| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2020/0349/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/363 |
| Огноо | 2020-11-17 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/363
2020 11 17 2020/ШЦТ/363
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Ч.Мөнхзул
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох
Шүүгдэгч С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..................... овогт Ст холбогдох 2021000000360 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ..........................................тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 362 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, .............. овогт С /РД: ....................../.
Шүүгдэгч С нь 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Toyota spacio маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Тэс ШТС-ын хойд талын төв замаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...” гэх, 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэх, мөн дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн хэрэгслийн осолд холбогдсон жолооч нь: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог, нэр, хаяг, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог, нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах...үүрэгтэй” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч С.Д-ийг мөргөж амь насыг хохироосон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэх зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Аавыгаа алдсандаа харамсаж байна. Аав ээж хоёр минь хоёулаа амьдардаг байсан. Хоёулаа байхдаа тэтгэврийнхээ хэдэн төгрөгөөр амьдарлаа зохицуулаад ханиндаа болдог байсан. Аав минь байхгүй болохоор ээжид маань хэцүү байгаа. ...Оршуулгын зардалд бидний зүгээс 7,100,000 төгрөгийг зарцуулсан бөгөөд тэр мөнгөнөөс шүүгдэгч өөрийнхөө боломжоор 4,100,000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 3,000,000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна. Иймд үлдэгдэл 3,000,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...аавыгаа алдсандаа харамсалтай байна. ...Талийгаач аавын буяны ажилд 7,100,000 төгрөг гарсан. Үүнээс 3,100,000 төгрөгийг холбогдогч өгсөн. Тиймээс үлдэгдэл 4,000,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ. /хх-ийн 35-38/
Гэрч З.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 30-ны шөнө 01 цаг 40 минутын үед 4 дүгээр багийн өргөн гудамжнаас доошоо зам руу гарахад зам дээр нэг эрэгтэй 50-60 орчим насны хөгшин ах газар хэвтэж байсан. Тэгээд ойртоод гэрэл тусгаад харахад толгойноос нь цус гарсан байдалтай байхад нь цагдаад дуудлага өгсөн...“ гэжээ. /хх-ийн 49/
Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...шууд баруун тийш эргээд төв гандангийн хойд талын замаар буюу Ялалт, Зангиатын хойд талын замаар хойшоо явж байгаад Халуун усны газрын баруун талд явж байхад зам дээр жолоочийн хажуу талаас нэг хүн гэнэт гараад ирсэн. Тэгэхэд машин барьж явсан С хажуу тийшээ дараад өнгөрөхдөө жолооч талаараа мөргөсөн. Тэгээд бид хоёр согтуу нэлээн халчихсан байсан болохоор айсандаа шууд явчихсан. Бид хоёр машинаа зогсоож тухайн мөргөсөн хүнийг хараагүй. Айсандаа шууд явсан. Харанхуй байсан учраас сайн анзаарч хараагүй. Тухайн хүнийг мөргөчихөөд Ялалтын 21-09 тоотод С намайг гэрт буулгаж өгсөн. ...” гэжээ. /хх-ийн 52/
Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ялалтын 19-07 тоотод архи ууж байгаад архи дуусахад Б нь Сыг хоёулаа явж 24 дүгээр байрны таксины зогсоолоос пиво аваад ирье гэхэд С машинаа жолоодоод Б-тай хамт 2020 оны 08 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад гарсан. Ингээд 30 орчим минутын дараа тэр хоёр 3 ширхэг 2,5 литрийн пиво аваад ирсэн. Тэгээд С надтай уулзаад найз нь хүн дайрчихлаа, тэгээд нөгөө хүнээ харалгүй шууд хүрээд ирлээ гэж хэлсэн. ...С машин барьж байсан учраас бид нартай нийлж архи пиво уугаагүй. Харин сүүлд пиво авч ирээд хүн дайрчихлаа гээд сандраад ууж байгаа харагдсан ...” гэжээ. /хх-ийн 46-48/
Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...охин ******* аав гэж уйлаад байхаар нь би Стай утсаар яриад ирэх болж байна уу, охин уйлаад байна гэхэд эрүүл одоо очлоо гэж хэлсэн. Тэгээд би унтаад өгсөн. 02 цагийн орчим С өөрийнхөө утаснаас залгаж би хүн дайрчих шиг боллоо гээд их сандарсан байдалтай ярьсан. Тэгээд би уурлаад жоохон загнасан чинь утсаа тасалсан. Залгасан чинь холбогдох боломжгүй байсан. Ингээд би буцаж унтаад өглөө 07 цаг 30 минутад сэрэхэд С гэртээ ирээд унтаж байсан. Ингээд би ******* ******* дугаартай цагаан өнгийн машинаа бариад ажилдаа явсан ба машины жолооч талын буюу баруун талын салхины шил хагарсан байсан...” гэжээ. /хх-ийн 43-44/
