Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2022/0100/З |
Дугаар | 221/МА2022/0503 |
Огноо | 2022-07-21 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2022/0503
“М” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч
Нэхэмжлэгч: “М” ХХК
Хариуцагч: НХБХГ
Нэхэмжлэлийн шаардлага: “Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Барилгын ажлын гэрчилгээг хүчингүй болгох тухай” 08/3437 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 374 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн
Хэргийн индекс: 128/2022/0100/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М” ХХК нь НХБХГт холбогдуулан “НХБХГ-ын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Барилгын ажлын гэрчилгээг хүчингүй болгох тухай” 08/3437 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 374 дүгээр шийдвэрээр: Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1.2, 25 дугаар зүйлийн 25.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан НХБХГ-ын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Барилгын ажлын гэрчилгээг хүчингүй болгох тухай 08/3437 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
3.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дугаар хэсэгт "...нэхэмжлэгч хуулийн этгээдийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг барилгын ажлын зургаг төслийг өөрчлөн дахин магадлал хийлгэж, баталгаажуулах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж барилгын ажлыг зогсоохоор шийдвэрлэсэн хугацаанд нэхэмжлэгч барилгын ажлыг үргэлжлүүлж, карказ босгож, суурийн хэв ашиглалтын буюу цутгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна...” гэх тайлбарласны тухайд:
3.1.1. Хот байгуулалт хөгжлийн газрын 2021.08.26-ны өдрийн 08/2359 тоот шийдвэрээр “манай компанийн барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлж, барилгын ажлыг зогсоож” шийдвэрлэсэн бөгөөд энэ үеэс хойш манай компани барилгын ажлыг зогсоож цаашид ямар нэг барилгын үйл ажиллагааг явуулаагүй.
3.1.2. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон хариуцагчийн тайлбарт барилгын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлснээс хойш барилгын үйл ажиллагааг явуулсан гэх баримт огт байхгүй ба шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан “суурийн хэв ашиглалтын буюу цутгалтын ажлыг хариуцагч барилгын ажлыг түдгэлзүүлэхээс өмнө хийж гүйцэтгэсэн байхад" хуулийн шаардлага хангахгүй нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийг барилгын ажлыг түдгэлзүүлсэн хугацаанд барилгын ажил явуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
3.1.3. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.”, 32.5-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хуурамч, хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримт гаргахыг хориглоно”, 32.6-д “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй.”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.”, 37.10-т “Дараахь хүнийг гэрчээр дуудах болон мэдүүлэг авч болохгүй” 37.10.1-д “үүргээ гүйцэтгэх замаар хэргийн нөхцөл байдлыг мэдэх болсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч” гэж тус тус заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүхийн үндэслэх хэсэгт дурдсан сансрын зургийг хэзээ ямар эх сурвалжаас гаргасан нь тодорхойгүй, мөн үүрэг гүйцэтгэх замаар тус захиргааны хэргийн нөхцөл байдлыг мэдэх болсон хариуцагчийг гэрчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж гэрчийн мэдүүлгийг авсан бөгөөд хууль бус арга хэрэгслээр хавтаст хэрэгт авагдсан баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл юм.
3.2. Хариуцагч маргаан бүхий актын үндэслэлээ “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан бичгүүд, ажлын зургийг Мэргэжлийн зөвлөлөөр батлуулаагүй, барилгын зөвшөөрлийн гэрчилгээг цуцалсан байхад барилгын ажлаа үргэлжлүүлсэн” гэж дурдсан байх бөгөөд маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзэн маргаан бүхий актыг гаргасан нь хуульд нийцэхгүй.
3.2.1. Учир нь Хот байгуулалт, хөгжлийн газар маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг ноцтойг зөрчсөн, бодит нөхцөл байдлыг тогтоох ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийж түүнийгээ үнэлэх ажиллагааг огт хийгээгүй гэж үзэж байна.
3.2.2. Маргаан бүхий актын үндэслэл болсон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн албан бичгүүдэд “М” ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа барилга болон 15/1 дүгээр байрны хоорондын зай 8 метр байна гэдгийг нотолсон, хэмжилт, хяналт шалгалт хийсэн тэмдэглэлийг хүргүүлээгүй, мөн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч энэ талаарх баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1/4249 дүгээр албан бичгээр дээрх баримтуудыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ирүүлэхийг шаардсан боловч холбогдох баримтууд байхгүй гэж хариу ирүүлснээс үзвэл хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуульд заасан үүргийг хэрэгжүүлээгүй нь болох нь тогтоогддог.
