Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 805

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2017/00805

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 4 хэсэг, Сургуулийн гудамж, 1878 тоотод оршин суух, Шагдарын Чулуунсүхийн /СД64110315/ хүсэлттэй,

Б.Долгорсүрэнг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Ш.Чулуунсүх, гэрч Ч.Бат-Очир, М.Бямбадаш, Г.Золбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Баясгалан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ш.Чулуунсүх би Мөнх цаст зүмбэрэл ХХК-ийн захирал гэж өөрийгөө танилцуулсан иргэн Нямжавын Гомботой амаар харилцан тохиролцож 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 16 хороо, Цайз 16 дугаар хорооллын замын хойд талд байрлах Нью таун 14 давхар орон сууцны подваль, 1, 2 дугаар давхрын шаврын ажлыг хийж гүйцэтгэсэн.

1 м.кв-ыг 4,000 төгрөгөөр тохиролцсон. 911,75 м.кв талбайн үлдэгдэл болох 3,647,000 төгрөгийг авч чадахгүй байна. Ажил хийсэн төлбөрөө авах гэтэл Н.Гомбо нь өгнө гэсээр байгаад утсаа салгаад алга болсон. Одоог хүртэл миний ажил гүйцэтгэсэн төлбөрийг өгөхгүй байна.

Түүний оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. Н.Гомбо нь Мөнх цаст зүмбэрэл ХХК-ийн захирал гэж өөрийгөө танилцуулсан, Тоёота эпсон загварын 3396 УНХ улсын дугаартай автомашинтай, 90093979, 91881595 дугаарыг утсыг хэрэглэж байсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Ш.Чулуунсүх нь Н.Гомбыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ “Ажил гүйтгэсэн төлбөр 3,647,000 төгрөгийг авах гэтэл хаана байгаа нь тодорхойгүй байна” гэх тайлбарыг гаргасан ба шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн Г.Золбаяр, Ч.Бат-Очир, М.Бямбадаш нарын мэдүүлгээр хүсэлт гаргагч Ш.Чулуунсүх нь Н.Гомбыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

 

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан “хаягаар нь очихоор байдаггүй, хөлсөлсөн гээд өөр хүн байдаг, Н.Гомбын 90093979, 91881595  дугаар, нөхөр н.Бямбасүрэнгийн 98111396 гэсэн дугаарууд нь эхлээд дуудаад авдаггүй байсан, сүүлдээ утас хаалттай болсон“ гэх тайлбар, гэрчийн мэдүүлгүүд зэргээр хүсэлт гаргагч Ш.Чулуунсүх нь Н.Гомбын оршин суугаа газрыг тодруулах талаар өөрийн боломжит арга хэмжээг авсан гэж үзэхээр байна.

Иймд Ш.Чулуунсүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна. Мөн Н.Энхбат нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155.2-т зааснаар хүсэлтээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд буюу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн тул хүсэлтийг хянан хэлэлцэх үндэслэлтэй байна. 

Ш.Чулуунсүх нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Гомбын оршин суугаа газар мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Н.Гомбыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Н.Гомбыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй бол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Э.ЭНЭБИШ