2007 онд 65 жил гээд оруулахад программ дээр ямар нэгэн алдаа заасан дохиолол гарч ирээгүй. Тэтгэврийн байцаагчид программаас гаргасан мэдээллийг эргэж хянах ажил үүргийн хувиар байгаа. ...2007 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын нийгмийн даатгалын тасгийн даргаар Бгэдэг хүн ажиллаж байсан. ...Засгийн газрын тогтоолоор тэтгэвэрт өөрчлөлт оруулахад нийгмийн даатгалын тасгийн дарга давхар хувийн хэрэгтэй тулгаад гарын үсэг зурдаг. Давхар хянадаг” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийгмийн даатгалын улсын байцаагч нарын тавьсан актыг хүчингүй болгуулах... нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. 1. Улсын байцаагч хэн нэгний нөлөөлөлгүйгээр биеэ дааж шийдвэр гаргах хууль тогтоомжтой. ... Гэтэл үүн дээр улсын байцаагч нар биеэ дааж акт тавиагүй гэж үзэж байна. 2. Улсын байцаагчийн Н гэм буруутай байна гэсэн дээр санал нийлэхгүй байна. Гэм буруутай байна гэдэг бол ерөнхий үг. Ийм ийм зүйлүүдийг ингэж буруу хийсэн учраас энэ алдааг гаргасан байна гэсэн өгөгдөхүүнүүд байхгүй байна... 3. Төрийн байгууллагын албан тушаалтанд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх цаг хугацаа гэж байна. Тэр нь тухайн албан тушаалд томилогдсон өдрөөс эхлээд чөлөөлөгдөх хүртэл хугацааныхаа сайн муу үр дүнг хариуцна. Гэтэл 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн хүн 2017 он хүртэлх 8 жилийн алдааг зөвхөн Нийг гэм буруутай гэж субъектыг буруу тодорхойлсон гэж үзэж байна. ...Ингэж тавих ёсгүй. 4. Программд ийм алдаа гарч байна гэдгийг гэрч мэдээд Ц.Б гэдэг хүний тэтгэврийг 3 сар зогсоож байгаад ...асуудал тавьсан байна. Гэтэл нийгмийн даатгалын газраас өг гэж үүрэг өгчихөөд сүүлд нь тэтгэвэр бодсон ажилтанд акт тавьж байгаа явдал нь тухайн байгууллага хоёр амаар дуугарч байгаа гэсэн үг. Нэг амаараа Н чи гэм буруутай байна гээд нөгөө амаараа чи тэр тэтгэврийг өгчих гэж... хэрэг дээрээ үүнийг ажил хийсэн үеэрээ хариуцах юм бол тэр тэтгэврийг өг гэж үүрэг даалгавар тавьсан албан тушаалтан ...бас үүнийг хариуцах ёстой. ...Ц.Б гэдэг хүн нийт 40 жил ажилласан. Үүнээс 25 жил нь цэргийн албанд ажилласан юм байна гэж ойлгож байна. ...хувь хүний алдаа гэхээс илүү программын алдаа байсан гэж үзэж байна. ...Тэгэхээр үүнийг ... Хариуцах ёстой эзэн нь дан ганц Н байна гэж үзэх хууль зүйн боломжгүй байна. Яагаад вэ? гэхээр Нийн хийсэн ажлыг хянаж шалгаж баталгаажуулж гарын үсэг зурдаг албан тушаалтан нь байна. Дараагийн ажлыг нь авсан тасгийн дарга Ц.Б-н тэтгэвэр зөрчилтэй байна гэж асуудал тавихад болно өг гэсэн байдаг. ...миний үйлчлүүлэгч Н-г ийм үйлдлээрээ гэм буруутай байна гэж заасан заалт улсын байцаагчийн актанд байхгүй байна. Гэм буруугийн шинжийг олж тогтоогоогүй байна. Тийм учраас улсын байцаагчийн актыг хүчингүй болгож өгнө үү. ...Н-д нэг сая төгрөгийн төлбөр хамааралтай. Нөгөө 10 сая төгрөг өөр субъектуудын үед бодогдсон байгаа. Үүнийг хариуцвал эрх ашигт нь хохирол учрах ийм нөхцөл байдал бий болсон байна. Тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны хуулиар төрийн албан хаагчийн үйл ажиллагаанаас болж гэм хор учирвал түүнийг төр хариуцна гэж хуульчилсан байгаа. Өнөөдөр мөрдөгдөж байгаа Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 хөдөлмөрлөх үүргээ үл биелүүлсэн бол түүнийг ажил олгогч хариуцна гэж заасан байгаа. Тэгэхээр үүнийг төр хариуцах үндэслэлтэй байхад Н-д хариуцлага ногдуулж байгаа нь буруу гэж үзэж байна. Ийм ийм үндэслэлүүд байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагч Э.