Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 1016

 

Ц.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Г.Даваадорж , А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00726 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг,

Хариуцагч Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Эрээн хотод суугаа консулд холбогдох,

 

2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/29/013 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Ц.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Гадаад харилцааны яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхмаа,

Хариуцагч БНХАУ-ын Эрээн хотод суугаа консулын итгэмжлэгдсэн төлөөлөгч

Д.Болд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч Ж.Ундармаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүгд найрамдах Хятад Ард улс /цаашид БНХАУ/-ын Эрээн хотод суугаа Консул Л.Золзаяагийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/29/013 тоот “Ц.Аптанцэцэгийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хууль зүйн үндэслэлгүй хэмээн үзэж байна. Ц.Алтанцэцэг миний бие БНХАУ-ын Эрээн хотод суугаа консул А.Муратын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний Б/29/21 тоот тушаалаар “Консулын газрын угтах үйлчилгээ, Монгол Улсын иргэдийн бүртгэл хариуцсан үйлчилгээ, техникийн ажилтнаар томилогдон ажиллаж байсан. Ажилд томилогдсон өдрөөс хойш Монгол Улсын дипломат албаны тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаагүй, сахилгын болон үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, цалгардуулсан зэрэг зөрчил гаргаж байгаагүй. 

Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/29/013 тоот тушаалаар “гэрээний хугацаа дуусгавар болсон тул 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэсэн тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Дипломат албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т "Монгол Улсын Дипломат албаны үйлчилгээ, техникийн ажилтан нь Төрийн үйлчилгээний албан тушаалтан байна” мөн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан ажилтны гомдол’’-ыг шүүхээр шийдвэрлэнэ гэж хуульчилсан нь ердийн шүүхийн харъяаллаар нэхэмжлэл гаргах эрхтэйг харуулж байна.

Нэхэмжпэгч Ц.Алтанцэцэгийг ажлаас халсан талаар тухайн үед мэйлээр илгээсэн ба ажлаас халсан тушаалаа гардаж авах, шүүхэд гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй. Өнөөдрийг хүртэлх хугацаанд ажлаас халагдсан тушаалаа Консул Л.Золзаяагаас шаардахад өгөхгүй байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгч миний бие хууль мэдэхгүйгээс болж тушаалаа гардаж авснаас хойш нэхэмжлэл гаргана гэсэн ойлголттой байсан ба арга буюу шүүхэд нэхэмжлэлээ өгсний дараа шүүхээр тушаалыг албадан гаргуулах хүсэлтээ гаргасан.

Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн нь “ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох” эрхтэй байдаг. Үндсэн хуулийн энэхүү заалтыг Хөдөлмөрийн тухай хуулиар баталгаажуулж ажилтан өөрөө санаачилж хөдөлмөрийн гэрээгээ цуцлах эрхийг хуульчилсан. Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консул Л.Золзаяагийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/29/013 тоот ажлаас чөлөөлөх тушаал нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн.

     Иймд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/29/013 тоот “Ажлаас чөлөөлөх тушаал”-ыг хүчингүй болгож, Ц.Алтанцэцэг намайг Эрээн хотод суугаа Консулын газрын Консулын газрын угтах, үйлчилгээ, Монгол Улсын иргэдийн бүртгэл хариуцсан үйлчилгээ, техникийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Гадаад харилцааны яам шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхмаа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Энэхүү иргэний хэргийн хариуцагчийг “Гадаад харилцааны яам” гэж тодорхойлсон нь алдаатай байна. Тодруулбал, хилийн чанад дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар нь үйл ажиллагаагаа гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын удирдлагын дор хэрэгжүүлдэг боловч Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консул нь Дипломат албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу тушаал гаргах эрх бүхий албан тушаалтан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан “Ажлаас чөлөөлөх тухай” 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/29/013 дугаар тушаалд холбогдох хэргийн хариуцагчийг сольж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд жинхэнэ хариуцагч буюу түүний төлөөлөгчийг оролцуулах нь зүйтэй.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.” гэж заасны дагуу уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Тодруулбал, нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний зөвшөөрөлгүй 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр cap хүртэл Монгол Улсад зорчсон байх бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн байна. Иймд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч БНХАУ-ын Эрээн хотод суугаа консул шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Б/123 тоот тушаалын дагуу Л.Сүхбаатарыг Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газарт Консулын техникийн ажилтнаар томилсон. Л.Сүхбаатар нь дипломат албанд томилогдож БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газарт хүрэлцэн очиж үүрэгт ажилдаа орсноор түүний эхнэр Ц.Аптанцэцэг нөхрөө дагаж ирэх нөхцөл үүсч, дипломат албанд ажиллагчийн эхнэр гэсэн ойлголтод хамаарах болсон. Тус Консулын газрын Консул асан А.Мурат Дипломат албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалтыг үндэслэн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Б/29/21 тоот тушаал гаргаж Консулын техник ажилтан Л.Сүхбаатарын эхнэр Ц.Аптанцэцэгийг угтах үйлчилгээ, иргэдийн бүртгэл хариуцсан үйлчилгээ техникийн ажилтнаар томилсон.

