Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/351

 

 2020        11           06                                               2020/ШЦТ/351

                                               

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, Ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч Г.Намуунтуяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Иргэдийн төлөөлөгч *******                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   Улсын яллагч Д.Ганчимэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .................... овогт Нт холбогдох эрүүгийн 2021000000332 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, эхийн хамт ..................................тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, .............................. овогт Н /РД: ....................../.

Шүүгдэгч Н нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “*******” дэлгүүрийн баруун талд 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цагийн орчимд хохирогч Ц.А-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би дугуйгаа янзлах гээд зах руу орсон. Тэнд Г-той таараад 0.75 литрийн шилтэй архи уусан. Талийгаач надтай хамт явж байсан Б-ын араас чангааж, машин руу чирээд байхаар нь цохичихсон” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би тухайн үед ажил дээрээ байсан. Орой 19 цагийн үед үеэл дүү над руу залгаад  “Нагац ах өнгөрчихлөө” гэж хэлсэн. Өдөр нь миний аав надтай утсаар ярьж байсан болохоор нас барсан гэхэд нь итгэж өгөөгүй. Моорог дээр ирээд аавыгаа хараад л таньсан. Аав маань ажил хийгээд дүүг маань юугаар ч дутаахгүй амьдарч байсан. Айлын том хүү болохоороо дүү нартаа байраа өгч, өөрөө түрээсийн байранд амьдарч байсан. Шүүгдэгчийн ар гэрээс өчигдөр хохирлын мөнгөний талыг хийсэн. Өнөөдрийг хүртэл хохирол төлж барагдуулахгүй байгаа учраас дүү бид хоёрыг хайхрахгүй байна гэж үзэж байна. Нийт нэхэмжилсэн мөнгөн дүнд шатахууны баримт ганц ч авагдаагүй. Миний дүү 16 настай. Насанд хүрэх хүртэл нь тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох бодолтой байна. Эцэг тогтоолгох шинжилгээний хариу гарсны дараа нэхэмжлэл гаргана. ...Оршуулгын зардалд нийт 8,856,856 төгрөг нэхэмжилж байна. Үүн дээр буяны ажлын үед “Баян тал” ХХК-аас авсан хиамны үнэ 255,000 төгрөг, хувь хүнээс авсан хүнсний ногооны үнэ 372,000 төгрөгийг нэмээд нийт 9,583,856 төгрөг нэхэмжлэхээс шүүгдэгчийн ар гэрийнхний зүгээс өгсөн 5,100,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 4,483,856 төгрөгийг нэхэмжилж байна. Оршуулгын үед хэрэглэсэн шатахуун зэрэг бусад зардал болон дүүдээ тэжээгчээ алдсаны цалин тэтгэмжийн зөрүүг дараа нь нэхэмжлэх хүсэлтэй байна”  гэв.

Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогч А нь тэр хүнийг дахин дахин татаж чангаагаагүй бол Н тэр залууг түлхэж цохих хэрэг байгаагүй гэж үзэж байна. Н нь санаандгүй цохисноор  хохирогч газарт чанга унаснаар амь нас нь хохирсон байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би түүнийг нас барсан талаар 2020 оны 09 дүгээр сарын 02-ны орой аав ******* төрсөн дүү Г-аас мэдсэн юм аа. Тухайн орой түүний цогцсыг БОЭТ-ийн моорогт байхад нь харахад түүний гавлын ясны арын хэсэгт цус хурж шинэ гэмтэл үүссэн байсан. Маргааш нь буюу 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Шүр захын баруун хаалганы гадна талд ширхгээр тамхи зардаг бор царайтай, бүдүүн эгчтэй уулзахад тэрээр “Өчигдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 16-17 цагийн орчимд Шүр захын баруун хаалганы гадна талд буюу ******* дэлгүүрийн гадна талд ******* сууж байгаад босч ирээд нэг хүнийг түлхээд унагачихсан, ингээд тухайн хүн газарт унахдаа дагзаараа хүчтэй саваад унасан. Ингээд тухайн хүн жаахан өндийгөөд эргээд хэвтээд өгсөн. Ингээд дахиж босоогүй. Энэ үед би хүн алчихлаа шүү дээ гэхэд тэнд байсан хүмүүс бүгд яваад өгсөн. Үүнээс хойш би 18 цагийн орчимд гэртээ харих гээд тухайн хүнийг өшиглөж үзэхэд хөдлөхгүй байсан гэж байсан. Энэ үед гэх эмэгтэй хажуунаас орж ирээд “Намайг ******* ах хамт явъя гээд татаад байсан. Тэгтэл Н ах босч ирээд намайг өмөөрөөд ******* ахыг түлхээд унагачихсан. Ингээд А ах дагзаараа газарт хүчтэй саваад унасан” гэж байсан. Мөн тухайн үйл явдлаас өмнө 15 цагийн орчимд  манай аав Г эгчийн гэрээр ороод гарсан гэх бөгөөд энэ үед тэдний гэрт түүний найз байсан гэсэн. Түүний ярьж байгаагаар аав жаахан халамцуу байсныг эс тооцвол ил харагдах шарх гэмтэлгүй явж байсан гэсэн...” гэжээ. /хх-ийн 24-25/