Б, Х.Э нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ”...“Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах ажлын удирдамж”-ийн дагуу аймгийн хэмжээнд нийт ...15 мянга гаруй тэтгэвэр авагчдын хувийн хэргийн материалд тулгуурлан тэтгэвэр тогтоолт олголтыг шалгасан. Шалгалтаар Хужирт сумын өндөр насны тэтгэвэр авагч Ц овогтой Б нь 1989 оны 09 дүгээр сард өндөр насны цэргийн тэтгэвэр тогтоолгосон байна. Анх тогтоогдсон тэтгэвэр нь зөв бодогдон авч байсан боловч 2004 онд энгийн ажилласан жилээ нэмэгдүүлэхэд нь 40 жил байх ёстой байтал цэргийн ажилласан хугацааг давхар нэмж тооцон 65 жил ажилласнаар тэтгэврийн программд хадгалагдан 13 жилд илүү олгосон 11705194 төгрөгийн тэтгэврийн зөрүү гарсан. Энэ нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т зааснаар “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэсэн заалтын дагуу тухайн үед тэтгэврийн байцаагчаар ажиллаж байсан /одоо өндөр настан/ Ю.Н-р төлүүлэхээр 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 49 тоот Улсын байцаагчийн акт тавигдсан. Гэвч энэ актыг зөвшөөрөхгүй 2017 оны 09 дүгээр сарын 06-нд тайлбар гаргаж өгсөн. ...ЭМНДЕГ-ын даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1/305 тоот өргөдлийн хариуд ...Улсын байцаагчийн актаар 11705194 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв байна гэж үзсэн” гэжээ.
Хариуцагч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 онд ...аян зохион байгуулсантай холбогдуулж томилогдсон улсын байцаагч нар 15000 тэтгэвэр авагчдын хувийн хэргийг 2 сар шалгасан. ...Б гуайн тэтгэвэр зөрсөн зөрчил гарсан байсан. ...Эхний ээлжинд 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж бүх зээлийг засаж залруулж зөвтгөж олгосон. Зөрчил гарснаас хойшхи хугацааны төлбөрийг тооцоод үзэхэд 11705194 төгрөгийн зөрчил гарсан. Тэгээд комиссын хуралдааныг хийж хэн дээр хариуцлага тооцох вэ? ямар арга хэмжээ авах вэ? гэсэн асуудал яригдсан. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад хандаж 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 126 дугаар тоотоор ийм зөрчил гарсан гэсэн албан тоотыг явуулсан. ...хариуд 2017 оны 05 дугаар сарын 12-нд дэд дарга С-н ...улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг төлж барагдуулахдаа Нийгмийн даатгалын сангаас авах тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтнаар төлүүлэх зэрэг болно гэсэн албан тоот ирсэн. Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.З-с 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1/1845 тоот ...Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтыг зөрчин өндөр насны тэтгэвэр авсан Б-н ...илүү тооцож олгосон ...зөрчлийг тооцоод дахин хянан магадласны үндсэн дээр улсын байцаагчийн акт тогтоох нь зүйтэй гэсэн хариу ирсэн. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас хариу иртэл бид нар улсын байцаагчийн актыг бичээгүй ...2 даргын ирүүлсэн албан тоотыг үндэслэн улсын байцаагчийн актыг бичиж явуулсан. ...Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1/1858 албан тоотоор Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт гомдол гаргах тухай албан тоот явуулсан юм билээ. ...Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Д нь хохирол учруулсан гэсэн гомдол мэдээллийг шалгаж үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай санал гарган прокурорт ирүүлснийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр прокурорын байгууллага хянаж үзээд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 16 тоот тогтоолоор ...320 дугаартай гэмт хэргийн талаарх мэдээллийг хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсугай гэсэн хариу ирсэн. ...Н гуай ажилдаа хариуцлагатай, үнэнч шударга хүн байсан. Н гуайд илүү тэтгэврийг олгоод завшчихъя гэсэн санаа байхгүй гэдгийг баттай хэлнэ. Маш олон тэтгэврийн өөрчлөлтийг хийдэг. Үүнийг программд нэг бүрчлэн хийхэд маш их ачаалалтай байдаг. Н гуайн үйлдлийг санаатай хийсэн үйлдэл биш гэж боддог. ...Шалгалт хийсэн байцаагч өөрөө бие дааж акт тавих эрхтэй байдаг. Энэ онцгой асуудал учраас хэн дээр хариуцлага тооцох вэ? гэсэн асуудлыг хамт олны хурал хэлэлцсэн. Мөн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраасаа асууж зөвлөмж авсан. Н 2010 оны 12 дугаар сарын 01-нд тэтгэвэрт гарсан. Тухайн үед энэ зөрчлийг анх гаргасан албан тушаалтан учраас акт тавьсан. ...Хэн буруутай албан тушаалтан гэдгийг тухайн үед зөрчлийг үйлдсэн байцаагч гэж ойлгож байгаа. Тухайн үед зөрчлийг үйлдсэн гэдгийг Ц.Балжинням гуайн тэтгэврийг өөрчлөхдөө буруу бодсон байцаагчийг гэж ойлгосон. Нийгмийн даатгалын Тэтгэврийн программ буруу үйлдэл хийсэн ч гэсэн ямар нэгэн дохиолол асдаггүй. Хяналт шалгалтыг тэтгэврийн хувийн хэргийн жагсаалттай тулгаж шалгадаг. Засгийн газрын тогтоолоор өөрчлөлт орсон хувийн хэргийг шалгадаггүй...” гэв.
Хариуцагч Өвөрхангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Х.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н байцаагч цэргийн тэтгэвэр нэг дахин нэмэгдэж гарсан гэж ярилаа. Энэ бол үнэн. Тэтгэврийн байцаагч Мөнхцэцэгийг байхад ч гэсэн программын алдаагаар нэг дахин нэмэгдэж гарч байсан юм билээ. Манай нийгмийн даатгалын мэдээлэл тооцооны хэлтэс гэж байгаа. Тэр хэлтэст яг программын алдаа юм уу? тухайн байцаагчийн буруу юм уу? гэдгийг тодруулж өгнө үү гэж тухайн үед ярьж хэлж байсан. Үүний талаар тодорхой хариу гаргаж өгөөгүй. Бид нар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болон мэдээлэл тооцоолох төв рүү уламжилсан... Тэтгэвэр тогтоолтын хуудас дээр Н байцаагчийн гарын үсэг байгаа. Тэрийг үндэслэж энэ хүн дээр акт тавьсан. Ерөнхий газраас тэтгэврийн өөрчлөлтийг хэн хийсэн байна? Хэн гарын үсэг зурсан байна? Тэр хүн дээрээ арга хэмжээ ав гэсэн чиглэл өгсөн. 65 насаар хэвлэгдсэн тооцооллын хуудас дээр Ю.Н байцаагч гарын үсэг зурж баталгаажуулсан байгаа. Тэр тооцоолол дээр гарын үсэг зурж баталгаажуулсан хүнийг гэм буруутай гэж үзэж акт тавьсан. Албан тушаалтан нь тэтгэврийн улсын байцаагч юм. Анх тэтгэврийг тогтооход нийгмийн даатгалын тасгийн дарга хянаад баталгаажуулаад тасгийн тамгыг дардаг...” гэв.
Хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанаар гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нь “Өвөрхангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 49 дугаарын актыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Гэвч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад дээрх нэхэмжлэлийнхээ шаардлагын “...илт хууль бус болохыг тогтоолгох” гэснийг “...хүчингүй болгуулах” хэмээн өөрчлөв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, гэрч Ч.Б-н мэдүүлэг зэргээс маргааны үйл баримтыг судлан үзэхэд: Ц.Б нь 1961 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1964 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн төвийн 10 жилийн дунд сургуульд физикийн лаборант[1]-аар, 1964 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс Өвөрхангай аймгийн Цагдан сэргийлэх хэлтэст сэргийлэгч, Цагдан сэргийлэх ангид жинхэнэ төлөөлөгчөөр тус тус ажиллаж байгаад 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс “цэргийн байнгын тэтгэвэр” тогтоолгохоор чөлөөлөгдөж, 1989 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгожээ. Энэ нь түүний 1989 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нээсэн “Тэтгэврийн хувийн хэрэг”-т авагдсан 1961 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нээлгэсэн “Хөдөлмөрийн дэвтэр”[2] болон Нийгмийг аюулаас хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайдын 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн б/339 дүгээр “Ц.Б-г ажлаас чөлөөлөх тухай” тушаал[3], Нийгмийг аюулаас хамгаалах байгууллагын төв архивын 1989 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10/1087 дугаар лавлагаа[4], Өвөрхангай аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн даргын 1989 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 57 дугаар “Тэтгэвэрт гаргах тухай” тушаал[5], мөн аймгийн Арвайхээр хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дэргэдэх Улсын тэтгэвэр тогтоох орон тооны бус байнгын комиссын 1989 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаар “Өндөр насны тэтгэвэр тогтоох тухай” тогтоол[6] зэргээр нотлогдож байна.
Улмаар Ц.Б нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаар тушаал[7]-аар мөн сарын 15-ны өдрөөс Хужирт сумын Шунхлай багийн Засаг даргаар, мөн сумын Засаг даргын 2000 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 83 дугаар “Багийн Засаг дарга нарыг батламжлан томилох тухай” захирамж[8]-аар Хужирт сумын 4 дүгээр багийн Засаг даргаар тус тус ажиллаж байгаад 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр[9] Хужирт сумын Нийгмийн даатгалын хэлтэст хандан цэргийн байнгын тэтгэврээс энгийн тэтгэвэрт шилжих тухай хүсэлт[10]-ээ гаргаснаар тухайн үед Хужирт сумын Нийгмийн даатгалын тасгийн тэтгэврийн байцаагчаар ажиллаж байсан Ю.Н нь түүний цэргийн байнгын тэтгэврийг энгийн тэтгэвэрт шилжүүлэн өөрчилжээ. Хэргийн оролцогчдын хэн аль нь энэ талаар маргаагүй бөгөөд Ц.Б-н өндөр насны тэтгэврийг энэ хүртэлх хугацаанд зөв олгож байсан талаар зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна.
