Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2018/ДШМ/27

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 09 өдөр                          

    2018/ДШМ/27                                                           Зуунмод

Б.О, Г.М, Б.У нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                  Б.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.У-н өмгөөлөгч            Ц.Раашзэвэг,

Нарийн бичгийн дарга                                         Б.Буянхишиг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж хянан шийдвэрлэсэн, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Б.О, Г.М, Б.У нарт холбогдох 1734001270110 дугаартай 142 хуудас, 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.У-н  өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Төв аймгийн Баян суманд 1991 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, Улаанбаатар ............... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Б.О , /РД:Н..........16/

 

Монгол улсын иргэн, Төв аймгийн Баян суманд 1992 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологи байгаль хамгаалагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт Төв аймаг, ............ тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Б.У / РД:НВ...........15/

 

Монгол улсын иргэн, Төв аймгийн Баян суманд 1994 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурын мэргэжилтэй, Улаанбаатар хот ...............тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Г.М , / РД:НВ...........31/

 

Б.О нь өөрийн гэртээ /Төв аймгийн Баян сумын 3 дугаар баг Хоолтын 1-3 тоот/ 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Б.У , Г.М нартай хамт согтууруулах ундаа хэрэглэж хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдан улмаар Б.У-н биед халдан баруун гарыг хутгаар хутгалж, Б.У Б.О нарын зодооныг Мөнхдурсгал салгах үед Б.У-н нүдэн тус газар хөлөөрөө тийрч түүний эрүүл мэндэд баруун нүдний битүү гэмтэл, торлогийн урагдал, шилэнцэрийн цус хуралт, баруун нүдний хараа бууралт, баруун шуу, цээжинд шарх, цээж, баруун шуу, баруун нүдний салстад цус хуралт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр зэргийн хохирол, тухайн цаг хугацаанд Б.У нь Г.М-тай бүлэглэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Б.О-н эрүүл мэндэд зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, цус хуралт, зүүн чих хөхлөг сэртэнд баруун сарвуунд, зөөлөн эдийн няцрал, зүүн чих, хөхлөг сэртэн, баруун дал, тохой өвдгөнд зулгаралт, зүүн хөхлөг сэртэн, хүзүү, ээж, баруун дал, сарвуунд цус хуралт гэх хөнгөн зэргийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор:          

Шүүгдэгч Б.О г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Б.У , Г.М  нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

 Шүүгдэгч Б.О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Шүүгдэгч Б.У , Г.М  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг зургаан зуун нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, Шүүгдэгч Б.У , Г.М  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан зургаан зуун нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд, Шүүгдэгч Б.У , Г.М  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан зургаан зуун нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд тус тус биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж,

 

Шүүгдэгч Б.О , Б.У , Г.М  нар цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Б.У , Г.М  нар энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Б.О  нь шүүгдэгч нарт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж,

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор хүрэн өнгийн модон бариултай, бор хүрэн өнгийн модон бариул дээрээ 3 ширхэг хадаастай, ажлын хэсэг дээрээ “ТРИД ВАЧА” гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

 

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.О гээс эмчилгээний зардалд нийт 4.166.130 /дөрвөн сая нэг зуун жаран зургаан мянга нэг зуун гуч/ төгрөгийг гаргуулан хохирогч Төв аймаг, Баян сум, Цавчир 3 дугаар баг, Бамбарын 6-1 тоотод оршин суух, Н....15 дугаарын регистртэй, Б.У т олгож,

 

 Хохирогч Б.У нь эмчилгээний зардалд нийт 6.138.980 /зургаан сая нэг зуун гучин найман мянга есөн зуун ная/ төгрөг нэхэмжилсэнээс нотлох баримтын шаардлага хангаагүй баримт 472.850 /дөрвөн зуун далан хоёр мянга найман тавь/ төгрөг, мөн өмгөөлөгчийн хөлс болох 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, нийт 1.972.850 /нэг сая есөн зуун далан хоёр мянга найман зуун тавь/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

 

 Хохирогч Б.У нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 10. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.О , Б.У , Г.М  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж,

 

 Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн тогтоолыг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг дурдаж,

 

 Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдаж,

 

 Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.О , Б.У , Г.М  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.У-н  өмгөөлөгч Ц.Раашзэвэг нь давж заалдах гомдолдоо:  Анхан шатны шүүх, шүүгч Гандансүрэн шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуульд заасан хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхдөл байдалд зөв дүгнэлт хийж ял шийтгэлийг шударгаар оногдуулж чадаагүй тул дор дурьдсан үндэслэлээр давж заалдаж байна. Үүнд:

1. Шүүхийн тодорхойлох хэсэгт "...Шүүх шүүгдэгч Б.О-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийг үйлдэхэд хохирогчийн зүй бус харьцаа нөлөөлсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй." гэсэн дүгнэлт хийсэн нь хэрэг үйлдэгдсэн шалтаг шалтгаан, хэргийн байдал, түүний учруулсан хохирол, хохиролоо нөхөн төлөөгүй зэрэг байдлуудтай огт тохирохгүй байна. Тодруулбал архи ууж согтуурсан үедээ яльгүй зүйлээр шалтаглаж хохирогч Б.У ын цээж ба гарын хэсэгт нь хутгалж, дахин хутгалах гэхэд нь Б.У  түүнийг дарж хутгыг нь хаяуулсан, уг хэргийг үйлдэхэд Б.У , Мөнхбар нар нөлөөлөөгүй, Б.У-г  гаднаас орж ирэхэд нь үгийн зөрүүгүй шууд хутгалсан байхад нөлөөлсөн гэсэн нь үндэсгүй, Отгонхүү нь Б.У ын биеийн хоёр хэсэгт хутгалсан төдийгүй нүд рүү нь тийрч нүднийх нь харааны 15 хувиас бусад хэсгийг нь хараагүй болгож уг нь нэг нүд нь хиймэл гагцхүү ганц нүдээрээ амьдарч байсан хүнийг насан туршид нь хөдөлмөрлөх чадваргүй болгосоныг хөнгөн гэж үзэж болох уу. Тэр ч байтугай түүнд учруулсан хор уршигаа огт төлөөгүй зэрэг тухайн шүүгдэгчийн Б.У т учруулсан хор уршиг ноцтой байхад ял шийтгэлийг хөнгөрүүлсэн нь үндэслэлгүй байна.

2. .Шүүгдэгч Б.У , Г.М  нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал. оролцсон оролцоо, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдал зэргийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж тус тус үзлээ." гэсэн нь бас л хуульзүйн ба үндэслэл муутай байна. Отгонхүү нь анхнаасаа Б.У . Г.М  нарыг дуудаж хорих ангийн хэсэг рүү яваад буцах замдаа архи авч архидсанаас эхлэн гэр орондоо очиход нь ам хэлээр доромжилж хэрүүл маргаан зодоон цохион хийж Б.У ыг хутгалж улмаар нүд рүү нь тийрч харааны 85-н хувийг алдагдуулсан нь шүүх эмнэлгийн удаа дараагийн дүгнэлтээр тогтоогдсон. Б.У-н  биеийнхээ 2 хэсэгт хутгалуулж дахин хутгалах гэхэд нь бнеэ хамгаалж хуульд заасны дагуу аргагүй хамгаалалт хийсэн нь түүний оролцоог нотолно. Б.У ын харааны 85-н хувийн алдагдал хэзээ ч эмчлэгдэхгүй бөгөөд одоогийн 15-н хувийн хараа нь цаашид хэвийн байх эсэх нь тодорхойгүй болох нь эмч Мөнхзаяа болон шүүхийн шинжээч нарын дүгнэлтээр нотлогдоно.

3. Оггонхүү, Б.У нарын бие биедээ учруулсан хохиролын хор уршиг нь харилцан адилгүй Отгонхүүгийн үйлдэл илт илүү байхад түүнийг хөнгөрүүлж Б.У ын үйлдлийг хүндрүүлэх нөхцөл болгосон нь үндэслэлгүй байна. Б.У ын хувийн байдал нь урьд ял шийтгэлгүй, дэд мэргэжилтэй, хувиараа хөдөлмөрлөж эх, эхнэр, үр хүүхдээ тэжээж байсан нь хэргээс ойлгогдоно. Гэтэл Отгонхүүгийн үйлдлийг хөнгөрүүлж, Б.У ын үйлдлийг хундрүүлсэн нь хууль ёсны ба үндэслэлгүй байна.