Томилсон тушаалын 4 дүгээр хэсэгт “Ц.Алтанцэцэгт Консулын газрын дотоод журамтай танилцаж, Хөдөлмөрийн гэрээг ерөнхий менежертэй шинэчлэн байгуулж, ажил үүргийн хуваарийн дагуу томилогдсон ажилдаа үр бүтээлтэй ажиллахыг даалгасугай” гэжээ. Гэтэл Ц.Алтанцэцэг хөдөлмөрийн гэрээгээ боловсруулж, Консулд танилцуулж, гарын үсэг зурж баталгаажуулах үүргээ биелүүлээгүйн улмаас түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй орхигдсон бололтой. Хилийн чанадад байгаа ДТГ-уудад мөрдөгдөж буй практикт ДТГ-ын тэргүүний тушаалаар томилж буй үйлчилгээ техникийн ажилтантай 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Хэрэв Ц.Алтанцэцэгтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулсан бол 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсон.

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/587 тоот тушаалын дагуу Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газрын консулын техник ажилтан Л.Сүхбаатарыг үүрэгт ажпаас нь чөлөөлсөн. Энэхүү тушаал гарснаар нөхрөө дагаж ирсэн Ц.Алтанцэцэг нь Дипломат албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 /Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагчдийн эхнэр буюу нөхрийг тухайн төлөөлөгчийн газрын ажлын хэрэгцээ, шаардлагыг үндэслэн үйлчилгээ, техникийн ажилд гэрээний үндсэн дээр ажиллуулж болно/-т заасан ДТГ-т ажиллагчийн эхнэр гэсэн ойлголтод хамаарахгүй болсон тул түүнийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/29/013 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Өөрөөр хэлбэл ГХЯ-наас ДТГ-т томилсон ажилтны эхнэр буюу нөхрийг гэрээний үндсэн дээр авч ажилпуулах хуулийн зохицуулалт нь төвийн томилолттой ажилтны томилолтын хугацаанд эхнэр, нөхрийг нь ажлын байраар хангах ойлголт юм. БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консул Л.Золзаяа Ц.Алтанцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаалыг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус Консулын газрын хамт олны хурлаар танилцуулах үед 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ц.Аптанцэцэг нь байгууллагын удирдлагад мэдэгдэлгүй ажлаа хаяж явсан байсан бөгөөд уг хурлаар түүний нөхөр Л.Сүхбаатарт албан ёсоор танилцуулж эхнэртээ мэдэгдэхийг хүссэн байдаг.

Ц.Алтанцэцэг нь тухайн цаг үед ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ нөхөр Л.Сүхбаатараас сонсож, мөн тушаалыг и-мэйлээр хүлээж авсан байна. Тэрээр 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын дунд хүртэл хугацаанд БНХАУ-ын Эрээн хотод эргэж ирээгүй. Түүнийг эргэж ирэх үед нь Консулын газрын нягтлан бодогч П.Хуланд ажлыг нь хүлээлцүүлсэн. Ц.Алтанцэцэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь заалтын үзэл санааны дагуу ажил олгогчийн ажпаас чөлөөлсөн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, ажлаа хүлээлгэн өгч баримт үйлдсэн болно. Иймд энэхүү нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Алтанцэцэгийн Гадаад харилцааны яам, Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консул нарт холбогдуулан гаргасан 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/29013 тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг судлан, үнэлээгүй гэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс үзэхэд төрийн үйлчилгээний албан хаагчдад Хөдөлмөрийн тухай хууль үйлчилж, гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа ажилтанд Хөдөлмөрийн тухай хууль үйлчилдэггүй хэмээн дүгнэсэн мэт харагдаж байна. Ажил олгогч нь Гадаад харилцааны яам Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотын Консул нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний ажил олгогч тал нь төрийн байгууллага болон түүнийг төлөөлж буй төрийн албан хаагч гэдэг нь харагдаж байна.

