Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01376

 

Р гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

             Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/00737 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 984 дүгээр магадлалтай,                                                                                                     

             Р гийн нэхэмжлэлтэй,

             “Т ” ХХК-д холбогдох

       Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түвшинбаяр, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие тус байгууллагад 2013 онд асрагчаар ажилд ороод өнөөдрийг хүртэл ажиллахдаа ямар нэгэн сахилгын шийтгэл авагдаж байгаагүй. 2018 оны 01 сарын 02-ны өдөр Т  эмнэлгийн өөрийн түрээслүүлдэг дэлгүүрийн хугацаа нь дуусаад өөрсдөө ажиллуулахаар болж дэлгүүрт давхар ажилла гэсэн тул 3 хоног дэлгүүрт ажилласан. Дэлгүүрт ажиллах хугацаанд захиргааны дарамт үзүүлж байсан. Үүнээс хойш миний хууч өвчин болох бөөр өвдөж 2018 оны 01 сарын 05-ны өдрөөс 2018 оны 01 сарын 06-ны өдрийн хооронд өвдсөн. Энэ хооронд эмнэлэгт үзүүлэх тэнхэлгүйгээр хэвтэрт байсан. 2018 оны 01 сарын 07-ны өдөр нь амралтын өдөр байсан бөгөөд 2018 оны 01 сарын 08-ны өдөр ажилдаа очиход ажил тасалсан тул халлаа гээд ажил хийлгээгүй. Тухайн дэлгүүр нь хүйтэн, мөн хүнд зүйл өргүүлж, зөөлгөснөөс болж өвдсөн. Гэтэл намайг ажлаас гарах өргөдлөө өөрөө өг, чиний оронд хүн авсан гээд ажил хийлгээгүй. Ажил олгогч нь ажиллах нөхцөл боломжоор хангахгүй, ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгөхгүй байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажиллаагүй бүх хугацаатай тэнцэх 762,764 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч байгууллагын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Ажилтан Р  нь 2013 оны 11 сараас манай эмнэлэгт үйлчлэгчийн орон тоон дээр хөдөлмөрийн гэрээ байгуулж үндсэн ажилчнаар ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 12 сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Үйлчлэгч Р  нь багаар ажиллах чадвар муутай, бусадтай зүй бусаар харьцаж удаа дараа ёс зүйн алдаа гаргаж байсан. Ажлын байран дээр бусадтай зодолдож байсан удаатай. Энэ бүх тохиолдолд эмнэлгийн захирал сануулга өгч, хамт олны хурлаар авч хэлэлцэж байсан. Тэрээр шалтгаангүйгээр хэд хэдэн удаа ажил тасалсан. Яагаад ажил тасалсан, цаашид яаж ажиллах талаараа бичгээр бич, ажиллах сонирхолгүй гэвэл ажлаас халагдах өргөдлөө бичээд ороод ир гэдэг шаардлагыг тавьсан. Ажилтныг ажлаас чөлөөлөх тушаал гаргаагүй. Би ажлаас халахыг сануулах нь байтугай яаж ажиллахаа бичээд ороод ир гэсэн. Хоёрдугаарт энэ хүний нэхэмжлээд байгаа ажиллаагүй үеийн цалинг олгох ямар ч боломж байхгүй. Бие нь өвдсөн актаа аваад ирвэл актанд нь тохирсон мөнгөө нийгмийн даатгалаас авах нь ойлгомжтой. Түүнээс биш гэртээ хэвтчихээд, байгууллагын үйл ажиллагаанд асуудал үүсгэчихээд мөнгө нэхээд байх нь зохимжгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                           

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/00737 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар “Т ” ХХК-д холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин болох 762,764 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Р гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 21,856 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 984 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/00737 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Р г Т  эмнэлгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 762,764 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Р гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай” гэж,

