Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 336

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 24 өдөр

  Дугаар 101/ШШ2017/00336

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Сарангүн, Б.Ундраа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22 а байр 160 тоотод оршин суух Балжиннямын Осоржамаагийн /ШБ42021023/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Тахилт 1-30 тоотод оршин суух Сайханбаярын Эрдэнэбатад /ВЮ89032037/ холбогдох,

Гэм хорын хохиролд 2,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх, хариуцагч С.Эрдэнэбат, өмгөөлөгч Г.Намуун нар хүрэлцэн ирсэн байна.

Иргэдийн төлөөлөгчөөр Б.Алтанцэцэг, нарийн бичгийн даргаар Т.Баясгалан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Осоржамаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Ц.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Осоржамаа нь Монгол улсын гавьяат тээвэрчин цол тэмдгээр шагнагдсан бөгөөд охин С.Мягмаржав нь “Диамонд салон”-д үйлчлүүлэх эрхийн бичгийг өгсөн байдаг. Уг эрхийн бичгээр “Диамонд салон”-д 2016 оны 05 сарын 25-ны өдөр Б.Осоржамаа үйлчлүүлсэн. Тухайн үед массажист С.Ариунаад нэхэмжлэгч Б.Осоржамаа даралт өндөр учир зөөлөн массаж хийхийг сануулж, толгой болон хөлдөө массаж хийлгэх тухайгаа хэлсэн байдаг. С.Ариунаа массаж хийж байх явцдаа өвчүүн дээр нь хүчтэй дарж гэмтээсэн байгаа. Б.Осоржамаа насаараа жолоо барьсан хүн бөгөөд тэтгэвэрт гарсан учраас бусдад машинаар үйлчилж цалин, хөлс олж амьдардаг байсан. Б.Осоржамаа өвчүү нь гэмтсэн тухайгаа Диамонд салонд очиж удаа дараа хэлсэн боловч энэ асуудлыг нь шийдвэрлэж өгөхгүй байсан тул цагдаагийн газар хандсан байдаг. Энэ үйлдэл нь санаатай үйлдэл биш байсан учраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Б.Осоржамаа нь бусдад үйлчилгээ үзүүлэхдээ сард 650,000-750,000 төгрөг олдог байсан. Гэмтсэнээс хойш хоёр гар нь хөдөлж чадахаа больсон бөгөөд гэрээт ажлаа хийж чадахаа больсон. Эвлэрэх санал тавьсан боловч хүлээж аваагүй. Цээжний зураг авсан, эмчилгээ хийлгэсэн. Нэхэмжлэгч Б.Осоржамаа нь гэрээт ажлын урьдчилгаанд нь авсан хөлс 1,000,000 төгрөг, эвлэрэх саналыг хүлээж аваагүй тул өмгөөлөгчийн зардал 1,400,000 төгрөг, нийт 2,400,000 төгрөг болсноос 400,000 төгрөгийг нь хасаад 2,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч С.Эрдэнэбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Осоржамаагийн өмгөөлөгчтэй уулзсан. Өмгөөлөгч нь 700,000 төгрөг нэхэмжилсэн. Би 500,000 төгрөгийг цувуулан, эхний сард 200,000 төгрөгийг өгөх хүсэлттэй байна. Би хөдөө ажилтай, цалингаа авчихвал удаахгүй өгмөөр байна. С.Ариунаа нэхэмжлэгчид 300,000 төгрөг өгсөн байна лээ, би төлбөрийг хариуцахгүй учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Осоржамаа, хариуцагч С.Эрдэнэбатад холбогдуулан гэм хорын хохиролд 2,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа 700,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргажээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ олох байсан орлого, эрүүл мэндэд учирсан хохирлын нөхөн төлбөрт 2,000,000 төгрөг нэхэмжилсэн ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны явцад олох байсан гэрээт ажлын хөлс 1,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг нэхэмжилсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулжээ.

Даймонд салоны ажилтан С.Ариунаа  2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр тус салоноор үйлчлүүлсэн нэхэмжлэгч Б.Осоржамаад цэгэн бариа хийх явцдаа биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 8265 тоот шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 7359 дугаартай прокурорын тогтоолоор тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь Даймонд салоныг хариуцан ажиллуулдаг үндэслэлээр хариуцагч С.Эрдэнэбатад холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба уг газар нь хуулийн этгээдийн эрхгүй болох нь хариуцагчийн  тайлбараар тогтоогдсон болно.

Хариуцагч С.Эрдэнэбат нь Даймонд салоныг иргэн С.Ариунаагийн хамт ажиллуулж байсан, иргэн С.Ариунаа бариа заслыг хариуцан орлогын 30 хувийг, тэрээр орлогын 70 хувийг авч түрээс, үйл ажиллагааны зардал зэрэг бусад асуудлыг хариуцдаг байсан, үйл ажиллагаагаа Даймонд салоны нэрээр явуулдаг гэх тайлбарыг шүүхэд гаргасан тул тус салоны үйл ажиллагаатай холбоотой эрх, үүргийг хариуцагч С.Эрдэнэбат хүлээх үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь гэрээт ажлын хөлс 1,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг тус тус хариуцагчаас нэхэмжилж байх боловч нэхэмжлэлийн шаардлагаа хэрэгт ач холбогдол бүхий, нотлох баримтын шаардлага хангасан баримтаар нотлоогүй байна.

Нэхэмжлэгч Б.Осоржамаа, иргэн Ш.Чингэрэлтэй автомашинаар үйлчлэх гэрээ байгуулан ажилладаг, нэг сарын ажлын хөлсөнд 650,000-750,000 төгрөг авдаг тухай тодорхойлолтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ба уг тодорхойлолтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасан нотлох баримт гэж үзэхгүй болно.

Өөрөөр хэлбэл иргэн Ш.Чингэрэлийг хуульд заасан журмын дагуу шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй болохыг сануулж гэрчлүүлээгүй, энэ талаар зохигч хэн аль нь шүүхэд хүсэлт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 43.1, 43.3-т зааснаар иргэн Ш.Чингэрэл нь нэхэмжлэгч Б.Осоржамааг нэг сарын 650,000-750,000 төгрөгийн орлоготой болохыг гэрчилсэн гэж үзэхгүй, иргэн Ш.Чингэрэлийн тодорхойлолт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч нь эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч Ц.Гансүхтэй гэрээ байгуулан түүнд өмгөөллийн хөлс төлсөн гэх боловч энэ нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд нэхэмжлэгч буюу үйлчлүүлэгч Б.Осоржамаа гарын үсэг зураагүй, гэрээнд заасан мөнгийг өмгөөлөгч хүлээн авсан талаар хэрэгт баримт байхгүй тул өмгөөллийн хөлс гэх мөнгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

Иймд хариуцагч С.Эрдэнэбатаас 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Осоржамаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч С.Эрдэнэбат нь нэхэмжлэгч Б.Осоржамаа, иргэн С.Ариунаагаас эмчилгээний зардалд 300,000 төгрөг хүлээн авсан гэж тайлбарласан бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч маргаагүй болохыг дурьдлаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч С.Эрдэнэбатаас гэм хорын хохиролд 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Осоржамаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Осоржамаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг танилцуулснаас хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардан авах үүрэгтэй ба ийнхүү гардан аваагүй нь хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар болон гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ

 

      ШҮҮГЧИД                                     Н.САРАНГҮН

 

                                                            Б.УНДРАА