Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/357

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч П.Пагма, шүүгч Г.Намуунтуяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Иргэдийн төлөөлөгч *******

Улсын яллагч Д.Ганчимэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Б-т холбогдох эрүүгийн 2021000000305 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр баг, ............... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ..... овогт Б. /РД: ................../

Шүүгдэгч Б нь Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр баг, Дэнжийн 3-304 тоотод 2020 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 23 цагийн орчимд төрсөн ах Б-г хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр найзын хамт гол дээр пиво уугаад тэгээд гэртээ ирээд ахаасаа тамхи авах гээд гэр рүү ороход ах согтуу байсан. Тэгээд ах бид хоёр жаахан маргалдаад би ах руу аяга аваад шидэхэд оноогүй. Тэр үед ах орон дээрээс босоод ирэхээр нь би айж сандарсандаа ширээн дээр байсан хутгыг аваад ахыг хутгалсан. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй...гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баян-Уул суманд нөхөр ******* хамтаар ирсэн. Ингээд 2020 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баян-Уул сумын 4 дүгээр багт байрлах өөрийн гэртээ байж байхад ******* над руу залгаад “эгчээ та яаралтай хүрээд ирээ, Б хачин болчихлоо” гээд байсан. Ингээд би нөхөр ******* хамтаар Б, Б нарын оршин суух Баян-Уул сумын 4 дүгэр баг, Дэнжийн 3-304 тоотод очиход Б, Х.*******, *******, *******, *******, ******* болон цагдаа нар байсан. Ингээд юу болсон талаар асуухад “хүнд хутгалуулсан юм шиг байна” гэж байсан. Гэхдээ би маргааш нь буюу 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Цагдаад гэрчийн мэдүүлэг өгөхдөө Б, Б-г хутгалж амь насыг нь хохироосон талаар мэдсэн...Хэрэг болсон өдөр намайг очиход цагдаа, эмнэлэг ирчихсэн байсан. Тэгээд цус их алдсан байсан талаар хэлсэн. Би өөрөө зүрх муутай учир гэр рүү орж хараагүй. Манай ах дүү нар ярилцаад Б-аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй учир Бт хуульд зааснаар хамгийн бага ял оногдуулах саналтай байна...” гэжээ. /хх-ийн 45-46 тал, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэв.

Гэрч Х.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 15-ны орой 23 цагийн орчимд манай хүү Б-ын эхнэр ******* над руу өөрийнхөө утаснаас залгаад “Б ах маань үхчихэв үү, яав хутгалуулсан юм шиг байна” гэх утгатай зүйл хэлэхээр нь хүү *******, бэр нарын хамтаар Б-ын гэр рүү явсан. Ингээд талийгаач Б-н гэрийн үүдээр харахад тэрээр орон дээрээ цус болчихсон нас барсан байдалтай байсан...” гэжээ. /хх-ийн 50-51 тал/

Гэрч Э.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би гэртээ нөхрийн хамт усанд ороод угаасан хувцсаа янзлаад байж байхад Б нэг харахад гарчихсан байсан. Ингээд хэсэг хугацааны дараа буюу 10 орчим минутын дараа Б гэртээ Б ахын гэрт байдаг бор өнгийн иштэй хутгыг бариад ороод ирсэн бөгөөд тэрээр “би ахыгаа алчихлаа, Б ахыг хутгалчихлаа, өөрийн мэдэлгүй ингэчихлээ, би амиа хоролчих уу” гэж хэлэхээр нь “юу гээд байгаа юм бэ” гэсэн. Тэгээд би түүнийг жоохон тайвшруулаад түүний ээж болох *******гийн дугаар руу өөрийн 88675017 дугаараас залгаад “Б ах болохоо байлаа, Б нэг сонин юм яриад байна” гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 52-54 тал/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн” 109 тоот дүгнэлтэд:

1. Талийгаач Б-н цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шилжилгээгээр цээжний зүүн урд хэсэгт 2,3-р хавирганы өвчүүтэй бэхлэгдэх хэсгээр цээжний зүүн хөндийрүү нэвтэрч үнхэлцэг хальс, уушгины артер, гол судасны өгсөх хэсгийг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний зүүн хөндий дэх цус алдалт /1000 мл/, зулай хуйх, нурууны хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн сарвууны ар хэсгийн зулгарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтлүүдээс хатгагдаж зүсэгдсэн шархнууд нь ир үзүүр бүхий, зулгаралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач нь цээжний зүүн урд хэсэгт 2,3-р хавирганы өвчүүтэй бэхлэгдэх хэсгээр цээжний зүүн хөндийрүү нэвтэрч үнхэлцэг хальс, уушгины артер, гол судасны өгсөх хэсгийг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний зүүн хөндий дэх цус алдалт гэмтлийн улмаас хурцаар цус алдаж нас баржээ.