4. Шүүх буюу шүүгч Ш.Гандансүрэн шүүгдэгч нарын үйлдэлд буруу дүгнэлт хийснээс эрүүл мэндээрээ ноцтой хохирсон Б.У т Отгонхүүгээс илүү торгууль ноогдуулж Отгонхүүгийн гэмт үйлдлээс болж хохирсон хохирол хор уршигаас нь үндэслэлгүйгээр 472 850 төгрөг өмгөөллийн хөлс 1 500 000-н төгрөгийг хассаныг  зөвшөөрөх боломжгүй байна. Б.У  нь Нийслэл хотруу олон удаа бусдын машин тэрэг, жолоочийг гуйж эмчилгээнд явсан ба тухайн үед үйлчилсэн жолоочийн машин нь янз бүрийн маркийн бөгөөд бензин тос нь харилцан адилгүй зөрүүтэй. Жолоочид өгсөн хөлс мөнгө нь ч адил биш байхад 472 850 төгрөгийг хассан нь үндэсгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4-дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг "... өмгөөлөгчид төлөх зардал..." буюу тухайлбал хохирогчийн хувьд өмгөөлөгч авсны зардал болох 1 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Иймд 2018 оны 01 сарын 18-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгох буюу ЭХХШТХ-н 39.1.4-т зааснаар Отгонхүүд оногдох ялыг хүндрүүлж үндэсгүй хэрэгсэхгүй болгосон хохирол, хор уршигын 1 972 850 төгрөгийг Отгонхүүгээс гаргуулж Б.У гт олгох буюу Б.У ын ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд миний бие заавал оролдоно.” гэжээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Б.О нь 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр согтуугаар, хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.У тай маргалдан зодолдож түүний  цээж, баруун шуунд  хутгалж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,  нүдэн тус газар нь хөлөөрөө өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр  хохирол тус тус учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.У Г.М нар бүлэглэн, согтуугаар Б.Отгонхүүг цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэргийг  тус тус үйлдсэн болох нь:

 - Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О-н “...гэртээ байхад гаднаас Б.У , Г.М  нар орж ирээд Б.У   тамхи аваад явчихлаа гэснээс болж маргасан. Б.У  намайг “хоноцын шээс” гэж хэд хэдэн удаа хэлэхээр нь миний уур хүрсэн, Г.М  намайг Б.У тай гараад үзчих гээд байсан...би Б.У ыг чи яахаараа намайг хоноцийн шээс гэдгийн гээд өөдөөс нь дайрахад Б.У  дээрээс толгойг баглаад авсан. Орон дээр унахдаа Б.У ын зүүн талын хавирга орчимд хутгаар хатгасан, Б.У  миний дээрээс дараад хэвтсэн, хажуунаас Г.М  миний зүүн шанаанд 2-3 удаа цохисон,  хөлнөөс татаад орноос унахад Б.У  миний толгойд дэвсээд…хэн нь мэдэхгүй дэвсэж өшиглөөд цохиод байсан. Би Б.У ыг санамсаргүй хутгаар зүссэн, айлгах санаатай байсан, харин нүд рүү нь өшиглөөгүй /хх-12-13,23-24,93/ гэх мэдүүлэг,

 

- Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У-н “...би шар хөдлөөд хоноцын шээс гээд хэлчихсэн чинь Отгонхүү над руу хутга бариад дайрсан, би гараараа хаахад миний баруун гар луу хутгалсан. Би Отгонхүүг доош нь дараад дээрээс нь хэд хэд цохьсон, мөн ноцолдож байх үед миний зүүн талын хавирган тус газарт хутгалсан байсан...Намайг босох үед  доороос Отгонхүү өшиглөж, яг нүдэнд таараад би нүдээ бариад босоод ирэхэд нүд бүрэлзэж юм харахаа больсон. Би гомдолтой байна /хх-16-20, 92/ гэх мэдүүлэг,

 

- Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г.М ын “…Б.У , Отгонхүү нар хоёр биенийгээ хэл амаар доромжлоод, тэгтэл Отгонхүү уурлаж тэр хоёр хоорондоо зодолдсон...Отгонхүүгийн эхнэр нь “энэ хоёрыг салгаарай” гэхээр нь би гэрт ороход  тэд хоорондоо зодолдоод,  Б.У ын цээж, гар нь цус болчихсон Отгонхүүг орон дээр нь дээрээс нь дарчихсан цохиод хоорондоо ноцолдоод байж байсан /хх-27-28, 94/ гэх мэдүүлэг,

 

- Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ч.Мөнхдурсгалын “...Отгонхүү манай хашаа руу харсан байшингийн жижиг цонхоор цээжээрээ гарч ирээд хутга барьчихсан далайхаар нь “чи одоо яагаад байгаа юм” гээд уурлахад Отгонхүү эргээд гэрлүүгээ орсон. Удалгүй дахиад Отгонхүүгийн гэрт түжигнэлдээд байсан, намайг ороход Б.У  орон дээр Отгонхүүгийн дээр дараад суучихсан нүүр рүү цохиод, мөн хажуунаас Г.М  гараараа дээрээс нь цохиж байсан. Тэгээд би Б.У ыг салгахад Г.М  нь Отгонхүү рүү дайраад ноцолдоод байсан, тэгтэл Б.У  Отгонхүүг орон дээрээс татаж унагатал Г.М  нь Отгонхүүгийн нүүрэн дээр дэвссэн. Мөн Б.У  нүүрэн дээр нь дэвсээд, нүүр лүү нь цохиод байсан тэр хооронд би хутгыг нь аваад гэрээс нь гарсан. Б.У  унтлагын өрөөний хаалганы булан руу унаж байгаа харагдсан тэгснээ нүд нүд гээд орилж байсан /хх-21-22/ гэх мэдүүлэг,

 

- Мөрдөн байцаалтад гэрч Б.Нансалмаагийн “…гэрт ороход манай нөхөр Отгонхүү газар хэвтээд цустайгаа холилдсон байсан. Б.У  цээжнийх нь хажуунаас нь жаахан цус гарсан байдалтай Г.М  нь гал тогоонд хараад зогсож байсан Б.У  миний нүд юм харахгүй байна гэж байсан/хх-25-26/  гэх мэдүүлэг,

 

- Мөрдөн байцаалтад гэрч Б.Ядамсүрэнгийн “…Б.У , Г.М  нар согтуу ирээд муудалцаж,...уурлаад барилцаж аваад би дундуур нь орж салгаад зодолдохыг нь болиулсан /хх-38/ гэх мэдүүлэг,

 

- Шүүхийн шинжилгээний албаны №445 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “…Б.У-н биед баруун нүдний битүү гэмтэл, хараа алдалт, торлогийн урагдал, шилэнцэрийн цус хуралт, баруун шуу, цээжинд шарх, цээж, баруун шуу, баруун нүдний салстад цус хуралт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.”/хх-40-41/,

 

- Шүүхийн шинжилгээний албаны №427 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “…Б.О-н биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, цус хуралт, зүүн чих хөхлөг сэртэнд баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал, зүүн чих, хөхлөг сэртэн, баруун дал, тохой, өвдөгөнд зулгаралт, зүүн хөхлөг сэртэн, хүзүү, цээж, баруун дал сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” /хх-68-69/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1020 дугаартай  шинжээчийн дүгнэлтэд: “…Урьд гарсан №445 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. Урьд гарсан дүгнэлтэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтын хувийг тогтоох боломжгүй байжээ. Б.У-н биед баруун нүдний битүү гэмтэл, торлогийн урагдал, шилэнцэрийн цус хуралт, баруун нүдний хараа бууралт /0,15/, баруун шуу, цээжинд шарх, цээж, баруун шуу, баруун нүдний салстад цус хуралт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ. Дээрхи гэмтлүүд нь ирмэгтэй болон мохоо зүйлийн нэг бус удаагийн цохигдох, өшиглөх, тийрэх хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.У-н биед учирсан баруун нүдний битүү гэмтэл, торлогийн урагдал, шилэнцэрийн цус хуралт, баруун нүдний хараа бууралт /0,15/ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 25% алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Б.У-н биед учирсан баруун шуу, цээжинд шарх, цээж, баруун шуу, баруун нүдний салстад цус хуралт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-74-75/,

 

        - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1239 дугаартай  шинжээчийн дүгнэлтэд: “…Төв аймгийн №427 тоот дүгнэлт, ШШҮХ-ийн ШЭШГ-ийн №1020 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Б.У-н биед баруун нүдний битүү гэмтэл, торлогийн урагдал, шилэнцэрийн цус хуралт, баруун нүдний хараа бууралт /0,15/, баруун шуу, цээжинд шарх, цээж, баруун шуу, баруун нүдний салстад цус хуралт, баруун нүндий зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 25% алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” /хх-152-153/ гэсэн дүгнэлтүүд, шинжээч М.Золжаргалын мэдүүлэг /хх-76-77/ болон эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-10-11/, Б.У-н өвчний түүх /хх-42-53/ зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авч, цуглуулж, бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч нарыг тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалттай нийцжээ.

 

Харин шүүгдэгч Б.У-н өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн “...Отгонхүүд оногдох ялыг хүндрүүлэх, үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон хохирлын 1972850 төгрөг  гаргуулах,  Б.У ын ялыг хөнгөрүүлэх” тухай давж заалдах гомдлын зарим хэсгийн хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

 

Шүүгдэгч Б.О Б.У Г.М нар хамт архидан согтуурсан үедээ Б.О Б.У нар хоорондоо маргалдсан, Б.О байшингийн  цонхоор Б.У руу хутга барьж далайхад Ч.Мөнхдурсгал хориглосон, гэрт Б.О Б.У тай ноцолдож зодолдох явцдаа Б.У-н зүүн талын хавирга болон баруун гарын шуунд хутгалсан, нүүрэн тус газар нь хөлөөрөө тийрч өшиглөн эрүүл мэндэд нь хүндэвтэр  хохирол учруулсан, Б.У Г.М нар Б.О-н толгой, шанаанд хэд хэдэн удаа цохиж,  орноос татаж  унаган хөлөөрөө дэвсэж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.О-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийг үйлдэхэд хохирогчийн зүй бус харьцаа нөлөөлсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон эрх зүйн дүгнэлт нь хуульд нийцээгүй, Отгонхүү  Б.У  нарын бие биедээ учруулсан хохирлын хор уршиг харилцан адилгүй, Отгонхүүгийн үйлдэл илт илүү байхад түүний үйлдлийг хөнгөрүүлж, харин Б.У ынхыг хүндрүүлсэн нь үндэслэлгүй гэж давж заалдах гомдол гаргасан өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдхүүн үзлээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.О-д оногдуулсан ял шийтгэл нь  Эрүүгийн хуулийн  1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим,  мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байх тул шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг найман зуун нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял болгон хүндрүүлэн өөрчилж,  давж заалдах гомдлын энэ хэсгийг ханган  шийдвэрлэв.

 

Харин Б.У т оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн  нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдалд тохирсон байх тул ял хөнгөрүүлэх боломжгүй, түүнчлэн Б.У-н нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр 472.850 төгрөгийг, өмгөөлөгчийн хөлс 1500000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй  болжээ.

 

Иймд шүүгдэгч Б.У-н өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн давж заалдах гомдлоос “Отгонхүүд оногдох ялыг хүндрүүлэх” хэсгийг хангаж, “хэрэгсэхгүй болгосон  1972850 төгрөгийг гаргуулах, Б.У ын ялыг хөнгөрүүлэх” хэсгийг хэрэгсэхгүй болгож,  шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулан  шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дахь заалтыг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шүүгдэгч Б.О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар” гэснийг “Шүүгдэгч Б.О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар”  гэж  өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.У-н өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн давж заалдах гомдлоос “хэрэгсэхгүй болгосон  1972850 төгрөгийг гаргуулах, Б.У ын ялыг хөнгөрүүлэх” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол,  эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Г.БОЛОРМАА

 

                                       ШҮҮГЧИД                                Б.ЗОРИГ

                                                 

                                                                                        Т.БЯМБАЖАВ