Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 699

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2017/00699

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Бага Дарь Эх 4-1670 тоотод оршин суух, Батдэмбэрэлийн Энхжаргалын /ЧВ84092964/ төлөөлөгч Д.Ганбатын хүсэлттэй,

Н.Амардэлгэрийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.Баярцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Батдэмбэрэл овогтой Энхжаргалын төрсөн эцэг Нина овогтой Батдэмбэрэл нь 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Жанхар Цамхаг” ХХК-ийн захирал Н.Амардэлгэртэй Орон сууцны захиалгын гэрээ байгуулж, Хас Банк ХХК-ийн Орон сууцны зээлээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хорооллын 12-3 тоот 56 м.кв 2 өрөө байрыг тус байрны зоорийн давхарт орших, 10 тоот хаягт байршилтай 18 м.кв авто зогсоолын хамт нийт 57,368,800 төгрөгөөр худалдан авч тус бүрд нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж авсан байна.

Гэтэл хариуцагч Н.Амардэлгэр нь тус байрны зоорийн давхарт 17 машины зогсоол байх зургийг дур мэдэн өөрчилж, №3, 10, 16, 18, 20, 21, 22, 24 тоотод байрлах 8 авто зогсоолыг хууль бусаар улсын бүртгэлд бүртгүүлсэн нь захиргааны хэргийн 3 шатны шүүхээр хянагдаж, дээрхи зогсоолуудын улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон байдаг ба Захиргааны хэргийн маргаанд нэхэмжлэгч Б.Энхжаргал гуравдагч этгээдээр оролцсон бөгөөд Н.Амардэлгэрийн дээрх хууль бус үйлдлийн улмаас Б.Энхжаргал авто зогсоолгүй болж хохирсон байхад зургийн дагуу хууль ёсоор бүртгэгдсэн гэх 17 зогсоолын 3 нь хариуцагч Н.Амардэлгэрийн өмчлөлд бүртгэлтэй хэвээр үлдсэн юм.

Иймд хариуцагчаас автозогсоол гаргах тухай нэхэмжпэлийг түүний улсын бүртгэлд бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлаас 15-319 тоот хаягийн дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч хариуцагч Н.Амардэлгэр нь улсын бүртгэлд бүртгэлтэй хаяг дээрээ оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5387 тоот захирамжаар тогтоогдож, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул хариуцагчийг хуулийн дагуу эрэн сурвалжилж өгнө үү.

Нэхэмжлэгчийн олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан байсныг сунгаж, эрэн сурвалжпах нэхэмжлэлийг дахин гаргаж байгаа болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Энхжаргалын төлөөлөгч Д.Ганбат нь Н.Амардэлгэрийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ “хариуцагч Н.Амардэлгэрээс автозогсоол гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлаас 15 гудамж, 319 тоот хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй” гэх тайлбарыг гаргасан ба Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 351 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шаты шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 395 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 276 дугаар тогтоол, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Ургах наран хороолол /13180/, 12 байр Зоорийн давхарт 10 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн Ү-2204055925 дугаар гэрчилгээний хуулбарыг хүсэлтэд хавсаргасан байх тул хүсэлт гаргагч Б.Энхжаргал нь Н.Амардэлгэрийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5387 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар хариуцагч Н.Амардэлгэрийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байх тул хүсэлт гаргагч Б.Энхжаргал нь Н.Амардэлгэрийн оршин суугаа газрыг тодруулах талаар өөрийн боломжит арга хэмжээг авсан гэж үзэхээр байна.

Иймд Б.Энхжаргал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна. Б.Энхжаргал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155.2-т зааснаар хүсэлтээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд буюу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн тул хүсэлтийг хянан хэлэлцэх үндэслэлтэй байна. 

Б.Энхжаргал нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Насандэлгэрийн Амардэлгэр /УС83080404/-ийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Насандэлгэрийн Амардэлгэр /УС83080404/-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Н.Амардэлгэрийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй бол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ЭНЭБИШ