Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 554

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2017/00554

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 68-1-3 тоотод оршин суух, Намсрайжавын Энхбатын /ЧК74090177/ хүсэлттэй,

Б.Долгорсүрэнг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Баясгалан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Н.Энхбат би 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Б.Долгорсүрэнд 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай нэг сарын 10 хувийн хүүтэйгээр хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 11,000,000 төгрөгийг, 2014 оны 01 дүгэээр сарын 28-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай нэг сарын 10 хувийн хүүтэйгээр хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн алданга тооцохоор зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг, 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаатай нэг сарын 10 хувийн хүүтэйгээр хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийг зээлдүүлж барьцаанд нь Л.Жавзанхүүгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн,15-р хороо,1-р хороолол, 23-104 тоот 40 м.кв талбайтай орон сууц, Б.Долгорсүрэнгийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 19-р хороо Гоодойн зусланд байрлах 3056/6973 18643324034731 нэгж талбарын дугаартай 585 мкв газар, Б.Одгэрэлийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 15-р хороо Гоодойн зусланд байрлах 3056/9668 18643324015722 нэгж талбарын дугаартай 700 м.кв газар тус тус барьцаалж Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Сүхбаатар дүүргийн газрын албанд бүртгүүлсэн болно. Одоог хүртэл Б.Долгорсүрэнд нь надад ямар ч мөнгө төлөөгүй болно. Одоогоор Б.Долгорсүрэн нь хуучин ажлаа хийхээ больсон мөн оршин суух хаяган дээрээ байхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. Б.Долсорсүрэн нь Монгол улсын хилээр гарсан байх магадлалтай байгаа гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.Энхбат нь Б.Долгорсүрэнг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ “Б.Долгорсүрэнгээс зээлийн төлбөрт 25,000,000 төгрөгийг гаргуулах гэтэл хаана байгаа нь тодорхойгүй байна” гэх тайлбарыг гаргасан ба Н.Энхбат, Б.Долгорсүрэн нарын хооронд байгуулсан 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ, 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн барьцааны гэрээ,  2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн барьцааны гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн барьцааны гэрээнүүдийн хуулбарыг хүсэлтэд хавсаргасан байх тул хүсэлт гаргагч Н.Энхбат нь Б.Долгорсүрэнг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

 

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, мөн Баянзүрх дүүргийн шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2421 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар хариуцагч Б.Долгорсүрэн нь Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31-114 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул хүсэлт гаргагч Н.Энхбат нь Б.Долгорсүрэнгийн оршин суугаа газрыг тодруулах талаар өөрийн боломжит арга хэмжээг авсан гэж үзэхээр байна.

Иймд Н.Энхбат нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна. Мөн Н.Энхбат нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155.2-т зааснаар хүсэлтээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд буюу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн тул хүсэлтийг хянан хэлэлцэх үндэслэлтэй байна. 

Н.Энхбат нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигин овогт Баатарын Долгорсүрэнгийн /ЧР78112967/ оршин суугаа газар мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Боржигин овогт Баатарын Долгорсүрэнг /ЧР78112967/ эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Г.Эрдэнэболдыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй бол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