Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 1017

 

 Ш.Жамсрангийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2017/00439 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.Жамсран,

Хариуцагч Ж.Хурцгэрэлд холбогдох,

 

Гэм хорын хохиролд 69 573 954 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Ш.Жамсрангийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ш.Жамсран,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баярбаясгалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гармаа, өмгөөлөгч Ш.Отгонбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 12 дугаар сарын 24-ний шөнө 24 цагийн үед гэртээ унтаж байтал Ж.Хурцгэрэл гаднаас согтуу орж ирээд шууд намайг зодсоноос болж миний хамар, нүд, ам, чих толгой, гар, хөл, гэдэснээс цус гарч, зүүн хөмсөг задарч, уруул 3 хэсгээр сэтэрч, ухаан алдаж унах үед согтуу этгээд өөрийн хүргэн н.Жавхаа гэгчийн хамтаар манай гэрийн бүх эд хогшлыг бүгдийг эвдэлж, сүйдлээд, бүх гэрэл чийдэнг тасалсан. Миний хэвтэж байгаа эмнэлгүүдийн гаднаас шөнө бүр Б.Хурцгэрэл нь заналхийлж хашгирсанаас бусад өвчтүүдийг эмнэлэгт тайван хэвтүүлэхгүй байсан тул би Увс аймагт очиж эмнэлэгт хэвтсэн билээ. Цагдаагийн байгууллагын шийдвэрээр Гэмтэл согог судлалын төв эмнэлэг, мөн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн зэрэг газруудын эмч нарын үзлэг, шинжилгээнд орж хугархай гарандаа гипс тавиулж, толгой, нүд, урууландаа оёо тавиулж, хөдөлгөөн хязгаарлах боолтуудыг хийлгэж, өвчиндөө шаналж хохирч байсан.

Б.Хурцгэрэлийн танхайн хэргийг 2013, 2014, 2015, 2016 онуудад удтал шалгасны эцэст хохирогч намайг өөрт учирсан хохирлоо шүүхэд нэхэмжлэл гаргаж гэмт хэрэгтнээр нөхөн төлүүлж авахыг бичгээр мэдэгдсэн. Б.Хурцгэрэл нь зөвхөн намайг зодсон бус миний дөрвөн өрөө орон сууц, мөн 8 000 000 төгрөгийг зээл нэрээр авчихаад одоо хүртэл намайг хохиролгүй болгоогүй. Иймд Б.Хурцгэрэлээс эрүүл мэндэд учирсан хохирол 10 540 070 төгрөг, эд хөрөнгөнд учирсан хохирол 10 570 000 төгрөг, зээлж авсан 8 200 000 төгрөг, үндэслэлгүйгээр олж авсан орон сууцны үнэ 40 263 884 төгрөг, нийт 69 573 954 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баярбаясгалан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ш.Жамсран нь 2013 онд манай төрсөн эгч н.Бадамхандтай хамтран амьдарч байсан. Тухайн үед эгч н.Бадамханд над руу залгаж “Ш.Жамсран намайг зодоод байна, чи хурдан хүрч ирээд намайг аваад яваач” гэж хэлсэн. Би үүний дагуу н.Бадамханд эгчийнд ганцаараа очиход Ш.Жамсран манай эгчийг зодсон байдалтай байсан бөгөөд Ш.Жамсран над руу дайрч миний хоолойг бооход, би гарыг нь салгах гээд түлхэхэд орон дээр унасан. Ийм асуудал болсон. Би энэ хүнийг бүлэглэж зодсон зүйл байхгүй.

Энэ асуудлаар Ш.Жамсран цагдаагийн байгууллагад хандсан боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд надаас эмчилгээний зардал нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Ш.Жамсрангийн эд хөрөнгийг эвдэлсэн бол тухайн үед цагдаад энэ талаар гомдол гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой байсан. Энэ талаар хавтаст хэрэгт ямар нэгэн баримт байхгүй. Бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн талаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаагүй, учир нь энэ үндэслэлгүй, гүтгэлэгийн шинжтэй байна.

Ш.Жамсран намайг 4 өрөө орон сууц, мөн 8 000 000 төгрөгийг зээлж аваад одоог хүртэл өгөөгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Ш.Жамсрантай сайн дураар, харилцан тохиролцсоны үндсэн дээр 2006 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 4-р байрны 11 тоот, 4 өрөө орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулж худалдаж авсан. Үүний дагуу 2006 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тухайн орон сууцны гэрчилгээ миний нэр дээр шижлсэн. Харин ч Ш.Жамсран нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлэхгүй, тухайн орон сууцыг чөлөөлж өгөхгүй байсан учир арга буюу би шүүхэд хандаж орон сууцыг Ш.Жамсрангийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, өөрийн өмчлөлд авсан байдаг. Энэ талаар гурван шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Хурцгэрэлээс 100 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Жамсранд олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 69 473 954 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ж.Хурцгэрэлээс тэмдэгтийн хураамж 4 550 төгрөгийг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ш.Жамсран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн үзлэг эмчилгээ, шинжилгээний  баримтууд болох компьютер, томографийн рентгени зурагны төлбөрүүдээс яагаад зөвхөн ганц удаагийн 100 000 төгрөгийг салган авч үзсэн нь ойлгомжгүй болсон. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2 удаагийн хураасан 6 000 төгрөгийг орхигдуулсан. Миний 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргасан өргөдлөөр Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 3-5774 тоот хавтаст хэрэг үүсгэсэн, тус Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн хошууч Ш.Цэрэнтогтох нь уг хэрэгт миний гарын үсгийг хуурамчаар үйлдэн, гэмт хэрэгтэнтэй эвлэрсэн, гомдолгүй мэтээр бүгд 8 удаагийн үйлдлээр намайг төлөөлөн миний гарын үсгийг дууриалган хуурамчаар зурсан бодитой нотлох баримтуудыг шүүх яагаад үл хэрэгсэв.

2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн өрөгдөлд дурдагдсан Ж.Хурцгэрэлийн эвдэлж хэмхэлсэн эд хогшлийн хохирлын үнэлгээг хийх тусгай эрхтэй "Дельтамон" ХХК-ийн 2014 оны эвдрэлийн үнэлгээ, дүгнэлтийг огт тоогоогүйн учир шалтгааныг тайлбарлаагүй. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1254 дүгээр шийдвэрт хариуцагч тал Ш.Түвшинтөр нь тус шүүхэд гаргасан “Миний гарын үсгийг нэхэмжлэгч тал болох Ж.Хурцгэрэл нь хуурамчаар үйлдчихээд энэ шүүхэд авч ирсэн байна шүү дээ” хэмээн хэлсээр байтал, миний 4 өрөө орон сууцыг Ж.Хурцгэрэлд шууд шилжүүлсэн нь ямар хууль тогтоомжийг үндэслэл болгосноо тайлбарлаагүйг залруулж өгнө үү.

 Шүүх Ж.Хурцгэрэл нь 8 000 000 төгрөгийг ямар эх үүсвэрээр өөртөө бий болгож чадсан эсэхийг тайлбарлаагүй. Мөн хэрэгт авагдсан баримтуудтай холбогдуулан миний болон Ш.Түвшинтөрийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн эсэх, гэмтлийн улмаас бусад эрхтэн гэмтсэн эсэх зэрэг зарим эргэлзээтэй байдлыг тайлбарлаж, бодит дүгнэлтийг гаргуулах зорилгоор шинжээч томилж өгөхийг хүсье. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж үзээд надад учирсан хохирлыг Ж.Хурцгэрэлээс албадан гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ш.Жамсран хариуцагч Ж.Хурцгэрэлд холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 10 540 070 төгрөг, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 10 570 000 төгрөг, зээлдүүлсэн 8 200 000 төгрөг, орон сууцны үнэ 40 263 884 төгрөг, нийт 69 573 954 төгрөг гаргуулна гэснийг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Ш.Жамсрангийн  “Б.Хурцбаяр нь хэл амаар доромжилж, танхайрсан зөрчил гаргасан” гэх өргөдлийн дагуу Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсээс зөрчлийг шалгаж, захиргааны зөрчилд тооцон 10 000 төгрөгөөр торгосон 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн баримт хэрэгт авагдсан байна. /хх 93-94/

Дээрх зөрчлийн улмаас нэхэмжлэгч Ш.Жамсрангийн биед учирсан гэмтлийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 508 дугаар акт буюу шинжээчийн дүгнэлтээр түүний биед “хөнгөн” зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон, /хх 103/  нэхэмжлэгчийн биед өөр бусад байдлаар хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас гэмтэл учруулсан тухай баримт авагдаагүй байна.

Хариуцагч Б.Хурцбаярын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргасан зөрчлийн улмаас нэхэмжлэгч Ш.Жамсрангийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсантай холбоотой эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй,

Хэрэгт нэхэмжлэгчээс эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж, эмчилгээ хийлгэсэн болон эм тарианы зардал гаргасан гэх баримтууд бүхэлдээ хариуцагч Б.Хурцбаярын гэм буруутай үйлдэлтэй холбоотой болох нь тогтоогдоогүй бөгөөд уг гэм хорын хохирол нь гэм буруутай этгээдийн үйлдэлтэй шалтгаант холбоотой тохиолдолд нөхөн төлөх үүрэг үүсэх тул шүүх 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн оношилгоо хийлгэхээр төлсөн 100 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.

 Түүнчлэн Б.Хурцбаяр нь 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зөрчил гаргах үедээ Ш.Жамсрангийн гэрийн эд хогшлыг эвдэж сүйтгэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, тухайн үед энэ талаар өргөдөлд дурдсан гэх боловч шалгаж тогтоосон баримтгүй, 2014 оны 4 дүгээр сард гаргасан үнэлгээний тайлан нь зөвхөн нэг талын хүсэлтээр шүүхээс гадуур хийгдсэнээс гадна уг эд хөрөнгө нэхэмжлэгчийнх гэдгийг болон Б.Хурцбаяр эвдсэн болохыг нотлоогүй. Иймд эд хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн Б.Хурцбаяраас 10 570 000 төгрөг нэхэмжилснийг шүүх хангах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаагүй нь зөв гэж үзэв.

Орон сууцны үнэд 40 263 884 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, уг маргааныг шийдвэрлэсэн Сонгино хайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1254 дүгээр шийдвэр /хх 45-48/ хуулийн хүчин төгөлдөр гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч нь 8 200 000 төгрөгийг Б.Хурцбаярт зээлдүүлсэн, буцааж өгөөгүй гэж  хариуцагчаас шаардсан. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй тул шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

Дээрх байдлаар нэхэмжлэгч Ш.Жамсран нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд буюу нотлогдсон хэмжээнд 100 000 төгрөгөөр хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд нэхэмжлэлийн шаардлагад болон уг хэрэгт хамааралгүй, анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдээгүй асуудлыг дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт заасанд нийцэхгүй тул гомдлыг хангах үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2017/00439 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ТУЯА

                                    ШҮҮГЧИД                                                 Г.ДАВААДОРЖ

                                                                                          А.ОТГОНЦЭЦЭГ