3.3. Анхан шатны шүүх Барилгын тухай хуулийг буруу тайлбарлаж түүнийгээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон:
3.3.1. Нэхэмжлэгч “М” ХХК-д Хот байгуулалт, хөгжлийн газраас 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 209/2021 дугаартай “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г олгосон бөгөөд Барилгын тухай хуульд заасан бүхий шаардлагыг хангасны үндсэн дээр тус зөвшөөрлийн гэрчилгээг гарч барилгын ажлыг эхлүүлсэн.
3.3.2. Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д “Барилгын ажлын явцад барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцэд өөрчлөлт оруулсан бол тухайн өөрчлөлтийг тусгаж боловсруулсан зураг төсөлд дахин магадлал хийлгэнэ." Гэж заасан бөгөөд мөн хуулийн 4.1.7-д “барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх” гэж барилга байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэн үндсэн бүтээц болон инженерийн шугам сүлжээг өөрчлөх, өргөтгөл, шинэчлэлт хийх үйл ажиллагааг” гэж зааснаас үзвэл барилгын нэхэмжлэгчийн зүгээс барилга байгууламжийн хэмжээг өргөтгөж, шинэчлээгүй бөгөөд гагцхүү захиргааны байгууллагаас хууль, журамд нийцүүлэн олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд оршин суугчдаас тавьсан шаардлагыг харилцан ойлгож барилгын үйл ажиллагааг саадгүй, түргэн шуурхай явуулах үүднээс барилгын хойд хэсгийн 1-4 давхрын цонхыг битүүлэн ажлын зургийг зураг төсөл зохиогч “А” ХХК-аар гүйцэтгүүлсэн.
3.3.3. Мөн дээрх 1-4 давхрын цонхыг битүүлснээр барилгын үндсэн бүтээцэд өөрчлөлт орох эсэх талаар “А” ХХК болон “Барилгын хөгжлийн төв”-өөс тодруулахад “үндсэн бүтээцэд өөрчлөлт орохгүй” гэсэн хариуг ирүүлсэн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа мөн адил тухайн зургийн өөрчлөлт нь барилгын үндсэн бүтээцэд өөрчлөлт оруулж байгаа хэлбэр биш гэдгийг шүүхэд тайлбарласан байхад анхан шатны шүүх “...барилгын үндсэн бүтээцэд өөрчлөлт орохоор байна...” хэмээн дүгнэж байгаа явдал хуулийг бурууг тайлбарлан хэрэглэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчаас талаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Маргаан бүхий акт болох Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Барилгын ажлын гэрчилгээг хүчингүй болгох тухай” 08/3437 дугаар шийдвэрээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 02-01/1697, 02-02/2038, 02-02/2071 дугаартай албан бичгүүд, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 02-01/2293 дугаартай албан бичигт дурдсанаар барилгын хойд хэсгийн 1-4 давхрын цонхыг битүүлэхээр ажлын зурагт тусгасан ч Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулаагүй, 2021 оны 209/2021 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн байхад барилгын ажлаа үргэлжлүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “М” ХХК-ийн захиалгаар баригдаж буй үйлчилгээний зориулалттай 4 давхар барилгын ажлын 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 209/2021 дугаартай зөвшөөрлийн гэрчилгээг цуцалжээ.
3. Нэхэмжлэгчээс дээрх актыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2020 онд барилгын зураг төслийг батлуулан, тусгай зөвшөөрлийг авч, барилгын төслийг хэрэгжүүлэхээр хуульд заасан бүхий л арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлж ирсэн бөгөөд үйлчилгээний зориулалттай 4 давхар барилгын хойд хэсгийн 1-4 давхар цонхыг битүүлэхээр /хийхгүй байхаар/ ажлын зурагт тусгасан, энэ өөрчлөлт нь барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцэд нөлөөлөхгүй бөгөөд барилгын үндсэн хийц, бүтээцэд өөрчлөлт ороогүй, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар захиргааны байгууллага нь маргаан бүхий актыг гаргахдаа Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн албан бичгийг үндэслэсэн ба тухайн албан бичгүүд нь хуульд нийцсэн эсэхийг тогтоосон баримт байхгүй байхад шийдвэр гаргаж байгаа нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй, сонсох ажиллагаа хийхгүй гэж хуулийг буруу тайлбарласан” гэж тайлбарлан маргасан, хариуцагчаас ““М” ХХК-ийн захиалгатай үйлчилгээний зориулалтай 4 давхар барилгын ажлын 2021 оны 209/2021 дугаартай зөвшөөрлийн гэрчилгээг цуцлах тухай Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 02-01/1697, 02-02/2038, 02-02/2071 дугаартай албан бичгүүд, мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 02-01/2293 дугаартай албан бичигт дурдсанаар барилгын хойд хэсгийн 1-4 давхрын цонхыг битүүлэхээр ажлын зурагт тусгасан ч Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулаагүй, 2021 оны 209/2021 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн байхад барилгын ажлаа үргэлжлүүлсэн” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
4. Хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбаруудаас үзэхэд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Барилгын ажлын 209/2021 дугаар бүхий зөвшөөрлийн гэрчилгээг “Монголиан пропертис констракшн ХХК-д олгосон.
