Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 11

 

Хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг би Боржигон овогт Г.Д-н мөн аймгийн Арвайхээр сумын захирагч /Засаг дарга/-д холбогдуулан гаргасан “Арвайхээр хотын захирагчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/09 тоот захирамжийг үндэслэн гаргасан “Төсөл сонгон шалгаруулалтын урилга”-ыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Г.Д миний бие Арвайхээр сумын захирагч /Засаг дарга/-д холбогдуулан гаргасан “Арвайхээр хотын захирагчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/09 тоот захирамжийг үндэслэн гаргасан “Төсөл сонгон шалгаруулалтын урилга”-ыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасан. 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй доорх нөхцлөөр эвлэрлээ.

1. Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын захирагч нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/12 тоот “Сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай” захирамж болон уг захирамжинд үндэслэн явагдсан 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Төв захын орчимд чанга яригч ажиллуулах иргэн, аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулах” сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, Г.Д, Д.Ц нарт Зар сурталчилгааны  тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу узель ажиллуулах тусгай зөвшөөрөл олгоно.

2. Г.Д нь долоо хоног бүрийн ням, даваа, мягмар, гаригуудад Д.Ц нь лхагва, пүрэв, баасан гаригуудад Өвөрхангай аймгийн Төв бараан захын узелийг ажиллуулна.

3. Гэрээт зарыг өөрсдийн бэлтгэсэн аудио файлыг солилцоно. Өдөр тутмын зарыг тухайн ээлжийн зарын узель өөрийн хоолойгоороо уншина.

4. Ээлж солигдоход бие биедээ өгч байгаа зарын тоо ширхэг хугацаа хамаарахгүй.

5. Тоног төхөөрөмжийн эвдрэл гарч түүнийг харилцан мэдэгдсэнээр ээлж шилжих ба хариу хугацаа нөхөхгүй.

6. Талууд болох Г.Д, Д.Ц нарын зар узелиэр тэгш эрхтэй явагдана. Тухайн ээлжийн зарын узель өөрийн авсан зард давуу байдал олгохгүй.

7. Узель ажиллуулж байгаа талууд нууц facebook групп нээж хоёр талын албан ёсны profile байрлаж талууд заруудаа группт шивж нийтэлнэ.

8. Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын захирагч нь узель ажиллуулах талуудад буюу Г.Д, Д.Ц нарт шүүхийн шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш ажлын 5 хоногт зар сурталчилгааны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг бичсэн хэлбэрээр албан ёсоор олгоно, гэрээ байуулна.

9. Арвайхээр хотын захирагч / Засаг дарга/-ийн зөвшөөрөл олгогдсон өдрийн дараах өдрөөс талууд узелээ ээлжилж ажиллуулж эхэлнэ.

10. Зар өгч байгаа иргэн, аж ахуйн нэгж өөрийн зараа тусгай хоолойгоор бэлтгэн нийтлүүлсэн /ая шумтай/ тохиолдолд өөрийн зард давуу байдал олгох гэж үзэхгүй.

11. Талууд улсын тэмдэгтийн хураамжийн хураамжийн талаар тохиролцоонд хүрээгүй болно.

12. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан бүх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч маргаан бүхий захиргааны актуудаа хүчингүй болгохоор тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав.

13. Энэхүү гэрээнд узель ажиллуулах талууд болох Г.Д, Д.Ц нар нь харилцан тохиролцож нэмэлт өөрчлөлт оруулах болно “гэжээ”.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Д нь “Арвайхээр хотын захирагчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/09 тоот захирамжийг үндэслэн гаргасан “Төсөл сонгон шалгаруулалтын урилга”-ыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Гэвч тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрч 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2, 68.4 дэх хэсэгт зааснаар оролцогчдын эвлэрлийг баталж, тус шүүхийн 121/2018/0007/з дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

Иймд хэргийн оролцогчдын эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  111 дүгээр зүйлийн 111.1, 101.2 дугаарт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан Д-н нэхэмжлэлтэй, мөн аймгийн Арвайхээр сумын захирагч /Засаг дарга/-д холбогдуулан гаргасан “Арвайхээр хотын захирагчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/09 тоот захирамжийг үндэслэн гаргасан “Төсөл сонгон шалгаруулалтын урилга”-ыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, 121/2018/0007/ дугаартай индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Г.Д-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх ба хэргийн оролцогчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай