| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2020/0159/э |
| Дугаар | 166 |
| Огноо | 2020-11-09 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 166
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Т.Ж, Х.Б, тэдгээрийн өмгөөлөгч Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналттай ирүүлсэн Т ургийн овогт Т-ын Ж, Ж ургийн овогт Х-ы Б нарт холбогдох эрүүгийн 2035000000166 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ж ургийн овогт Х-ы Б, 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар багийн Цэцэрлэгийн манаач ажилтай, ам бүл долоо, эцэг, эх, эхнэр, хоёр хүүхэд, дүүгийн хамт Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ......
Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Т-ын Ж, 1987 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар багийн Цэцэрлэгийн манаач ажилтай, ам бүл дөрөв, эцэг, эх, дүүгийн хамт Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ......
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Х.Б, Т.Ж нар нь бүлэглэж 2020 оны 9 сарын 27-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг Хотгорын уурхай гэх газар хохирогч Б.Н-ыг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000000166 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Б.Н-ын “...Ө-ы хашааны дотор Ж, Х.Б хоёр байсан ба дуудахаар нь би яваад хашаа руу орсон. Ж надад “чи надад урьд нь томорч байсан биз дээ” гэж хэлээд гараараа миний хамар луу цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд гараараа Жийн шанаа хэсэг рүү цохисон. Тэгтэл хажуунаас Б над руу ирээд гараараа миний амны хэсэг рүү цохисон. Тэгтэл амнаас цус гараад үүдэн хоёр шүд унасан. Бас нэг шүд хөдөлсөн. Шүд унасныг харангуутаа би уурлаад Бийг хөлөөрөө өшиглөөд гараараа хувцаснаас нь бариад мушгиж газарт унагасан. Тэгтэл миний амнаас цус гараад байхаар нь цусаа тогтоох гээд газарт суусан. Тэр хооронд Ж, Б хоёр тэр газраас явсан байсан...” гэх мэдүүлэг[1],
2. Гэрч Д.Б-ын “...2020.09.27-ны орой хүү Н гэртээ ирсэн чинь хүнээр зодуулсан байдалтай нүүр ам нь цус болсон, шүд нь уначихсан ирэхээр нь цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед хүүг маань Ж, Б гэх хоёр залуу зодсон талаар хүү өөрөө хэлсэн...” гэх мэдүүлэг[2],
3. Гэрч Х.Ө-ы “ ...Би тэр өдөр Б.Н-тай хамт гадуур явж байгаад гэрийн гадаа ирэхэд Ж, Б хоёр гэрийн гадаа байсан. Тэгээд тэр гурав үлдсэн би гэрлүүгээ ороод гэрийн тог цахилгаан янзалж байсан тэгсэн чинь гаднаас Б.Н цусаа гоожуулсан байдалтай ороод ирэхээр нь би усаар угааж өгөөд юу болсон талаар асуухад сая танай гадна Ж болон Б хоёр намайг зодоод миний шүд унагаачихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[3],
4. 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 624 дугаартай “...Үзүүлэгч Б.Н-н биед гэмтэл учирсан байна. Үүдэн дээд баруун 1, 2 дугаар, зүүн дээд 1 дүгээр шүднүүдийн булгарал, үүдэн дээд зүүн 2 дугаар шүдний сулрал, хамрын нуруу, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний дотно булан, доод зовхинд цус хуралт гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой байна. Үүдэн дээд баруун 1, 2 дугаар, зүүн дээд 1 дүгээр шүднүүдийн булгарал, үүдэн дээд зүүн 2 дугаар шүдний сулрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн дүгнэлт[4],
5. Шүүгдэгч Т.Ж-ийн яллагдагчаар өгсөн “...Би архи ууж байхдаа Б-д хандаж би Н-тай зодолдон одоогоос 7 хоногийн өмнө байх жолооч нартай хамт архи ууж байгаад намайг зодох гэхээр нь би зугтаад явчихсан гэж хэлсэн. Б бид хоёр хашаанаас явах гэж байхад Н гудамжнаас гэрлүүгээ явж байсан. Тэгэхээр нь би Н-ыг наашир гээд дуудаад хашаа руу орж ирэхээр нь урдаас шууд нүүр лүү гараараа цохисон. Тэгээд Н-тай зодолдсон, би түүнээс хойш асуудлын талаар сайн мэдэхгүй байна согтуу байсан учраас тодорхой санахгүй байгаа хүмүүсийн ярьж хэлснээр надтай Н зодолдож байгаад миний дээр гарахаар нь Б татаж байгаад ам руу нь цохичихсон тэгтэл амнаас нь цус гарчихсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг[5],
6. Шүүгдэгч Х.Б-ий яллагдагчаар өгсөн “...Ж бид хоёр архи ууж байхад Ж “Н гэгчтэй зодолдон, би зодуулах юм бол чи салгаж аваарай” гэж хэлсэн. Ямар шалтгаанаар зодолдох болсон талаар хэлээгүй. ...Ж-ийн гэрээс гараад юу болсон талаар мэдэхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас санахгүй байна, нэг ухаан ороод харахад Н-ын амнаас цус гарсан, цусаа гоожуулж байсан. Тэгээд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас ухаан балартаад нэг мэдэхэд маргааш нь буюу 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө гэртээ сэрсэн...” гэх мэдүүлэг[6] зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутагт шүүгдэгч Т.Ж, Х.Б нар урьдаас үгсэн тохиролцож хохирогч Б.Н-ыг бүлэглэн зодсон байна. Уг зодооны явцад шүүгдэгч Т.Ж нь хохирогч Б.Н-ын хамар нь тус газар гараараа цохисон, шүүгдэгч Х.Б нь хохирогчийг ам хэсэг рүү гараараа цохисон үйл баримт тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.Н-ын биед “үүдэн дээд баруун 1, 2 дугаар, зүүн дээд 1 дүгээр шүднүүдийн булгарал, үүдэн дээд зүүн 2 дугаар шүдний сулрал, хамрын нуруу, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний дотно булан, доод зовхинд цус хуралт гэмтлүүд” учирсан байх бөгөөд үүдэн дээд баруун 1, 2 дугаар, зүүн дээд 1 дүгээр шүднүүдийн булгарал, үүдэн дээд зүүн 2 дугаар шүдний сулрал гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 624 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Ж, Х.Б нар нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Шүүгдэгч Т.Ж, Х.Б нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож хохирогчийн биед нэг цаг хугацаанд, нэг сэдэлт зорилгоор халдаж гэмтэл учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Т.Ж, Х.Б нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг хүндрүүлэх нөхцөл байталтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч Т.Ж, Х.Б нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь хохирогч Б.Н-ын “...Миний унасан 3 шүдний эмчилгээнд 5 сая 100 мянган төгрөгийг нөгөө хоёроос авсан. Одоо надад ямар нэгэн хохирол гомдол байхгүй...” гэх мэдүүлэг[7], “...Миний 3-н шүдийг цохиж гэмтээсэн хүмүүс 5 сая 100 мянган төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тул надад гомдол байхгүй” гэх тодорхойлолтоор[8] тус тус тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Т.Ж, Х.Б нараас гаргуулах хохирол төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Т.Ж, Х.Б нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Ж-ийн хувийн байдал тогтоосон гэрч А.Б-ы мэдүүлэг[9], гэрч Х.А-ийн мэдүүлэг[10], гэрч Ө.Т-ын мэдүүлэг[11], гэрч Д.О-ийн мэдүүлэг[12], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13] зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Ж нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, эцэг, эх, дүүгийн хамт Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багт оршин суудаг болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Б-ий хувийн байдал тогтоосон гэрч А.Б-ы мэдүүлэг[14], гэрч Х.А-ийн мэдүүлэг[15], гэрч Ө.Т-ын мэдүүлэг[16], гэрч З.А-гийн мэдүүлэг[17], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[18] зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эцэг, эх, эхнэр, хоёр хүүхэд, охин дүүгийн хамт Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багт оршин суудаг болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч нарт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгож ухамсарласан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж-т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700’000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Х.Б-д 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650’000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Ж, Х.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т ургийн овогт Т-ын Ж, Ж ургийн овогт Х-ы Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж-т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700’000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Х.Б-д 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650’000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
[1] хх-ийн 15-16 дугаар хуудас
[2] хх-ийн 19 дүгээр хуудас
[3] хх-ийн 22 дугаар хуудас
[4] хх-ийн 36-37 дугаар хуудас
[5] хх-ийн 65-67 дугаар хуудас
[6] хх-ийн 74-76 дугаар хуудас
[7] хх-ийн 17-18 дугаар хуудас
[8] хх-ийн 132 дугаар хуудас
[9] хх-ийн 23 дугаар хуудас
[10] хх-ийн 24 дүгээр хуудас
[11] хх-ийн 25 дугаар хуудас
[12] хх-ийн 26 дугаар хуудас
[13] хх-ийн 112 дугаар хуудас
[14] хх-ийн 23 дугаар хуудас
[15] хх-ийн 24 дүгээр хуудас
[16] хх-ийн 25 дугаар хуудас
[17] хх-ийн 27 дугаар хуудас
[18] хх-ийн 91 дүгээр хуудас