6. Талийгаачид хийсэн шүүх химийн шинжилгээгээр цусанд 2 промилли процент спиртийн алкоголь илэрсэн нь согтолтын дунд зэрэг болно гэжээ. /хх-ийн 96-94 тал/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 42 тоот дүгнэлтэд:

1. Гэмт хэрэг үйлдэх үед Б-ын сэтгэлийн байдал хэвийн байсан байна. Өөрийн хийж буй үйлдлийг хор аюулыг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна.

2. Б-ын сэтгэцийн байдал одоо эрүүл байна.

3. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Б нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /хх-ийн 111 тал/

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 4 тал/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-16 тал/

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-19 тал/

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-22 тал/

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-24 тал/

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-29 тал/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зулгийн үзүүлэлтүүд /хх-ийн 30-38 тал/

- Мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /хх-ийн 43 тал/

- Гэрч Б.*******ийн мэдүүлэг /хх-ийн 55-57 тал/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 58-60 тал/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 61-63 тал/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 64-67 тал/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 68-69 тал/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 70-72 тал/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 73-75 тал/

- Гэрч Б.ийн мэдүүлэг /хх-ийн 76-77 тал/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 78-80 тал/

- Гэрч П.*******ийн мэдүүлэг /хх-ийн 81-83 тал/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 84-86 тал/

- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 128 тоот дүгнэлт /хх-ийн 96-97 тал/

- Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний гэрэл зургууд /хх-ийн 98-100 тал/

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 3630 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 102-109 тал/

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 4751, 4752, 4753, 4754 тоот дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 174-177, 179-183,  185-188, 190-192 тал/

- Б-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-49, 143-148 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Эд  мөрийн баримтаар: хөнжлийн даавуу 1 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг, 25 см болон 28 см урттай бор өнгийн модон бариултай хутга 2 ширхэг, саарал өнгийн төмөр бариултай хутга 1 ширхэг, 6 хэсэгт хагарч бутарсан аяганы хэлтэрхий, өмд 1 ширхэг, сорочкан цамц 1 ширхэг, тэлээ 1 ширхэг, турсик 1 ширхэг, бэлтгэлийн өмд 1 ширхэг, шортон өмд 1 ширхэг, үзмэн ягаан эрээн фудволк 1 ширхэг, саарал өнгийн 1 хос углааш зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч ........... овогт Б нь 2020 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 23 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр баг, Дэнжийн 3-304 тоотод төрсөн ах Б-г хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н, гэрч Х.*******, Э.*******, Б.*******, Л.Жамуха, Р.Өлзийбаясгалан, Р.Цэцэгмаа, Д.Ганзориг, Ц.Гантөмөр, Б.Баярсайхан, Б., У.Намжилмаа, П.*******, Г.Энхтулга нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зулгийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн” 109 тоот дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 42 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 128 тоот дүгнэлт, цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний гэрэл зургууд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 3630 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 4751, 4752, 4753, 4754 тоот дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Б-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б-ыг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Б-ыг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Шүүгдэгч Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Б-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас Б-н амь нас хохирсон бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н нь шүүгдэгч Б-аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын цагдан хоригдсон 84 /наян дөрөв/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөнжлийн даавуу 1 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг, 25 см болон 28 см урттай бор өнгийн модон бариултай хутга 2 ширхэг, саарал өнгийн төмөр бариултай хутга 1 ширхэг, 6 хэсэгт хагарч бутарсан аяганы хэлтэрхий, өмд 1 ширхэг, сорочкан цамц 1 ширхэг, тэлээ 1 ширхэг, турсик 1 ширхэг, бэлтгэлийн өмд 1 ширхэг, шортон өмд 1 ширхэг, үзмэн ягаан эрээн фудволк 1 ширхэг, саарал өнгийн 1 хос углааш зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, СD 1 /нэг/ ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б-ын ..............  тоот иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ............. овогт Б-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ыг 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-т оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын цагдан хоригдсон 84 /наян дөрөв/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөнжлийн даавуу 1 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг, 25 см болон 28 см урттай бор өнгийн модон бариултай хутга 2 ширхэг, саарал өнгийн төмөр бариултай хутга 1 ширхэг, 6 хэсэгт хагарч бутарсан аяганы хэлтэрхий, өмд 1 ширхэг, сорочкан цамц 1 ширхэг, тэлээ 1 ширхэг, турсик 1 ширхэг, бэлтгэлийн өмд 1 ширхэг, шортон өмд 1 ширхэг, үзмэн ягаан эрээн фудволк 1 ширхэг, саарал өнгийн 1 хос углааш зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, СD 1 /нэг/ ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б-ын ............. тоот иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б-т авсан цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ

                                                            ШҮҮГЧИД                              П.ПАГМА

                                                                                                          Г.НАМУУНТУЯА