Гэрч А.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 11 цаг өнгөрч байхад найз Н, З нартай Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах Шүр захын гадаа тааралдсан. Бид гурав 1 шил Их монгол нэртэй 0,75 литрийн архи аваад хувааж уусан. Архиа ууж дуусаад би тэднээс салж яваад авгайтайгаа уулзаж ойр зуурын ажил хөөцөлдөж байгаад 15 цаг өнгөрч байх үеэр Шүр захад байрлах ******* дэлгүүрийн баруун талд такси зогсоолын төмөр дээр сууж байтал Н, Б хоёр Шүр захын дунд хаалганы орчмоос хойшоо над руу чиглээд ирж байсан. Тэгсэн гэнэт нэг танихгүй ах Б-ын ардаас тэврэх шиг болсон уу, татах шиг болсон уу Б эргэж хараад “Та яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэр үед анзаарч хараагүй. Ямар ч байсан Б-д хүрэхэд Н “Та яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл Н эргэж хараад “Та ингэхэд яагаад байгаа юм бэ” гээд тэр танихгүй ахын нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл нөгөө ах цементэн талбай дээр арагшаа саваад уначихсан...” гэжээ. /хх-ийн 26/

            Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний ар талаас А гарч ирээд 2 гаран дээрээс бариад намайг “Хамт явъя” гэж хэлээд зуурч татсан. Би түүнд хандаж “Зайл” гэж уурласан. Энэ үед Н ах босч ирээд “Чи яагаад байгаа юм бэ” гэж хэлээд А-ийн шанаа хэсэг рүү миний харснаар нэг удаа цохисон. Энэ үед А ах газарт ар дагз хэсгээрээ саваад унасан. Н түүнийг босгох гэж оролдсон боловч тэрээр огт босохгүй, үг дуугарахгүй байсан. Энэ үед тамхи зардаг эгч нар “Хүүе энэ хүн их эвгүй уначихлаа шүү дээ” гэхээр нь би “Та нарт ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн. Ингээд бид түүнийг орхиод замын эсрэг талын дэлгүүрээс архи авахаар явсан. Харин энэ үед А газарт толгойгоо зүүн урд зүгт харуулаад биеэ хагас баруун тийш харуулаад хэвтээд үлдсэн. Ингээд бид дөрөв авсан архиа уучихаад эргэн Шүр зах руу чиглэн явсан. Энэ үед А газарт хэвтсэн хэвээрээ л байсан...” гэжээ. /хх-ийн 27-28/

            Гэрч Д.М  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн үдээс хойш 16-17 цагийн орчимд ******* гэх эмэгтэй нэг танихгүй залуутай маргалдаад байж байхад Орос шиг шар царайтай залуу танихгүй залууг түлхэх шиг болсон. “Хөөе та нар болиоч” гэж хашгирахад бүгд тараад алга болсон. Тухайн үед намайг хашгирахад шар залуу түлхсэн хүнийгээ босгоод суулгасан. Харин ажил тарах үед уг түлхүүлээд унасан хүнийг босооч ээ гэж хэлээд хөл рүү нь хөдөлгөхөд хөдөлж байсан ба амаараа авиа гаргаж байсан. Унтаж байна гэж бодоод орхиод явсан...” гэжээ. /хх-ийн 33/

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 114 тоот задлан шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд:

1. Талийгаач Ц.А-ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын яс дагзны баруун хэсэгт дагзны төврөгөөс баруун талын чулуулаг яс хүрсэн шугаман хугарал, их тархины баруун зүүн тал бөмбөлгийн дух болон дагуу завсраар, бага тархины баруун тал бөмбөлөгт нилэнхүйдээ аалзан хальсны доорх цус харвалттай, их тархины баруун тал бөмбөлгийн дух хэсэгт тархины эдийн няцрал, дагзны баруун хэсгийн цус хуралт, дагзны зүүн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, доод уруулын зүүн хажуу хэсэг, баруун гуяны урд доод хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлүүд үүссэн хугацааг тогтоох нарийн шинжилгээгээр тархинд үүссэн цусан бүлэн нь шинэ цусан бүлэн болох нь тогтоогдсон байна. Нарийн хугацаа гаргах боломжгүй гэжээ.

3. Дээрх гэмтлүүдээс тархины гэмтэл нь Шүүх гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэг, 2.4.1-т зааснаар дагзны зүүн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, доод уруулын зүүн хажуу хэсэг, баруун гуяны урд доод хэсгийн зулгаралт нь гэмтлийн хөнгөн зэрэг болно.

4. Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач нь тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ.

6. Талийгаачид хийсэн шүүх химийн шинжилгээгээр цусанд 0,7 промилли процент этилийн спирт илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэг болно гэжээ. /хх-ийн 49-52/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 52 тоот дүгнэлтэд:

1. Гэмт хэрэг үйлдэх үед Н нь эмнэлзүйгээр дунд зэргийн согтолттой өөрийн хийж буй үйлдлийн хор аюулыг ухамсарлан ойлгох чадвартай байсан.

2. Н одоогийн сэтгэцийн байдал эрүүл.

3. Н нь хэрэг хариуцах чадвартай” гэжээ. /хх-ийн 146/

 

Н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Шүр зах дээр ******* ******* нартай тааралдаад дэлгүүрээс Хамаг Монгол гэх 0,75 литрийн архи худалдаж аваад тухайн зах дотор ороод нэгэн танихгүй хүнтэй дөрвүүлээ хувааж уусан. Ингээд танихгүй залууг машинд суулгаж өгөөд бид 3 салж явсан. Ингээд нэг их удалгүй Шүр захын зүүн хаалгаар гэртээ харих гэж яваад *******той дахин тааралдсан. Тэгтэл ******* “З,  Б хоёр дахин баруун хаалган дээр байна. Дуудаад байна” гэхээр нь бид хоёр захын баруун хаалганы гадна талд очоод Б, З нартай уулзалдсан. Ингээд бид хэдийг юм яриад зогсож байхад Б-ыг нэг эрэгтэй 50 орчим насны хүн татаж чангаагаад байсан. Тэгэхээр нь тухайн эрэгтэй хүн рүү очоод “Яагаад байгаа юм бэ” гэж хэлээд түүний шанаа руу нь баруун гараараа нэг удаа цохисон. Тэгтэл тухайн хүн миний харснаар хажуу талаараа унасан. Ингээд би түүнийг татаж өндийлгөөд малгайг нь өмсүүлээд явсан. ...Ингээд авсан архиа уучихаад буцаад захын баруун хаалганы ойролцоо ирэхэд миний цохиж унагаасан хүн баруун тийш их биеэрээ хараад толгойгоо урд зүгт харуулан хэвтэж байсан...” гэжээ. /хх-ийн 32-34/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-08/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-12, 55-57/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-20/

Телекамерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-22/

Гэрч Ц.З-ын мэдүүлэг /хх-ийн 29-30/

Гэрч Э.Э-ын мэдүүлэг /хх-ийн 32/

Гэрч С.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 44-46/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 143 тоот дүгнэлт /хх-ийн 53-54/

Ц.А-ийн нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 90/

Талийгаач Ц.А-ийн буяны ажлын зардлын нэхэмжлэл, хавсаргасан хохирлын баримтууд /хх-ийн 124-136/

Насанд хүрээгүй гэрч Г.Н-ийн мэдүүлэг /хх-ийн 31/

“Авто агро” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 91/

Гэрч Ч.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 39/

Гэрч Ч.О-ийн мэдүүлэг /хх-ийн 40/

Гэрч Ч.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 42/

Гэрч Ч.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 43/

Нын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 85/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд хохирогчийн талаас гаргаж өгсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /1 хуудас/, шүүгдэгчийн талаас гаргаж өгсөн Хэрлэн сумын 8-р багийн Засаг даргын тодорхойлолт /1 хуудас/, Д.Д, Ч.А нарын иргэний үнэмлэхийн хуулбар /2 хуудас/, Ч.А-ийн амбулаториор эмчлүүлэгчдийн карт /1 хуудас/, Хаан банкны дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт /2 хуудас/, 2,509,397 төгрөгийн хохирол төлсөн тухай баримт /1 хуудас/ зэрэг нотлох баримт болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Нт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч .................... овогт Н нь согтуугаар 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “*******” дэлгүүрийн баруун талд Ц.А-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...тухайн эрэгтэй хүн рүү очоод “Яагаад байгаа юм бэ” гэж хэлээд түүний шанаа руу нь баруун гараараа нэг удаа цохисон. Тэгтэл тухайн хүн миний харснаар хажуу талаараа унасан. Ингээд би түүнийг татаж өндийлгөөд малгайг нь өмсүүлээд явсан. ...Ингээд авсан архиа уучихаад буцаад захын баруун хаалганы ойролцоо ирэхэд миний цохиж унагаасан хүн баруун тийш их биеэрээ хараад толгойгоо урд зүгт харуулан хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Б.Б-ын “...ар талаас ******* гарч ирээд 2 гаран дээрээс бариад намайг “Хамт явъя” гэж хэлээд зуурч татсан. Би түүнд хандаж “Зайл” гэж уурласан. Энэ үед Н ах босч ирээд “Чи яагаад байгаа юм бэ” гэж хэлээд ******* шанаа хэсэг рүү миний харснаар нэг удаа цохисон. Энэ үед ******* ах газарт ар дагз хэсгээрээ саваад унасан. Н түүнийг босгох гэж оролдсон боловч тэрээр огт босохгүй, үг дуугарахгүй байсан...” гэх, гэрч А.Г-ийн “...Н, хоёр Шүр захын дунд хаалганы орчмоос хойшоо над руу чиглээд ирж байсан. Тэгсэн гэнэт нэг танихгүй ах Б-ын ардаас тэврэх шиг болсон уу, татах шиг болсон уу эргэж хараад “Та яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Ямар ч байсан Б-д хүрэхэд Н “Та яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл Н эргэж хараад “Та ингэхэд яагаад байгаа юм бэ” гээд тэр танихгүй ахын нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл нөгөө ах цементэн талбай дээр арагшаа саваад уначихсан...” гэх, гэрч Д.М-ийн “...намайг хашгирахад шар залуу түлхсэн хүнийгээ босгоод суулгасан. Харин ажил тарах үед уг түлхүүлээд унасан хүнийг босооч ээ гэж хэлээд хөл рүү нь хөдөлгөхөд хөдөлж байсан ба амаараа авиа гаргаж байсан. Унтаж байна гэж бодоод орхиод явсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн задлан шинжилгээ хийсэн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 114 тоот дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, телекамерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Ц.З, Э.Э, С.Б нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 143 тоот дүгнэлт, Ц.А-ийн нас барсны гэрчилгээний хуулбар болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н нь Ц.А-ийн нүүрэн тус газарт гараараа цохисноос Ц.А нь цементэн гадаргуутай талбай дээр ар талаараа савж унасны улмаас биедээ гавлын яс дагзны баруун хэсэгт дагзны төврөгөөс баруун талын чулуулаг яс хүрсэн шугаман хугарал, их тархины баруун зүүн тал бөмбөлгийн дух болон дагуу завсраар, бага тархины баруун тал бөмбөлөгт нилэнхүйдээ аалзан хальсны доорх цус харвалттай, их тархины баруун тал бөмбөлгийн дух хэсэгт тархины эдийн няцрал, дагзны баруун хэсгийн цус хуралт, дагзны зүүн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл авч уг тархины хүнд гэмтлийнхээ улмаас нас барсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн задлан шинжилгээ хийсэн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 114 тоот “...Ц.А-ийн цогцост гавлын яс дагзны баруун хэсэгт дагзны төврөгөөс баруун талын чулуулаг яс хүрсэн шугаман хугарал, их тархины баруун зүүн тал бөмбөлгийн дух болон дагуу завсраар, бага тархины баруун тал бөмбөлөгт нилэнхүйдээ аалзан хальсны доорх цус харвалттай, их тархины баруун тал бөмбөлгийн дух хэсэгт тархины эдийн няцрал, дагзны баруун хэсгийн цус хуралт, дагзны зүүн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, доод уруулын зүүн хажуу хэсэг, баруун гуяны урд доод хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүдээс тархины гэмтэл нь Шүүх гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэг, 2.4.1-т зааснаар дагзны зүүн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, доод уруулын зүүн хажуу хэсэг, баруун гуяны урд доод хэсгийн зулгаралт нь гэмтлийн хөнгөн зэрэг болно. Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв. 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч Н нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Нт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ныг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Н нь сэтгэцийн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 52 тоот дүгнэлтээр тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Ныг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэм буруугийн шүүх хуралдаанаар гэм буруутайд тооцож гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд гаргуулахаар шийдвэрлэсэн 2,509,397 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Н-д нийт 7,609,397 төгрөгийг төлсөн, одоогоор бусдад төлөх төлбөргүй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд нь шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй болон шүүгдэгчийн ар гэр, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар “хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах” саналыг гаргасан боловч гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Н-ын санал хүсэлт зэргийг харгалзан хорих ялыг хуульд зааснаас хөнгөрүүлэн оногдуулах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Тус гэмт хэргийн улмаас Ц.А-ийн амь нас хохирч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Н шүүх хуралдаанд шүүгдэгчээс буяны ажлын зардалд 8,856,856 төгрөг, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний төлбөрт 100,000 төгрөг, үүн дээр буяны ажлын үед “Баян тал” ХХК-аас авсан хиамны үнэ 255,000 төгрөг, хувь хүнээс авсан хүнсний ногооны үнэ 372,000 төгрөгийг нэмээд нийт 9,583,856 төгрөг нэхэмжилсэн ба уг үнийн дүнгээс шүүгдэгчийн ар гэрийнхний зүгээс өгсөн 5,100,000 төгрөгийг хасч тооцоод үлдэгдэл 4,483,856 төгрөгийг нэхэмжилж, буяны ажлын бусад зардал болон тэжээгчээ алдсаны цалин тэтгэмжийн зөрүү зэргийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөхийг хүсчээ.

Шүүх бүрэлдэхүүн гэмт хэрийн улмаас учирсан хор уршиг, хохирол төлбөртэй холбоотойгоор цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Н нь буян ажлын буюу оршуулгын зардалд /Буяны үйлчилгээнд 1,300,000 төгрөг, хоол хүнсэнд 3,057,855 төгрөг, мал маханд 1,200,000 төгрөг, жимс ногоонд 1615,600 төгрөг, шатахуунд 182,942 төгрөг, засал ном уншуулахад 855,000 төгрөг, моорогийн төлбөрт 25,000 төгрөг/ 8,236,397 төгрөгийн, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний төлбөрт 100,000 төгрөгийн, нийт 8,336,397 төгрөгийн нотлох баримт гаргаж өгснөөс нотлох баримтын шаардлага хангахгүй буюу “Баян тал” ХХК-аас авсан хиамны үнэ 255,000 төгрөг, хувь хүнээс авсан хүнсний ногооны үнэ 372,000 төгрөг, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний төлбөр 100,000 төгрөг, бүгд 727,000 төгрөгийн баримтыг хасч тооцоод нийт 7,609,397 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож үүнээс шүүгдэгчийн төлсөн 5,100,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 2,509,397 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн шийдвэрийг шүүгдэгч  Н хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болно. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Н нь хохирогч нас барсантай холбогдуулан гарсан бусад зардал болон гэм хор учруулсны төлбөрийг дараа нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул түүний энэхүү эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Н-д гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт 7,609,397 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч ................... овогт Ныг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нт 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нт оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нын цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

               

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Н-д гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 7,609,397 /долоон сая зургаан зуун есөн мянга гурван зуун ерэн долоо/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Н нь хохирогч нас барсантай холбогдуулан гарсан бусад зардал, гэм хор учруулсны төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Наас нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоосугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Нт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ......................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.          

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ПАГМА

  •  

                                                                                               Г.НАМУУНТУЯА