Харин нэхэмжлэгч Ю.Н нь Засгийн газрын 2007 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 15 дугаар тогтоолын дагуу Ц.Б-н тэтгэврийг өөрчлөн тогтоохдоо түүний ажилласан жилийг 65 жил хэмээн буруу тогтоосон болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон гэрч М.Байгалмаагийн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Бодит байдал дээр Ц.Б-н ажилласан жил нь цэргийн 25 жил 6 сар 06 өдөр, энгийн 14 жил 07 сар, 22 өдөр, бүгд 40 жил 01 сар, 28 өдөр[11] ажилласан байх ба 2007 онд түүний ажилласан хугацааг өөрчлөн тооцоход Ц.Б нь 63 нас /2007-1944=63/-тай байсан байна. Гэтэл Ю.Н нь Ц.Б-г 65 жил ажилласнаар тооцон гаргасан “Тэтгэврийн программ”-ын буруу бодолтыг нягтлан шалгаж үзэлгүйгээр ажилдаа хайнга хандан түүний өндөр насны тэтгэврийг олгож эхэлсэн нь нэхэмжлэгчийн “...Би 2007 оны 1 сарын 1-нд тэтгэврийн нэмэлт өөрчлөлт хийхдээ алдаа гаргасан... Программдаа хэтэрхий их итгээд өгөгдлүүдээ зөв нөхсөн мөртлөө буруу тооцоолж гаргасныг шалгаагаагүй учраас цэргийн ажилласан 25 жил нь нэг дахин нэмэгдэж 50 жил гэж тогтоогдсоныг анзаараагүй....” гэх тайлбараар нотлогдоно.
Хэргийн оролцогчид болон гэрч Ч.Б нар шүүх хуралдаанд иргэний тэтгэвэр шинээр тогтоох болон тэтгэврийн өөрчлөлтийг тэтгэврийн байцаагч тооцон гаргаж, уг тооцооллыг тасгийн дарга хянан баталгаажуулсны үндсэн дээр тэтгэврийг олгодог талаар тайлбарлаж байна.
Ю.Н нь 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Хужирт сумын нийгмийн даатгалын тасгийн байцаагчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн, түүнээс хойш хоёр ч байцаагч уг албан тушаалд томилогдон өнөөг хүртэл тус Нийгмийн даатгалын тасагт үргэлжлүүлэн ажиллаж байгаа болох нь нэхэмжлэгч болон гэрч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлгээр тогтоогдлоо.
Гэрч Ч.Б-н шүүх хуралдаанд гаргасан “...2012 оны 05 дугаар сарын 01-ний нэмэгдлийг программ бодож би өөрөө өөрчлөлтийг хийж байсан. Тэр программ дээр “65 жил” гэж гарч ирэхээр нь аймгаас энэ ямар учиртай болохоороо өндөр тэтгэвэр болчихвоо гэж асуусан. ...Ц.Б гуайн тэтгэврийг 3 сар өгөөгүй хадгалсан. Тэгээд аймгаас ...Наад 800000 төгрөг ийм ажилтай хүнд багцааны байна гэсэн. ...Яагаад 65 жил гээд гарчихсан юм бол гээд харахаар хоёр тэтгэврийг нэмээд гарсан байна гэдгийг мэдээд өндөр тэтгэвэр гарсан гэдгийг мэдсэн. Тэр үедээ аймаг дээр ирээд үзэх байсан юм. Программ татчихсан болохоор компъютерт бүрэн итгэснээс үүдсэн алдаа гэж үзэж байна... Тэр үед программыг шалгуулъя гэх бодол орж ирээгүй...” гэх мэдүүлгээс дүгнэхэд Ц.Б-н өндөр насны тэтгэврийг өөрчлөн тогтоосон “Тэтгэврийн программ”-ын тооцооллыг нягтлан шалгаж үзэлгүйгээр 2007 оны 01 дүгээр сараас 2017 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд иргэн Ц.Б-д илүү тэтгэвэр олгосон зөрчлийн эхлэлийг тус сумын Нийгмийн даатгалын тасгийн тэтгэврийн байцаагч Ю.Н, уг тасгийн дарга н.Б[12] нар тавьсан буруутай байна. Гэхдээ гэрч Ч.Б, түүний мэдэгдсэнээр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс энэхүү зөрчлийг 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тэтгэвэрт өөрчлөлт оруулахдаа илрүүлэх боломжтой байжээ.
Гэтэл Хужирт сумын тэтгэврийн байцаагч нарын хэн аль нь “Тэтгэврийн программ”-д хэт итгэснээс ажлын хариуцлага алдсан байдал харагдаж байна. Хэрвээ Ю.Н болон тухайн үед Нийгмийн даатгалын тасгийн даргаар ажиллаж байсан н.Батшатар нар нь “Тэтгэврийн программ”-ын гаргасан тооцооллыг давхар хянаж, шалгах үүргээ биелүүлсэн, гэрч Ч.Б өөрийн анзаарсан нөхцөл байдлаа өөрөө шалгаж тодруулах үйлдэл хийсэн, эсвэл удирдах дээд байгууллагадаа хандан шалгуулсан бол энэхүү зөрчлийг эрт илрүүлэн зогсоож, тэтгэврийн санд 11705194 төгрөг хүртэлх хэмжээний хохирол учруулахгүй байх боломжтой байжээ. Гэвч өөрийн анхааралд өртсөн зөрчилтэй мэт мэдээллийг нягталж, шалгалгүйгээр бусдын хариуцлагагүй тайлбарт автан дээрх зөрчлийг үргэлжлүүлсэн байдал тогтоогдож байна. Улмаар Ч.Б-с 2012 оны 05 дугаар сард тэтгэврийн байцаагчийн ажлыг хүлээн авч өнөөг хүртэлх хугацаанд ажиллаж байгаа тэтгэврийн байцаагчийн ажлын анзаарга, хариуцлагагүй байдал ч энэхүү зөрчил 2017 оны 02 дугаар сар хүртэл үргэлжлэх нөхцлийг бүрдүүлжээ.
Маргаан бүхий 49 дугаарын актад “...тэтгэврийн байцаагч /одоо өндөр настан/ Ю.Н/-аар төлүүлсүгэй” хэмээжээ.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д “хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах зарчмыг баримтална” гэж тус тус хуульчилсан.
Нөгөө талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч ...гэм буруутайд тооцож үл болно” гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэврийг “гэм буруутай албан тушаалтан” хариуцахаар заасан байх ба Ю.Н нь 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд “нийгмийн даатгалын байцаагч” биш “иргэн” хэмээх статустай байгаа, түүнийг гэм буруутайд тооцсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй болох нь Өвөрхангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 51 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар тус тус тогтоогдож байна.
Тиймээс хариуцагч нар нь маргаан бүхий актад дурьдагдсан зөрчлийн улмаас тэтгэврийн сангаас илүү олгосон мөнгийг анх зөрчил үүсгэсэн гэх агуулгаар зөвхөн иргэн Ю.Н-р бүхэлд ньтөлүүлэхээр акт тогтоосон нь буруу юм.
Учир нь Ц.Б-н цэргийн байнгын тэтгэврийг энгийн тэтгэвэрт шилжүүлж өөрчилсөн тооцооллыг байцаагч Ю.Н гаргаж тасгийн даргаараа хянуулан баталгаажуулуулсан байна. Улмаар Ю.Н нь 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн энэхүү хэргийн гэрч Ч.Б-д ажлаа хүлээлгэж өгсөн байх ба гэрч нь 2012 онд иргэн Ц.Б-н тэтгэвэр хэт өндөр байгааг анзаарч тэтгэврийг 3 сар хүртэлх хугацаагаар олгохгүй зогсоож аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст мэдэгдсэн байх ба тус байгууллага Ч.Б-н дээрх мэдээллийн дагуу Ц.Б-н тэтгэврийн тооцооллыг шалгалгүйгээр тэтгэврийг үргэлжлүүлэн олгох хариу өгснөөр уг алдаа 2017 оны 02 дугаар сар хүртэл үргэлжлэх нөхцөл бүрджээ.
Мөн Ч.Б нь тухайн үедээ Ц.Б-н ажилласан хугацааг өөрөө шалгаж үзсэн бол дээрх алдаа зөрчлийг илрүүлэх боломжтой байжээ. Гэтэл шалгаагүй, түүнээс нийгмийн даатгалын байцаагчийн ажлыг хүлээж авсан албан тушаалтан ч ажилдаа хянамгай хандаж шалгалгүй тэтгэврийг олгож байсан, мөн Нийгмийн даатгалын ерөнхий газар болон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, уг хэлтсээс аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран хийсэн удаа дараагийн хяналт шалгалтуудаар ч дээрх зөрчлийг илрүүлж чадаагүй зэргээс Ц.Б-д 11705194 төгрөгийн тэтгэврийг илүү олгох шалтгаан нь болсон байна.
Зүй нь хариуцагч нар акт тавихдаа Ц.Б-д илүү олгосон тэтгэврийг /Нэгэнт түүнийг төрийн “албан тушаалтан” байхдаа алдаа гаргасан гэж төлбөр ногдуулж байгаа бол/ Ю.Н[13] болон түүнээс хойш 2017 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд Хужирт сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан байцаагч нар, тэдгээрийн ажилд хяналт тавьж ажиллаж байсан болон ажиллаж байгаа албан тушаалтнууд /тасгийн дарга нар/-аар холбогдох хэсгээр хуваан төлүүлэхээр төлбөр ногдуулсан бол хуульд нийцсэн, шударга шийдэл байхаар байжээ.
Эцэст нь маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг шалгаж үзэхэд хариуцагч нар нь Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн энэхүү 49 дугаарын актыг гаргажээ. Энэхүү хуулийн заалтад “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалт, түүний хувь хэмжээ, хугацааг тогтооно” гэжээ. Өөрөөр хэлбэл хариуцагч нарын шүүхэд мэтгэлцэж буй “...Ц.Б-д илүү олгосон тэтгэврийг гэм буруутай албан тушаалтнаар төлүүлнэ” гэх агуулгыг огт илэрхийлэхгүй байна.
Харин уг актад тусгасан “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэх зохицуулалт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь заалтад тусгагдсан байна.
Тодруулбал: Улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 49 дугаарын актыг гаргахдаа үндэслэл болгосон хууль буруу, Ю.Н-н дээрх үйлдэл нь төрийн албан хаагч буюу албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа гаргасан “АЛДАА” байх ба түүнийг энэхүү үйлдэлд нь гэм буруутайд тооцсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т зааснаар Ц.Б-д илүү олгосон 11705194 төгрөгийн хохирлыг төр хариуцахаар байна.
Иймд Өвөрхангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч нарын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 49 дугаарын “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” актыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 107, 108 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д зааснаар Өвөрхангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 49 дугаарын “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” актыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ю.Н-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өвөрхангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ
[1] Байгууллагын нэрийг Ц.Б-н хөдөлмөрийн дэвтэрт дарагдсан тамга, тэмдэгт бичигдсэнээр бичив.
[2] Хэргийн 45-46 дугаар хуудас.
[3] Хэргийн 48 дугаар хуудас.
[4] Хэргийн 47 дугаар хуудас.
[5] Хэргийн 49 дүгээр хуудас.
[6] Хэргийн 54 дүгээр хуудас.
[7] Хэргийн 55 дугаар хуудас.
[8] Хэргийн 56 дугаар хуудас.
[9] Өргөдөлд тэмдэглэсэн хугацаагаар бичив.
[10] Хэргийн 59 дүгээр хуудас.
[11] Хувийн хэрэгт тэмдэглэснээр бичив.
[12] Нэхэмжлэгчийн “Тухайн үед Хужирт сумын Нийгмийн даатгалын тасгийн даргаар Батшатар гэх хүн ажиллаж байсан” гэж тайлбарласнаар бичив.
[13] Нэгэнт Ю.Нацагийг төрийн “албан тушаалтан” байхдаа алдаа гаргасан гэж түүгээр төлбөр ногдуулж байгаа бол.