Гэрч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би орой 23 цагийн орчим унтсан бөгөөд тэр үед нөхөр Д унтаж байсан. Би шөнө босож бие зассан ба тэр үед нөхрийг байгаа эсэхийг хараагүй. Өглөө 06 цаг 30 минутад сэрэхэд нөхөр маань байхгүй байхаар нь би өглөө надаас эрт босоод гадаа сууж байна гэж бодсон. Тэгсэн 08 цаг өнгөрөөгөөд энгийн хувцастай хоёр хүн ирээд энэ хэнийх гэдэг айл вэ гэхээр нь Д гэхэд гэртээ байна уу гэсэн. Тэгээд бичиг баримтыг нь асуугаад гарсан. Талийгаач өвгөн маань хааяа нойр хүрэхгүй байна гээд босож гардаг байсан. Эмнэлэгт үзүүлэхэд тархины судасны нарийсалтай байна гэж хэлсэн. Түүнээсээ болоод нойр нь хулждаг...” гэжээ. /хх-ийн 39/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн цогцост хийсэн 112 тоот дүгнэлтэд:
1. С.Д-ийн цогцост хуйханд зүүн зулай зулгаралт, хуйханд дагзны зүүн дээд хэсгийн няцарсан шарх, хуйхны дотор гадаргын духны зүүн тал, дагзны зүүн талын цус хуралт, залгиур болон улаан хоолойн салстын цус хуралт, зүүн хөмсөгний дээд талын няцарсан шарх, духны зулгаралт, няцарсан шарх, цус хуралт, зүүн хацар шанааны зулгаралт, хамрын нурууны зулгаралт, няцарсан шарх, хамрын зүүн угалзны зулгаралт, зүүн мөрний зулгаралт, зүүн шууны цус хуралт, зүүн бугуйн няцарсан шарх, баруун, зүүн сарвууны шарх, зүүн гуяны зулгаралт, цус хуралт, зүүн шилбэний шаант болон тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлийн дагз, зүүн зулай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн духны урд хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт нь гэмтлийн хүнд зэрэгт, зүүн шилбэний шаант болон тахилзуур ясны хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Талийгаач С.Д-ийн цогцосноос авсан цусанд спиртийн зүйл илрээгүй.
6. С.Д-д шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
7. С.Д нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ гэжээ. /хх-ийн 61-65/
С мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...24 дүгээр байрны зогсоолоос пиво аваад буцаад Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Тэс” шатахуун түгээх станцын харалдаа баруун талын засмал замаар буюу Ялалт, Зангиатын голын замаар 01 цаг өнгөрөөгөөд явж байхад жолоочийн талаас буюу баруун гар талаас нэг эрэгтэй хүн гэнэт гарч ирэхэд нь машинаа зогсоож чадалгүй баруун урд талаараа мөргөхөд машины хамар хэсгээр салхины шилийг мөргөөд газарт унасан. Тэгээд би айж цочирдоод Ялалтын 19-07 тоотод найзууд дээрээ очиж ******* орхиж найзууддаа хэлээд буцаж ирье гэж бодоод явсан...” гэжээ. /хх-ийн 88-89/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12/
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураглал /хх-ийн 13-14/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-19/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-23/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 60, 70-72/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 139 тоот дүгнэлт /хх-ийн 76/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 78/
БОЭТ-ийн компьютер томографи шинжилгээ, эмчийн үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 79-80/
Мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 81-82/
Сын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 90/
Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 92/
Сын гэрлэлтийн гэрчилгээний болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 93-96/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97/
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн талаас шинээр гаргаж өгсөн хохирол нөхөн төлөхөө илэрхийлэх тухай хүсэлт, “Ягаан цээнэ” ӨЭМТ-ийн тодорхойлолтууд, Ц.М-ийн хяналтын картын хуулбар /нийт 6 хуудас/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Эрүүгийн 2021000000360 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгч ................ овогт С нь 2020 оны 08 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах “Тэс” шатахуун түгээх станцын хойд талын замаар ******* ******* улсын дугаартай Toyota spacio маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж, 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж, 3.5-д “Зам тээврийн хэрэгслийн осолд холбогдсон жолооч нь: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог, нэр, хаяг, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог, нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах...үүрэгтэй” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас С.Д-ийг мөргөж, амь насыг нь хохироосон, мөн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Зангиатын голын замаар 01 цаг өнгөрөөгөөд явж байхад жолоочийн талаас буюу баруун гар талаас нэг эрэгтэй хүн гэнэт гарч ирэхэд нь машинаа зогсоож чадалгүй баруун урд талаараа мөргөхөд машины хамар хэсгээр салхины шилийг мөргөөд газарт унасан. Тэгээд би айж цочирдоод Ялалтын 19-07 тоотод найзууд дээрээ очиж ******* орхиж найзууддаа хэлээд буцаж ирье гэж бодоод явсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч З.А, С.Б, М.Б, Ц.М, Ц.Ц нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн задлан шинжилгээ хийсэн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 112 тоот дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураглал, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 139 тоот дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, БОЭТ-ийн компьютер томографи шинжилгээ, эмчийн үзлэгийн тодорхойлолт, Сын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас С.