Ц.Алтанцэцэгийг ажлаас халсан тушаалын хууль зүйн үндэслэл тодорхойгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг баримтлаагүй илт хууль зүйн үндэслэлгүй тушаал гарган ажилтныг ажлаас халж ажилтны эрх ашгийг хөндсөн. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “нөхөр Л.Сүхбаатар ажлаасаа чөлөөлөгдсөнөөр консул нь Ц.Алтанцэцэгийг ДТГ-т ажиллагчдын эхнэрийн хувьд нь ажлын байраар хангах боломжгүй болсноор түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан үндэслэлээр дуусгавар болсон нь хууль зүйн үндэслэлтэй байна” гэж шүүх буруу дүгнэсэн байна.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн нөхөр Л.Сүхбаатарыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/03867 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1467 дугаар бүхий магадлалыг үндэслэл болгон МУ-аас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газарт консулын техник ажилтнаар томилсон “ажилд эгүүлэн томилох тухай” Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалыг нотлох баримтаар өгсөн байтал шүүх нотлох баримтыг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нөхөр Л.Сүхбаатарыг Гадаад харилцааны яам хууль зүйн үндэслэлгүй халсан гэдэг нь Монгол Улсын шүүхээр тогтоогдсон байхад нөхөр Л.Сүхбаатарыг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй халсан мэт дүгнэн шийдвэрлэсэн байна.

Шүүх нэхэмжлэгч Ц.Алтанцэцэгийг ажлаас үндэслэлгүй халагдсан эсэхийг хангалттай нотлох баримт хавтаст хэрэгт байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг нь хариуцагч Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Эрээн хотод суугаа консулд холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/29/013 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан Л.Сүхбаатарыг ажилд томилсон 2014 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/123 дугаар тушаал, мөн ажлаас чөлөөлсөн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5/587 дугаар тушаал /хх 62, 63/, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлын тэмдэглэл /хх 61/, зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа консул нь 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/29/21 дүгээр тушаал /хх 4/-аар Дипломат албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “дипломат төлөөлөгчийн газарт ажиллагчдын эхнэр буюу нөхрийг ...гэрээний үндсэн дээр ажиллуулж болно.” гэж заасныг үндэслэн консулын газрын ажилтан Л.Сүхбаатарын эхнэр Ц.Алтанцэцэгийг Консулын газрын угтах үйлчилгээ, Монгол Улсын иргэдийн бүртгэл хариуцсан үйлчилгээ-техникийн ажилтнаар томилон ажиллуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна. Шүүх талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

Консулын ажилтан Л.Сүхбаатарыг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөнтэй холбогдуулан нэхэмжлэгч Ц.Алтанцэцэгийг Консулын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/29/013 дугаар тушаал /хх 19/-аар мөн оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Дипломат албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасанд нийцэх тул хариуцагч байгууллагыг нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй.

Зохигчид энэхүү маргааны гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхэд маргасан ба шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэсэн нь буруу боловч энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэлд нөлөөлөхгүй.

Нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг нь 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулд ирж, нягтлан бодогч П.Хулантай ажил хүлээлцсэн акт /хх 70/ үйлдсэн нь хэрэгт авагдсан, мөн тухайн өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаалын хуулбарыг хүлээн авснаа шүүх хуралдааны явцад тайлбарлажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзэхээс гадна нэхэмжлэгч нь ажил олгогчийн шийдвэрийн хувийг мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар хүлээн авснаа зөвшөөрсөн байх тул ажлаас халсан тушаалын эх хувийг өгөөгүйгээс шүүхэд гомдол гаргах эрхээ эдэлж чадаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсгийн “ажил олгогчийн шийдвэрийг гардуулж өгөх” зохицуулалтын агуулгаас үзвэл шийдвэрийг заавал эх хувиар өгөхийг шаардаагүй байна. Иймд шийдвэрийн хувийг авч, ажил хүлээлцсэнээс хойш 7 сарын дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах 30 хоногийн хугацаанд багтсан гэж үзэхгүй. /хх 1-3/

Хариуцагч Гадаад харилцааны яам нь жинхэнэ хариуцагчийг Эрээн хот дахь консулын газар гэх тайлбарыг гаргасан боловч хариуцагчийг солихыг нэхэмжлэгч зөвшөөрсөн баримтгүй байх тул шүүх тухайн хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00726 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ТУЯА

                                    ШҮҮГЧИД                                                 Г.ДАВААДОРЖ

                                                                                          А.ОТГОНЦЭЦЭГ