Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2022/0497

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Н-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ж

Нэхэмжлэгч: Г.Н

Хариуцагч: Дундговь аймаг дахь Цагдаагийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/67 дугаартай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил болох Нийтийн хэв журмын тасагт эрүүлжүүлэх саатуулах байрны /жижүүрийн/ цагдаагаар томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 12,915,500 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Э.Б нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 117/2021/0043/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Н нь Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт холбогдуулан “Цагдаагийн газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/67 дугаартай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил болох Нийтийн хэв журмын тасагт эрүүлжүүлэх саатуулах байрны /жижүүрийн/ цагдаагаар томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 12,915,500 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

2. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр: Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5, 81 дүгээр зүйлийн 81.4.5-т заасныг тус тус баримтлан Г.Н-гийн нэхэмжлэлтэй, Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт хариуцагдах, Цагдаагийн газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/67 дугаартай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил болох Нийтийн хэв журмын тасагт эрүүлжүүлэх саатуулах байрны /жижүүрийн/ цагдаагаар томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 12,915,500 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

3.1. Нэхэмжлэгч Г.Н нь Төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд хуульд зааснаар ажил олгогч тал нь өөрийн санаачилгаар төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас халах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай бөгөөд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт ажилтныг ажлаас чөлөөлөгдөх болсон үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл болдог байтал Дундговь аймаг дах Цагдаагийн газар нь дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүй, хууль бус тушаал гаргасан байхад анхан шатны шүүх нь хуулийг буруу хэрэглэж, буруу тайлбарлаж, буруу дүгнэлт хийж хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

3.2. Мөн Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас халах”, 47.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”, 47.1.2-т зааснаар “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол” албан тушаалаас халах хуулийн зохицуулалтай байхад анхан шатны шүүх нь хууль тогтоох дээд байгууллагаас баталсан хуулийг хэрэглэхгүй, хуулийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэж, хууль бус дүгнэлт хийж хууль бус шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3.3. Дундговь аймаг дах Цагдаагийн газар нь доод шатны албан тушаалтан нарт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тухай тогтоол, шийдвэр, тушаалыг хуульд заасан хугацаанд танилцуулаагүй, нэхэмжлэгч Г.Н нь ажил үүргийн хуваарийн дагуу 24 цагийн хугацаанд жижүүрийн үүргийг гүйцэтгэж, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу амралтын эрхээ эдэлж байсан ба өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор тухайн өдрийн 16 цагаас 21 цагийн хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн байдаг.

3.4. Нэхэмжлэгч Г.Н-гийн ээлжийн амралтаа эдлэх хугацаандаа гаргасан үйлдэлд прокурорын байгууллага нь цагдаагийн байгууллагын саналыг үндэслэж хуульд заасны дагуу шалгалтын ажиллагааг явуулж, шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулж зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож, хааж шийдвэрлэсэн.

3.5. Гэтэл Дундговь аймаг дах Цагдаагийн газар нь эрх бүхий байгууллага болох прокурорын байгууллагаас эцэслэн шийдвэрлэсэн үйлдэлд албаны шалгалт нэртэй хууль бус ажиллагааг хууль бусаар дахин явуулж, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь заалтыг баримталж төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3.6. Нэхэмжлэгч Г.Н-д Дундговь аймаг дах Цагдаагийн газар нь сануулах сахилгын шийтгэл оногдуулж байсан байдаг ба дээрх хууль бус үйлдлийг шалгуулахаар дээд шатны байгууллага болох Цагдаагийн ерөнхий газарт хандаж, 20210450000030 дугаартай албаны шалгалтаар Г.Н-д оногдуулсан сануулах сахилгын шийтгэл нь хууль бус байсныг тогтоож, Дундговь аймаг дах Цагдаагийн газрын ахлах нягтлан бодогч, цагдаагийн ахмад Ц.Нарантогост сахилгын шийтгэл оногдуулсан нь Дундговь аймаг дах Цагдаагийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 36/3311 дугаартай албан бичгээр үгүйсгэгдэж байна.

3.7. Дээрх бодит нөхцөл байдал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч Г.Н-г удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй, төрийн жинхэнэ албан хаагчийг алжаас халах хэмжээний ноцтой зөрчил гаргасан нь мөн тогтоогдохгүй, албан үүргээ гүйцэтгэх болон албаны бэлэн байдал зарласан үед, ажлын байранд болон дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, буруу дүгнэлт хийж, хэрэглэх ёсгүй тогтоол, дүрэм, журам, тушаалыг хэрэглэж, хэт нэг талын байр суурийг хамгаалж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож миний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч талаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2 Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.1. Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/67 дугаар тушаалын 1 дэх заалтаар Эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Н- өндөржүүлсэн бэлэн байдлын 1 дүгээр зэрэгт шилжсэн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэж, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.2 дахь заалтыг тус тус зөрчсөн тул 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж, цагдаагийн ахлагч цолыг хурааж шийдвэрлэжээ.

2.2. Нэхэмжлэгчээс дээрх тушаалыг хүчингүй болгуулж, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасанд “...маргаан бүхий актаар алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулсныг буруутгах боломжгүй...” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцжээ.

2.3. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзвэл уг хэргийн гол маргаан нь нэхэмжлэгч Г.Н- нь өндөржүүлсэн бэлэн байдлын 1 дүгээр зэрэгт шилжсэн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5-д зааснаар Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн эсэх үйл баримттай холбоотой.

2.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Г.Н-гийн тухайд дүрэмт хувцас өмсөөгүй, ажлын байран дээрээ байгаагүй. Энэ хүнийг архи уусан гэдэг боловч согтолтыг Цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоогоогүй. Болсон явдал гэвэл эхнэр нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр Н-ыг шалгаад зөрчлийн хэрэг үүсгэсэн боловч прокурор хэрэгсэхгүй болгосон ... үнэт цаас дутаасан гэсэн үндэслэлээр сануулах шийтгэл оногдуулсан боловч Ц-ыг шалгаад алдаатай шийдвэр гаргасан байна гэж үзээд 1.250.000 төгрөгийг буцааж төлсөн ... сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа 2 буюу түүнээс дээш зөрчил гаргасан байхыг шаардаж байдаг” гэж дурдсанаас үзвэл нэхэмжлэгчийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн эсэхэд дүгнэлт өгч зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байх ба харин Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь хэсэгт заасан “Албан үүргээ гүйцэтгэх болон албаны бэлэн байдал зарласан үед, ажлын байранд болон дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэх”, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.2-т заасан “Нийтээр хүлээн зөвшөөрсөн, зан суртахууны хэм хэмжээ болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг сахин мөрдөх”, 2.3.2-т заасан Цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх гэсэн төрийн албан хаагчийн болон цагдаагийн алба хаагчийн нийтлэг үүрэг, сахилга, ёс зүйн дүрмийг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

2.5. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/272 дугаар тушаалаар Монгол Улсад коронавируст халдварт /КОВИД-19/ цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжүүлсэн, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн А/255 дугаар тушаалаар шинэчлэгдэн батлагдсан Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрмийг хэрэгжүүлэх /код101/ журам-ын 101.5 дугаар зүйлийн 101.5.1 дэх хэсэгт зааснаар “Албаны бэлэн байдал” гэдгийг цагдаагийн байгууллага, албан хаагчдаас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах талаар өөрт ногдсон үүргийг ердийн нөхцөл байдалд хангалттай биелүүлэх чадвартай байхыг”, “Албаны өндөржүүлсэн бэлэн байдал” гэдгийг эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлаас шалтгаалан хүн хүч техник хэрэгслийг ажлын тусгай графикт оруулан, ажил албаны зохион байгуулалтын горимыг өөрчлөн тухайн нөхцөл байдалд тусгайлан өгөгдсөн үүрэг шийдвэр, тушаалыг биелүүлж ажиллах чадвартай байхыг” ойлгоно гэж тус тус тодорхойлсон.

2.6. Хэрэгт авагдсан хэргийн оролцогчдын тайлбар болон иргэн Н.Дэлгэрцэцэгийн гаргасан гомдлын дагуу хийгдсэн албаны шалгалтын баримтуудаар нэхэмжлэгч Г.Н- нь өндөржүүлсэн бэлэн байдлын үед согтууруулах ундаа хэрэглэж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, хууль тогтоомж байгууллагын соёл, дэг журмыг зөрчсөн зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

2.7. Нэхэмжлэгч Г.Н- нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д  заасан Төрийн тусгай албан тушаалын ангилалд хамаарагдахын зэрэгцээ Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай албанд тангараг өргөн үүрэг гүйцэтгэж буй төрийн тусгай албан хаагч мөн бөгөөд цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдлыг тусгайлсан хуулийн дагуу шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй ба нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан “...анхан шатны шүүх нь хууль тогтоох дээд байгууллагаас баталсан хуулийг хэрэглэхгүй, хуулийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэж, хууль бус дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй” гэх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.

2.8. Нэгэнт нэхэмжлэгч нь Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасан албан үүргээ гүйцэтгэх болон албаны өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед ... согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хэм хэмжээг зөрчсөн учир маргаан бүхий актаар Цагдаагийн албаны тухай 81 дүгээр зүйлийн 81.5-д “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл оногдуулна:”, 81.4.5-д “цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж зааснаар хуульд заасан эрх хэмжээний хүрээнд сахилгын арга хэмжээ авсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.

2.9. Мөн 2021 оны 04 дүгээр сарын 12, 04 дүгээр сарын 29-ний өдрүүдэд нэхэмжлэгч Г.Н-д нэг жилийн хугацаатайгаар эргэж орох эрхгүйгээр халах шийдвэр гаргаж байгаа талаар сонсох ажиллагаа хийж, тэмдэглэл үйлдсэн байх ба 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Дундговь аймгийн Цагдаагийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа явуулсан албаны шалгалт явуулж нэхэмжлэгч Г.Н-д цагдаагийн албанд нэг жилийн хугацаатайгаар эргэж орох эрхгүйгээр халах хариуцлага тооцох санал гаргасан, энэ талаар нэхэмжлэгчид танилцуулж мэдэгдсэн болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/67 дугаар сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халах тухай тушаалыг мэдэгдэх сонсгох ажиллагааг хийгээгүй гэж үзэхгүй.

2.10. Хэрэгт авагдсан баримтуудаар 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/67 дугаар тушаал нь хуульд нийцэж гарсан шийдвэр болох нь тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэглэх ёсгүй хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах тухай нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

             ШҮҮГЧ                                                                   О.ОЮУНГЭРЭЛ

  

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