| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2020/0151/э |
| Дугаар | 160 |
| Огноо | 2020-11-02 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 160
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А, шүүгдэгч Г.М, О.А, тэдгээрийн өмгөөлөгч Б.Лхагважав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т ургийн овогт Г-ийн М, Ц ургийн овогт О-ын А нарт холбогдох эрүүгийн 2035001320157 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Г-гийн М 1997 оны 01 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар:............
Монгол Улсын иргэн, Ц ургийн овогт О-ын А 1999 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн 1-52 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ........
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.М, О.А нар нь бүлэглэн Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт байрлах 2020 авто угаалгын газрын хажууд 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Б.А-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035001320157 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Б.А-ын “...2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүүхдээ цэцэрлэгээс аваад угаалга дээр очсон. М угаалгын газарт найз нарынхаа машин оруулчихсан угааж байсан. Угаалга руу ороод “энд юу болж байгаа юм” гэсэн чинь М “машин угааж байна” гэж хэлэхээр нь угаалгын ард байх гэр лүүгээ орох гээд явж байсан чинь миний гэр дотроос М-ын хоёр найз нь гараад ирсэн. Тэр хоёр залуугаас “юу болж байгаа юм” гэж асуусан чинь “ус авч байна, яадаг юм болдоггүй юм уу” гэхээр нь “манай гэр лүү хүн хамаагүй орж болохгүй” гэсэн чинь тэр хоёр залуугийн нэг нь “та ямар ядаргаатай юм хэлдэг юм бэ” гэж хэлсэн. ...Хүүхдээ ээждээ хүргэж үлдээгээд буцаад угаалга дээр ирсэн чинь М-ын найзууд машинаа угаалгаас гаргаад Сүлд синимагийн зогсоол дээр зогсоосон байсан. Эргээд гэр лүүгээ орчхоод буцаад гараад ирсэн чинь ээж бас угаалга дээр ирчихсэн байсан ба ээж М хоёр хоорондоо маргалдсан байдалтай байсан. Тэхээр нь би тэд нарын хажууд очоод “залуучууд юу болоод байгаа юм бэ” гэсэн чинь А гэх залуу нь “чамайг ална шүү” гэхээр нь би “одоо алчих” гэсэн чинь А машинаас бууж ирээд намайг цохих гээд гар далайхаар нь би цохиулахгүй бултаад өнгөрүүлсэн. Тэхээр би зөрүүлээд А-ыг цохих гэсэн чинь бас бултаад өнгөрүүлсэн. Тэр үед М намайг өшиглөөд намайг газарт унагасан. Унасан байхад А намайг гараараа цохисон. Тэр үед М, А хоёртой цуг явсан 2 найз нь бас над руу ирээд нөгөө хоёроо салгаж авах шиг болж байтал би ухаан алдсан байсан. Хэсэг хугацааны дараа ухаан орсон чинь М-ыг нэг найз нь тэвэрчихсэн байдалтай байсан. А нь миний хөл, гарыг базгаж байсан...” гэх мэдүүлэг[1],
2. Гэрч Ц.С-ын “...Миний ажиллаж байгаа барилгын хажуугийн угаалга ажиллуулдаг хоёр залуу хоорондоо маргалдаж нэг нэгнээ цохих шиг болоод барьцалдсан байсан. Энэ хоёрыг тэнд байсан хүмүүс салгасан. Уг хүмүүс дахиад хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Тэгтэл одоо зодуулсан гээд яваад байгаа залуу нь саарал цамцтай залуу руу очоод нүүр лүү нь өшиглөсөн. Уг залуу өшиглүүлэнгүүтээ нөгөө залуугаа зөрүүлээд хөлөөрөө хавираад газарт унагасан. Уг хавирдаг залууг араас нь хоёр залуу ирээд татаад аваад цааш эргэсэн. Би нөгөө нэг угаалгын залууг нь тэвэрч аваад машины цаана хүргээд зогссон. Уг угаалгын залуу газарт унасан залуу руу дайрах шинжтэй байсан юм. Тэгээд эргээд газарт унасан залууг харсан чинь таталт өгсөн байдалтай байсан... Одоо зодууллаа гээд байгаа залуу л өөрөө нөгөө залуу руу дайраад байсан...” гэх мэдүүлэг[2],
3. Гэрч О.А-ийн “ ...Тухайн өдөр гэртээ байж байтал миний хүү А хүүхдээ аваад манайд ирсэн ба нэлээн уурласан байхаар нь юу болсныг асуусан чинь “М дөрвөн машин угаалгад оруулчихсан, гэрт хүн орчихсон дураараа болж байж тэгэхээр нь юу болоод байгааг асуухад тэр залуучуудын нэг нь чамд ямар хамаатай юм” гэж хэллээ гэж хэлчхээд гараад явчихсан. Араас нь угаалга дээр очсон чинь А саарал өнгийн цамцтай залуутай маргалдаж байтал М бас тэр хоёр дээр очиж гурвуулаа хэрэлдэж маргалдсан. Тэгтэл саарал цамцтай залуу А-ыг мушгиад газарт унагах шиг болоод М-тай нийлээд өшиглөсөн. Тэрний дараа А-ын хажууд саарал цамцтай залуу билүү хар хувцастай залуу байсан уу аль нэг нь цохих шиг болтол А-ын гар, хөл нь татаад эхэлсэн...” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч Б.Э-ийн “...Би М-т машинаа угаалгамаар байна гэсэн чинь М “би машинд засвар хийж байна өөрөө шүршээд авч бай, засвараа дуусгаад угаагаад өгье” гэхээр нь би өөрөө машин руу ус шүршээд угааж эхэлсэн. Тэр үед гаднаас Г бас бид нар дээр ирсэн. Ингээд байж байтал угаалгын эзэн А ирээд бид нарыг хараад “ямар их машин угаадаг юм мөнгөө өгч чадах юм уу гэх зэргээр уурлаж орилоод одоо машинаа гарга гээд хаалга хаасан. ...Машинаас буугаад харсан чинь М, А хоёр хоорондоо барьцалдаад маргалдаж, зодолдож байгаа юм шиг харагдсан. Тэгэхээр нь тэд нар луу машины хажуугаар зөрөөд очсон чинь М, А хоёр барьцалдаад газар уначихсан байсан. Яаж унасныг нь хараагүй. Хажууд нь А зогсож байсан. А уурлаад тэр хоёр орчих гээд харагдаад байсан тул би А-ыг тэврээд тэндээс холдуулсан. Миний араас Гантогтох нөгөө хоёр дээр ирээд М-ыг салгаад авсан байсан ба А газарт сууж байсан. Тэгтэл А газраас босож ирээд хөлөөрөө жийгээд А руу үсэрсэн чинь А-ын нүүрэнд цохигдох шиг болсон. Тэгтэл А зөрүүлээд А-ыг газарт унагасан ба хавираад унагаачихлаа л гэж би харсан. Тэр үед А, А хоёр хоёулаа газарт унасан. А газарт унангуутаа таталт өгөөд эхэлсэн...” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч Б.Г-ын “...А-ыг манай найзууд цохиж халдаж байхыг хараагүй. Анх М, А хоёр заамдалцсан байхад салгах гээд очтол тэр хоёр хоёулаа газарт унаад заамдалцсан байсан. Тэгэхээр нь тэр хоёрыг нэг нэгнээ цохисон эсвэл М нь А-аа цохисон байх гэж бодсон. Дараа нь А газарт сууж байснаа гэнэт босоод А руу жийж өшиглөөд үсэрсэн. Тэгтэл А А-ыг яаж унагасан нь мэдэхгүй гэнэт унагасан байсан...” гэх мэдүүлэг[5],
6. 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 588 дугаартай “...Үзүүлэгч Б.А-н биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, толгойд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдэнд цус хуралт гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой эдгэж буй шинэ гэмтлүүд байна Тархи доргилт, толгойд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдэнд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн дүгнэлт[6],
7. Шүүгдэгч Г.М-ын яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр эхнэрийн ах Б.А-тай угаалгад найзуудынхаа машиныг оруулж угаасан гэх асуудлаас болж маргалдсан. ...би А-ын машины хөгжим засаж байтал хадам ээж болон ах 2 ирж надтай хэрүүл маргаан хийж эхэлсэн ба намайг үнэгүй машин угаалаа, мөнгө төгрөгөө өгсөнгүй гэсэн зүйл ярьсан. Уг маргааны үед хадам ах Б.А бид нэг нэгнийхээ хувцаснаас барьцалдаад харилцан зодолдсон. Тэр үед найз Э, Г хоёр ирээд бид хоёрыг салгасан. А надаас холдоод газарт уурласан байдалтай суусан. Тэгснээ гэнэт босоод А-ын нүүр лүү өшиглөсөн. Тэгтэл А зөрүүлээд Б.А-ыг хавираад зам дээр унагасан. А зам дээр унангуутаа таталт өгсөн. А А луу очоод таталтыг нь болиулах гээд гар хөлийг базгаж, барьж өгсөн...” гэх мэдүүлэг[7],
8. Шүүгдэгч О.А-ын яллагдагчаар өгсөн “...Намайг хараад чи гараад ир гээд намайг машинаас гаргаад маргалдаж машины хөлс мөнгөний талаар ярьсан. Тэгтэл М машинаас гарч ирээд А луу “та болилдоо” гэж хэлсэн. Тэр үед А-ын ээж М, А хоёрын голд байсан ба А ээжийнхээ араас гарч ирээд М-ын нүүр лүү гараараа цохисон. М ч бас зөрүүлээд гараараа А-ын нүүр лүү цохиод эхэлсэн. Тэгтэл Э, Г хоёрын нэг нь ирээд надтай А, М хоёрыг салгаж хоёр тийш болгосон. Тэгчхээд би машиныхаа хажууд зогсож байсан чинь А над руу үсрээд нүүр лүү өшиглөхөөр нь би зөрүүлээд А-ыг хавирсан чинь зам дээр унасан. Тэр үед Сүлд синима дээр ажиллаж байсан залуу араас ирээд намайг тэвэрч аваад А-аас холдуулсан. А газар унангуутаа л таталт өгөөд эхэлсэн...” гэх мэдүүлэг[8] зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт хохирогч Б.А нь машин үнэгүй угаалгалаа гэх шалтгааны улмаас шүүгдэгч Г.М, О.А нартай маргалдаж, харилцан зодолдсон. Уг зодооны явцад шүүгдэгч Г.М нь хохирогч О.А-ын нүүр нь тус газар гараараа цохисон, шүүгдэгч О.А нь хохирогчийг хавирч унагаасан үйл баримт тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.А-ын биед “тархи доргилт, толгойд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдэнд цус хуралт гэмтлүүд” учирсан байх бөгөөд тухайн гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээч эмчийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 588 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.М, О.А нар нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Шүүгдэгч Г.М, О.А нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч хохирогчийн биед нэг цаг хугацаанд, нэг сэдэлт зорилгоор халдаж гэмтэл учруулсан буюу үйлдлээрээ нэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзнэ.
Шүүгдэгч Г.М, О.А нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг хүндрүүлэх нөхцөл байталтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.М, О.А нараас хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нэхэмжлээгүй болох нь хохирогч Б.А-ын “...Надад одоо гомдол санал, хүсэлт байхгүй. Мөн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр[9] тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.М, О.А нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Г.М, О.А нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь эсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.4-д заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.М-ын хувийн байдал тогтоосон гэрч Б.Б-ийн мэдүүлэг[10], гэрч Б.Т-ийн мэдүүлэг[11], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12] зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.М нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, эхнэр, бага насны хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт оршин суудаг болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч О.А-ын хувийн байдал тогтоосон гэрч П.У-ын мэдүүлэг[13], гэрч Э.Б-ийн мэдүүлэг[14], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[15] зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эхнэр, 1 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт оршин суудаг болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.М, О.А нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, гэм буруугаа ойлгож ухамсарласан, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас шүүгдэгч Г.М, О.А нарыг чөлөөлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.М, О.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т ургийн овогт Г-гийн М, Ц ургийн овогт О-ын А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас шүүгдэгч Г.М, О.А нарыг чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Г.М, О.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, О.А нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
[1] хх-ийн 36-37 дугаар хуудас
[2] хх-ийн 39-40 дүгээр хуудас
[3] хх-ийн 41-42 дугаар хуудас
[4] хх-ийн 43-44 дүгээр хуудас
[5] хх-ийн 45-46 дугаар хуудас
[6] хх-ийн 14-15 дугаар хуудас
[7] хх-ийн 77-78 дугаар хуудас
[8] хх-ийн 83-85 дугаар хуудас
[9] хх-ийн 38 дугаар хуудас
[10] хх-ийн 47 дугаар хуудас
[11] хх-ийн 48 дугаар хуудас
[12] хх-ийн 97 дугаар хуудас
[13] хх-ийн 49 дүгээр хуудас
[14] хх-ийн 50 дугаар хуудас
[15] хх-ийн 101 дүгээр хуудас