Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/348

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Ц-т холбогдох эрүүгийн 2021004140345 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын ....-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Тээвэрчдийн ................ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 87 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар,

- мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хорих ялаар,

- мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, ..... овогт Ц. /РД: ................/

Шүүгдэгч Ц нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, “Шүр” захын зүүн талд байрлах “Монгол тамхи со” бөөний төвийн гадна автомашины зогсоолд тавиатай байсан ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээс түрийвчтэй мөнгө, бичиг баримт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би “Шүр” захын гадна 5-6 шил архийг танилуудын хамт уусан. Тэгээд юу болсон талаар санахгүй байна. Нэг сэрэхэд ганцаараа унтаж байгаад сэрсэн. Ингээд хохирогчийн автомашинаас түрийвчийг нь авсан. Тэгээд дахин архи уусан. Ингээд би гэр рүүгээ яаж явсан гэдгээ санахгүй байна. Би хулгай хийснээ зөвшөөрч байна. Гэхдээ тийм их мөнгө байгаагүй...гэв.

Хохирогч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дүү ******* ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр Халхгол сумаас Дорнод аймагт өдрийн 14 цагийн орчим ирж “Шүр” захын эсрэг талд байх “Монгол тамхи со” бөөний төвийн гадна зогсоолд машинаа байрлуулаад тус бөөний төв рүү орж ус, ундаа, пиво, тамхи зэрэг дэлгүүрийн бараа аваад тооцоо хийх гээд дүү Давааг машинаас түрийвч аваад ир гэж хэлээд явуулахад Даваа машинд түрийвч байхгүй байна гэж хэлэхээр нь би өөрөө гарч харахад түрийвч байхгүй байсан учир цагдаагийн байгууллагад хандсан. Түрийвчинд 600.000 төгрөг, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, карт зэрэг байсан. …Өөрт учирсан хохирлоо яаралтай гаргуулж авах хүсэлтэй байна...” гэжээ. /хх-ийн 13 тал/

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 тал/

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11 тал/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22 тал/

- Ц-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 24, 30-31 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ..... овогт Ц нь 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, “Шүр” захын зүүн талд байрлах “Монгол тамхи со” бөөний төвийн гадна автомашины зогсоолд тавиатай байсан хохирогч Гийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээс түрийвчтэй мөнгө, бичиг баримт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 667.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Ц-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Ц-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

Шүүгдэгч Ц нь 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчилд арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн боловч тэрээр шүүн таслах ажиллагаанд саад учруулж, шүүхэд ирээгүй тул хэргийг түдгэлзүүлж, түүнийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр эрэн сурвалжлан дайчлан баривчилж зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн. Мөн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЗ/758 дугаартай шүүгчийн захирамжаар эрүүгийн 2021004140345 дугаартай хэрэгт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан боловч шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, шүүн таслан ажиллагаанд саад учруулсан тул 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЗ/821 дугаартай шүүгчийн захирамжаар түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдаан болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болохыг тус тус дурдах нь зүйтэй юм.

Шүүгдэгч Ц нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Шүүгдэгч Ц-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ын цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцвол зохино.

Шүүгдэгч Ц-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г-т 667.800 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 667.800 төгрөгийг гаргуулж хохирогч Г-т олгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Ц-ын ............ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ..... овогт Ц-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ын цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Ц-ын ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.  

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц-аас бусдад учруулсан эд хөрөнгийн хохиролд нийт 667.800 /зургаан зуун жаран долоон мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн төвд оршин суух, Г /РД: ............./-т олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