2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1000 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т  эмнэлгээс улсын тэмдэгтийн хураамжид 93,056 төгрөг гаргуулж улсын орлогод /Улаанбаатар хотын банк 2602041615 тоот данс/ оруулсугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түвшинбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 сарын 25-ны өдрийн 984 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлаж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Учир нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг хязгаарлаж, ажил хөдөлмөр эрхлэхийг хязгаарласан гэх үйл баримт тогтоогдохгүй ба хариуцагчийн зүгээс үүнийг нотлох шаардлагагүй үйл баримт юм. Хариуцагчийн зүгээс нэгэнт нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөөгүй буюу түүний эрхийг хязгаарлаагүй тул түүнийг нотлох эрх зүйн боломжгүй үйл баримт юм. Хэргийн 31 талд авагдсан бичгийн нотлох баримт буюу цагийн бүртгэлээр 2018 оны 1 дүгээр сарыг дуустал хугацаанд түүний ажлын цагийг бүртгэсэн байгаа нь түүнийг ажлаас чөлөөлсөн буюу ажил хөдөлмөр эрхлэх эрхийг хязгаарласан гэж үзэх боломжгүй юм. Хариуцагчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу өөрийн зүгээс үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ нь зохигчийн шүүхэд гаргасан бичгийн тайлбараар тогтоогдоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Ажил олгогч нь иргэнийг ажилд авахад болон хөдөлмөрийн харилцааны явцад ажил, үүргийн онцлог шаардлагын улмаас ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарласан бол энэ тухай үндэслэлээ нотлох үүрэгтэй” гэж заасан ба хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Р гийн хөдөлмөрлөх эрхэд хязгаарлалт тогтоогоогүй тул түүнийг нотлох үүрэг хариуцагчид байхгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд: “...ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзнэ” гэж дүгнэж буй нь илт үндэслэлгүй болжээ. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн түүний ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байгаа талаар нотолсон үйл баримт байхгүй ба нэхэмжлэгчийн тайлбарыг нотлох эх сурвалжаа заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Мөн “...Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаал гаргаагүй, ажилтан өөрөө ажил тасалж ирэхгүй байгаа, ажил олгогчийн зүгээс ажлын байраар хангасан гэх боловч энэхүү тайлбараа хариуцагч тал баримтаар нотлоогүй. Нөгөө талаар ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт 2017 оны 12 дугаар сараас хойш цалингийн бичилт хийгдээгүй байгаа нь хариуцагчийн уг татгалзлыг үгүйсгэж байна. Эдгээр үйл баримтуудаас үзэхэд ажил олгогч нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш ажилтныг ажиллуулах нөхцөл боломжоор хангаагүй гэж узнэ ” гэж дүгнэжээ. Хэргийн 1 тал нэхэмжлэл, 31 тал цагийн бүртгэл, 54-55 тал хөдөлмөрийн гэрээ, 57-58 хөдөлмөрийн гэрээ, 59-60 тал хөдөлмөрийн гэрээ, 61 тал нэхэмжлэгч Р г ажилд томилсон тушаал зэрэг бичгийн нотлох баримтаар зохигч нь жил бүр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулдаг ба 2018 оны 01 дүгээр сарын 02, 03, 04-ний өдрүүдэд ажил хөдөлмөрөө эрхэлж байсан болох нь тогтоогдох бөгөөд давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш ажилтныг ажиллуулах нөхцөл боломжоор хангаагүй гэсэн дүгнэлт илт үндэслэлгүй байна. Мөн хэргийн 56 талд нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын дэвтэрээ хүлээн авсан тухай баримт авагдсан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно” гэж заасан байдаг тул нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 31-ний өдрийг дуустал хугацаанд болон 2 дугаар сард ажил хөдөлмөр эрхлээгүй тул түүнд цалин хөлс бодож олгох боломжгүй юм. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримтлах ёстой. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон шийдвэр, тушаалыг амаар болон бичгийн хэлбэрээр гаргаагүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй. Учир нь хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөөгүй, ажлаа хийх эрх нь нээлттэй байгаа талаар шүүхэд бичгээр тайлбарыг гаргадаг ба нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл хугацаанд ажил хөдөлмөрөө үргэлжлүүлэн хийх талаар амаар болон бичгээр хариуцагч байгууллагатай харилцсан хүсэлт гаргасан, уулзсан зүйл байхгүй. Мөн хууль тогтоомжид заасны дагуу бид хэнийг ч хүчээр буюу өөрөө хүсэхгүй байгаа ажлыг хийлгэх боломжгүй. Нэхэмжлэгч нь үнэхээр л хариуцагч байгууллагад ажиллах хүсэл сонирхолтой, түүний эрхийг хязгаарлаж байсан бол “Т ” эмнэлэгт ажиллах бүрэн боломжтой байсан. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 984 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 102/ШШ2018/00737 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                 ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Р  нь хариуцагч “Т ” ХХК-ийн “Т ” эмнэлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үйлчлэгч Р  нь удаа дараа ёс зүйн алдаа гаргаж байсан, хэд хэдэн удаа ажил тасалсан,   ажлаас чөлөөлөх тушаал гаргаагүй, ажиллаагүй үеийн цалинг олгохгүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Р  нь 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс “Т ” эмнэлэгт асрагчийн ажилд орж, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл асрагч, үйлчлэгчээр ажиллаж байсан нь тогтоогдож байна. /хх- 5-6, 51-52, 57-58/

2018 оны 1 дүгээр сарын 05-06-ны өдрүүдэд өвчний улмаас ажилдаа ирээгүйг  ажил тасалсан гэж үзэж, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс ажил хийлгээгүй, ажлаас халсан гэж ажил олгогч хэлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч тайлбар гаргасан бол “ ... ажилтан Р г ажлаас чөлөөлөөгүй, тэрээр өөрөө ажилдаа ирэхгүй байгаа, ... ажилласан 3 хоногийн хугацааны цалинг өгч болно” гэжээ.  

“Т ” эмнэлэг Р тэй 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр   хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа 1 жилийн хугацаа тогтоосныг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасныг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь зөв байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаал гаргаагүй, ажилтан өөрөө ажил тасалж ирэхгүй байгаа, ажил олгогчийн зүгээс ажлын байраар хангасан гэх боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй, ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт 2017 оны 12 дугаар сараас хойш цалингийн бичилт хийгдээгүй байх тул  ажил олгогч нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш ажилтан Р г ажиллах нөхцөл боломжоор хангаагүй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Иймээс ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, нэхэмжлэгч Р г “Т ” эмнэлгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 762,764 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт нийцжээ.

Нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй, ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй тул дүгнэлт өгөх боломжгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо анхан шатны шүүх талуудын нотлох үүргийн хуваарилалтыг буруу тодорхойлж, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж чадаагүйгээс зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн буруу дүгнэлт хийсэн байна.

            Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоохдоо хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлснийг хуульд нийцсэн гэж үзнэ. 

Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 984 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.           

           2. Хариуцагч Т  ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,100 /ерэн гурван мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН