Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/353

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгч Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Х-д холбогдох эрүүгийн 1939005750400 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар баг, ............. гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сум дундын 9 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ..... овогт Х. /РД: ................./

Шүүгдэгч Г.Х нь зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал болох “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Дорнод аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэв.

 Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дархан газрын хамгаалалтын захиргаанд судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Дэрэвгэр жиргэрүү ургамал нь Засгийн газрын 2004 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын төрөлд багтсан. Ийм учраас ургамлыг түүх, бэлтгэх, хадгалах, тээвэрлэх нь хуулиар хориотой. Эд мөрийн баримтаар хураагдсан ургамлыг шүүх шийдвэрлэсэн байна. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 113-114 тал/

  Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ойн албаны мэргэжилтний 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2019/01 дугаартай дүгнэлтэд:

1. Тухайн үндэс нь бор шаргалдуу холтостой, цайвар шаргалдуу модлогтой, хуруу орчим бүдүүн, үндэсний дээд хэсэг олон тооны ишний үлдэгдлээс бүрдсэн, эгц доош орсон голлосон үндэстэй. Бага зэрэг гашуувтар, халуун ногооны амттай байдлаас үндэслэн тухайн дээжийг Дэрэвгэр жиргэрүү /Saposhnikova divaricata/ ургамлын үндэс гэж тодорхойлов.

2. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 165 дугаар тогтоолоор Дэрэвгэр жиргэрүү ургамлыг ховор ургамлын ангилалд хамруулсан.

3. Монгол Улсын байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Экологи, эдийн засгийн үнэлгээ батлах” тухай А-282 дугаар тушаалаар Дэрэвгэр жиргэрүү ургамлын 1 кг тутмын экологи, эдийн засгийн үнэлгээ нь 50.000 төгрөгөөр тогтоогдсон байдаг. Иймд 807,54 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээ нь 40.377.000 төгрөг байна гэжээ. /хх-ийн 39 тал/

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 12-04-325-08 дугаартай дүгнэлтэд:

          1. Шинжилгээнд ирүүлсэн хэрэг бүртгэлтийн 193900575 дугаартай хэрэгт шалгагдаж байгаа уг ургамал нь бүтэц шинжийн байдлаар манай оронд тархсан Майлцтан овгийн Дэрэвгэр жиргэрүү /Saposhnikova divaricata /Turz/ Schischk/ ургамал байна.

            2. Монгол Улсын Засгийн газрын “Тогтоолд нэмэлт оруулах тухай” 1995 оны 153 дугаар тогтоолд 2004 оны 165 дугаар тогтоолын нэмэлт жагсаалтаар батлагдсан Монгол орны ховор ургамлын жагсаалтад Дэрэвгэр жиргэрүү ургамал нь орсон. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-282 дугаар тушаалаар “Экологи-эдийн засгийн үнэлгээг баталсан бөгөөд 1 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэсний үнэлгээг 50.000 төгрөгөөр тогтоосон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлд “иргэн аж ахуй нэгж, байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. 49 дүгээр зүйлийн 49.4.3-т “ургалмын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох гэж тус тус заасан. Иймд ургамлын аймагт учирсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т заасны дагуу  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-282 дугаар тушаалаар батлагдсан экологи эдийн засгийн үнэлгээний дагуу “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын 1 кг тутамд 50.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр шууд хохирлыг тооцно... гэжээ. /хх-ийн 42 тал/

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-25 тал/

- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 26-27 тал/

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/02 дугаартай захирамж /хх-ийн 43-45 тал/

- “Lexus LX470” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 52 тал/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 53 тал/

- Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай тогтоол, түүний хавсралт /хх-ийн 97-98 тал/

- Х-гийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32, 37, 119-121 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ..... овогт Х нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал болох “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг “Lexus LX470” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр Дорнод аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б мэдүүлэг, Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ойн албаны мэргэжилтний 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2019/01 дугаартай, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 12-04-325-08 дугаартай дүгнэлтүүд, иээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/02 дугаартай захирамж, “Lexus LX470” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, эд зүйлийн үнэлгээ, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай тогтоол, түүний хавсралт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Х-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х-г зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал болох “Дэрэвгэр, жиргэрүү” ургамлыг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Х-г зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал болох “Дэрэвгэр, жиргэрүү” ургамлыг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Х-д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 8.500.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/02 дугаартай шүүгчийн захирамжаар эрүүгийн 1939005750400 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 289.3 килограмм байгалийн ховор ургамал болох “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг устгаж, 67.5 килограмм байгалийн ховор ургамал болох “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй юм.

Хохирогч Б нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Х-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Х-гийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Lexus LX470” маркийн ******* ******* улсын дугаартай 8.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Б.Буянаврал болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Г.Х миний машиныг аваад үлдсэн. “Lexus LX470” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл ******* гэх миний төрсөн эгчийн нэр дээр байдаг миний машин юм. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг солиулж амжаагүй байгаа. Уг тээврийн хэрэгсэл бүрэн миний мэдэлд байдаг юм...” гэх /хх-ийн 33 тал/ мэдүүлгээр тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийг эзэмшигч ******* буцаан олгох нь зүйтэй байна.

Харин уг тээврийн хэрэгслийг эд зүйлийн үнэлгээний комисс 8.500.000 төгрөгөөр үнэлсэн болох нь хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х-гаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 8.500.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Х нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Х-гийн ............ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ..... овогт Х-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал болох “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Х-д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Х-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Lexus LX470” маркийн ******* ******* улсын дугаартай 8.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг эзэмшигч ******* буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 8.500.000 төгрөгийг шүүгдэгч Х-гаас гаргуулж улсын төсөвт шилжүүлэх  албадлагын арга хэмжээ авсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Х-гийн .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