5. Улмаар барилгын ажил эхлүүлсэнтэй холбоотойгоор 15/1, 15/3, 53а, 53б, 45, 46, 47, 47/1, 48 дугаар байрнуудын оршин суугчдаас удаа дараа гомдол гаргасан, энэхүү гомдлын дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “М” ХХК-ийн захиалгаар баригдаж буй барилга нь “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ын 2.5-д заасан шаардлагыг хангаагүй байх тул барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгохыг Хот байгуулалт, хөгжлийн газарт 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 02-02/1697, 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 02-02/2038, 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 02-02/2071, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02-01/2446 дугаар албан бичгүүдээр тус тус мэдэгдэж, энэхүү “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ын 2.5-д заасан шаардлагыг ханган ажиллах боломжтой талаар 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 02-01/2293 дугаар албан бичгээр “М” ХХК-д мөн мэдэгдсэн үйл баримт тогтоогдож байна.
6. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн захиалгаар баригдаж буй барилга нь “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ын 2.5-д заасан шаардлагыг хангаагүй гэдгийг мэдсээр байж Барилгын тухай хуульд заасан зураг төсөлд дахин магадлал хийлгээгүй бөгөөд энэхүү үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.
7. Учир нь нэхэмжлэгч нь барилгын хойд хэсгийн 1-4 давхрын цонхыг битүүлэхээр ажлын зургийг өөрчилсөн, энэхүү өөрчөгдсөн зургийг НХБХГ-ын Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулаагүй нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
8. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх гомдлын тухайд,
8.1. Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д “Барилгын ажлын явцад барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцэд өөрчлөлт оруулсан бол тухайн өөрчлөлтийг тусгаж боловсруулсан зураг төсөлд дахин магадлал хийлгэнэ”, 37 дугаар зүйлийн 37.9-д “Доорхи барилга байгууламжийн зураг төслийн даалгавар, норм, нормативын баримт бичгийн техникийн даалгаврыг холбогдох мэргэжлийн зөвлөлөөр хянуулсан байна:”, 37.9.3-т “энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан барилга байгууламжийн нэг маягийн зураг;”, 40 дүгээр зүйлийн 40.1.17-д “барилгын ажлын явцад зураг төсөл өөрчлөгдсөн бол гүйцэтгэлийн зураг төсөл боловсруулж баталгаажуулах;” гэж тус тус зааснаас үзэхэд барилгын ажлын явцад барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцэд өөрчлөлт оруулсан бол тухайн өөрчлөлтийг тусгасан гүйцэтгэлийн зураг төсөл боловсруулж, боловсруулсан зураг төсөлд дахин магадлал хийлгэх хуулийн зохицуулалттай байх тул тухайн барилгын хойд хэсгийн 1-4 давхрын цонхыг битүүлэх нь барилгын ажлын үндсэн хийц бүтээцэд орсон өөрчлөлт гэж үзэх боломжтой, өөрөөр хэлбэл, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30-д "зураг төсөл” гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг ойлгоно гэж зааснаар төлөвлөсөн зураг төслийг өөрчилж гүйцэтгэлийн зураг төсөл боловсруулах нь барилга байгууламжийн хийц, бүтээцийг өөрчилсөн агуулгыг илэрхийлэх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “1-4 давхрын цонхыг битүүлснээр барилгын үндсэн бүтээцэд өөрчлөлт орох эсэх талаар “А” ХХК болон “Барилгын хөгжлийн төв”-өөс тодруулахад “үндсэн бүтээцэд өөрчлөлт орохгүй” гэсэн хариуг ирүүлсэн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа мөн адил тухайн зургийн өөрчлөлт нь барилгын үндсэн бүтээцэд өөрчлөлт оруулж байгаа хэлбэр биш гэдгийг шүүхэд тайлбарласан байхад анхан шатны шүүх “...барилгын үндсэн бүтээцэд өөрчлөлт орохоор байна...” хэмээн дүгнэж байгаа явдал хуулийг бурууг тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна” гэх гомдлыг хангах боломжгүй.