Д-ийг мөргөж түүний биед хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учруулж, улмаар С.Д нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн цогцост хийсэн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн задлан шинжилгээ хийсэн 112 тоот “С.Д-ийн цогцост хуйханд зүүн зулай зулгаралт, хуйханд дагзны зүүн дээд хэсгийн няцарсан шарх, хуйхны дотор гадаргын духны зүүн тал, дагзны зүүн талын цус хуралт, залгиур болон улаан хоолойн салстын цус хуралт, зүүн хөмсөгний дээд талын няцарсан шарх, духны зулгаралт, няцарсан шарх, цус хуралт, зүүн хацар шанааны зулгаралт, хамрын нурууны зулгаралт, няцарсан шарх, хамрын зүүн угалзны зулгаралт, зүүн мөрний зулгаралт, зүүн шууны цус хуралт, зүүн бугуйн няцарсан шарх, баруун, зүүн сарвууны шарх, зүүн гуяны зулгаралт, цус хуралт, зүүн шилбэний шаант болон тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлийн дагз, зүүн зулай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн духны урд хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт нь гэмтлийн хүнд зэрэгт, зүүн шилбэний шаант болон тахилзуур ясны хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. С.Д нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ” гэх дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироох гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, харин мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч С нь нэг удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай болон болгоомжгүй хоёр гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Ст холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Сын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах мөн хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарахаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр тус тус үйлдэгджээ. Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг хамаарахгүй юм.
Шүүгдэгч Сын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 4,100,000 төгрөг төлсөн, цаашид 3,000,000 төгрөг төлөхөө илэрхийлж байгаа хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “гомдол саналгүй, шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх санал хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ст 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ам бүл тавуулаа, гэмтлийн улмаас 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан эхнэр болон 1-10 насны гурван хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч Сын тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг дөрвөн жилээр тогтоолоо.
Энэ гэмт хэргийн улмаас С.Д-ийн амь нас хохирсон бөгөөд шүүгдэгч С нь хохирогч талаас оршуулгын зардалд нэхэмжилсэн 7,100,000 төгрөгөөс 4,100,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-д төлсөн бөгөөд үлдэгдэл 3,000,000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сард багтаан бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А нь шүүх хуралдаанд “...Бидний зүгээс аавыгаа цаг бусаар алдсандаа харамсаж байна. Шүүгдэгчийн хувьд оршуулгын зардалд гарсан мөнгийг өөрийнхөө боломжоороо төлж нийт 4,100,000 төгрөгийг өгсөн. Мөн үлдэгдэл 3,000,000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна. Иймд бидний хувьд өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Миний ээж шүүгдэгчийг олон нялх нойтон хүүхэдтэй тул гомдолгүй гэж хэлээрэй гэсэн тул энэ үгийг нь дамжуулж байна...” гэж гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар мэдүүлсэн. Иймд шүүгдэгч Саас гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт 3,000,000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-д олгохоор шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-д 4,100,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ............ овогт Сыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Сын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Сын тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ст мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Сын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ст оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
8. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч С нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-д оршуулгын зардалд 4,100,000 /дөрвөн сая нэг зуун мянга/ төгрөгийг төлсөн бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт 3,000,000 /гурван сая/ төгрөгийг 2021 оны 03 дугаар сард багтаан нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Саас гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт 3,000,000 /гурван сая/ төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ................................... тоотод оршин суух ................... овогт Д.А-д /РД: ...................../-д олгосугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн .................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА