Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 338

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2017/00338

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 5-46 тоотод оршин суух, Одонбаярын Пүрэвжавын /АЮ79051070/ хүсэлттэй,

Д.Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.Пүрэвжав хүрэлцэн ирсэн байна.

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Баясгалан оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Эрдэнэтэй 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг сарын 5,5 хувйин хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Д.Эрдэнэ  нь тухайн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк Энхтайваны өргөн чөлөө, 103-12  тоот хаягт амьдарч, Өгөөмөр зах дээр өөрийн контэйнэрт автомашины дугуйн худалдаа эрхэлдэг байсан. Зээлийн гэрээ байгуулж, мөнгөө зээлж авснаас хойш 3 сар хүүгээ төлөөд тэрнээс хойш огт мөнгө төлөөгүй. Утас нь холбогдохгүй болж, гэрийн хаягаар очтол түрээсэлж байгаад нүүсэн, Өгөөмөр захын контэйнэрээ хүнд түрээслүүлээд Япон руу явсан, Казакстан руу машин зарахаар явсан гэх үнэн худал нь мэдэгдэхгүй  мэдээлэлтэй байна. Д.Эрдэнэ нь РД:РГ75101019, 99992259, 80617999 гэсэн утасны дугаартай байсан бөгөөд одоо эдгээрийн аль нь холбогдохгүй байна. Эхнэрийг нь Отгонсүрэн гэдэг бөгөөд нялх хүүгээ хардаг байсан. 91796693 дугаарын утастай байсан бөгөөд 11 сараас хойш холбогдохоо больсон. Эхнэрийн ээж нь Должинсүрэн өндөр насны тэтгэвэрт, утас нь 91176693, эхнэрийн дүү болон ахын 95195579, 88961899 дугаарын утастай байсан боловч мэдээлэл өгдөггүй. Одоогоор Д.Эрдэнэ нь хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч О.Пүрэвжав нь Д.Эрдэнийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ “15,000,000 төгрөгийг сарын 5,5 хувйин хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн бөгөөд эхний 3 сарын хүүг төлсөн бөгөөд бусад төлбөрийг төлөөгүй гаргуулах гэтэл Д.Эрдэнэ хаана байгаа нь тодорхойгүй байна” гэх тайлбарыг гаргасан ба 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Зээлийн гэрээг хүсэлтэд хавсаргасан байх тул хүсэлт гаргагч О.Пүрэвжав нь Д.Эрдэнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, хүсэлт гаргагч О.Пүрэвжав нь Д.Эрдэнийн оршин суугаа газрыг тодруулах талаар өөрийн боломжит арга хэмжээг авсан гэж үзэхээр байна.

Иймд О.Пүрэвжав нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна. Мөн О.Пүрэвжав нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155.2-т зааснаар хүсэлтээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд буюу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн тул хүсэлтийг хянан хэлэлцэх үндэслэлтэй байна.   

О.Пүрэвжав нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Доржийн Эрдэнийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Номчиг овогт Доржийн Эрдэнэ /РГ755101019/-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д.Эрдэнийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй бол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Э.ЭНЭБИШ