9. Нэхэмжлэгчийг барилгын ажлыг барилгын ажлын гэрчилгээг түдгэлзүүлэхээс өмнө явуулсан байхад шүүх барилгын ажлын гэрчилгээг түдгэлзүүлсэн хугацаанд барилгын ажил явуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэх гомдлын тухайд,
9.1. Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 08/2539 дүгээр албан бичгээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02-01/2446, мөн тус газрын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 02-01/2293 дугаартай албан бичгийг үндэслэн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн захиалгаар баригдаж буй барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг “зураг төсөл өөрчлөн, дахин магадлал хийлгэж баталгаажуулах хүртэл хугацаагаар түдгэлзүүлжээ.
9.2. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 08/2539 дугаартай албан бичгээр “М” ХХК-ийн захиалгаар баригдаж буй барилга нь одоо байгаа орон сууцны 15/1 дүгээр байрнаас “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ын 2.5-д “Барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 10 метр байх нормыг хангахгүй байна гээд зураг төсөлд өөрчлөлт оруулж БНбД 30.01.04-ийн 2 дахь суурьшлийн бүсийн нутаг дэвсгэртийн төлөвлөлт заалтын 2.11 дэх заалтыг хангаж ажиллах боломжтой болохыг мөн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцлуулах тухай тус тус мэдэгдсэн, нэхэмжлэгчээс уг мэдэгдэл, албан бичгүүдтэй маргаагүй атлаа хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газар зөвшөөрөл цуцалсан шийдвэрийн үндэслэл болсон албан бичгүүд хуульд нийцсэн эсэхийг тогтоогоогүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.
9.3. Учир нь эрх бүхий этгээд болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламж, төсөл, хөтөлбөр, хувийн хөрөнгө оруулалтаар 2021 онд шинээр баригдаж буй барилга байгууламж, инженерийн шугам, сүлжээнд урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай 01/38 дугаартай удирдамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 15/1, 15/2, 15/3 дугаар байрнуудын урд талд Монголиан пропертис констракшн ХХК-ийн захиалгаар баригдах гэж байгаа үйлчилгээтэй орон сууцны барилгын зураг төсөл, холбогдох бичиг баримт болон тухайн газар дээр шалгалт хийж, шалгалтаар зөрчил гарсан эсэхийг шалгаж тогтоосон байхад Хот байгуулалт, хөгжлийн газрыг маргаан бүхий актын үндэслэл болсон албан бичгүүдийг хуульд нийцсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй гэж үзэх боломжгүй.
9.4. Мөн нэхэмжлэгчээс барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлснээс хойш буюу 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс хойш барилгын ажил явуулж байгаагүй гэж тайлбарлах боловч энэ нь хэрэгт авагдсан баримаар тогтоогдохгүй байх тул энэхүү үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй.
10. Маргаан бүхий актыг гаргахдаа сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзсэн нь хуульд нийцээгүй гэх гомдлын тухайд,
10.1. Анхан шатны шүүхийн шийдвэрт “Сонсох ажиллагаа хийхгүй байх тохиолдлууд энэ маргаанд хамааралгүй байх хэдий ч ийнхүү сонсох ажиллагаа хийгээгүй нь дангаараа маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээ “...Хариуцагч маргаан бүхий актын үндэслэлээ “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан бичгүүд, ажлын зургийг Мэргэжлийн зөвлөлөөр батлуулаагүй, барилгын зөвшөөрлийн гэрчилгээг цуцалсан байхад барилгын ажлаа үргэлжлүүлсэн” гэж дурдсан байх бөгөөд маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзэн маргаан бүхий актыг гаргасан нь хуульд нийцэхгүй” гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд нэгэнт шүүхийн шийдвэрт Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй хариуцагчийн буруутай үйл ажиллагаа болохыг дурдсан байх тул давж заалдах гомдлын энэхүү хэсэгт дүгнэлт өгөх шаардлагагүй болохыг тэмдэглэв.
11. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж холбогдох хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасантай нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 374 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